Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 59

 

“Буянт салхит өргөө СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00099/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Буянт салхит өргөө” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Барчул овогт Т-ийн О-т холбогдох

 “Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр дундын өмчлөлийн зүйлийн ажил үйлчилгээ, хог нийтийн үйлчилгээний хөлс, орцны гэрэл, цэвэрлэгээний үнэ 114.000 төгрөг тухай” иргэний хэргийг  

            Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: “Буянт салхит өргөө” СӨХ-ны захирал Б.Жаргалсайхан, хариуцагч Т.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Буянт салхит өргөө” СӨХ-ноос:

 “Буянт салхит өргөө” СӨХ байрны орчны эмх цэгц, өнгө үзэмжинд цэвэрлэгээ үйлчилгээ хийх хог хаягдлыг зайлуулах, мөн гэмтэл засвар гарсан нөхцөлд хариуцан засварлуулах гадна дотно цэвэрлэгээ подвалуудын ашиглалт зэргийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн удирдлага нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулахдаа Иргэний хууль болон СӨХ-ны хууль, дүрэм, тогтоолд заасны дагуу ажиллаж гадна дотны цэвэрлэгээг бүрэн хариуцаж цэвэрлэн орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр бохирын болон цэвэрийн шугамыг бүрэн сольж орцны гэрэлтүүлгийн өмнөх удирдлагын үед өр үүссэний улмаас цахилгаанаа хязгаарлуулсан байсныг барагдуулан ажиллаж ирсэн. Т.О- нь төлбөр тооцоогоо хийхгүй өр хуримтлуулж шаардлага тавихаар хүлээж авдаггүй, төлөхгүй чадахгүй гэх зэрэг тайлбар тавьдаг. Иймд Иргэний хуулийн 143-147 дугаар зүйлд Сууц өмчлөгчдийн холбоо ямар эрх үүрэгтэй юу шаардах эрхтэйг тодорхой зааж хуульчилж өгсөн байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 111.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О-аас.

2010-2016 оны оны 4 сар хүртэл төлсөн боловч энэ хугацаанд нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй. Сууц өмчлөгчдийн холбооны хууль дүрэмд заасны дагуу Буянт салхит өргөө үүсгэн байгуулагдсан хууль эрх зүйн акт байхгүй. Гэрчилгээ байгаа боловч ямар үндэслэлээр гэх үүсгэн байгуулсан нь тодорхойгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Т.О-аас 111.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Буянт салхит өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О-аас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Буянт салхит өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.О- давж заалдсан гомдолдоо:

“Буянт салхит өргөө” СӨХ нь төлбөр нэхэмжлэх эрхгүй. Учир нь хуулийн дагуу сууц өмчлөгчдөөс санаачлан СӨХ-г зохион байгуулах оршин суугч иргэдийн хурлаас гаргасан шийдвэргүй байгуулагдсан. СӨХ-ны эрх барих дээд байгууллага сууц өмчлөгчдийн хурал бөгөөд энэ хурлыг огт хийдэггүй, үйл ажиллагааны тайлан огт тавьдаггүй оршин суугчдаас хурааж авсан мөнгөөр орц хонгилд засвар үйлчилгээ, чийгтэй цэвэрлэгээ хийдэггүй, оршин суугчдын эрх ашгийг хамгаалдаггүй байж байнга шүүхээр далайлган шүүхэд өгнө гэж хэлдэг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурамч баримт бичиг гаргаж өгдөг, захирал Б.Жаргалсайхан нь хуулинд заасны дагуу гишүүдтэй аливаа гэрээ байгуулаагүй, гэрээгээр төлбөрийн хэмжээг харилцан тохиролцоогүй байж дурын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх тул хариуцагч Т.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг  хангахгүй орхих  нь зүйтэй. 

Нэхэмжлэгч “Буянт салхит өргөө” СӨХ, хариуцагч  Т.О-т холбогдуулан  сууц  өмчлөгчдийн дундын өмчлөлийн ажил үйлчилгээний хөлс, хог нийтийн үйлчилгээ, гадна цэвэрлэгээний хөлс, орцны гэрэл зарцуулалтын хөлс  болох  111.400  төгрөг  гаргуулах  шаардлага  гаргасныг,

Хариуцагч  Т.О-  2010-2016 оны 4 сар хүртэлх  төлбөрийг төлсөн боловч  энэ хугацаанд нэг ч удаа засвар үйлчилгээ  хийгээгүй,  “Буянт салхит өргөө” СӨХ  үүсэн байгуулагдсан  хууль эрх зүйн акт байхгүй, гэрчилгээ байгаа боловч  ямар үндэслэлээр  үүсгэн байгуулсан нь тодорхойгүй. Иймд  Сууц өмчлөгчдийн холбоонд  төлбөр төлөхгүй гэж   маргасан  байна.

