Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 2019           5              30                                              2019/ДШМ/528

 

    

               Н.Б-т холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор М.Батхишиг,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б-т холбогдох 201601080507 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Б овгийн Н-ийн Б, ........ аймгийн .......... суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; ах, авга дүүгийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ ........ дүүргийн .. дугаар хороо, ............ гудамжны ... тоотод оршин сууж байсан, /регистрийн дугаар: ......................../,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 20 тоот гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, төрсөн ах Н.Чулуунбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унаган, толгойн тус газар нь түлээний модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 690 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 3 удаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2 удаа хэлэлцэхдээ хэргийн нөхцөл байдалд зарчмын хувьд өөр өөр дүгнэлт хийж байгаа нь нотлох баримт тал бүрээс нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэйг илэрхийлж байгаа ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэж байна.

Өмгөөлөгч миний зүгээс хоёр удаа давж заалдах гомдол гаргахдаа нотлох баримтын талаар шүүх дутуу үнэлж байгааг дурдсан. Давж заалдах шатны шүүхийн 207 дугаар магадлалаар “...Гэмтэл шууд үхэлд хүргэх үү, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь аврагдах боломжтой юу гэдгийг шинжилгээгээр тогтоолгүй орхигдуулсан байна. Дээрх нөхцөл байдал нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад үүнийг тодруулаагүй нь буруу...” гэж үзсэний дагуу шинжээч эмч “...Амь аврагдах боломжтой...” гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дараа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 89 дугаартай магадлалаар “...Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хохирогч гэмтэл авсан даруй нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, үйлдэл нь нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой объектив талын заавал байх шинж...” гэх зэрэг өөр өөр дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 удаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 1 удаа зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлж байна гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэнд: “...Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан, хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй...” гэж гэм буруугийн субъектив талыг хоёр ойлголтоор дурдаж, хор уршигт зориуд хүргэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Түлхэх үйлдэл нь хайхрамжгүй, цохих үйлдэл нь санаатай гэж ялгаж ойлгохоор байгаа ба харин хор уршиг зориуд хүргэсэн гэдэг нь талийгаачийг зориуд үхэлд хүргэх гээд байлгаад байсан мэтээр ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, талийгаачийг түлхэх, цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хохирол учруулаад, хор уршгийг бий болгохыг хүлээгээд байсан мэт дүгнэсэн гэж үзэж байна. Энэ нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 89 дугаартай магадлалд дурдсан “...Тусламж үзүүлээгүйтэй холбоотой хариуцлага нь хамт байсан хүмүүст хамааралтай...” гэж дүгнэсэнтэй холбогдож буруу шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хэрвээ талийгаачийн амь нас аврагдсан бол анхнаасаа хүний амь насыг бүрэлгэх санаа зорилготой гэмт үйлдэл гээд завдалт болох гээд байна. Гэтэл бодит байдал дээр төрсөн ахыгаа алах санаа зорилго огт байгаагүйг бүх гэрчүүд болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Нөгөө талаар шүүгдэгч Н.Б-ын өөрөөсөө зайлуулж түлхэх, модоор цохих хоёр үйлдэл нь гэм буруугийн холимог хэлбэрийн шинжийг агуулсан байгаа нь гэмт үйлдэл нь төгс болоогүйгээр нотлогдож байна. Харин уг үйлдлийн улмаас шууд үхэлд хүрсэн бол төгс үйлдэгдсэн гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан эргэлзээ бүхий баримтуудыг шийтгэх тогтоолд дурдсан байдлаар, иргэдийн төлөөлөгчийн саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлага хангаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т ашигтайгаар зүйлчлэлийг зөвтгөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирол төлбөргүйг харгалзан, мөн Н.Б-ын хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан тухайн зүйлийн ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор М.Батхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчид хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэх хоёр өөр ойлголтыг шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн. Амь хохирогчийг модоор цохисон болон түлхсэн нь тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулаагүй бөгөөд харин дээрх үйлдлүүдийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч тодорхой хугацааны дараа нас барсан үйл явдал нь нэг үр дүн буюу амь хохирогч нас барсныг илэрхийлж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Н.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шугуйн 20 тоот гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, төрсөн ах Н.Чулуунбаярыг агсам согтуу тавьсанд нь дургүйцэж маргалдах явцдаа толгойн орой хэсэгт нь түлээний модоор цохиж “дух ясны шугаман хугарал, тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас хохирогч 2016 оны 11 дүгээр сарын 13-ны орой гэртээ харих замдаа нас барсан болох нь:

Гэрч Н.Отгонбаярын өгсөн “... Гэртээ ирээд талийгаач, Н.Б бид нар үлдсэн архиа хувааж уусан. Архиа ууж байхад талийгаач согтсон байдалтай Н.Б руу агсараад босч ирэхэд нь Н.Б “унтаач” гээд ахыг түлхэхэд талийгаач ах хойш тархиараа савж унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 34-37/,

