Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/0188

 

Увс аймгийн Тариалан сумын

Толь багын иргэдийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Увс аймгийн Тариалан сумын Толь багын иргэдийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Тариалан сумын Толь баг нь Увс, Ховд аймгийг нүүрсээр хангадаг “Хар тарвагатай” ХК, алт олборлолтын “Дацан трейд” зэрэг компаниуд байрладаг томоохон баг юм. Гэтэл тус багийг татан буулгах тогтоол гаргасан ба энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4.2-т заасныг зөрчсөн. Учир нь баг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэнэ гэснийг зөрчсөн байна.

Мөн манай багийг татан буулгах асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал асуухгүйгээр Толь багийн иргэдийг шууд Тарвагатай багт шилжүүлж шийдвэрлэсэн явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д заасан Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зөрчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй гэсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг зөрчиж байна. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/04 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хууль бус гэж үзэж, Толь багийн иргэд 2015 оны 11-р сарын 29-нд багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит бус 4-р хуралдаан зарлаж, Барилгын хороо буюу 5-р багийн Ритм клубд хурал хийхэд 32 өрхийн 80 хүн хуралд оролцож, 100 хувийн саналаар эсэргүүцэж шүүхэд хандсан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/04 тоот тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Багаас иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээний өнөөгийн байдал”-ын тухай мэдээллийг хэлэлцээд 2013 онд "Багийн талаар авах арга хэмжээний тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн А/124 дүгээр тогтоол гарч хэрэгжилтийг зохион байгуулан судалгаа хийхэд 2013 оны жил эцсийн байдлаар Улаангом суманд харьяалалгүй 538 өрхийн 2077 иргэн байнга оршин сууж тэдгээр өрх, иргэд болон төрийн байгууллагын үйлчилгээнд учирч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, оршин суугаа газар нутгийн засаг захиргааны нэгжид харьяалалтай байхын ач холбогдлыг сурталчлах ажлуудыг хийсэн. Тариалан сумын Толь багт 41 өрхийн 154 иргэн харьяалагдаж байв. Хар тарвагатайн уурхайн тосгон нь 1992 онд Тариалан сумын Толь баг болж зохион байгуулагдсан бөгөөд 1998 онд уурхай хувьчлагдаж, суурьшил задарсан, улмаар техник, технологи шинэчлэгдсэнээр ажиллах хүчний хэрэгцээ буурсан, тэнд ажилгүй болсон иргэд төв суурин газарт суурьшин ажиллаж амьдрах шалтгаанаар жил бүр өрх, хүн амын тоо буурч, одоо “Хар тарвагатай” ХК компанид Толь багийн харьяалалтай 4 иргэн, улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг “Дацан трейд” компанид 1 өрх сахиулаар ажиллаж байна. Иймд дээрх судалгаа тооцоо, үр дүнг үндэслэн багаас иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Улаангом суманд шинээр баг байгуулах, зарим багийг өөрчлөн зохион байгуулах, Тариалан сумын Толь багийг татан буулгаж газар нутгийн байршлаар Тарвагатай багийн харьяалалд шилжүүлэх асуудлаар санал боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэнтэй холбоотой асуудал учир хүндэтгэлтэй хандаж Тариалан сумын Толь багт оршин сууж байгаа өрх иргэдийн саналыг сонсох, хурлын шийдвэрийн үндэслэл, шалтгааныг тайлбарлах ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Төртогтох, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баяраа, Толь багийн засаг дарга Ж.Мөнгөншагай нарын бүрэлдэхүүнтэй томилж ажиллуулсан. Ажлын хэсэг Толь баг дээрээ оршин сууж байгаа 5 өрхөөр орж 12 өрхийн төлөөлөлтэй уулзан баг татан буулгаж байгаа үндэслэл шалтгааныг тайлбарлаж ярилцсан. Нэхэмжлэлд "14 өрх нь өвлийн 3 сард Улаангомд түр нүүж ирээд буцаж багтаа очдог" гэжээ. Үүнийг нэхэмжлэл гаргасан 23 өрхийн хүрээнд судлахад дээр нэр дурдсан 6 өрх Улаангомд шилжиж Тариалан сумын Толь багт харьяалалгүй болсон, мөн Ж.Мөнгөншагай Улаангомд, Ү.Шунхай Тариалан сумын төвд 180 хоногоос дээш буюу байнга оршин сууж байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхдээ Тариалан сумын Толь багийн засгийн дарга Ж.Мөнгөншагайг уг хуралд оролцуулж саналыг нь Тэргүүлэгчдэд сонсгосон Мөн Тариалан сумын Толь багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 сарын 24 ны 1 дугаартай тогтоол, Улаангомд оршин суугаа Толь багийн нэр бүхий 16 өрхөөс 2015 оны 11 сарын 20-ны өдөр авсан асуулга, баг татан буулгахыг эсэргүүцсэн 43 иргэний гарын үсэгтэй саналыг Тариалан сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч С.Цолмон хуралд оруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хуралд танилцуулснаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь тус багийн иргэд болон иргэдийн Нийтийн Хурлын саналыг авч гаргасан шийдвэр болохыг нотолж байгаа юм гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралт шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/04 тоот тогтоолын 3 дахь заалт “Хар тарвагатай” ХК-ний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Эрдэнэбаатар, Ч.Баянбат нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д заасныг баримтлан Ж.Мөнгөншагай нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Баг шинээр байгуулах, татан буулгах, өөрчлөлт оруулах тухай 10/04 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Чимэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012-2016 оныг хүртэлх хугацаанд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өрх бүрт төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор үе шаттай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.