Шүүх  “Буянт салхит  өргөө”  сууц өмчлөгчдийн холбоо  2010 онд   байгуулагдсан, Т.О- нь тус СӨХ-ны  харьяа  орон сууцанд амьдардаг, дундын өмчлөлийн  зүйлийн  төлбөр  нийт  111.400 төгрөгийг  төлөөгүй  учир  төлүүлэх нь зүйтэй гэж  дүгнэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэжээ.

Хариуцагч  Т.О-  энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч  гаргасан  давж заалдах гомдлын  үндэслэлдээ “Буянт салхит өргөө” СӨХ төлбөр нэхэмжлэх эрхгүй, оршин суугч  иргэдийн  шийдвэргүй байгуулагдсан, СӨХ-ны хурлыг огт хийдэггүй, тайлангаа тавьдаггүй, засвар үйлчилгээ хийдэггүй, оршин суугчдын эрх ашгийг хамгаалдаггүй,  шүүхэд хуурамч бичиг баримт гаргадаг,  захирал Б.Жаргалсайхан нь  оршин суугчидтай аливаа гэрээ байгуулдаггүй, төлбөрийн  хэмжээг харилцан тохиролцоогүй байж дурын мөнгө  нэхэмжилж байгаа нь  үндэслэлгүй“  гэж  дурдсан байна.

Т.О-   нэхэмжлэлийн  шаардлагыг  хүлээн  зөвшөөрөхгүй маргасан  учраас  нэхэмжлэгч  нь  “Буянт салхит өргөө“  СӨХ-г   Дархан-Уул аймгийн Хонгор сумын  СӨХ-д  бүртгэж  олгосон гэрчилгээний  хуулбар \хх-6 дугаар тал\,  2010-2016 оны 4 сар хүртэл хугацааны  төлбөр  тооцооны баримтууд  \хх-32-34 дүгээр тал\ , үйлчилгээний үнэтэй холбоотой  баримтууд  \хх  48-49 дүгээр тал\ -ыг  нотлох баримтаар   ирүүлснээр  шүүх  түүнийг  нотолгооны хүрээнд  үнэлж дүгнэн, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болохыг тогтоосон  нь  Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй.

Хонгор сумын  3 дугаар багийн  Найрамдал хороололын  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16-р  байрны  оршин суугчдын  “Буянт салхит өргөө” СӨХ-г    байгуулсан,  Т.О- нь  тус СӨХ-ны  харьяа   7 дугаар байрны  10 тоотод  оршин  суудаг, орон сууцны дундын өмчлөлийн  зүйлийн  ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой  зардлыг  нэхэмжлэгч  “Буянт салхит өргөө” СӨХ   төлүүлэхээр   шаардлага гаргах  эрхтэй  юм.

Нэхэмжлэгч  нь  хариуцагчаас  2016 оны  4 сараас  2017 оны 1 сар хүртэлх хугацаанд  төлөх  ёстой  байсан  дундын өмчлөлийн  зүйлийн  ашиглалтын  зардал  буюу  орцны гадна дотно цэвэрлэгээний  хөлс, хогны  хөлс, орцны гэрэл  зарцуулалтын үнэ  нийт  111.400  төгрөг  гаргуулахаар  шаардсан  байхад  Т.О- нь   нэхэмжлэлийн  шаардлагад холбогдолгүй  татгалзал  тайлбар  гаргасан  гэж  үзэхээр  байна.

Сууц өмчлөгч нь  Иргэний хуулийн  148 дугаар зүйлийн 148.1, 149 дүгээр зүйл,  Сууц  өмчлөгчдийн холбооны  эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон сууцны  байшингийн дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай  хуулийн  13, 16 дугаар зүйлд  заасны дагуу  шаардлага гаргах эрхтэй, харин  энэ  эрх нь дундын өмчлөлийн ашиглалтын  зардлыг  төлүүлэхгүй  байх  үндэслэл  биш  гэж  үзнэ.

Иргэний хуулийн  143 дугаар зүйлийн  143.4-т  зааснаар  Орон сууцанд  оршин суугаа  сууц  өмчлөгч  бусад этгээд  заавал тухайн холбооны  гишүүн  байдаг  тул  төлбөр төлөх талаар гэрээ байгуулаагүй  үндэслэлээр   төлбөр  хариуцуулахгүй, төлбөрөөс   чөлөөлөх боломжгүй болно.

Иймд   хариуцагч Т.О-ын  гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүхийн  шийдвэрийн  удиртгал хэсэгт  хариуцагчийн  ургийн овгийг бичээгүй,  эцгийн нэрийг  буруу  бичсэн  байх ба  энэ нь  шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл  болохгүй   тул  уг алдааг  зөвтгөж,  Барчул  овогт Т-ийн  О-  гэж  залрууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч  Т.О-ын  давж заалдсан гомдлыг хангахгүй  орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч Т.О-  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. .

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          О.НАРАНГЭРЭЛ            

                                            ШҮҮГЧИД                                          С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