Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 10

 

                                   

 

 

 

 

 

 

 

   Р.Очирсүхт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

     Прокурор                                                                  Б.Ганбулган

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        С.Сувдмаа, Б.Батжаргал

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор Р.Очирсүхт холбогдох эрүүгийн 2016 1900 0192 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг Өлзийт нуур, Жаал толгой гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөх бүрд овогт Рагчаасүрэнгийн Очирсүх, /РД:НЗ85070174/.

 

Шүүгдэгч Р.Очирсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбарт гэх газарт иргэн Ц.Жамсрантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн нүдэн тус газар нь цохиж, зүүн нүдийг нь хараагүй болгож, эрхтнээс нь хагацуулж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 08-ны 386 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хөх бүрд овогт Рагчаасүрэнгийн Очирсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Очирсүхыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Р.Очирсүхт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Ялтан Р.Очирсүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж,

Ялтан Р.Очирсүх нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Ялтан Р.Очирсүх нь хохирогч Ц.Жамсранд 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Р.Очирсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Шалгавал зохих зүйлүүдийг бүрэн гүйцэт шалгаагүй, үүнийг шүүхээс бүрэн гүйцэт тогтоох боломжгүй, энэ хэргийн сэдэлт Р.Очирсүхт учирсан гэмтэл, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэх нь эргэлзээтэй үндэслэлээр хэргийн дахин нягтлан шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

Төв аймгийн Баянцагаан сумын Самбарт гэх газарт 2016.03.11-ний өдөр 2-3 машинтай Цэдэнпүрэв, Гантулга, Хоролсүрэн, Болор-Эрдэнэ, Жамсран, Очирсүх нарын залуучууд 4 том пиво, 1 шил архи ууцгаасан. Энэ үед тэнд байсан гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Жамсранг нилээд согтуу байсан, харин Р.Очирсүх нь машин барьж явж байсан учир архи бараг уугаагүй гэдэг. Хохирогч Жамсран нь Р.Очирсүхээс архи нэхээд тэрээр байхгүй гэж хэлсэн. Гэтэл Жамсран түүнийг олон хүмүүсийн өмнө танхайран 2-3 удаа мөргөсөн үйлдлийг хийж, түүний биед халдсан. Энэ үед Р.Очирсүхийн хамарнаас цус гарсан тул би уур хүрээд өөрийгөө хамгаалж хариу үйлдэл болгож нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон, Жамсран мотоциклтойгоо хөдлөөд ойчиж байсан, тэр нилээд согтуу байсан гэж анхныхаа мэдүүлэгт хэлдэг. Биднийг Болор-Эрдэнэ, Хоролсүрэн хоёр голоор орж салгасан гэдэг.

Гэрч Гантулга Жамсрангийн нүдийг хэн гэмтээснийг хараагүй.

Жамсран согтуу байсан. Очирсүх нь гайгүй байсан. Жамсран нүдээ бага байхдаа моринд өшиглүүлсэн гэж байсан.

Гэрч Цэрэнпүрэв бид самбартай газраас хөдлөөд хамгийн зүүн талын гэр гуанзны үүдэнд очоод бууцгаасан чинь араас Жамсран мотоциклтой ирээд Очирсүхийг шууд мөргөсөн. Хорлоо, Болор-Эрдэнэ хоёр салгасан. Би хаана нь цохьсныг хараагүй. Очирсүхийг мөргөсний дараа нүд нь эвгүй болчихсон байсан. Үгийн солиогүй мөргөсөн гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн газарт байсан гол гэрч Гантулга, Цэрэнпүрэв нар нь зодолдохыг хараагүй гэдэг.

Мөн зодоон дууссаны дараа Жамсранг мотоциклтойгоо ганцаараа ирсэн гэж гэрч Болор-Эрдэн, гэрч Цэрэнпүрэв нар хэлдэг.

Жамсран анх мэдүүлэхдээ Очирсүх баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа цохьсон. Намайг мотоцикл дээрээ очоод эргээд харахад араас гүйж ирээд нүд рүү 1 удаа цохьсон. Анх цохиход нь Хоролсүрэн, Болор-Эрдэнэ хоёр салгаад машиндаа суулгасан. Дахин зодолдоогүй. Мөн би мотоциклоо хэрэг болдог газар үлдээгээд гуанз руу алхаад очсон гэдэг.

Дахин хохирогчоор байцаагдахдаа 1 алгадсан. Би толгойгоороо мөргөсөн чинь Р.Очирсүх ойчоод өгсөн. Мөн араас гүйж ирж цохьсон гэж бусад хүмүүсийн яриагүй зүйлийг хэлдэг. Намжилсүрэнгийнх рүү би явган очсон гэдэг.

