Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00718

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр Дуга 210/МА2024/00718

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/04892 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Эгт холбогдох,

 

2008 оны 01 сарын 11-ний өдрийн 000117 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр 183,150 доллар буюу 521,832,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П а, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г.Эгтэй 2008 оны 01 сарын 11-ний өдөр ххх тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1-т Э ХХК-ийн өмчлөлийнхххх тоот 3 өрөө орон сууцыг нийт 161,500 ам.доллар, автомашины гаражийг 5000 ам.доллар нийт 166,500 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.

1.2. Хариуцагч Г.Эг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 болон 2008 оны 01 сарын 11-ний өдрийн ххх тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т заасны дагуу орон сууцны нэмэгдсэн өртгийн албан татварт 16,650 ам.долларыг төлөх нь хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй.

1.3. Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч Г.Эг нар 2012 оны 04 сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн актыг үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актанд 183,150 ам.долларын үлдэгдэлтэй байгааг хоёр талаас баталж, 183,150 ам.долларыг тоосгоны бүрэн автомат тоног төхөөрөмжөөр төлөхөөр тохиролцож хариуцагч Г.Эгийн нөхөр Ч.П а нь гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тохиролцсон тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талд шилжүүлээгүй.

Иймд хоёр талын байгуулсан 2008 оны 01 сарын 11-ний өдрийн ххх тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1, 3.3-т заасны дагуу гэрээний төлбөр болох 183,150 ам.доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах 2,8479.21 төгрөгийн ханшаар тооцоход нийт 521,832,811 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд Г.Эгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчтэй 2008 оны 01 сарын 11-ний өдрийн ххх тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус байрандаа одоо амьдарч байна.

2.2. Тус орон сууцны төлбөрийг Э ХХК-д ххх хххх нутаг дэвсгэрт байрлах 118 га талбай газартай, хххх тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, ххх хххх Засаг даргын 2007 оны 03 сарын 22-ны өдрийн 40 тоот захирамжаар ххх хххх нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрийн зориулалтаар 2 га газар, Г.Б ы эзэмшлийн Р ХХК-д хххх гэх нэртэй газарт байрлах түгээмэл тархац бүхий 109.92 га талбайтай хххх дугаартай хайгуудын тусгай зөвшөөрөл бүхий орд газар зэргээр төлсөн.

Хариуцагч Г.Эгийн зүгээс нэхэмжлэгч Э ХХК-ийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 521,832,811 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч Г.Эгт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 521,832,811 /таван зуун хорин нэгэн сая найман зуун гучин хоёр мянга найман зуун арван нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,767,115,00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал:

Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ: ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П ын бид 2007 оноос өмнө хамтын ажиллагаатай байсан, 2 га газрыг эзэмших, ашиглах талаар Газрын албанд хүсэлт гаргаж, төлбөрийг төлж, материал бүрдүүлж нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээ гаргуулан өгсөн... гэх тайлбарыг шууд нотолж чадахгүй ч талуудын хооронд ххх хххх нутагт барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газрыг өгөхөөр тохиролцсон хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна..., гэжээ.

4.2. Тус гэрээний дагуу нэг тал нь орон сууц захилгын дагуу шилжүүлэх, нөгөө тал нь орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд тус гэрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх замаар төлбөр төлөх тухай тохиролцоо огт байдаггүй болон хавтаст хэрэгт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой баримт байдаггүй.

2008 оны 01 сарын 11-ний өдөр ххх тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн нөхцөлийг өөрчлөх тохиолдолд талууд гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан өөрчлөхөөр заасан боловч тус баримт хавтаст хэрэгт байхгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад анхан шатны шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар харилцан тохиролцсон байна гэж дүгнэж, нотлох баримт үнэлэх журмыг илтэд зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талыг 2008 оны 01 сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээний төлбөр төлөх үүргээ хариуцагч Г.Эг нь Э ХХК-ийн нэр дээр ххх хххх Засаг даргын 2007 оны 03 сарын 31-ний өдрийн 40 тоот шийдвэрийн дагуу 2 га газрыг олгуулж гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсэхээс 10 сарын өмнө Э ХХК нь хххх дахь 2 га газрыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр авсан байхад анхан шатны шүүхээс хариуцагч Ч.П а нь 2007 онд газар ашиглах, эзэмших талаарх хүсэлтийг газрын албанд гаргаж төлбөрийг төлж, материал бүрдүүлж нэхэмжлэгчийн нэр дээр гэрчилгээ гаргуулж өгсөн гэх тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч тал баримтаар нотолж чадахгүй, тийм баримт хэрэгт цуглараагүй байхад шүүхээс ххх дугаартай гэрээний төлбөрт 2 га газрыг өгөхөөр тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч тал нь нэхэмжлэгч Э ХХК-д гаргасан хүсэлтдээ 2 га газрын талаар тусгасан нь тухайн газраар төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй болно.

