| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 151/2016/0271/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-02-14 |
| Зүйл хэсэг | 153.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 13
Н.Энхмандахад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Энхмандахад холбогдох эрүүгийн 201619000321 дугаартай 1 хавтас 226 хуудас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, ээжийн хамт Төв аймгийн Бүрэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэхангай гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Амбааболд овогт Нямжавын Энхмандах /РД:НК85031015/ гэв.
Шүүгдэгч Н.Энхмандах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 21 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр баг, Баярт гэх газарт байх иргэн Х.Дондогжавд загнуулсандаа хорсож, улмаар түүний 3 ханатайгэр, түүн дотор байсан Хонда маркийн мотоциклийг бусад эд хөрөнгийн хамт бензин цацаж санаатайгаар гал тавьж галдан шатаах аргаар устган 7.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны 17 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Амбааболд овогт Нямжавын Энхмандахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхмандахыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхмандахад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхмандахын 2016 оны 5 сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 сарын 19-ний өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаарзүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дээлний товчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Энэ хэрэгт ялтан Н.Энхмандах нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн эдхөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Нямжавын эзэмшлийн 2 давхар бүрээстэй 4 ханатай монгол гэрийг, мөн 2016 оны 06 сарын 03-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Ихбаярын эзэмшлийн улаан өнгийн Даюун маркийн мотоцикль зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож,
Ялтан Н.Энхмандахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Т өв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Энхмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: Шүүхээс Н.Энхмандахыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаах аргаар устгасан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Х.Дондогжавын эд хөрөнгийг хэнийх болохыг тогтоогоогүй, эд хөрөнгийн газраас лавлагаа аваагүй, санаатайгаар устгасан гэх үйлдэл нотлох баримтаар тогтоогдсонгүй. Ялтан мотоциклоос бензин авах гэсэн гэсэн үгүйг, тусгайлан бэлтгэсэн саванд шатах материал байсан эсэх тухай нарийвчлан шалгаагүй юм. Иймд 17 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: ...мөрдөн байцаалтын шатанд Дондогжавын ямар ямар хичнээн төгрөгний эд хөрөнгийг шатаасан болохыг ялгаж тодруулж шалгаагүй. Зөвхөн тэр гэрт байсан бүх эд зүйлийг нэгтгэн үнэлүүлж нийтэд нь бусдын /Дондогжавын/ хохирол гэж тооцон ирүүлсэн нь бодит үнэнд нийцээгүй байна. Үүнийг шүүх бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хохирлын хэмжээ шаардагдахгүй гэдгээр тайлбарлан хэргийн нотлогдвол зохих асуудалд өнгөцхөн хандсан юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүй нотлохоор заасан байна. Хохирогч Дондогжав би Энхмандахаар малаа маллуулдаг учраас түүнд хөлс мөнгө өгч чадаагүй гээд тэр мотоциклийг худалдан авч өгсөн. Тус шатсан гэрийн бүх бүрээс туурга нь Энхмандахынх, эмээл нь манай аав ээжийнх юм. Энхмандах бид нар дундаа эдлээд байж байсан гэх мэдүүлгээр шатсан бүх эд зүйл Дондогжавынх биш болох нь харагдаж байна. Хохирлын хэд нь бусдын эд хөрөнгө, хэд нь өөрийнх нь эд хөрөнгө болохыг ялгаж тогтоогоогүй. Мөн шатсан гэх мотоцикл тээврийн хэрэгслэлийн гэрчилгээтэй, бүртгэлтэй эсэх бүртгэл эзэмшлийг холбогдох байгууллагаа тодруулаагүй, мөн 5 литрийн канестертай бензин цацаж шатаасан гэж буруутгаж байгаа боловч гэрт тус савтай бензин байсан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоогоогүй зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн байхад шүүх анхаарч үзэлгүй шийдсэн юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Энхмандахад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
Хохирогч Х.Дондогжав давж заалдах гомдолдоо: Би Энхмандахыг санаатайгаар эд хөрөнгө устгасан гэж үзэхгүй байна. Мотоциклоосоо бензин авах гэж байгаад санамсаргүйгээр гал тавьсан гэж үзэж байна. Галд шатаж үгүй болсон эд хөрөнгө миний өмч биш байсан учир Цагдаагаас шалгахдаа гал алдсан л гэснээс шатсан хөрөнгө хэнийх гэдгийг нь шалгаж тодруулаагүй тул Энхмандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүгдэгч Н.Энхмандах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн орой 21 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр баг, Баярт гэх газарт иргэн Х.Дондогжавт загнуулсандаа хорсож, улмаар түүний 3 ханатай гэр, түүн дотор байсан Хонда маркийн мотоциклийг бусад эд хөрөнгийн хамт бензин цацаж санаатайгаар гал тавьж галдан шатаах аргаар устган 7.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-31/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны № 98 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-62/, гал түймэр гэрсан тухай акт /хх-66/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-70-72,180-182/, хохирогч Х.Дондогжавын мөрдөн байцаалтанд өгсөн...”миний 3 ханатай гэр, гэр дотор байсан мөнгөн эмээл, мөнгөн хазаар, Хонда мотоцикль, ор, ширээ, нарны толь, аккумлятор, үстэй дээл, бетон, хуучин хивс, хазаар ногт, хувцаснууд, бичиг баримт, гар тогооны хэрэгсэл зэрэг зүйлүүд бүгд шатсан байсан. гэрийн гаднаас хүн гал тавьсан гэж бодож байна, Хохирлоо нэхэмжилнэ...Энхмандах “намайг уучлаарай, би өөрийн мэдэлгүй гэрийг чинь шатаачихлаа, хохирлыг чинь барагдуулж өгнө” гээд гуйгаад байсан /хх-11,25-26,27/ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Жамбалжав, Ц.Батцэнгэл, Л.Жанчив, Б.Цэрэндаш. Л.Оюунсүрэн нарын...”Энхмандах хэлэхдээ Дондогжав ах Өндөрширээт сум рүү мотоцикльтой надаар хүргүүлэхдээ унаанаас хоцроочихлоо гээд загнаад байсан тэгээд миний уур хүрээд Дондогжав ахын гэр лүү бензин цацаж байгаад шатаачихсан гэж хэлсэн... Энхмандах тэр шатаж байгаа гэрийг хараад орж шатаж үхнэ гээд дайрахад нь болиулсан, их согтсон байгаа харагдсан” гэх мэдүүлгүүд /хх-35,37-38,.39-40,49-50,51-52/, гэрч Х.Нямжавын...”манай хүү Энхмандах гэртээ архи уусан согтуу ирсэн ба...хамт Лхагвасүрэнгийн гэрт очоод байтал Энхмандах мотоцикльтойгоо ганцаараа хөдлөөд явсан, хаашаа явчихав гээд хартал гэрийн зүг давхиад явчихсан, би гэртээ очих гэж байгаа юм байлгүй гээд байж байтал...21 цаг өнгөрч бүрэнхий болсон байхад Энхмандах мотоцикльтойгоо ганцаараа давхиад ирсэн....Би Дондогжав ахын гэрийг шатаачихлаа гэхээр нь би итгээгүй...Энхмандах согтуу тэр шатаасан Дондогжавын гэр лүү орж шатаж үхнэ гэж дайраад байсан, тэгээд гэр нь шатаад дууссан. Энхмандах хэлэхдээ Дондогжав ахад уурлаад гэж байсан яг юунаас болсныг нь мэдээгүй...Энхмандах Дондогжав ах загналаа би хүний эрхэнд баймааргүй байна гээд урьд нь уурладаг байсан...би Энхмандахыг загнаад цохиж аваад яаж шатаасан юм гэхэд би бензин цацаад шатаачихсан гэж байсан ба манайд байсан тосолны цэнхэр савтай мотоцикльд хийх бензин байхгүй, сав нь ч байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх- 41-42/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Энхмандахад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Энхтуяа нарын...”шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
Мөрдөн байцаалтын шатанд Н.Энхмандахын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...”Дондогжав ах унаанаас хоцроочихлоо гээд намайг эргүү мангараар дуудаад, хэл амаар доромжлоод, гөлрөө гичий минь тэнэж яваад хэдэн мал тараачихав гээд загнаад байсан. Утсаар загнасан... Гэртээ ганцаараа байж байгаад Дондогжав ахын дээрэлхүү ханддаг, загнадагийг нь бодоод уур хүрээд, гэрийг нь шатаагаад хохироочихьё гэж бодоод, гэрийн гадаа байсан 5 литрийн тосолын савтай бензинийг Дондогжавын 3 ханатай гэрийн зүүн хойд талаас бүгдийг цацаад, цэнхэр асаагуураар асаахад гэр шатаж эхэлсэн. Би айгаад мотоцикльтой Лхагвасүрэн гэх айлд очиж ээж Нямжавд “би уурандаа Дондогжав ахын гэрийг шатаачихлаа “ гэдгээ хэлсэн. Би гүүрэн дээр 2 танихгүй хүнтэй 2 литрийн пиво хувааж уугаад, ...дэлгүүрээс пиво аваад Цэрэндашийнд ирж хувааж уугаад согтсон байсан, гэр шатааснаа санаж байна” гэсэн мэдүүлгээр гэмт хэргийн сэдэлт тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Дондогжавын ...”тухайн гэрт миний өөрийн эд зүйл байсан. Зуны цагт би тэр гэрт амьдарч малаа хардаг” гэх тогтвортой өгсөн мэдүүлэг, өөрийн хөрөнгө болох шатсан эд зүйлийг нэр заан үнэлж, нэхэмжилсэн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн нь зөв байна.
Мөн шүүгдэгч Н.Энхмандахын “гэрт байсан 5 литрийн тосолын савтай бензин цацаж, Дондогжавын гэрийг шатаасан” гэх мэдүүлэг нь тосолны цэнхэр савтай мотоцикльд хийх бензин байхгүй байсан талаар мэдүүлсэн гэрч Х.Нямжавын мэдүүлэг, Дондогжавын гэр лүү бензин цацаж байгаад шатаасан талаар Н.Энхмандах өөрөө бусдад хэлж, ярьсан талаар мэдүүлсэн гэрч Ц.Батцэнгэл, Б.Жамбалжав, Л.Жанчив, Б.Цэрэндаш, Л.Оюунсүрэн, Х.Нямжав, хохирогч Х.Дондогжав нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Энхмандах бусдын эд хөрөнгийг галдан шатаах аргаар санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх “хохиролд 2.000.000 төгрөг, мал авсан, хохирол барагдсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогч Х.Дондогжавын мэдүүлэг /хх-27/-ээр шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж байгаа” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн, мөн хохирогчийн шатсан эд хөрөнгө 7.190.000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад /хх-31/ яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд 7.440.000 төгрөг гэж дүгнэсэн алдааг магадлалд дурьдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Энхтуяа, хохирогч Х.Дондогжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Энхтуяа, хохирогч Х.Дондогжав нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА