Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00953

 

       “Б С Ө” СӨХ-ны

          нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатна шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Б С Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.От холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дундын өмчлөлийн зүйлийн ажил үйлчилгээ, хог нийтийн үйлчилгээний хөлс, орцны гэрэл, цэвэрлэгээний үнэ 114 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т.Оын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Т.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б С Ө” СӨХ байрны орчны эмх цэгц, өнгө үзэмжинд цэвэрлэгээ үйлчилгээ хийх хог хаягдлыг зайлуулах, мөн гэмтэл засвар гарсан нөхцөлд хариуцан засварлуулах, гадна дотно цэвэрлэгээ подвалуудын ашиглалт зэргийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн удирдлага нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулахдаа Иргэний хууль болон СӨХ-ны хууль, дүрэм, тогтоолд заасны дагуу ажиллаж гадна дотны цэвэрлэгээг бүрэн хариуцаж цэвэрлэн орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр бохирын болон цэвэрийн шугамыг бүрэн сольж орцны гэрэлтүүлгийн өмнөх удирдлагын үед өр үүссэний улмаас цахилгаанаа хязгаарлуулсан байсныг барагдуулан ажиллаж ирсэн. Т.О нь төлбөр тооцоогоо хийхгүй өр хуримтлуулж шаардлага тавихаар хүлээж авдаггүй, төлөхгүй чадахгүй гэх зэрэг тайлбар тавьдаг. Иймд Иргэний хуулийн 143-147 дугаар зүйлд Сууц өмчлөгчдийн холбоо ямар эрх үүрэгтэй, юу шаардах эрхтэйг тодорхой зааж хуульчилж өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 111 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа: 2010-2016 оны оны 4 дүгээр сар хүртэл төлсөн боловч энэ хугацаанд нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй. Сууц өмчлөгчдийн холбооны хууль дүрэмд заасны дагуу “Б С Ө” СӨХ үүсгэн байгуулагдсан хууль эрх зүйн акт байхгүй. Гэрчилгээ байгаа боловч ямар үндэслэлээр гэх үүсгэн байгуулсан нь тодорхойгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Т.Оаас 111 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б С Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б С Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.О миний бие нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 251 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. “Б С Ө” СӨХ-ны захирал н.Жаргалсайхан нь надад холбогдуулан СӨХ-ны төлбөр нэхэмжлэх эрхгүй юм. Учир нь дээрх СӨХ нь хуулийн дагуу сууц өмчлөгчдөөс санаачилсан СӨХ-г зохион байгуулах оршин суугч иргэдийн хурлаас гаргасан шийдвэргүй байгуулагдсан өөрөөр хэлбэл н.Жаргалсайхан гэж хүний дур зоргоор аашилсан, ганц хүний шийдвэрээр байгуулагдсан холбоо юм. СӨХ-ны эрх барих дээд байгууллага сууц өмчлөгчдийн хурал бөгөөд энэ хурлыг огт хийдэггүй, үйл ажиллагааны тайлан огт тавьдаггүй оршин суугчдаас хурааж авсан мөнгөөр орц хонгилд засвар үйлчилгээ, чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй оршин суугчдын эрх ашийг хамгаалдаггүй байж байнга шүүхээр далайлган шүүхэд өгнө гэж хэлдэг, зохисгүй байдлаар харьцдаг зэрэг байдлаас нь болж би болон бусад оршин суугчид СӨХ-ны төлбөрөө төлөхөө больсон юм. Өнгөрсөн хугацаанд айл өрхүүдийг шүүхэд өгч шүүхийн шийдвэр гаргуулсан.

Шүүхэд өгөхөд та нар мөнгөө өгөхгүйдээ яадаг юм гэж хэлдэг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурамч баримт бичиг нотлох баримтаар гаргаж өгдөг, иргэдийн хуралд оролцохоор цугларсан иргэдийн зургийг авчихаад СӨХ-ны гишүүдийн хурал хийх үеийн зураг гэсэн худлаа тайлбарыг гаргаж өгсөн байсан. Би өөрөө багийн Иргэдийн нийтийн хурлын дарга учраас энэ байдпыг нь мэдэж байгаа юм. СӨХ-ны дүрэм гэж тамга тэмдэггүй хуурамч дүрэм хийж хэрэгт хавсаргасан байсан. Захирал гэх н.Жаргалсайхан нь хуулинд заасны дагуу гишүүдтэй аливаа гэрээ байгуулаагүй, гэрээгээр төлбөрийн хэмжээг харилцан тохиролцоогүй байж дурын мөнгө нэхэмжилдэг, СӨХ-ны хурлыг огт хийдэгүй, үнэ тарифыг өөрөө тогтоож дураар аашилдаг, удирдах зөвлөлийн гишүүдийг албан ёсоор сонгоогүй, шаардлагатай үедээ хэний ч хамаагүй гарын үсэг зуруулаад дуртай хүнийхээ гарын үсгийг зурчихдаг хүн юм. Дээрхи тайлбарыг би анхан болон давж заалдах шатны шүүх анхааран үзэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр жичдээ цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар бэлттэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.

Нэхэмжлэгч “Б С Ө” СӨХ хариуцагч Т.От холбогдуулан  дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засварын зардал болох 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны  111 400 төгрөгийг  гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч маргаж, “Б С Ө” Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан эрх зүйн акт байхгүй, дундын эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийдэггүй тул төлөхгүй гэжээ.  

Дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах үндэслэлийг хуульд заасан бөгөөд “Б С Ө” Сууц өмчлөгчдийн холбоог  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга бүртгэж, гэрчилгээ олгосон байна. \хх-6 дугаар тал\,

Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч этгээд заавал тухайн холбооны гишүүн байхыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасан. Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэйг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан тул хариуцагч нь уг үүргээ биелүүлэх ёстой байна.

Харин сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан асуудал, үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулдаггүй эсэх талаар нэхэмжлэгч сууц өмчлөгчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА