Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2017/00025

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 4 дүгээр багийн оршин суугч Өын Ггийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамж, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Г,түүний өмгөөлөгч А.С ,С.Э , хариуцагч улсын байцаагч Х.Х, У.Е , хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ө.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа:

Миний бие 2013 оноос эхлэн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж ирсэн бөгөөд тус сургуулийг удирдах хугацаандаа захирлын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн ажил үүргийг шаардлагын хэмжээнд чанд биелүүлэн ажиллаж, хуваарилагдсан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, төлөвлөн зарцуулан зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгээгүй, батлагдсан цалингийн сан, бүтэц орон тооны хязгаарыг мөрдөн ажиллаж жил бүр ажлын үр дүнг өндөр үнэлгээтэй дүгнүүлж ирсэн.

Гэвч шинээр томилогдсон аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан манай сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэсэн ба санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн улсын байцаагч нар шалгалтын явцад баримтлавал зохих хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлаагүй, төлбөр тогтоосон акт буюу миний эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу надад урьдчилан мэдэгдээгүй шууд акт үйлдсэн, хуулийн 27.1-д заасан тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасны дагуу хяналт шалгалт хийсэн албан тушаалтан нь өөрийн гаргаж байгаа шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах байгууллага болон гомдол гаргах хугацааг тухайн шийдвэрт заах үүрэгтэй боловч тухайн үүргээ биелүүлээгүй болно. Мөн улсын байцаагч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болсон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтыг баримтлан ажиллаж тухайн актуудад үндэслэл болгосон байна.

Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн актуудыг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн талаар нэмэлт тайлбар гаргаж байна. Үүнд:

1. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай 18-01/46 тоот актын талаар:

Сургуулийн захирал Ө.Г Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг зөрчиж 4 улиралд 983411 төгрөг илүү авсан гэж нөхөн төлүүлэхээр акт тогтоосныг эс зөвшөөрч байна. Миний бие хууль, журамд заасны дагуу үр дүнгийн урамшуулал авах эрхтэй юм. Тухайн үед намайг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу үр дүнгийн урамшууллаа авах талаар мэдээгүй юм. Энэ талаар аймгийн аудитын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан ба хууль, журам зөрчөөгүй хэмээн гаргасан дүгнэлт нь хүчин төгөлдөр байгаа.

2. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Илүү авсан мөнгийг төлүүлэх тухай 18-01/47 тоот актын талаар:

2014 оны 12 дугаар сард сургалтын менежер, нийгмийн ажилтантай хамтарч жилийн тайлан бичих, ажилчдын ажлын үр дүнгийн биелэлтийг тооцох, илтгэх хуудас бичих зэрэг илүү цагаар ажилласан ажилчдад төлсөн урамшууллыг нөхөн төлүүлэхээр акт бичсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.2-д Ажилтан...шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж, 53 дугаар зүйлийн 53.1-д Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж тус тус хуульчилсан байдаг. Санхүүгийн засвартай баримтаар хэн нэгэнд нэмэгдэл хөлс олгосон асуудал байхгүй болно. Өөрөөр хэлбэл би гарын үсэг зурж батлах үед засвартай баримт байгаагүй. Хэрэв засвартай баримт бичиг бүрдүүлсэн гэх асуудал байгаа бол энэ нь дараа бүрдүүлсэн нотлох баримт байх боломжтой.

3. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зүй бусаар зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-01/(05)48 тоот актын талаар:

Аймгийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврын дагуу 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хүүхдийн баярыг тус сургуульд тэмдэглүүлэн өнгөрүүлсэн бөгөөд Үдийн цай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тухайн жилд хуваарилагдсан төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж илүү гарсан мөнгөөр баяр тэмдэглэх ажиллагааг санхүүжүүлсэн болно. Үдийн цай хөтөлбөрийнмөнгийг хүүхдийн баяр тэмдэглэх үйл ажиллагаанд зарцуулах эсэх асуудлыг сургуулийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлаар буюу сургуулийн удирдлагын олонхийн саналаар шийдвэрлэсэн юм. Улсын байцаагчийн нөхөн төлүүлэхээр акт бичсэн 2001600 төгрөг хүүхдийн баяр буюу хүүхдийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болохоос төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагаанд зүй бусаар зарцуулагдаагүй тул улсын байцаагчийн 48 тоот актыг эс зөвшөөрч хуулийн хугацаанд дээд шатны байгууллагад гомдол гаргасан болно. Энэхүү актаар тавигдсан мөнгийг төлөх тухай баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь тус актыг зөвшөөрсөн гэсэн асуудал биш юм. Би уг актад хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж явж байна. Нөгөөтэйгүүр миний нягтлан бодогч маань намайг хуурч мэхлэн санхүүгийн баримтад гарын үсэг зуруулж авсан болохыг сүүлд мэдсэн юм.

4. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-01/(05)49 дүгээр актын талаар:

Миний бие эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж дээд шатны байгууллагатай байгуулсан үр дүнгийн гэрээг хангалттай сайн гэсэн үнэлгээгээр дүгнүүлсэн ажлын амжилтыг үнэлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2016 оны03 дугаар сарын 29-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохыг, мөн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Нэмэгдэл хөлс олгох тухай 22 дугаар захирамжаар ур чадварын нэмэгдэлд 25 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгохыг тус тус санхүү зөвшөөрсний дагуу ур чадварын нэмэгдэл авч байгаа болохоос өөртөө тушаал гаргаж нэмэгдэл аваагүй болно. Сайдын тушаал болон Өлгий сумын Засаг дарга нар надад хууль бус урамшуулал олгох шийдвэр гаргасан гээд байгаа бол эхлээд тэдний гаргасан тушаал, захирамжуудыг хүчингүй болгох ёстой. Мөн 2013-2015 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан тул Монгол улсын Ерөнхий аудитор манай байгууллагад итгэл үзүүлж ,2016 оны санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгснөөр давхар нотлогддог. Иймээс уг асуудлаар намайг буруутган акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна.

5. Хяналт шалгалт хийсэн улсын байцаагчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн талаар:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн хяналт шалгалтын зарчим, 5 дугаар зүйлд Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам-ын талаар зохицуулсан бөгөөд 5.2-т хяналт шалгалт хийх удирдамжид тусгах зүйлүүдийг тусгайлан нэрлэсэн юм. Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Ажлын хэсэг томилох тухай А/511 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн шалгалт хийх үндэслэл, төрөл, арга хэлбэр, өмнө нь хийсэн шалгалтын талаарх мэдээллийг тусгаагүй нь хуулийн 5.2.2, 5.2.3, 5.2.7 дахь заалтуудыг шууд зөрчсөн үйлдэл байна.

Хяналт шалгалтын явцад улсын байцаагч нар шалгалтын тэмдэглэлтэй танилцах боломж олоогүй, надаас санал хүсэлт аваагүй, өмнө нь шалгалт хийсэн баримтуудыг дахин шалгаж, хяналт шалгалтыг давхардуулсан мөн хяналт шалгалтын ажлынхэсгийн ахлагчаар Боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Р.Сыг томилсон, улмаар Р.С нь үдийн цай хөтөлбөрийн үйл ажиллагаа, ажилчдын цалингийн урамшуулал зэрэг санхүүгийн баримтуудад шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэснийг зөрчсөн, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэснийг, хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасан Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана, 5.9.3-т шалгуулагч этгээдийн санал, хүсэлт гэснийг улсын байцаагчид тус тус зөрчжээ.

6. Хяналт шалгалт хийсэн улсын байцаагчид Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн холбогдох хэсгийг зөрчсөн талаар:

Дотоод аудитын дүрэм нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулах бөгөөд санхүүгийн хяналтын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа энэхүү дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллах үүрэгтэй.

Гэвч тус сургуульд санхүүгийн хяналт шалгалт хийсэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албан улсын байцаагчид санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл, танилцуулгаа үйлдэж надад танилцуулаагүй, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлаагүй, баримт нотолгоог үндэслэн дүгнэлт гаргаагүй бөгөөд энэ нь дотоод аудитын дүрмийн 6.2.1, 6.2.5, 6.3.1, 7.5-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Өлгий сумын лаборатори 3 дугаар сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн Засаг дарга дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжтэй зөвшилцөлгүй ажлын хэсэг байгуулан тус сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн нь дотоод аудитын дүрмийн 4.11-д заасныг зөрчсөн болно.

Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухайн 18-01/46, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Илүү авсан мөнгийг төлүүлэх тухай 18-01/47, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-01/(05)48, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-01/(05)49 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Г нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлтдээ:

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжаар 3 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай шийдвэр гаргасан нь хууль бус болохыг тогтоож, тус захирамжийг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцах явцад тухайн хяналт шалгалтыг анхнаасаа хууль бусаар зохион байгуулсан болохыг олж мэдлээ. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны А/511 дүгээр захирамжаар 3 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх талаар шийдвэр гаргахдаа улс төржиж, хувийн ашиг сонирхлын үүднээс холбогдох хууль, журмыг зөрчиж, ямар ч үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийсэн болох нь нотлогдож байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

47 дугаар актын хувьд хариуцагч нар уг актын нэг хэсгийг зөвшөөрч байна гэж ойлгож байна. Тийм учраас энэ талаар тайлбар хэлэхгүй. Энэ шалгалтыг явуулах болсон шалтгаан нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г танаа гэж гаргасан багш, ажилчид гэсэн 9 хүний гарын үсэгтэй өргөдөлтэй холбоотой. Энэ өргөдлийн дагуу шалгалт хийхдээ холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Бүртгэл хяналтын картад хуудасны тоо гэдэг хэсэгт 2 гэж бичигдсэн нь засвартай байгаа. Өөрөөр хэлбэл урьд нь 1 гэж бичсэнийг дараа нь 2 болгож зассан. Хэрвээ өргөдөл гаргасан гэж үзэх юм бол өргөдлийг шалгах үндэслэл байхгүй байж магадгүй, үүнийг дараа нь бүрдүүлсэн байж магадгүй гэж үзэж байна. А , М , К , Б , А , Х , А , Н , Е зэрэг хүмүүс ямар агуулга бүхий өргөдөл гаргасан вэ гэдгийг үзэхэд Ө.Г захирал өөрийн дотно хүмүүсийг ажилд авч ажиллуулж байна, ажилчдын дунд хагарал үүсгэж байна гэх байдлаар хүний нөөцтэй холбоотой өргөдөл гаргасан байж болох юм. Эдгээр гэрчүүд мэдүүлэг өгөхдөө өргөдлийн хавсралтын талаар дурдаж хэлээгүй. Гэрчүүдийн зарим нь нэг л хуудас өргөдөл байсан, өргөдлийн дээд талд юу бичсэн болохыг анзаарч хараагүй, зарим гэрч нар уншиж танилцсан, зарим нь өргөдөл нугалаастай байсан, бид нар зөвхөн гарын үсэг зурсан гэдгийг мэдүүлсэн. Ихэнх нь бид нар Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй, хэн аваачиж өгсөн болохыг мэдэхгүй гэдгийг хэлсэн. Шүүхээс өргөдөл, гомдол бүртгэж авах дэвтэрт 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийхэд 09 дүгээр сарын 21-ний өдрийн өргөдөл бүртгэгдээгүй байгаагаас үзэхэд тухайн өргөдлийг гаргаж байсан нь эргэлзээтэй байна. Ийм өргөдөл байхгүй байхад аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/511 дүгээр захирамж гаргаад шалгалт явуулсан нь хууль бус байсан, ийм шалгалт явуулах ёсгүй байсан гэж үзэж байна. Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж заасан. Нэгэнт өргөдөл гаргасан гэдэг нь тодорхойгүй байхад шалгалт хийсэн нь буруу гэж үзэж байна. Мөн хуулийн 5.6-дХяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Үүнийг хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана гэж тодорхой зааж өгсөн. Үүнд шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал,улсын байцаагчийн санал, дүгнэлт,шалгуулагч этгээдийн санал, хүсэлт гэж байгаа. Гэтэл энэ ерөөсөө тогтоогдоогүй. Улсын байцаагч Х.Хы хувьд шалгалтын тэмдэглэл гээд өөрийн гараар үйлдсэн хувийн тэмдэглэлийг гаргаж өгсөн боловч үүнийг хуульд заасан журмын дагуу бичигдсэн тэмдэглэл гэж үзэхгүй байна. Үүнээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгчид тэмдэглэлийн нэг хувийг өгөлгүй зөрчил гаргасан гэж үзэж байна. Хяналт шалгалтыг хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ёстой. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Нягтлах бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн байхад хүчингүй болсон хуулийг баримталсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөхгэж заасан байгаа. Хэрэгт Аудитын газрын 2013 оны34, 2014 оны 105, 2016 оны 13, 2015 оны 16 тоот албан бичгүүд буюу зөрчилгүй санал дүгнэлтүүд авагдсан байгаа. Харилцан хүлээн зөвшөөрөх гэж зааж өгсөн байхад зөвшөөрөхгүйгээр санхүүгийн хяналт шалгалт явуулсан нь буруу. Мөн хуулийн 52.5-д Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэж заасан. Энэ шалгалт ямар зорилгоор явагдсан бэ гэхэд дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад Еркегүл гэх хүн нэхэмжлэгч Ө.Ггийн оронд захирлаар томилогдохын тулд дээрх гэрчүүдийн хүсэл зоригоос гадуур өргөдөл бичүүлсэн үйл баримт тогтоогдоод байгаа. Хууль бус шалгалт явагдсан бөгөөд үүнээс гарсан үр дүнгээр нэхэмжлэгч Ө.Гг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх зорилгоор хяналт шалгалт явуулсан гэдэг нь харагдаж байна.Дараагийн асуудал бол нэхэмжлэгчийг ур чадварын нэмэгдлийг 45 хувиар авч байсан нь буруу гэж үзсэн байна. Хавтаст хэрэгт Өлгий сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар Нэмэгдэл хөлс олгох тухай захирамж авагдсан бөгөөд одоогийн байдлаар энэ захирамжийг хүчингүй болгоогүй. Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан гэж тайлбарласан. Энэ захирамжийг үндэслээд Ө.Г нь 25 хувьтай тэнцэх нэмэгдэл авч байгааг буруутгах үндэслэлгүй. 46 тоот актын хувьд үндэслэсэн заалтуудыг үзвэл төсвийн шууд захирагч төсвийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Тухайлбал 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 16.5.6-д дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж заасныг баримталсан байна. Үүнээс үзэхэд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйгээс болж мөнгө нь зарцуулагдсан юм уу, ямар учраас энэ заалтыг баримталсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хамааралгүй хуулийн заалт баримталсан байна. 48 дугаар актын хувьд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 6.4.8 дахь заалтуудыг баримталсан байна. 2001600 төгрөгийг Ө.Г хувьдаа завшаагүй. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, 417 хүүхдэд зориулж үдийн цайны мөнгөнд зарцуулсан байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4, 7, 8 дугаар зүйлд заасныг баримталж байгаа боловч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиас үзэхэд ямар ч хамааралгүй заалт байгаа.49 тоот актын хувьд баримталсан хуулийн заалт нь дээрх байдалтай адилхан. Дүгнэж хэлэхэд Ө.Г захирлын хувьд эдгээр актуудаар тавигдсан мөнгийг хувьдаа завшаагүй, зохих журмын дагуу зарцуулсан гэж үзэж байна. Илүү 10 цагийн хөлс 65540 төгрөгийг засвартай баримтаар авсан гэж акт тогтоосон боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд засвартай баримтаар авсан бол ийнхүү акт тогтооно гэж заагаагүй. С.М, С.С гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлгийн агуулгаас үзэхэд тухайн баримт засвартай байсан гэдгийг хэлсэн. Энэ үндэслэлээр захирлыг буруутгах боломжгүй. Яагаад гэвэл тухайн үед нягтлан бодогч С гэх хүн бас давхар хяналт тавьж байсан. Хэзээ засварлагдсан гэдэг нь тодорхойгүй үлдсэн байна. Эдгээр актуудыг тавих болсон шалтгаан нь улс төрийн зорилгоор, ажлаас нь чөлөөлөх зорилгоор энэ шалгалтыг зохион байгуулсан гэдэг нь харагдаж байна. Тийм учраас эдгээр актууд хүчингүй болох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн үндэслэлээр аймгийн Засаг даргын захирамж болон улсын байцаагчийн актууд болон шалгалтыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тавьж байна.

1.Ашиг сонирхолтой этгээдээр тухайн шалгалтыг удирдуулж хийлгүүлсэн. Тодруулбал тухайн шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Р.С гэх хүний төрсөн эгч нь Р.Р гэх хүнийг нэхэмжлэгч Ө.Г захирал ажлаас нь чөлөөлсөн асуудал байгаа. Энэ асуудлаар хувийн ашиг сонирхолтой байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Ө.Гд энэхүү ашиг сонирхолтой этгээдээр шалгалт хийлгүүлэх гэж байгаа асуудлыг урьдчилж танилцуулаагүйгээс болж түүгээр шалгалт хийлгүүлэхгүй байх, татгалзах эрхээ алдсан.

2. Үндэслэлгүйгээр төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийнэ гэж тодорхойзааж өгсөн. Гэвч өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийсэн гэж байгаа боловч мөн хуулийн 52.2-т зааснаар өргөдөл, гомдол, мэдээлэлд зохих нотлох баримт байх ёстой. Гэтэл зохих нотлох баримтгүйгээр өргөдөл,гомдол хүлээж авчихаад шууд шалгалт хийнэ гэсэн ойлголт байж болохгүй. Мөн иргэдийн гомдлыг Засаг даргад гардуулж өгсөн, бүртгэж авсан нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байна гэж үзэж байна. Тухайлбал аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт хийсэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Засаг дарга хамтран хариуцагчаар оролцож байгаа учраас энэхүү байдлыг арилгах үүднээс дараа нь нөхөж баримтууд гаргаж өгсөн байна. Тухайн баримтууд нэгэнт хууль, журмын дагуу авагдаагүй, бүртгэгдээгүй учир нотлох баримтаар авч үзэх боломжгүй. Мөн тухайн гомдол гаргасан иргэдийг гэрчээр асуухад тэдгээр гэрч нарын 6 нь бид нар хэзээ ийм гомдол гаргаж байснаа мэдэхгүй, хэзээ гарын үсэг зурж байснаа мэдэхгүй, бид захиралтай холбоотой гомдол гаргаагүй, нягтлан бодогчийг шалгуулахаар гомдол гаргаж байсан, нугалсан цаасанд гарын үсэг зурж байсан, дээд талд нь юу бичигдсэнийг мэдээгүй гээд эргэлзээтэй байдлаар мэдүүлэг өгсөн. Харин тэдгээрийн 3 нь хувийн ашиг сонирхлоор ийнхүү өргөдөл гаргаж байсан гэдгээ мэдүүлсэн. Тухайн өргөдлийн он,сар, өдрийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэж бичсэн. Гэрчийн мэдүүлэг хөндлөнгийн бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байх ёстой гэсэн шаардлага байгаа. Тухайн өргөдөлд 2015 он гэж бичигдсэн байдал болон Тамгын газрын өргөдөл,гомдлын бүртгэлийн дэвтэрт бичигдээгүй зэрэг хөндлөнгийн бусад нотлох баримтуудаас харахад энэ өргөдөл нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хяналт шалгалтад хамааралгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр ямар ч иргэдийн өргөдөл, гомдолгүйгээр, өөрөөр хэлбэл төлөвлөгөөт бус шалгалт хийх үндэслэлгүйгээр төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна. Ийм учраас анхнаасаа хийгдэх ёсгүй шалгалт байсан гэж үзэж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

3. Мөн хуулиар тогтоосон журам зөрчиж шалгалт хийсэн гэж маргаж байгаа. Үүнд:

1/. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасны дагуу гүйцэтгэнэ гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл удирдамжийг зөрчиж шалгалт хийсэн нь хууль бус болсон. Шалгалт хийх талаар удирдамжийн хугацаа гэх хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл шалгалт үргэлжлэн явагдана гэж заасан. Гэтэл энэ удирдамжид заасан хугацааг ноцтой зөрсөн.

2/. Шалгалт явуулах явцад ямар ч тэмдэглэл үйлдээгүй. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана гэж зааж өгсөн. Гэтэл үндсэн мэдээлэл байтугай тэмдэглэл ч байхгүй, гардуулж өгсөн асуудал ч байхгүй. Тэр ч бүү хэл шалгуулагч этгээдэд шалгалтын талаар ч мэдэгдээгүй. Нэхэмжлэгч Ө.Гг шалгаж байгаа учраас түүнд урьдчилан мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж, танилцуулж нэг хувийг гардуулж өгөх ёстой байсан. Тэмдэглэлд зөв бичигдсэн, буруу бичигдсэн гэдэгтэй Ө.Г танилцаж өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй байсан. Энэ бол хуулийг ноцтой зөрчсөн шалгалт болсон.

4. Хүчингүй болсон хуулийг баримталсан тул акт нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нар засвартай баримтаар нэмэгдэл хөлс олгосон гэж акт тогтоосон боловч тухайн хуулийн үндэслэл хаана байгааг өөрсдөө олохгүй байна. Шалгалт хийх удирдамжийн 12 дугаар чиглэлд иргэдийн гомдолд дурдсан асуудлыг шалган тогтоох гэж заасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд урьдчилан дүгнэлт гаргаж тэрийгээ батлах замаар хяналт шалгалт хийхийг хориглосон. Тэгэхээр Ө.Г гэх хүн тийм зөрчлийг гаргасан байгаа , 10, 5, 15 хоног байсан ч заавал тогтоогоод ир гэсэн байдлаар удирдамж гаргасан байна. Ийм удирдамж байж болохгүй. Энэ бол хуулийг зөрчсөн асуудал.

5. Ө.Ггийн хувьд тус сургуульд өр, зээл, алданги, хохирол зэрэг төсөвт учруулсан дарамт байхгүй. Гэтэл түүнднөхөн төлүүлэх акт тавьсан нь үндэслэлгүй. Аудитын газрын удаа дараагийн дүгнэлт байхад дахин шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарчмыг зөрчиж байна. Тухайлбал мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөхгэж заасан. Гэтэл түүнд хувийн ашиг сонирхлын үүднээс шалгалт хийсэн нь хууль бус болсон.

6. Актуудын хувьд хэлэхэд К ХХК-д мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Үүнийг зөрчил биш гэж үзэж байна. Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцно заасан.Үүнийг Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.6-д төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг хүрэх үр дүн чанарыг нь бууруулахгүйгээр илүү үр ашигтай, оновчтой хувилбараар зохион байгуулснаар бий болсон үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлт гэж заасанК ХХК-д 2001600 төгрөгийг шилжүүлж,хүүхдийн баяраар хоол тараасан асуудал байгаа.Үүнийг хэмнэгдсэн хөрөнгө гэж үзэж байгааХарин тухайн хэмнэлтийг хэрхэн зарцуулах талаар Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно гэж заасан. Үүнийг хуулиар зөвшөөрсөн, акт тогтоох шаардлага байхгүй, нийгэмд хор хөнөөлгүй, төсөв болон санхүүд хүндрэл учруулаагүй гэдэг нь тогтоогдож байна. Гэхдээ хариуцагч нар нэхэмжлэгчийг уг актуудыг хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байна. Хэрвээ хүлээн зөвшөөрсөн бол яах гэж сайд болон шүүхэд гомдол гаргадаг юм бэ гэдгийг шүүхээс анхаарахыг хүсэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ө.Г улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.Захирал Ө.Г Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолын 2.5 дугаар заалтыг зөрчиж, томилсон этгээд болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр үр дүнгийн урамшууллыг авах ёстой байхад ажлын үр дүнг тооцсон шийдвэргүй, өөрөө дураараа тушаал гаргаж 2014 оны 4 улиралд үр дүнгийн урамшууллын 983411 төгрөгийг хууль бус авсан байсан тул улсын байцаагч акт тогтоосон.Улсын байцаагчийн тус актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж,улсын орлого  болгох гэж заасны дагуу улсын болгохоор акт тогтоосон.Үүнийг нягтлан бодогч Х.С зөвшөөрч гарын үсэг зурсан. Уг актыг улсын ерөнхий байцаагч Сангийн сайд үндэслэлтэй гэж дүгнэлт ирүүлсэн. Шалгах үед санхүүгийн баримтуудад ямар ч нотлох баримтгүй байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дараагийн шаардлага бол 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 тоот актыг хүчингүй болгуулах тухай байгаа.2014 оны 12 дугаар сард Ө.Г илүү 10 цагийн хөлс 65540 төгрөгийг завсартай баримтаар авсан нь цагийн бүртгэлээр нотлогдож байна. Мөн ээлжийн амралттай байх хугацаанд үр дүнгийн урамшуулал авах ёсгүй бөгөөд захирал Ө.Г 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1,5 сарын урамшуулалд 86370 төгрөг илүү авсан нь үндсэн баримтаар нотлогдсон. Ө.Ггийн хувьд 46 дугаар актаар нийт дүнгээр 983411 төгрөгийн төлбөр тавигдсан. Үүнд 86370 төгрөг давхар бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл 983411 төгрөг дотор 86370 төгрөг багтаж байгаа гэв.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч У.Е шүүхэд ирүүлсэн болон шүүххуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарны 22-ны өдрийн А/511 тоот захирамжийн дагуу Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн 2014, 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчлэн шалгалт явуулж, миний бие уг шалгалтаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18-05/48, 18-05/49 гэсэн дугаартай 2 акт үйлдсэн болно.

1.18-05/49 тоот актын талаар тайлбарлахад: Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ө.Г нь илүү цагийн хөлс гэж олон удаагийн үйлдлээр илүү мөнгө авч ирснийг илрүүлж, цаашид давтан гаргахгүй байх талаар анхааруулж, үүнээс 2015 оны 04 дүгээр сарын 30 цагийн илүү цагийн хөлс гэж авсан 131081 төгрөг, мөн оны 07 дугаар сард 30 цагийн илүү цагийн хөлс гэж авсан 196621 төгрөг, нийт 327702 төгрөгийн илүү цагийн хөлсөнд акт үйлдсэн болно. Акт үйлдсэн үндэслэл нь цагийн бүртгэлд цаг бүртгэгчийн гарын үсэггүй, цагийн бүртгэлийн тайлбар хэсэгт захирал нь тайлан гаргасан, багш, ажилчидтай гэрээ байгуулсангэсэн тайлбар бичсэн байна. Тайлан гаргах, ажилтнуудтай гэрээ байгуулах нь захирлын үндсэн үүрэг бөгөөд захирлын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд тусгагдах зүйл гэж үзэн ажлын цагийн тодорхойлолт гаргасан хүний гарын үсэггүй илүү цагийн хөлс авсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 13.7-т Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж акт үйлдсэн болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/102 тоот тушаалаар 1 дүгээр улирлын урамшууллыг үндсэн цалингийн 30 хувиар тооцож олгохоор болсон боловч захирлаар ажиллаж байсан Ө.Г нь дур мэдэн 45 хувиар тооцуулж 110107 төгрөгийн илүү мөнгө гаргаж авсан. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар ур чадварын мөнгийг авч ирсэн боловч Өлгий сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22 тоот Нэмэгдэл хөлс олгох тухай захирамжаардавхар эрх зүйн акт гаргуулж, 8 сарын турш 1468104 төгрөгийн ур чадварын мөнгийг илүү авч ирсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам-ын 4-т ур чадварын нэмэгдлийг олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг энэ журмын 2.8-т заасан шалгуурыг үндэслэн тухайн байгууллагын эрх баригчийн тушаалаар шийдвэрлэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2010 оны 362/112/183 дугаар Шалгуур үзүүлэлт батлах тухай журмын 6-д сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сургалтын байгууллагын ажлыг үнэлж дүгнэхээр гаргасан журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр А ба В үнэлгээ авсан байх, 10 дугаар зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэсэн холбогдох хууль , журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж акт үйлдсэн болно.