4.4. Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгтээ А ХХК-ийн ххх хххх нутагт ххх гэх газар 2006 оны 04 сарын 28-нд олгогдсон хайгуулын лиценз эзэмшиж байсан, нэхэмжлэгч Э ХХК-д 2007 оны 12 сарын 24-ний өдөр шилжүүлсэн гэжээ.

А ХХК-д олгосон газрын кадастр болон нэхэмжлэгч Э " ХХК-д олгосон газрын кадастраас харахад хоёр компанийн ашиглаж буй газрын солбилцол нь өөр байхаас гадна газрын хэмжээ хүртэл өөр байхад хариуцагч талаас болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П аас, А ХХК-аас өөрийн нэр дээр олгогдсон ашиглалтын газраас Э ХХК-д шилжүүлэх ямар нэгэн хүсэлт ирээгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх А ХХК нь өөрийн нэр дээр олгогдсон 231 га талбайгаас 118 га талбайг Э ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, 2007 оны 12 сарын үйл баримтыг талуудын хооронд байгуулсан 2008 оны 01 сарын 11-ний өдрийн гэрээний үүрэгт оруулан тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

4.5. Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгтээ: ... Хан-Уул дүүрэг хххх н газарт орших 109,92 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд нь Э ХХК болон түүний хамаарал бүхий Р ХХК-д тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшүүлэхээр шийдвэрлэх хүртэл хугацаанд 2007 оноос хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П а нь өөрийн А ХХК-ийн нэр дээр хайгуулын ажил хийж гүйцэтгэж байсан..., ...дүгнэхэд хариуцагч Г.Эг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П а нар нь өөрийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын лиценз, төмрийн үйлдвэрлэл явуулах 2 га газрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй... гэжээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмшил, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байх чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж хуульчилсан.

Ашигт малтмалын газраас Р " ХХК-д 2009 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүрэг, хххх нэртэй газарт 109.92 га газарт ашигт малтмалын хайгуулын ххх дугаартай зөвшөөрлийн олгосон байна.

4.6. Дээрх газар дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П а нь өөрийн А ХХК-ийн нэр дээр байсан болон тухайн газар дээр хайгуулын ажил хийж байсан гэх ямар ч баримт байдаггүй мөн хариуцагч талаас тухайн газрыг Р ХХК-д шилжүүлсэн гэх ямар ч баримт байхгүй байхад анхан шатны шүүх Р ХХК-д тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшүүлэхээр шийдвэрлэх хүртэл хугацаанд 2007 оноос хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П а нь өөрийн А ХХК-ийн нэр дээр хайгуулын ажил хийж гүйцэтгэж байсан гэж дүгнэлт хийсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн.

4.7. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс Р ХХК-ийн захирал К.П нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б ы нөхөр буюу нэхэмжлэгч компанитай харилцан хамааралтай компанийн нь Хан-Уул дүүрэг хххх н газарт орших 109,92 га хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь Э ХХК хариуцагч Г.Эгтэй байгуулсан ххх дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний хариуцагчийн төлбөр төлөх үүрэгтэй оруулан тооцож байгаа нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т заасан нийцээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Хавтас хэрэгт Э ХХК-аас ххх дугаартай гэрээний төлбөрт бусад этгээдийн төлбөр тооцоог хүлээн авах тухай ямар нэгэн зөвшөөрөл өгсөн ямар ч баримт байдаггүй.

4.8. Хариуцагч талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх өгсөн гэж тайлбарладаг боловч дээрх эрхийг нэхэмжлэгч Э ХХК-д шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн тухай баримт хавтаст хэрэгт байдаггүй. Нөгөөтэйгүүр дээрх тусгай зөвшөөрөл болон газрыг 2007-2009 оны хооронд шилжүүлсэн өгсөн гэж тайлбарлаж буй боловч нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2012 оны 04 сарын 09-ний өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, тус баталгаанд ... тус хоёр байгууллагын хооронд 2008 оны 01 сарын 11-ний өдрөөс 2012 оны 04 сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Г.Эг нь 183,150 ам долларын өртэй гарсныг харилцан батлав, энэхүү өрийн үлдэгдлийг Тоосгоны бүрэн автомат тоног төхөөрөмжөөр бартер хэлбэрээр төлөхөөр тохиролцов гэж заасны дагуу 2012 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл Г.Эг нь орон сууцны төлбөрөө огт төлөөгүй, орон сууцны төлбөрийн оронд ямар нэгэн эрх, тусгай зөвшөөрөл, хөрөнгө шилжүүлээгүй болохоо баталсан, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч тал нь 183,150 ам.долларыг төлнө, хугацаа олгооч гэсэн утга бүхий тайлбар орон сууцыг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгч байсан үйл баримт байдаг боловч шүүхээс тус нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй.

4.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасны дагуу нотлох баримтыг үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь анхан шатны шүүх үнэлж чадаагүйгээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/04892 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Давж заалдах гомдолд 2018 оны 01 сарын 16-ны өдөр гэрээ байгуулагдахаас өмнөх үйл явдал нь энэ хэрэг маргаанд хамааралгүй гэж тайлбарласан. Газартай холбоотой ямар нэгэн баримтыг Э ХХК-аас гаргаж өгөөгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан баримтаар 2007 оны 01 сарын 10-ны өдөр Г.Эг, Э ХХК-ийн хооронд Худалдах-худалдан авах орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хэрэгт авагдсан. 2012 онд Г.Эгээс Э ХХК-ийн санхүүгийн албанд гаргаж байсан хүсэлтийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн хүсэлт нь ашигт малтмалын лицензийг гаргаж өгч, орон сууцны төлбөрийг төлнө гэх утгатай байсан. Үүнийг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт гэж үзэж болно.

5.2. Мөн Р ХХК болон К.П тэй манай компани хамааралгүй. 2012 онд Р ХХК-д лиценз олгох нөхцөл байдлыг Г.Эг хэлж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П ын зүгээс 118 га газрыг шилжүүлж өгснөөр орон сууцыг хүлээн авах эрх үүснэ гэх агуулгатай гар бичмэлийг Э ХХК-д өгч байсан. Тухайн лицензтэй холбоотой баримтуудыг шүүх хангалттай хэлэлцсэн. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л баримтуудыг хариуцагч талаас гаргаж өгсөн.

5.3. Нэхэмжлэгч талаас дээрх баримтуудыг ойлгомжгүй байна гэдэг боловч өөрсдөө ажил үүрэг гүйцэтгэж, лиценз авсан талаар нэг ч баримт гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар тайлбар гаргаагүй.

Мөн хариуцагч тал төлбөр төлнө гэдгээ илэрхийлсэн гэх үндэслэлийг давж заалдах гомдолд дурдсан. Уг үйл баримт нь хэрэгт авагдсан цагаатгах тогтоолд дурдагдсан. Иймд цагаатгасан шүүхийн үйл баримтын талаар үнэлэлт, дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.

5.4. 2009 онд ашигт малтмалын лиценз олгогдсоноор гэрээний үүрэг дуусгавар болсон учраас Э ХХК-ийн зүгээс гаргаж өгөх боломжтой схем зураг, улсын комисст хүлээлгэж өгсөн акт, С.Н нарын гарын үсэгтэй баримтуудыг өгч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Үүгээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзнэ.

5.5. 2012 оны эхээр Э ХХК-ийн Ерөнхий захирал С.Н лиценз хүчингүй болсон ч газар хэвээрээ байгаа гэж тайлбарласан. Лиценз хүчингүй болсон шалтгаан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг цаг тухайд нь сунгаагүйгээс үүдэн цуцлагдсан учраас тоосгоны тоног төхөөрөмж нэмж өгнө гэсэн нөхцөл байдлаар шүүхэд хандсан. Гомдолд дурдсан автобусыг 2012 онд хүлээлгэж өгсөн бөгөөд манай тайлбар өөрчлөгдөөгүй тогтвортой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Г.Эгт холбогдуулан 2008 оны 01 сарын 11-ний өдрийн ххх тоот Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр 183,150 ам.доллар буюу 521,832,811 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.1. Хариуцагч тал ... гэрээний төлбөрт ххх хххх нутаг дэвсгэрт байрлах 118 га талбайтай хххх тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн хххх гэх газарт байрлах түгээмэл тархац бүхий 109,92 га талбайтай хххх дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий орд газар, ххх хххх нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 2 га газрыг шилжүүлэн өгсөн гэсэн үндэслэлээр маргасан.

 

Анхан шатны шүүх гэрээ байгуулах үеийн буюу 2008 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар ххх хххх нутаг дэвсгэрт байрлах 118 га талбайтай хххх тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн хххх гэх газарт байрлах түгээмэл тархац бүхий 109,92 га талбайтай хххх дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий орд газар, ххх хххх нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 2 га газрын зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөг байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад 2008 оны 01 сарын 11-ний өдрийн ххх тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 183,150 доллар буюу 521,832,811 төгрөгт дүйцүүлж тооцсон нь үндэслэлгүй байна.

 

3.2. ххх хххх нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 2 га газрын эзэмших эрх анх хэний нэр дээр олгогдсон, хэний эзэмшлээс хэрхэн шилжсэн талаар үйл баримтыг тодруулах зорилгоор тус шүүхийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 210/МА2022/01299 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Хариуцагч талаас ххх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас баримт дутуу ирсэн үндэслэлээр нотлох баримтыг гаргуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах талаар хүсэлт гаргасан байхад шүүх ... өөр баримт байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

3.3. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 184/ШЗ2023/21839 дугаар захирамж гарган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримталж хэргээс нотлох баримт хасаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг баримталж нотлох баримтыг хассан тохиолдолд талуудад мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээр хангах ёстой байтал эрхийг нь хязгаарлаж шийдвэрлэсэн байна.

 

4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/04892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,767,115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР