Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 151/2016/0296/э |
Дугаар | 386 |
Огноо | 2016-12-08 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Б.Ганбулган |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 386
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган
хохирогч Ц.Жамсран,
хохирогчийн өмгөөлөгч О.Цэвэлмаа,
иргэдийн төлөөлөгч З.Цээзүү
гэрч С.Өлзийболд, Ч.Золзаяа, Ц.Хоролсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, С.Сувдмаа,
шүүгдэгч Р.Очирсүх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Очирсүхэд холбогдох 201619000192 тоот Эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг Өлзийт нуур, Жаал толгой гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөх бүрд овогт Рагчаасүрэнгийн Очирсүх, /РД:НЗ85070174/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Р.Очирсүх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбарт гэх газарт иргэн Ц.Жамсрантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн нүдэн тус газар нь цохиж, зүүн нүдийг нь хараагүй болгож, эрхтнээс нь хагацуулж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Р.Очирсүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 11-нд Төв аймгийн Баян сумын нутаг Самбарт гэх газрын гуанзанд би Ц.Жамсрантай таарч нэг хонины мах мөнгөөр нь түүнээс худалдаж авсан. Ц.Жамсран шатахуунгүй болчихлоо гэхээр би түүнд 5 литр бинзен өгсөн. Ц.Жамсран намайг бинзенийхээ мөнгийг нь авах уу гэхэд би авахгүй гэхэд Ц.Жамсран надад бинзений мөнгө өгөөгүй 1 шил архи аваад ирсэн. Гуанзнаас хойшоо гараад машиныхаа кабинд 5-лаа 2 том пиво, 1 шил архиа хувааж уусан. Самбартад очоод Ц.Жамсран бид хоёр маргалдаж, Ц.Жамсран эхлээд намайг мөргөж миний хамраас цус гарсан. Би босож ирээд Ц.Жамрсангийн цээж рүү мөргөсөн. Болор-Эрдэнэ, Хоролсүрэн нар Ц.Жамсран бид хоёрын голоор орж биднийг салгасан. Би Ц.Жамсрангийн зүүн нүдийг цохиж түүний биед хүнд гэмтэл учруулаагүй гэв.
Хохирогч Ц.Жамсран шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Оторт адуунд явж байгаад шатахууны мөнгөгүй болчихоод хүнээс нэг хонь авч Самбарт орж Р.Очирсүхэд зарчихаад түүнээс 5 литр бинзен авсан. Тухайн үед Р.Очирсүхээс гадна 3,4-лээ архи уугаад би нилээн согтчихсон байсан. Р.Очирсүх бид хоёр маргалдсан. Тэгээд л миний нүд ийм болчихсон гэв.
Гэрч С.Өлзийболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Р.Очирсүх, Ц.Жамсранг цохихыг би сайн хараагүй. Р.Очирсүх, Ц.Жамсранг мөргөхийг би хараагүй гэв.
Гэрч Ч.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нүд өвдөж цочирсон, гадны зүйлийн үйлчлэлийн үед нүдний цөцгий гарах боломжтой. Ц.Жамсрангийн нүдийг гэмтээд ирэхэд нь би анх үзлэг хийж байсан. Энэ хүний нүдний тухайд нүдэнд үүл үүсээгүй, нүд нь нивт гэмтсэн байсан. Хохирогчийн хувьд үрэвслээс үүссэн нүдний гэмтэл биш. Харин нүдний болор, солонгон бүрхэвчийг нэвтэлсэн гэмтэл үүссэн байсан гэв.
Гэрч Ц.Хоролсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Машины ард талын суудалд багтахгүй байсан учраас бие биенийхээ өвөр дээр сууцгаасан. Тэр үед миний гуяыг Ц.Жамсран илсэн. Намайг оролдсон асуудлаас болоод энэ хоёр муудалцаагүй. Чухам ямар асуудлаас бол маргалдсаныг би мэдэхгүй гэв.