Энэ ажлын хүрээнд "Багаас иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээний өнөөгийн байдал"-ын тухай мэдээллийг хэлэлцээд 2013 онд "Багийн талаар авах арга хэмжээний тухай" аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн А/124 дүгээр тогтоол гарч хэрэгжилтийг зохион байгуулахад 2013 оны жил эцсийн байдлаар Улаангом суманд харьяалалгүй 538 өрхийн 2077 иргэн байнга оршин сууж тэдгээр өрх, иргэд болон төрийн байгууллагын үйлчилгээнд учирч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах, оршин суугаа газар нутгийн засаг захиргааны нэгжид харьяалалтай байхын ач холбогдлыг сурталчлах ажлуудыг сум, баг бүрт уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага, "иргэний бүртгэл төгөлдөржүүлье" аян гэх мэт олон төрлийн ажлыг зохион байгуулсан.

Энэхүү судалгаа болсон зохион байгуулсан ажлуудын үр дүнд дүн шинжилгээ хийж үзэхэд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн бүртгэлээр Улаангом сумын зарим багт" 1219 өрхийн 4329 иргэн харьяалагдаж байхад, Тариалан сумын Толь багт 41 өрхийн 154 иргэн харьяалагдаж байсан.

Иймд дээрх судалгаа тооцоо, үр дүнг үндэслэн багаас иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Улаангом суманд шинээр баг байгуулах, зарим багийг өөрчлөн зохион байгуулах, Тариалан сумын Толь багийг татан буулгаж газар нутгийн байршлаар Тарвагатай багийн харьяалалд шилжүүлэх асуудлаар санал боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 10-р хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дэмжээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж баталснаар 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн 10-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж 10/04 дүгээр тогтоол гарч батлагдсан юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг авч үзэхгүйгээр зөвхөн хуульд заасан ганцхан шаардлагыг шалгуур болгон авч үзэж тухайн хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

Баг татан буулгах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэхэд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "... хүн амын байршил.."-ын хувьд холбогдох судалгаа, зохион байгуулсан ажлуудын үр дүнгээс үзэхэд Толь багийн 2014 оны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан 54 өрхөөс Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1-д зааснаар Улаангом сумд түр болон урт хугацаагаар оршин суудаг 27 өрх, үүнээс шилжүүлгээ хийлгэж Улаангом сумын ХАӨМСанд бүртгэгдсэн 16 өрх байна. Нэхэмжлэгч буюу Тариалан сумын Толь багийн засаг дарга Ж.Мөнгөншагай, хариуцагчийн төлөөлөгч Д.Баяраа нар Толь багийн нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа өрхийн төлөөллүүдтэй уулзаж санал бодлыг сонсох явцад тухайн багтаа байнгын оршин суудаг 13 өрх байгаа. Харин үлдсэн 14 өрх нь Тариалан сумын бусад багт оршин сууж байгаа нь "Хүн ам орон сууцны завсрын тооллого", АЗДТГ-аас зохион байгуулсан "Иргэний бүртгэлийг төгөлдөржүүлье" сарын аяны хүрээнд хийгдсэн ажлуудаар тодорхойлогдож байдаг.