Хохирогч Жамсран шүүх хурал дээр би сайн мэдэхгүй байна. Очирсүх миний нүдэнд цохьсон гэдэгт эргэлзэж байна. Би нэлээн согтуу байсан. Намайг зодоогүй гэсэн утгатай юм хэлсэн боловч шүүх бүрэлдэхүүн та юу яриад байгаа юм бэ? Хүн гүтгэх хуультай, та яагаад мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ буцаж байгаа юм бэ? Гэж хөтлөж тулгаж асуусаар байгаад хамгийн сүүлд зодсон нь үнэн гэж хэлүүлсэн.

Гэрч Болор-Эрдэнэ Жамсран Очирсүхийг мөргөсөн Жамсран араас мотоциклтойгоо ирсэн.

Гэрч Баасандаш Очирсүх машиндаа суучихсан. Жамсран хажууд нь зогсчихсон хэрэлдээд байсан. Би зодоонийг хараагүй.

Гэрч Намжилсүрэн /зодоон болоход байгаагүй гэр гуанзны айлын хүн/ Жамсран явган явж ирсэн. Жамсрангийн мотоцикл архи ууж байсан газраасаа хөдлөөгүй байсан байрандаа үлдсэн.

Гэрч Бямбасүрэн Жамсран алхаж ирсэн. Мотоциклийг нь аваад Нэргүй гэдэг айлын гэрийг түшүүлж тавьсан.

Гэрч Өлзийболд /Энэ гэрч хэрэг болсон газарт байгаагүй дэргэдүүр нь мотоциклтойгоо өнгөрсөн гэрч/ Мөрдөн байцаалтанд Жамсрангийн нүүр лүү 2-3 удаа Очирсүх цохих шиг болсон гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ гэрчийг гол харсан гэрч гэж прокурор шүүхийн шатанд оруулсан боловч шүүх хурал дээр тэрээр ярихдаа би бичиг мэдэхгүй. Би тэр зодоон болсон газар мотоциклтойгоо явж байсан. Мотоциклоосоо бууж хараагүй, дэргэдүүр нь өнгөрсөн, нилээд хол зайнаас харсан  гэж урьд өгсөн мэдүүлгээсээ огт өөр бараг сайн хараагүй гэж мэдүүлэг өгсөн болно.

       Гэрч Баяр гэж хүн маргааш нь би Жамсрангийн мотоциклийг нь авч гэртээ харьсан гэж мэдүүлсэн боловч хаанаас авч явсан талаар асуугаагүй байсан.

Гэрч Хоролсүрэн Очирсүхийн дээд уруул язарсан. Гадна хамрын хэлбэр алдагдсан. Очирсүхийн рентген зураг, хамрын таславч дунд 3/1 баруун хэсгээр муруйсан.

Гэрч Золзаяа эмч шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Жамсран ойчих, хүн мөргөх үед нүд гэмтэх боломжтой юу? гэж асуухад тэрээр үгүйсгэхгүй гэсэн хариулт өгсөн.

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч шинжээч Э.Дэлгэрхүү 2016.04.14-ны өдрийн дүгнэлтээр Р.Очирсүхийн дээд уруулын баруун хэсэгт 0,2х0,3 см бор өнгийн нөсөө, хамрын хэлбэр алдагдсан гээд Р.Очирсүхийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан.

Өмгөөлөгч С.Сувдмаа би энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт 2016.06.20-нб өдөр гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргах, хохирогч Жамсрангийн нүд хэдэн онд анх гэмтэл авсан, үрэвссэн эсэх багадаа моринд өшиглүүлж байсан эсэх талаар тодруулан шалгах, зарим гэрчүүд хохирогч Жамсранг Очирсүхийн араас гуанзны гадаа мотоциклтойгоо ирсэн, зарим нь явган ирсэн гэж зөрүүтэй мэдүүлдэг, Р.Очирсүхт гаргасан нэг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байгаа тул түүнийг бүрэлдэхүүнтэй гаргуулах гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар хүсэот гаргасан. Мөн өмгөөлөгч хэргийг мөрдөн байцаалтын шатанд уншиж танилцахад Р.Очирсүхээс Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч нь 2016.03.12-ний өдөр байцаалт авсан бичиг хавтаст хэргээс Р.Очирсүхийн хамт уншихад Очирсүх нь энэ өдөр надаас огт байцаалт аваагүй байж авсан юм шиг хэрэгт хийсэн байна гэж хэлж байсан. Энэ үед мөрдөн байцаагч нь Цэрэндовдон  бидний яриаг сонсоод бидэнтэй ярилцаад сууж байсан.