Гэрч Б.Баасандаш мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ..тэгээд Ууган, Гантулга бид гурав гадаа зогсож байхад Очирсүх машиндаа суучихсан хажууд нь Жамсран зогсчихсон хэрэлдээд байх шиг байсан. Би бол ямар нэгэн айхтар зодолдож байхыг хараагүй, мэдээгүй би бас согтуу байсан. Жамсрангийн нүд нь зүгээр л байх шиг байсан сайн анзаарч хараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 тал/,
Гэрч Э.Намжилсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Самбартаас баруун тийшээ хөдөө гараад 2 том пивийг ууж байхад Жамсран гэх залуу мотоциклотой ирээд надаас адуу сураад ганзгалж явсан махаа зарж бензин хийнэ гэж байсан тэгээд пивнээс уулцаад тэд нар үлдэцгээсэн.... Тэгж байтал араас нь Очирсүх машинтайгаа Цэрэнпүрэвийн хамт ирсэн тэгээд араас нь Жамсран явган ирсэн тэгээд би хартал зүүн талын нүд нь цаашаа орчихсон байхаар нь чи нүдээ яачихсан юм гэж асуусан чинь мэдэхгүй юм харахгүй болчихлоо би Очирсүхтэй муудалцсан гэж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
Гэрч Ө.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Самбарт дээр ирэхэд хойд талд нь зөндөө хүн байхаар нь урд нь гараад зогстол хамгийн түрүүнд Гантулга явган ирээд араас нь Очирсүх машинтайгаа ирээд манай нөхөртэй уулзаад байж байхад араас нь Жамсран алхаж ирсэн тэгээд хартал нүд нь цаашаа хонхойчихсон байсан... Нүд нь зүгээр байсан Жамсрангийн нүд нь угаасаа үүлтэй байсан тэрнээс биш хонхойж барьсан юм байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Т.Баярбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ..хэлэхдээ Жамсран гуанзан дээр зодолдсон юм шиг байсан. Нүд нь сохорчихсон юм шиг байна гэхээр нь би ирээд хартал зүүн талынх нь нүд голын хар хэсэг нь улаан болчихсон тойрсон цагаан нь улаан судаснууд нь гарчихсан цаашаа хонхойчихсон байсан. Тэгээд л эмнэлэг цагдаа хоёрт мэдэгдсэн. Надад хэлэхдээ Очирсүх намайг цохиод байсан тэгэхээр нь би зөрүүлээд нэг цохиод дахиад нэг мөргөсөн тэгээд болиод ахаа уучлаарай гэсэн чинь дахиад цохиод байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
Гэрч Г.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: .. Тэр үед Жамсран Очирсүхээс 5 литрийн бензин авсан. Тэндээсээ хөдлөөд самбартын хойд талд гараад Цэрэнпүрэв 1 пиво гаргаж ирсэн тэр пивийг хаанаас авсан талаар би мэдээгүй...Даваахүү хар саарал жийптэй ирээд Жамсрантай хамт хөдлөөд 1 пиво аваад ирсэн...Тэр үед Даваахүүгийн машинд архи ууж байсан урд суудал дээр Жамсран суугаад өвөр дээр нь Очирсүхийн эхнэр Хорлоо суучихсан Жамсранг чи яагаад намайг оролдоод байгаа юм бэ гээд ар суудалд сууж байсан. Тэгээд архи ууж дуусаад гадаа гараад байж байхад Гоньд машинтайгаа Самбарт дээр ирэхэд нь би Гоньд руу очсон араас Очирсүх машинтайгаа ирсэн араас нь Жамсран алхаад ирсэн. Очирсүх хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгтэл Гоньд Жамсранг харчихаад наад хүний чинь нүд нь сохорчихсон байна гэж байсан. Тэгээд хартал цаашаа хонхойчихсон байсан янз бүрийн юм гойжоогүй байх шиг байсан Жамсран өөрөө нударгаараа дарчихаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/,
Гэрч Ц.Баасан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Нэг талын нүд нь үүлтэй тэрнээс биш цаашаа хонхойсон юм бол байгаагүй яг аль нүдийг нь санахгүй байна... Бид нарыг Самбарт дээр ирэхэд Жамсран архи ууж байсан газраасаа явган ирсэн бусад хүмүүс нь тэндээ үлдсэн хэн хэн байсныг нь хараагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3576 тоот дүгнэлт Ц.Жамсрангийн биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн задрал, шилэнцэр бүрхүүлийн гаралт, бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нэг нүдний хараа алдалт нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 65 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 47тал/,
Шинжээч эмч О.Болороо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ....Гэмтэл нь шинэ гэмтэл зодоон болсон үед үүсгэгдсэн байх боломжтой... Өөрөө бусдыг мөргөх үед үүсэхгүй .... гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 962 тоот дүгнэлт Урьд гарсан №3576 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Жамсрангийн биед зүүн нүдний алимны нэмт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн задрал, шилэнцэр бүрхүүлийн гаралт, бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нэг нүдний хараагүйдэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 65 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-ийн 128-130тал/,
Бусад баримт
Улсын нэгдүгээр төв эмнэлэг Ц.Жамсрангийн өвчний түүх /хх-50-67 тал/,
Зөвлөлгөөн авах бичиг /хх-68 тал/,
-шүүгдэгч Р.Очирсүхийг 2016 оны 03 сарын 29-ний өдөр сэжигтнээр /хх-81, 82-83 тал/, 2016 оны 05 сарын 30-ны өдөр яллагдагчаар /хх-85-86 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
- Р.Очирсүхийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад үгүй гэх лавлагаа /хх-88 тал/,
- Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 01 тоот албан бичиг /хх-91 тал/,
Автотээврийн төвийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 тоот лавлагаа /хх-96 тал/,
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Очирсүх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Самбарт гэх газарт иргэн Ц.Жамсрантай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу пиво авч өгөөгүйгээс маргалдан улмаар түүний зүүн нүдэн тус газар нь цохиж, зүүн нүдийг нь хараагүй болгож, эрхтнээс нь хагацуулж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Жамсрангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрчС.Өлзийболд, гэрч Ч.Золзаяа, гэрч Ц.Хоролсүрэн, гэрч Т.Болор-Эрдэнэ гэрч Б.Отгонцэцэг, гэрч Б.Баасандаш, гэрч Э.Намжилсүрэн, гэрч Ө.Бямбасүрэн, гэрч М.Эрдэнэтуяа, гэрч Т.Баярбилэг, гэрч Г.Гантулга, гэрч Ц.Баасан, гэрч Ж.Нэргүй нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3579 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 962 тоот дүгнэлт, Р.Очирсүх нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ял шалгах хуудас, хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, хохирогчийн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Р.Очирсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн шүүх хуралдаанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримт болох боломжгүй байна. Мөн гэрчүүд нь мэдүүлгээсээ буцаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хээгт заасны дагуу эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалт байдаг. Хохирогчийн биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг өөрчилж болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэж зүйлчилж өгнө үү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтын бүрдэл дутуу, хохирогч Ц.Жамсрангийн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг, эх сурвалжаа зааж чадахгүй байна. Очирсүхийг цохьсоныг хэн ч хараагүй байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хээгт заасны дагуу эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу цагаатгаж өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус тус хүлээн авах боломжгүй байна.
Учир нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Жамсран нь 2016 оны 3 сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ....Тулга гэх залуу машин дотроос ногоон өнгийн савтай том пиво гаргаж ирээд тэрийг бас уучихаад хөдлөх гэтэл намайг зоддог залуу надаа дахиад нэг пиво аваад өг гэсэн. Тэгэхээр нь би хариуд нь надад мөнгө алгаа бензиний л мөнгө байна гэсэн.Тэгтэл намайг баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэгрүү 1 удаа цохисон тэгэхээр нь би цааш нь түлхчихээд мотоцикль дээрээ очоод эргээд хартал араас нөгөө залуу гүйж ирээд гараараа зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон. Тэгэхэд миний нүднээс ус шиг юм гойжихоор нь нүдээ гараараа дараад мотоциклоо тойроод нөгөө залуу араас намайг зодох гээд хөөгөөд байсан. Тэр үед нөгөө залуу араас нь хамт явсан залуу нь дуудаад яваад өгсөн гэж /хх-13/, 2016 оны 06 сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ... Р.Очирсүх хүрж ирээд надаас нэг пиво аваад өгчих гэхээр нь надад байхгүй архи гаргаад ирээч гэсэн тэгээд нөгөө миний авсан архийг гаргаад Р.Очирсүхийн машинд суугаад ууж байхад би гараад бие засах гэтэл араас Р.Очирсүх гарч ирээд нэг пиво аваад өгчих гэхээр нь надад 2000 гаруй төгрөг байна. Чи үлдсэнийг нь олчих гээд пиво авч өгөх үгүйгээс маргалдаад байж байхад Р.Очирсүх намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд толгойгоороо мөргөчихсөн чинь Р.Очирсүх арагшаа машины хажуугаар оочоод өгсөн. Буцаад мотоцикль руу явж байхад араас Р.Очирсүх ирээд намайг барьж аваад гараараа нүд рүү нэг удаа цохиод автал миний зүүн нүднээс шингэн юм гойжсон байсан. Тэгээд Р.Очирсүх би чамайг ганцхан цохьсон шүү гэчихээд яваад өгсөн. Тэгээд би явган Самбартын гуанзны урд яваад очтол тэнд бүгд ирсэн байсан. Намжилсүрэн намайг харчихаад чиний нүд сонин болсон байна яачихсан юм гэхээр нь би Р.Очирсүх намайг цохьсон талаар нь хэлсэн. Тэгээд намайг Намжилсүрэн аваад явсан... гэж /хх-14-н ар тал/ тус тус мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Р.Очирсүхээс өөр хүн байгаагүй, Р.Очирсүх л цохисон цохисоны дараа нүд рүү халуун оргиод явчихсан. Тэгээд нүднээс юм гараад байх шиг байсан тэгэхээр нь нударгаараа арчаад байсан. ...араас нь яваад очсон чинь Намжилсүрэн чи нүдээ яачихсан юм гэж байсан гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй зүйл байхгүй хэрэг учрал болох үеийн үйл явцыг тодорхой мэдүүлсэн байна.
Хэрэг учрал болох үед буюу болсны дараах үеийн үйл явцыг мөрдөн байцаалтын шатанд гэрчлэн мэдүүлсэн гэрч Т.Болор-эрдэнийн ...Р.Очирсүх Ц.Жамсран хоёр маргалдаад барьцалдаж аваад Ц.Жамсран нь Р.Очирсүхийг нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн чинь Р.Очирсүхийн хамарнаас цус гарахад Хорлоо эхэлж машинаас гарч очсон. Би араас нь гарч очоод цусыг нь цэвэрлэж өгөөд машинд суулгасан. Тэгсэн чинь Р.Очирсүх ахиад машинаас бууж очоод барилцаж аваад Р.Очирсүх Ц.Жамсранг нэг удаа нүүр лүү нь цохчих шиг болсон Жамсран арагшаа ойчсон. Тэгэхээр нь Хорлоо бид хоёр машинаас буугаад Р.Очирсүхийг хориод машинд суулгаад Тулга, Цэрэнпүрэв хоёрыг дуудаж машиндаа суулгаад хөдлөөд Самбарт ороод гуанзангийн үүдэнд очиж зогссон. Ц.Жамсрангийн нүднээс цус гарсан зүйл байхгүй мөртлөө нүд нь цаашаа ширгээд алга болчихсон байсан.... Р.Очирсүх Ц.Жамсрангийн нүүр лүү нэг удаа л гараараа цохьсон гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Э.Намжилсүрэнгийн ...зүүн талын нүд нь цаашаа орчихсон байхаар нь чи нүдээ яачихсан юм бэ гэж асуусан чинь мэдэхгүй ээ юм харахгүй болчихлоо, би Очирсүхтэй муудалцсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-21-н ар тал/, гэрч Ө.Бямбасүрэнгийн ...Самбарт дээр ирэхэд хойд талд нь зөндөө хүн байхаар нь урд нь гараад зогстол хамгийн түрүүнд Гантулга явган ирээд араас нь Очирсүх машинтайгаа ирээд манай нөхөртэй уулзаад байж байхад араас нь Жамсран алхаж ирсэн тэгээд хартал нүд нь цаашаа хонхойчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-23-24 тал/, гэрч Т.