Дээрх актыг үйлдэхдээ Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 11.1-д заасны дагуу улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй гэснийг дурдаж, уг эрхийн дагуу 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ө.Г нь Сангийн сайдад хандаж гомдол гаргасан бөгөөд Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12-1/134 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно. Уг албан бичигт улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж дурдсан байна.

2.18-05/48 тоот актын талаар тайлбарлахад: Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн санхүүгийн баримтуудыг хэсэгчлэн шалгахад үдийн цайны мөнгөнөөс 2001600 төгрөгийг хүүхдийн баярт зориулсан гэж тус сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 49 тоот тушаалаар К ХХК-д шилжүүлсэн зөрчил илэрсэн болно. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах 6.4.2-т төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлээгүй байх, 6.4.8-т төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, мөн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтуудыг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 тоот хамтарсан тушаалуудыг ноцтой зөрчсөн гэж үзэн төлбөрийн акт үйлдсэн болно. Уг актыг тухайн байгууллагын удирдлага буюу захирлаар ажиллаж байсан Ө.Г, нягтлан бодогч Х.С нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №***төлбөрийн хүсэлтээр 1767700 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №214 төлбөрийн хүсэлтээр 233900 төгрөг, бүгд 2001600 төгрөгийг Санхүүгийн хяналт, аудитын албаны 020051408 тоот дансанд шилжүүлж бүрэн төлж барагдуулсан болно. Уг актын талаар дээд шатны байгууллага болох Сангийн сайдад гомдол гаргаагүй бөгөөд захиргааны хэргийн шүүхэд шууд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэмж хэлэхэд хэрвээ тухайн төсөвт байгууллага зардал хооронд зохицуулалт хийхээр бол Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тушаалаар баталсан Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам-ын 5.1, 5.2 дахь заалтыг үндэслээдаймгийн төрийн санд хүсэлт тавиад төрийн сангаас зөвшөөрөл олгосны үндсэн дээр зарцуулах байтал өөрсдөө дур мэдэн зарцуулсан нь уг журмыг зөрчсөн гэж үзэж байна. Бид нар шалгалт хийх явцад Ө.Ггаас тайлбар авахад үдийн цайны 2001600 төгрөгийг урсгал засварт зарцуулсан гэж тайлбар өгсөн боловч үүнийг би бичиж аваагүйбайна. Энэ талаар ахлах байцаагч Х.Хд мөн адил тэгж тайлбар өгсөн гэсэн боловч дараа нь хүүхдийн баяраар зарцуулсан гэж 2 өөр тайлбар өгсөн гэв.

Хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдал болон санхүүд нь тус сургуулийн хэсэг бүлэг багш, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын мөрөөр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.15-ын г дэх заалтуудыг тус тус үндэслэл болгон 2016 оны А/511 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулж, удирдамж баталж хяналт шалгалт хийсэн ба уг хяналт шалгалтын үр дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн болно.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах, 8.2.3-д Сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна гэж заасны дагуу аймгийн Засаг дарга хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй тул эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гарган хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан болно. Төлөвлөгөөт бус шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулсан тохиолдолд болон хуульд заасан бусад үндэслэлээр хийнэ гэж заасны дагуу тухайн сургуулийн хэсэг багш нараас ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэл болгож Өлгий сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдал болон санхүүд нь хяналт шалгалт хийсэн. Үүнд аймгийн Засаг даргын зүгээс хууль зөрчсөн ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, учир нь нэгэнт багш нараас гомдол ирсэн, мөн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна.Мөн нэхэмжлэгч Засаг даргабагш нараас ямар нэгэн өргөдөл, гомдол ирүүлээгүй байхад өөрөө дур мэдэн хяналт шалгалт хийсэн гэсэн байна. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын Тамгын газраас 2 албан бичиг ирүүлсэн бөгөөд үүнд тухайн өргөдлийг хавсаргаж өгсөн. Тухайн үед аймгийн Засаг даргын туслах нь шинээр томилогдсон, Тамгын газрын үйл ажиллагааг сайн мэдэхгүй байсан, өргөдөл, гомдол хариуцсан ажилтнууд тухайн цагт ажил дээрээ байгаагүй тул аймгийн Засаг даргын туслах нь өөрөө бүртгэл хяналтын карт наагаад, ирсэн өргөдлийг Засаг даргад танилцуулсан байна. Аймгийн Засаг дарга уг өргөдөлтэй танилцаад, аймгийн Тамгын газрын дарга Х.Тд цохолт хийсэн ба Х.Т дарга Р.А мэргэжилтэнд ажлын хэсэг байгуулах чиглэл өгсөн байна. Энэ талаар Р.Аын гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн тухайн гомдол гаргасан багш нарыг гэрчээр асуухад бид нар ямар ч байсан Ө.Гтай холбоотой гомдол гаргаж байсан, 09 дүгээр сард гомдол гаргаж байсан гэдгийг мэдүүлсэн. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны А/511 дүгээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй ба Ө.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжаар[1] Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдал болон сургуулийн удирдлагын талаар иргэдээс ирсэн санал гомдлыг судлах, шалгах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан байна.

Нэхэмжлэгч тал аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй тул хяналт шалгалт хийх талаар иргэдээс өргөдөл, гомдол ирсэн эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл төлөвлөгөөт бус шалгалт хийх үндэслэл байхгүй байхад шалгалт хийсэн нь хууль бус, мөн хувийн ашиг сонирхолтой этгээдийг ажлын хэсгийн ахлагчаар томилж, шалгалт хийлгүүлсэн гэсэн үндэслэлээр тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолдболон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж заасан.

Мөн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 8 дугаар зүйлийн 8.1.1,8.2.3-т тус тус зааснаар аймгийн Засаг дарга нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутагдэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянаншалгах, мөн сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авах бүрэн эрхтэй бөгөөд хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдэд хамаарч байна.

Аймгийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тус сургуулийн үйл ажиллагаа, ерөнхий төлөв байдалд хяналт шалгалт хийхээр шийдвэрлэсэн,мөн Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш, ажилчдаас сургуулийн удирдлагын үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан болох нь гэрч Ч.А , М.М , К.К , Б.Б , Б.Х , К.Е , Е.Е нарын мэдүүлэг болон өргөдлөөр[2] тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал ...Шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар Р.Сыг томилсныг урьдчилж мэдэгдээгүйгээс болж хувийн ашиг сонирхолтой этгээдээр шалгуулахаас татгалзах эрхээ алдсан, Р.Сын эгч Р.Рийг 3 дугаар сургуулийн цагийн багшийн ажлаас чөлөөлсөнд тэрээр өш хонзон санаж явдаг гэсэн тайлбар гаргасан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно гэж заасан ба аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.С нь эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын захирамжийн дагуу уг хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан байх тул түүнийг тухайн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд хувийн ашиг сонирхлын улмаас орж ажилласан гэж дүгнэх үндэслэлгүй, мөн Р.С нь хувийн ашиг сонирхлын улмаас хяналт шалгалтыг хууль бусаар явуулсныг шалгаж тогтоосон баримт байхгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй актуудыг ажлын хэсгийн ахлагч Р.С биш санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар үйлдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд аймгийн Засаг дарга нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийх шийдвэрийг гаргасан байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Хоёр. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

1.Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар Илүү олгосон үр дүнгийн урамшууллыг төлүүлэх тухай актаар[3] 2014 оны 4 улиралд үр дүнгийн урамшилд 983411 төгрөгийг илүү авсан гэсэн үндэслэлээр уг мөнгөн урамшлыг Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ө.Ггаар төлүүлэхээр тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Төрийн албан хаагчид энэ хуулийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон ... мөнгөн урамшил олгож болно, 31.3-т Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, ...тус тус тогтооно гэж заасан. Энэхүү заалтыг үндэслэн Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 1.2, 2.2, 2.5-д тус тус зааснаар сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг буюу ажлын үр дүнг харгалзан шийдвэрлэхээр зохицуулсан.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т зааснаар ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилох бөгөөд нэхэмжлэгч Ө.Г нь тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны Б/361 дүгээр тушаалаар түр томилогдож,улмаар 2014 оны Б/376 дугаар тушаалаар[4] томилогдон ажиллажээ. Гэтэл тус сургуулийн захирал Ө.Гд 2014 онд улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох тухай шийдвэрийг томилсон эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад 2014 оны 1,2,3,4 дүгээр улиралд үр дүнгийн урамшил гэж нийтдээ 983411 төгрөгийг өөрөө шийдвэрлэж гаргуулан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдсон ба ингэснээр захирал Ө.Г нь дээрх хууль, журмыг зөрчсөн байна гэж үзлээ.

2. Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар Илүү авсан мөнгийг төлүүлэх тухай актаар[6] Ө.Г, И.Х , М.К нарын 3 хүнээр 364127 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба үүнээс 2014 оны 12 дугаар сард илүү 10 цагаар ажилласны нэмэгдэл хөлс 65540 төгрөгийг засвартай баримтаар авсан, 2014 оны 7,8 дугаар сард ээлжийн амралттай байсан үед урамшлын 86370 төгрөгийг илүү тооцуулан авсан гэсэн үндэслэлээр нийтдээ 151910 төгрөгийг захирал Ө.Ггаар төлүүлэхээр тогтоосон байна.

Улсын байцаагч нь уг актыг тус сургуулийн 2014 оны санхүүгийн баримтыг шалгасны үндсэн дээр үйлдсэн байх ба 2014 онд дагаж мөрдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 онд батлагдсан/ 17 дугаар зүйлийн 17.1,18 дугаар зүйлийн 18.1-д тус тус зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг хариуцлагыг хүлээж, нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх гэсэн зарчмыг аж ахуйн, нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлд баримтлахаар зохицуулжээ. Мөн энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно, 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] нэхэмжлэгч Ө.Г нь 2014 оны 12 дугаар сард илүү 10 цагаар ажилласны нэмэгдэл хөлс гэж 65540 төгрөг авсан, уг нэмэгдэл хөлсийг олгох үндэслэл болсон Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаарсургуулийн ажилчдын ажлын цагийн тодорхойлолт /2014 оны 12-р сар/ -ын Ажиллавал зохих хоног,цаг , Ажилласан хоног, цаггэсэн хэсгүүдэд бичсэн тоонууд нь засвартай, Илүү гүйцэтгэсэн цаг болон Тайлбар гэсэн хэсэг нь хоосон байгаа болох нь тус тус тогтоогдсон бөгөөд уг санхүүгийн баримтанд захирал Ө.Г гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар ажилтан илүү цагаар ажилласан бол нэмэгдэл хөлс авах эрхтэй боловч мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ...хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж тодорхойлжээ.

Захирал Ө.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ[8] болон тус сургуулийн хамтын гэрээнд[9] ямар тохиолдолд илүү цагаар ажиллуулах асуудлын талаар тохиролцож тусгаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1-74.2.4-т зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглодог тул нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Ө.Ггийн хийсэн гэх жилийн ажлын тайлан,илтгэх хуудас бичсэн,үр дүнгийн биелэлтийг тооцсон зэрэг ажил нь захирлын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд тусгагдсан үүрэгт ажил байх тул нэхэмжлэгчийг 2014 оны 12 дугаар сард илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд сургуулийн удирдлагын хувьд захирал Ө.Г нь нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлэнхуульд заасан зарчмуудыг баримталж ажиллах үүрэгтэй байтал уг үүргээ зөрчиж, ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллаагүй мөртлөө илүү хэдэн цаг ажилласан, ямар ажил хийсэн нь тусгагдаагүй, засвартай буюу үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслээгүй санхүүгийн баримтыг баталгаажуулж илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулж авсан нь хууль бус байна гэж үзлээ.

Харин Ө.Г нь 2014 оны 7,8 дугаар сард ээлжийн амралттай байхдаа урамшлын 86370 төгрөгийг илүү тооцуулан авсан гэх зөрчлийн хувьд улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 дугаар актаар Ө.Ггаар төлүүлэхээр тогтоосон улирлын ажлын үр дүнгийн урамшлын 983411 төгрөгт уг 86370 төгрөг багтаж байгаа, өөрөөр хэлбэл 46 дугаар актаар нэхэмжлэгч Ө.Ггийн 2014 онд авсан улирлын ажлын үр дүнгийн бүх урамшлыг нөхөн төлүүлэхээр тогтоосон мөртлөө 2014 оны 7,8 дугаар сард авсан ажлын үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг 47 дугаар актаар дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалттай нийцээгүй байх тул 47 дугаар актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагч улсын байцагч Х.Х нь дээрх байдлаар нэг зөрчилд давхардуулан акт тогтоосноо хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч уг 47 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ба уг актын иргэн И.Хайрым, М.Кандидат нарын 2 хүнээр төлбөр төлүүлэхээр тогтоосон хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эдгээр иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 дугаар Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай актаар[10] үдийн цайны мөнгөнөөс 2001600 төгрөгийг К ХХК-д хүүхдийн баярт зориулсан гэж үндсэн баримтгүй шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр 2001600 төгрөгийг 3 дугаар сургуулийн төсвөөс гаргуулахаар тогтоож, уг төлбөрийг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан дахь дансанд оруулан барагдуулахыг сургуулийн захирал,нягтлан бодогчид хариуцуулсан байна.

Нэхэмжлэгч ...Үдийн цай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тухайн жилд хуваарилагдсан төсвийг хэмнэлттэй, ашигтай зарцуулж илүү гарсан мөнгөөр баяр тэмдэглэх ажиллагааг санхүүжүүлсэн болно. Улсын байцаагчийн нөхөн төлүүлэхээр акт бичсэн 2001600 төгрөг хүүхдийн баяр буюу хүүхдийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болохоос төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагаанд зүй бусаар зарцуулагдаагүй гэсэн тайлбар гаргасан.

Боловсрол, соёл , шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 379/341 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам-ын 4.3-тнэг сурагчийн үдийн цайны өдрийн зардлыг тогтоосон хэмжээнд багтсан байхаар заасан ба Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 600 төгрөгөөр тогтоожээ.

Мөн Боловсрол, соёл , шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 560/276 дугаар хамтарсан тушаалаар баталсан Хүүхдийн цэцэрлэгийн хоол,ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлгийн зардлын хэмнэлтийг тооцох,төвлөрүүлэх, зарцуулах журам-ын Хоёр-ын 1, 6-д тус тус зааснаар сургуулийн захирал нь үдийн цайнаас үүссэн зардлын хэмнэлтийг сар бүр батлагдсан хүснэгтийн дагуу тооцож, улирал бүр дүгнэн орон нутгийн боловсрол, соёлын газарт ирүүлэхээр, тухайн улиралд гарсан зардлын хэмнэлтийг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, 4 дүгээр улирлын зардлын хэмнэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор төвлөрүүлэх дансанд шилжүүлж байхаар, Гурав-ын 4-т зааснаар зардлын хэмнэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зарцуулахаар тус тус зохицуулсан байна.

Иймд үдийн цайнаас зардлын хэмнэлт гарсан тохиолдолд уг хэмнэлтийг шууд зарцуулах эрхгүй байхад захирал Ө.Г нь хүүхдийн баяр тэмдэглэх буюу өөр зүйлд зарцуулахаар 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тушаал[11]гаргаж, 2001600 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр К ХХК-д шилжүүлснийг[12] зориулалтын дагуу зарцуулаагүй гэж үзэх үндэслэлтэй, ингэж зарцуулснаар дээрх журмуудыг зөрчсөн байх тул улсын байцаагчийн 48 дугаар акт нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн уг 48 дугаар актаар сургуулийн төсвөөс гаргуулахаар тогтоосон 2001600 төгрөгийн төлбөрийн 1767700 төгрөгийг захирал Ө.Г нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төрийн сан дахь дансанд шилжүүлсэн[13] байх ба тус сургуулийн нягтлан бодогчийн мэдүүлгээр[14] захирал Ө.Г уг 1767700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг уг актыг хүлээн зөвшөөрч сургуулийн төсвөөс төлбөрийг гаргуулан шилжүүлсэн гэж үзэхээр байна.

4. Нэхэмжлэгч улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-05/49 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан ба хэрэгт авагдсан эх хувиас үзэхэд уг акт нь он, сар, өдрийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн акт байх тул уг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-05/49 дүгээр актыг[15] маргаан бүхий акт мөн гэж үзлээ.

Уг 49 дүгээр актаар илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гэж 2015 оны 4 дүгээр сард 131081 төгрөг, 7 дугаар сард 196621 төгрөгийг тус тус цагийн бүртгэлд хариуцсан албан тушаалтны гарын үсэггүй авсан, 2015 оны 1 дүгээр улиралд үр дүнгийн урамшлыг сайдын тушаалаар 30 хувиар тогтоосон боловч 45 хувиар тооцож 110107 төгрөг илүү авсан, сайдын тушаалаар ур чадварын нэмэгдлийг авч байсан боловч Өлгий сумын Засаг даргаар давхар захирамж гаргуулан 8 сарын турш 1468104 төгрөг илүү авсан гэсэн үндэслэлээр нийт 1905913 төгрөгийг захирал Ө.Ггаар төлүүлэхээр тогтоосон байна.

а.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[16] нэхэмжлэгч Ө.Г нь илүү 30 цагаар ажилласны нэмэгдэл хөлс гэж2015 оны 4 дүгээр сард 196621 төгрөг, 7 дугаар сард 196621 төгрөг авсан, мөн уг нэмэгдэл хөлсийг олгох үндэслэл болсон Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ажилчдын ажлын цагийн тодорхойлолт /2015 оны 4-р сар/-д цагийн бүртгэлийг хариуцсан ажилтны гарын үсэг байхгүй ,2015 оны 7 дугаар сарын ажилчдын ажлын цагийн тодорхойлолтод цагийн бүртгэлийг хариуцсан ажилтнаар 2016 оны 09 дүгээр сард нөхөж гарын үсэг зуруулсан нь тус тус тогтоогдсон бөгөөд уг санхүүгийнбаримтанд захирал Ө.Г гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Мөн ажилчдын цагийн бүртгэлийн асуудлыг хариуцсан ажилтан С.М ..миний бие ажлын 8 цагт суугаад бүртгэлээ хийдэг, хэн нь хэдэн цагаар илүү ажиллаж байгааг мэдэхгүй, сарын эцсээр цагийн бүртгэлийн тодорхойлолтыг гаргаж захиралд аваачихад захирал хэнд хэдэн цагийн илүү цаг бичихийг хэлж бичүүлдэг, тэгж хэлсний дагуу би бичсэн гэж мэдүүлэг[17] өгсөн болно.

Өмнө нь дурдсанаар захирал Ө.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон тус сургуулийн хамтын гэрээнд ямар тохиолдолд илүү цагаар ажиллуулах асуудлын талаар тохиролцож тусгаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1-74.2.4-т зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглодог тулнэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Ө.Ггийн хийсэн гэх тайлан гаргаж, засвар хийлгэсэн, багш ажилчидтай гэрээ хийсэн зэрэг ажил нь захирлын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд тусгагдсан үүрэгт ажил байх тул нэхэмжлэгчийг 2015 оны 4, 7 дугаар сард илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс сургуулийн удирдлагын хувьд захирал Ө.Г нь нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлэнхуульд заасан зарчмуудыг баримталж ажиллах үүрэгтэй байтал уг үүргээ зөрчиж ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажиллаагүй мөртлөө үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслээгүй, мөн хариуцсан албан тушаалтны гарын үсэггүй буюу баримтын бүрдэл хангаагүй санхүүгийн баримтыг баталгаажуулж илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулж авсан нь хууль бус байна гэж үзлээ.

б. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/102 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар[18] Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирал Ө.Гд 2015 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшил гэж 30 хувийн урамшил олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Ө.Г нь 2015 оны 1 дүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшлыг үндсэн цалингийн 45 хувиар тооцохоор шийдвэрлэж, 110107 төгрөг илүү авсан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд[19], гэрчийн мэдүүлгээр [20]тогтоогдсон.

Өмнө нь дурдсанаар Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-ын 1.2, 2.2, 2.5-д тус тус зааснаар сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг буюу ажлын үр дүнг харгалзан шийдвэрлэхээр зохицуулсан ба томилсон эрх бүхий этгээдээс 30 хувийн үр дүнгийн урамшлыг олгохоор шийдвэрлэсэн байхад захирал Ө.Г 2015 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшил олгох тухай санхүүгийн баримтуудад гарын үсэг зурж баталгаажуулах замаар 45 хувийн урамшил авсан нь дээрх журмыг зөрчсөн, хууль бус бөгөөд захирал Ө.Гг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

в.Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамын 8 дахь заалтыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт-ийн 4-т Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно, 10-т Ерөнхий боловсролын сургуулийн захиралд ур чадварын нэмэгдэл олгох, ... асуудлыг аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирлыг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/103 дугаар тушаалын хавсралтаар[21] Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Ө.Гд 20 хувийн ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсний дагуу 20 хувийн нэмэгдлийг авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[22] тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ө.Г нь дээрх шийдвэрийн дагуу олгосон 20 хувийн ур чадварын нэмэгдлээс гадна Өлгий сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар захирамжийн дагуу 25 хувийн ур чадварын нэмэгдэл авч байснаа хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаар ур чадварын нэмэгдэл олгох талаар өөртөө шийдвэр гаргаагүй бөгөөд Өлгий сумын Засаг даргын ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж хүчинтэй байгаа гэж тайлбарласан.

Гэтэл дээр дурдсан журам, шалгуур үзүүлэлтэд зааснаар сургуулийн захиралд ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг шалгуур нийт үзүүлэлтийн тодорхой хувийг хангасан тохиолдолд аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэхээр зохицуулсан, томилсон этгээд болох сайдын шийдвэрийн дагуу 20 хувийн ур чадварын нэмэгдлийг авч байсан мөртлөө Өлгий сумын Засаг даргын захирамжийн дагуу ур чадварын нэмэгдлийг давхар авсан нь хууль бус байна. Учир нь Ө.Г нь сургуулийн багш, бусад албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох захирлын хувьд дээрх журам, шалгуур үзүүлэлтийг мэдэж байх үүрэгтэй, мөн Өлгий сумын Засаг дарга нь тус лаборатори 3 дугаар сургуулийн захирлыг томилоогүй, түүнтэй хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй, захирлын ажлыг дүгнэх, нэмэгдэл олгох эрхгүй этгээд болохыг мэдэж байсан, өөрөөр хэлбэл тухайн шийдвэр нь хууль бус гэдгийг мэдсэн мөртлөө 25 хувийн ур чадварын нэмэгдэл авч байсан нь буруу байх тул уг 49 дүгээр актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Ө.Г нь Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар мөрдлөг болгон хэрэгжүүлэх, 16 дугаар зүйлийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, мөн сургуулийн удирдлагын хувьд тухайн үед дагаж мөрдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулж,дотоод хяналтыг хэрэгжүүлэх, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ө.Г нь дээрх байдлаар улирлын ажлын үр дүнгийн урамшил,ур чадварын нэмэгдэл, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг хууль, журмыг зөрчиж авсан, мөн үдийн цайны зардлын хэмнэлтийг эрх хэмжээгээ хэтрүүлэн зориулалтын бусаар зарцуулснаар төрд хохирол учруулж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.5, 16.5.6 дахь заалт, 2014-2015 онд дагаж мөрдөж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 17 дугаар зүйлийн 17.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэлийг үйлдээгүй, шалгуулагч этгээдэд нэг хувийг өгөөгүй, шалгалтын удирдамжид заасан шалгалт хийх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан. Гэхдээ хариуцагч улсын ахлах байцаагч Х.Хы шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Х.С, Р.А, Н.А нарын мэдүүлгээр[23] шалгалт 10-15 хоног үргэлжилсэн болох нь тогтоогдож байгаа, энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т ...төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй гэж заасантай нийцсэн, өөрөөр хэлбэл ажлын 10 өдрөөс илүүгүй байх гэснийг зөрчөөгүй, мөн маргаан бүхий акт нь үндэслэлтэй, нэхэмжлэгч хууль, журам зөрчиж төрд хохирол учруулсан нь тогтоогдож байгаа, тухайн актын талаар эрх бүхий этгээдэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн энэхүү тохиолдолд шалгалтын тэмдэглэл үйлдээгүй нь улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Иймд улсын байцаагч нараас дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д тус тус зааснаар акт үйлдэж, төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 .1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, 10 дугаар зүйлийн 10.9.11,10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар актын Ө.Ггаар төлүүлэхээр тогтоосон 151910 төгрөгийн төлбөрийн 2014 оны 07, 08 дугаар сард авсан үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 18-01/47 дугаар актын И.Хайрым, М.Кандидат нараар 212217 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, Ө.Ггаар илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 65540 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 дүгээр актууд, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хэргийн 43-44-р хуудас

[2]Хэргийн 264-266,302,305,308,311,317,328,383-р хуудас

[3]Хэргийн 30-р хуудас

[4]Хэргийн 54-р хуудас

[5]Хэргийн 89,95-97,98, 100,102-104,105-107,108,110

[6]Хэргийн 31-р хуудас

[7]Хэргийн 89,90-р хуудас

[8]Хэргийн 133-135,186-188-р хуудас

[9]Хэргийн 153-159-р хуудас

[10]Хэргийн 57-р хуудас

[11]Хэргийн 81-р хуудас

[12]Хэргийн 84-86-р хуудас

[13]Хэргийн 87-р хуудас

[14]Хэргийн 95-97-р хуудас

[15]Хэргийн 32-33-р хуудас

[16]Хэргийн 59,60,61,62,95-97,126,151-р хуудас

[17]Хэргийн 182-р хуудас

[18]Хэргийн 63,65-р хуудас

[19]Хэргийн 67-68-р хуудас

[20]Хэргийн 95-97-р хуудас

[21]Хэргийн 69-70-р хуудас

[22]Хэргийн 73-80,95-97-р хуудас

[23] Хэргийн 331,337,367-р хуудас