Төв аймгийн Прокурорын газраас өмгөөлөгч миний дээрх хүсэлтэд 2016.06.24-ний өдөр хариу өгөхдөө Р.Очирсүхийн биед тогтоосон шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн дүгнэлийг дахин бүрэлдэхүүнтэй гаргуулах шаардлагагүй болно гэсэн хариу өгсөн байсан.

Самбарт хөтөл дээрээс Жамсран нь согтуу алхаж ирсэн юм бол /хэнтэй хамт ирсэн, ганцаараа эсхүл хүнтэй/ хэдэн км газар алхсан болох, тэр газар нь тэгш, шулуун хад чулуутай байсан эсэхийг нарийн гаргаж, тогтоож шалгаагүй. Энэ асуудалд ач холбогдол огт өгч туршилт хийж явсан маршрутын зай газрыг шалгахыг хүсэхгүй Р.Очирсүхийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргахгүй, мөн гэрчүүдийг тулгаж янз бүрийн арга хэлбэрээр байцаалт аваад байгаа нь энэ хэргийг ямар нэгэн аргаар эзэнтэй болгох гэсэн, мөн Очирсүхийг л нүдийг нь гэмтээсэн болгох гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн согтуугаар өөрийг нь өдөж, ирж мөргөж, хамар уруулаас нь цус гаргасан хүний өөдөөс нэг алгадсан нь түүний бие санаатай гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Очирсүх өөрийгөө хамгаалсан хариу үйлдэл хийсэн.

Иймд эргэлзээтэй асуудлыг нэг мөр болгож, эргэлзээг тайлах зорилгоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон Прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцоно” гэв

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд,

Шүүгдэгч Р.Очирсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбарт гэх газарт иргэн Ц.Жамсрантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн нүдэн тус газар нь цохиж, биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн задрал, шилэнцэр бүрхүүлийн гаралт, бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус хуралт гэмтэл,  нэг нүдний хараагүйдэл цаашид энгийн хөдөлмөр чадвар алдалтанд тогтонги 65% нөлөөлсөн, хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Жамсран, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 3576, 2016 оны 7-р сарын 29-ны өдрийн  бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 962 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны  шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа “эргэлзээтэй асуудлыг нэг мөр болгож эргэлзээг тайлах зорилгоор хэргийг мөрдөн байцаалтанд  буцааж өгнө үү”  гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Хохирогч Ц.Жамсран 2016 оны 3-р сарын 25-ны өдөр “...нөгөө залуу гүйж ирээд зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон тэгэхэд миний нүдээс ус шиг юм гойжихоор нь нүдээ гараараа дараад зугтаад мотоциклоо тойроод нөгөө залуу араас намайг зодох гээд хөөгөөд байсан ...хамт явсан залуу нь дуудаад яваад өгсөн...Миний зүүн талын шанаа руу болон зүүн талын нүд рүү гараараа цохиж зүүн талын нүдийг хараагүй болгосон” /хх-13/,

- 2016 оны 6-р сарын 3-ны өдөр “..Р.Очирсүх ирээд барьж аваад ... миний нүд рүү нэг удаа  гараараа цохиод автал миний зүүн нүднээс шингэн юм гойжсон” /хх-14/,

-шүүхийн хэлэлцүүлэгт “...Р.Очирсүхэд цохиулсны дараа миний нүд ийм болсон. Гоньд ахыг надаас нүд чинь яасан юм бэ гэж асуухад би яачихсан байна гээд толинд харж мэдсэн...нүд чинэрээд дээлний нударга нороод байхаар нь нүд рүү цохиждээ гээд гараараа нүдээ дартал нүднээс ус шиг шингэн зүйл гарсан байсан...Намайг баруун гараараа цохьсон.” /хх-222-223/ гэж мэдүүлсэн,

Гэрч Т.Болор-Эрдэнийн “...Очирсүх Жамсран нар маргалдаад барьцалдаж аваад Жамсран нь Очирсүхийг нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн чинь Очирсүхийн хамарнаас цус гарсан ...Очирсүх машинаасаа бууж очоод  Жамсран  нэг удаа нүүр лүү нь цохьчих шиг болсон чинь Жамсран арагшаа ойчсон.... Очирсүх Жамсрангийн нүүр лүү гараараа нэг удаа л цохьсон” /хх-18/,

Гэрч Э.Намжилсүрэн /хоч нь Гоньд/ “...Очирсүх машинтайгаа Цэрэнпүрэвийн хамт ирсэн тэгээд араас нь Жамсран явган яваад ирсэн тэгээд би хартал зүүн талын нүд нь цаашаа орчихсон байхаар нь чи нүдээ яачихсан юм гэж асуусан чинь мэдэхгүй юм харахгүй болчихлоо би Очирсүхтэй муудалцсан гэж байсан” /хх-21/,

Гэрч Ө.Бямбасүрэн “...Очирсүх машинтайгаа ирээд манай нөхөртэй уулзаад байж байхад араас нь Жамсран алхаж ирсэн тэгээд хартал нүд нь цаашаа хонхойчихсон байсан” /хх-23/,

Гэрч С.Өлзийболд “...Очирсүх Жамсран хоёр ноцолдож байгаад Очирсүх Жамсранг 2-3 удаа нүүр лүү нь цохих шиг болсон” /хх-29/,

Гэрч Ц.Хоролсүрэн 2016 оны 4-р сарын 11-ний өдөр “...Жамсран тэгээд манай нөхөр Очирсүхийг 2-3 удаа толгойгоороо мөргөсөн тэгсэн чинь Очирсүх нүүр лүү нь цохиод тэгээд тэр хоёр зодолдоод эхэлсэн...Гоньд Жамсрангийн нүдийг харчихаад чиний нүд яачихсан юм бэ гэж байсан.” /хх-39/,

-2016 оны 5-р сарын 26-ны өдөр “...нэг харсан чинь Очирсүхийг Жамсран толгойгоороо мөргөх шиг болсон тэгээд зөрүүлээд гараараа нүүр лүү нь цохисон  тэгээд би машинаасаа буугаад очиход...” /хх-41/, гэсэн мэдүүлгүүдээр Р.Очирсүх нь  хохирогч Ц.Жамсрангийн зүүн нүд рүү цохисны улмаас хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийг гэм буруугүй эсэхэд эргэлзээ төрөхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн “... би гараа зангидаж байгаад цээж рүү нь түлхсэн. Өөр цохиж зодолдсон асуудал байхгүй” гэсэн нь няцаагдаж  байна.

Өөрөөр хэлбэл Р.Очирсүх, Ц.Жамсран нар хоорондоо маргалдан улмаар зодолдож, Р.Очирсүх хохирогчийн зүүн нүдэн тус газар нь цохисны улмаас түүний зүүн  нүднээс шингэн зүйл гарч зүүн нүдэнд хүнд зэргийн гэмтэл учирсан байна.  

Энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хохирогч шүүгдэгчийн нүүр рүү толгойгоороо 2-3 удаа мөргөсөн тохиолдолд хохирогчийн нүдэнд энэ гэмтэл үүсэх боломжтой юу”  гэсэн асуултанд шинжээч эмч Ч.Золзаяа “нүдэнд ийм гэмтэл үүсэхийг үгүйсгэхгүй”  гэж хариулсан байх боловч  хохирогчийн  нүд үрэвслээс үүссэн гэмтэл биш гадны биетээс үүссэн гэмтэл, нүдний болор, солонгон бүрхэвчийг нэвтэлсэн, нүд нь нэвт гэмтсэн гэмтэл болох талаар мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Ч.Золзаяагийн 2016 оны 6-р сарын 6-ны өдөр, болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

- шинжээч эмч О.Болороогийн “...гэмтэл нь шинэ гэмтэл зодоон болох үед үүсгэгдсэн байх боломжтой...өөрөө бусдыг мөргөх үед үүсэхгүй” /хх-48/,

-шинжээч эмч М.Отгонбаатарын “...2016 оны 3-р сарын 11-нд бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл юм. Өвчин болон хуучин соривжилтой шалтгаант хамаарахгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн гэмтлийн улмаас үүснэ” /хх-133/ гэсэн мэдүүлэг болон гэрч нарын  мэдүүлгүүдээр ч  давхар нотлогджээ.  

Үүнээс үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогчийг үрэвслээс үүссэн гэмтэлтэй байсан, хохирогч зодоон дууссаны дараа ганцаараа ирэхдээ замдаа унаад гэмтэл авах боломжтой гэсэн гомдол үндэслэлгүй, дээрх гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй  байна.

     Р.Очирсүхэд  холбогдох хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Р.Очирсүхэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч Ц.Жамсранд хохирол төлбөрт 5 сая төгрөг төлсөн, хохирогчийн “хэн алинынх нь болгоомжгүй байдлаас болж ийм үйл явдал боллоо гэж үзэж байна. Р.Очирсүхэд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн бичгийн хүсэлт /хх-139/ болон хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн эргэлзээтэй асуудлыг нэг мөр болгож эргэлзээг тайлах зорилгоор хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн Байцаан шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 386 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Г.БОЛОРМАА

                                                                                      Т.ЭНХМАА