Баярбилэгийн ...Надад хэлэхдээ Очирсүх намайг цохиод байсан тэгэхээр нь би зөрүүлээд нэг цохиод дахиад нэг мөргөсөн тэгээд болиод ахаа уучлаарай гэсэн чинь дахиад цохиод байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, гэрч Г.Гантулгын ...Очирсүх хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгтэл Гоньд Жамсранг харчихаад наад хүний чинь нүд нь сохорчихсон байна гэж байсан. Тэгээд хартал цаашаа хонхойчихсон байсан янз бүрийн юм гойжоогүй байх шиг байсан Жамсран өөрөө нударгаараа дарчихаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/, гэрч Ц.Баасангийн ...Самбарт дээр ирэхэд Жаамаа Очирсүх хоёр зодолдсон гээд Жамсран нүдээ дарчихсан миний нүдийг сохолчихсон гээд байсан... /хх-36 ар тал/ гэх мэдүүлэгүүд, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3576 тоот дүгнэлт, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 962 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч О.Болороогийн мэдүүлсэн ... хохирогч Ц.Жамсрангийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл зодоон болсон үед үүсгэгдсэн байх боломжтой... Өөрөө бусдыг мөргөх үед үүсэхгүй .... /хх-48-49 тал/ гэх мэдүүлэг, шинжээч эмч М.Отгонбаатарын ...Жамсрангийн биед зүүн нүдний алимны нэмт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн задрал, шилэнцэр бүрхүүлийн гаралт, бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт, зүүн нүдний зовхины цус хуралт нь гэмтлийн улмаас үүссэн бөгөөд 2016 оны 03 сарын 11-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл юм. Өвчин болон хуучин сорвижилттой шалтгаант холбоогүй. Өөрөөр хэлбэл зөвхөн гэмтлийн улмаас үүснэ. /хх-133 тал/ гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал шүүгдэгч Р.Очирсүх хохирогч Ц.Жамсран нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Р.Очирсүх нь хохирогч Ц.Жамсранг пиво авч өгөөгүйгээс хоорондоо маргалдаж хохирогч Ц.Жамсран нь шүүгдэгч Р.Очирсүхийг мөргөсний дараа шүүгдэгч Р.Очирсүх нь гараараа зүүн нүд рүү нь цохьсоны улмаас хохирогчийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл явдал болсон нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Очирсүх нь хохирогч Ц.Жамсрангийн нүд рүү гараараа цохьж, гэмтэл учруулж байгаа нь санаатай үйлдэл байх бөгөөд хайхрамжгүй болон хөнгөмсөгөөр найдаж гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь Эрүүгийн хэргийн 201619000192 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаарх материалыг гаргаж өгснийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Харин Р.Очирсүхэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж заасныг журамлан шүүгдэгч Р.Очирсүх нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Жамсранд учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байдал, хохирогчын гомдол санал гаргаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Р.Очирсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирлын талаар
Хохирогч 5.664.516 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 657.116 төгрөгийн баримт байна. Шүүгдэгч Р.Очирсүх нь хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Р.Очирсүх нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Хөх бүрд овогт Рагчаасүрэнгийн Очирсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Очирсүхыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Р.Очирсүхт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4 Ялтан Р.Очирсүхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Ялтан Р.Очирсүх нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6. Ялтан Р.Очирсүх нь хохирогч Ц.Жамсранд 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Р.Очирсүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА
ШҮҮГЧИД Ж.МӨНХТУЯА
Д.БУЯНТОГТОХ