"Эдийн засгийн чадавх" Багийн бага сургууль, хүн эмнэлгийн салбар бүхий Хартарвагатайн уурхайн тосгон 1992 онд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түуний удирдлагын тухай хууль батлагдан хэрэгжих болсноор Тариалан сумын Толь баг болон зохион байгуулагдсан. 1998 онд уурхай хувьчлагдаж, суурьшил задарсан. Улмаар техник, технологи шинэчлэгдсэнээр ажиллах хүчний хэрэгцээ буурсан, тэнд ажилгүй болсон иргэд төв суурин газарт суурьшин ажиллаж амьдрах шалтгаанаар жил бүр өрх, хүн амын тоо буурч, бага сургууль, цэцэрлэг татан буугдаж эдийн засгийн хувьд суурин баг байх чадамжгүй болсон. Одоо “Хар тарвагатай” ХК компанид Тариалан сумын Толь багийн харьяалалтай 4 иргэн улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг “Дацан трейд” компанид 1 өрх сахиулаар ажиллаж байгаа.

"Газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл" Багт хатуу тогтоосон газар нутгийн хил хязгаар байдаггүй тул энэ үндэслэл нь зөвхөн аймаг, сум, дүүргийн тухайд авч үзэх үндэслэл юм.

Зам харилцааны хувьд иргэдийн төвлөрлийг бий болгох бүтээн байгуулалт хийгдээгүй, цаашид аймгийн дунд хугацааны төлөвлөгөөнд ч төлөвлөгдөөгүй зэрэг баг оршин тогтнох шаардлага хангагдаагүй гэж үзэхээр байгаа. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10/04 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын Толь багийн нэр бүхий 23 иргэдээс тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/04 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Уг тогтоолын холбогдох хэсгээр “жил бүр өрх, хүн амын тоо буурч, эдийн засгийн хувьд баг байх чадамжгүй болсон” гэсэн үндэслэлээр Толь багийг татан буулгаж, Тарвагатай багийн харьяалалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар багийг татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг татан буулгах шийдвэр гаргах эрхтэй боловч дээрх хуульд зааснаар хэд хэдэн урьдчилсан нөхцөл шаардаж, түүнийг хангасан тохиолдолд шийдвэр хүчин төгөлдөр байх учиртай.

Гэтэл энэ тохиолдолд хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй буюу тухайн багт оршин суух иргэдийн санал болон тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал аваагүй, тэдгээрийн саналд үндэслээгүй, хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг судалж үзэлгүйгээр, багийг татан буулгах шийдвэрийг гаргаж, хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Тус баг нь нийт 199 хүн амтай байх бөгөөд эдгээр иргэдээс “багийг татан буулгахтай” холбоотой ямар санал гарсан, хэдэн хувь нь зөвшөөрсөн тухай нотлох баримт байхгүй тул хариуцагчийн “иргэдийн саналыг үндэслэсэн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Тухайн багийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн бие даан шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Нийтийн Хурлаас санал авалгүйгээр багийг татан буулгах эрх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдоогүй гэж үзнэ.

Нөгөө талаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4,  8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар сум нь багуудаас бүрддэг, баг нь сумын засаг захиргааны нэгж болдог утгаараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг баг татан буулгахдаа аваагүй нь мөн хариуцагчийн буруу юм.

Хариуцагчаас “багийн иргэдийн олонх нь Улаангомд оршин суудаг” гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, хэрэгт авагдсан “Толь багаас Улаангом суманд оршин байгаа өрхийн жагсаалт” гэх баримт нь маргаан бүхий тогтоол гарсны дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн, тухайн багийн иргэн тус бүрийн шилжилт хөдөлгөөнийг харуулсан баримт, судалгаа байхгүй тул хариуцагчийн “өрх бүрээр судалгаа хийсэн” гэх тайлбар няцаагдаж байна.

Хариуцагчийн “Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулсан, эдийн засгийн хувьд баг байх чадамжгүй” гэх гомдол нь тухайн багийн иргэдийн саналд үндэслээгүй маргаан бүхий тогтоолыг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр 25-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