Насанд хүрээгүй гэрч О.Наранбаярын “... Чука ах “Б болилдоо” гээд байхаар нь харсан чинь Б ах түлээний хайрцагнаас хөрөөдөж, хагалсан богино модыг авч цонхны дэргэд сандал дээр сууж байсан Чука ахын толгойн хэсэгт нь 3 удаа цохисон. Эхний 2 удаагийн цохилт дээр сандал дээрээ сууж байгаад, 3 дахь удаа цохиход шалан дээр унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 45-49/,

Хохирогч Н.Чулуунбаяр хээр нас байдалтай олдсон талаар гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн мэдүүлэг /1-р хх 32-33/,

Н.Б-ын сэжигтнээр өгсөн: “... талийгаач уурлаж босч ирэхээр нь түлхэхэд орны толгой дээр байдаг шүүгээг мөргөж унасан. Тэгснээ намайг “ална” гээд босоод ирэхээр нь би түлээний хайрцагнаас богино түлээний мод авч толгойн орой хэсэгт нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /1-р хх 89/,

“Талийгаачид гавал тархины битүү гэмтэл: дух ясны шугаман хугарал, тархины зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн толгойн дух болон зулай хэсэгт цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн гавал тархины гэмтэл нь үүсээд 48-аас дээш цаг өнгөрсөн байна” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08ШЭ/80 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 54-58/,

“Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалаас үзэхэд талийгаачид осголтын шинж тэмдэг тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Шүүх эд эсийн шинжилгээнд талийгаачийн эд эсийн шинжилгээний дээжийг дахин уншуулахад дээрх гавал тархины гэмтэл 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цусан хураа нь аажим нэмэгдэж тархийг дарах хүртэл өөрийн ухаантай, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Энэ үеийг саруул үе гэдэг. Цаг алдалгүй мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Тухайн гэмтлийн үед толгой өвдөх, дотор муухайрах болон бусад тархины гэмтлийн шинжүүд илэрч болох бөгөөд хүнд зэргийн согтолттой үед уг шинж тэмдгүүдийг бүдгэрүүлэнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл нь толгойн орой хэсэг хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал уг хэсгээр цохих, цохигдох, унах гэх мэт үед үүсгэгдэх боломжтой” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №756 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх 238-239/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Б-ын “... түлээний модоор толгойн орой хэсэгт нь цохисон ...” гэх сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь насанд хүрээгүй гэрч О.Наранбаярын “... Б ах түлээний хайрцагнаас хөрөөдөж, хагалсан богино модыг авч цонхны дэргэд сандал дээр сууж байсан Чука ахын толгойн хэсэгт нь 3 удаа цохисон. Эхний 2 удаагийн цохилт дээр сандал дээрээ сууж байгаад 3 дахь удаа цохиход шалан дээр унасан...” гэсэн мэдүүлэг болон “... гэмтэл нь мохоо зүйлийн толгойн дух болон зулай хэсэгт цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн шинжээчийн №08ШЭ/80 тоот, №756 тоот дүгнэлтүүдээр давхар нотлогдсон байх тул хэргийн үйл баримтыг “... хохирогчийн толгойн орой хэсэгт түлээний модоор цохиж алсан ...” гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэхийг шинжээчийн дүгнэлтүүдэд тусгасан байх боловч гэрч Н.Отгонбаяр “... талийгаачийг түлхэж тархиар нь савж унагасан ...” гэж, шүүгдэгч Н.Б “... түлхэхэд шүүгээ мөргөж унасан ...” гэж цохигдох хүчний үйлчлэлийн талаар зөрүүтэй мэдүүлснээс гадна, шинжээчид гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон байх тул хохирогчид гавал тархины гэмтэл учрахад нэг удаагийн түлхэлт нөлөөлөөгүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх Н.Б-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн хэргийн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсоноор төгсдөг бөгөөд хохирогч гэмтэл авсан даруйдаа нас барсан, эсхүл тодорхой хугацааны дараа нас барсан нөхцөл  байдал нь зүйлчлэлд нөлөөлөхгүй. Тийм учраас гэмт этгээдийн үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байх нь хүнийг алах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болдог.

 

Хэдийгээр хохирогч Н.Чулуунбаяр гэмтэл авснаас хойш тодорхой хугацааны дараа нас барсан боловч “... Талийгаачийн гавал тархины гэмтэл нь үүсээд 48-аас дээш цаг өнгөрсөн байна...” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08ШЭ/80 тоот шинжээчийн дүгнэлт, “... эд эсийн шинжилгээний дээжийг дахин уншуулахад дээрх гавал тархины гэмтэл 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн...” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №756 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлгээр Н.Б-ын үйлдэл хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул “Н.Б-ын үйлдлийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН