Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01059

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00678 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1112 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х К”ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 138 938 ам.доллар, гэрээнээс учирсан хохирол 5 728 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Амгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ

 нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь анх 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Тиан Гуан Рү-гийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Деронг монголиа” ХХК-тай ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан билээ. Энэ компани хожим нь Монгол-Хятадын хамтарсан “Х К”ХХК-ийг байгуулж, тусгай зөвшөөрлөө шилжүүлж, улмаар гэрээгээ нэрийг нь өөрчилж дахин үйлдсэн. Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээ нь Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байрлалтай, захиалагчийн эзэмшлийн ашигт малтмалын 8550Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, Хөх толгойн нүүрсний хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэж, нүүрсний нөөцийг тогтоон үр дүнгийн тайлан боловсруулж Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, батлагдсан нөөцийг Улсын бүртгэлд бүртгүүлснээр уг талбайд ашиглалтын тусгай зөвшлөөрөл авч өгөх, бүхий л зөвшөөрлийг бүрдүүлэх үйл ажиллагаа болно. Гэрээний дагуу нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлан ЭБЭХЯ, АМГ-ын ЭБМЗ-ийн хуралдааны дүгнэлт болон АМГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 459 дугаар тоот тушаалаар баталгаажиж нөөцийг улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн, шинээр тус ордын талбайд 30 жилийн хугацаатай MV-017471 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1 ба 2 дугаар хавсралтын хамт 2014 оны 2 дугаар сарын 04-нд хүлээн авсан, техник эдийн засгийн үндэслэлийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 18-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулж, улмаар тус зөвлөлийн 14-10-06 тоот дүгнэлтийн хамт хүлээлгэн өгсөн. БОНБНҮнэлгээний тайлан, байгаль орчин менежментийн төлөвлөгөөг 2014 оны 9 дүгээр сарын 15-нд БОНХЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн баталгаажуулан бэлэн болгож хуулбар хувийг хүлээлгэн өгсөн. Гэрээний төсвийн хувьд анх 770,000 ам.доллар байсан бөгөөд ажлын явцад өрөмдлөгийн ажлын хэмжээ багассантай холбоотойгоор буурч нийт дүнгээрээ 660 000 ам.доллар болсон. Төлбөрийн хувьд өнгөрсөн хугацаанд “Х К”ХХК-иас нийтдээ 560 000 ам.долларыг “Г” ХХК авсан бөгөөд үлдэгдэл 100 000 ам.долларыг гэрээний 4 дэх хэсэгт зааснаар техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсны дараа авахаар тохиролцсон. Мөн ажил гүйцэтгэх явцад шинээр гарсан байгаль орчны үнэлгээний тухай хууль болон Ашигт малтмалын газраас нөөцийн тайлан хүлээж авах журамд өөрчлөлт орсны улмаас гэрээнд тусгагдаагүй, шинэ ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон ба энэ талаар “Х К”ХХК-д танилцуулахад ажил үүргээ гүйцэтгэчих 100 000 ам.доллартай хамтатган өгье гэсний дагуу нэмэлт ажлын төлбөрийг Гэрээт ажлаа саадгүй явуулах үүднээс “Г” ХХК төлсөн. Үүнд: Нүүрсний технологийн туршилт хийлгэсэн зардал 15 000 ам.доллар, ордын байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэхэд гарсан зардал 8 800 ам.доллар, талбайн археологийн мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлт гаргуулсан зардал 3 200 ам.доллар нийт нэмэлт ажлын зардал 27 000 ам.доллар болсон байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 100 000 ам.доллар, нэмэлт ажлуудад зарцуулсан 27 000 ам.доллар нийлээд 127 000 ам.долларын авлагатай байна. Захиалагч ажлын үр дүнг авсан хэрнээ төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс болж манай компани “Билиг насан” ББСБ-д өөрийн хамаатан Б.Гүнчин-Одын орон сууцыг барьцаалан зээл 23 300 ам.долларын зээл авч ажил үүргээ саадгүй явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус ББСБ-д зээлийн хүү, алдангид 5,728,383 төгрөг нийт 11,398 ам.доллараар хохирсон. ТЭЗҮ батлагдсан 2014 оны 5 дугаар сарын 29-нд үлдэгдэл төлбөрийг гэрээний үндсэн нөхцөл хэсгийн 4-т зааснаар буюу үлдэгдэл 100 000 ам.долларыг ТЭЗҮ-г ЭБМЗ-өөр хэлэлцүүлж батлуулсан үед төлнө гэсэн заалтын дагуу бид албан хүсэлт өгч нэхэмжилсэн боловч хариуд нь гүйцэтгэх захирал Сансармаа нь Тиан захирал тун удахгүй ирнэ гэсэн ирэхээрээ уулзаж байж үлдэгдэл төлбөрийн асуудлаа ярилцъя, харин БОНБНҮ-гээ хурдан батлуулж өгөөч гэсэн хариу өгсөн. Бүтэн 3 жил гаруй хугацаанд маш их хичээл зүтгэл гаргаж, цаг заваа гарган байж хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь 100 хувь хүртэж, хугацаа нь дуусах гэж байсан лицензээ үргэлжлүүлэн 30 жил ашиглах хугацаатай, 10 орчим сая тонн коксжих нүүрсний нөөц батлагдсан, уурхай ажиллуулах бүхий л зөвшөөрлөө бэлдүүлж авчихаад эцэст нь ингэж хохироож байгаа нь гадныхны, тэр дундаа Хятадуудын, тэдэнд ажилладаг хүн чанаргүй этгээдүүдийн увайгүй үйлдэлд үнэхээр зэвүүцэж, хууртагдан бүх ажлыг нь дуусгаж өгсөндөө харамсаж, маш их гомдолтой байна. Иймд хариуцагч “Х К”ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 100 000 ам.доллар, гэрээт ажлын явцад нэмж гарсан зардал буюу нэмэлт төлбөр 27 000 ам.доллар, гэрээний 6-гийн А-д заасныг үндэслэн нэмж нэхэмжилж буй хохирол болох 11 398 ам.доллар нийт 138 398 ам.доллар болон 5 728 383 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгох ёстой байсан гэрээний үүргээ одоог хүртэл сунжруулж, хариуцлага алдсан. Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн нөхцлийн 3-т “үйлчилгээг 2011 оны 10 дугаар сарын 15 /эхлэх огноо/ өдрөөс эхлэх бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх хугацаа нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний дотор, ТЭЗҮ болон БОНБНҮ-г боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах ажлыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор тус тус дуусгана” гэснийг, мөн гэрээний үндсэн нөхцлийн 5-д “гэрээний талууд нөхцлийнх нь дагуу энэ гэрээг байгуулах, биелүүлэх бүрэн чадамж, эрхтэй, энэ гэрээг гүйцэтгэх, биелүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөлтэй, энэ гэрээний биелэлт нь гэрээний талд хамаарах аливаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчихгүй, аливаа талын үүрэг, гэрээг зөрчихгүй гэдгээ илэрхийлж батлаж байна” гэсэн заалтуудыг “Г” ХХК нь зөрчин одоог хүртэл гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрөөд байхад бүрэн биелүүлээгүй байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн 100 000 ам.долларын нэхэмжлэлээс татгалзаж байна. Манай компани “Г” ХХК-тай байгуулсан энэ гэрээний үүргээ бүрэн биелүүлж тус компаниас нэхэмжилсэн тухай бүрд нь ажлын төлбөрийг өгч байсан. 2011.10.21-ний өдөр 100 000 ам.доллар, 2012.5.08-ны өдөр 240 000 ам.доллартай тэнцэх 1 513 000 юань, 2012.7.10-ны өдөр 170 000 ам.доллартай тэнцэх 1 079 200 юань, 2012.10.13, 14-ний өдрүүдэд 50 000 ам.доллартай тэнцэх 310 000 юань нийт дүн 560 000 ам.доллар төлсөн болно. “Г” ХХК нь манайхтай байгуулсан гэрээний үүргээ ноцтойгоор зөрчин үүргээ биелүүлээгүйгээс шууд шалтгаалан манай компанийн гадаад зах зээл дээрх нэр хүнд унаж, үйлдвэрлэл төлөвлөсөн хугацаандаа явагдаагүйгээс болж 8 000 000 ам.долларын өртөг бүхий хувьцааны эрх шилжүүлэх гэрээ цуцлагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр гаргах байсан IPO-ийн ажлын хугацаа ч хойшлогдон хөрөнгө оруулагчдын болон манай компанийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар бий болгон маш их хохирол учруулаад байна. “Г” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний 11 дүгээр зүйлийн В-д заасан “гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд бичгээр үйлдээгүй бол өөрчлөлт оруулсанд тооцохгүй” гэснийг зөрчиж, манайхтай ямар нэг албан ёсны нэмэлт гэрээг бичгээр байгуулахгүйгээр өөрөө дур мэдэн хийсэн зөрчил тул гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. “Г” ХХК нь гэрээний 3, 5 дугаар заалтуудыг зөрчин үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шалтгаалан өөрт нь хохирол учирсан байх магадлалтай боловч гэрээний 8.2-т “гүйцэтгэгч бүх хохирлоо өөрөө хариуцна” гэсэн заалттай тул нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн татгалзаж байна. Иймд дээрх 3 үндэслэлийг баримтлан “Г” ХХК манай компаниас 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар гаргасан 138 398 ам.доллар, 5 728 383 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийг хангахаас татгалзаж байна. “Г” ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлснээс шалтгаалан манай компани Хонг Конгийн ... компанитай 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 8550Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд Техникийн үнэлгээний зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнэнд 134 990 000 ам.доллар төлж алдагдалд орсон. Энэ нь “Г” ХХК-тай шууд холбоотой тул манайх “Г” ХХК-иас энэ хохирлоо албан ёсоор нэхэмжлэх болохоо мэдэгдэж байна гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00678 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х К”ХХК-иас 15 000 ам.доллар буюу 29 775 000 /хорин есөн сая долоон зуун далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 673 413 /хоёр зуун тавин сая зургаан зуун далан гурван дөрвөн зуун арван гурван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 560 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1112 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2017/05684 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Г” ХХК нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 825 төгрөгийг буцаан олгохыг дураж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр хяналын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг буцааж шийдвэрлэхдээ “...анхан шатны шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТхуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасныг зөрчсөн...” гэж үзсэн нь үндэслэлгүй ба хэрэглэх ёстой Компанийн тухай хуулийг хэрэглээгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 100 000 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаандаа ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болоогүй, хариуцагч гэрээг цуцлах талаар шаардлага гаргаагүй, ажлын үр дүнг хүлээж авахаар нэмэлт хугацаа тогтоосон тул уг нэмэлт ажлын зардлыг зайлшгүй төлөх үүрэгтэй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан аль нэг үндэслэлд хамаараагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х К”ХХК болон “Деронг Монголиа” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 138 938 ам.доллар, гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 5 728 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Деронг монголиа” ХХКомпанид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

БНХАУ-ын иргэн Тиэнь Гуан Рү нь “Х К”ХХК-ийн хөрөнгө оруулагч, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/12682 тоот албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаар тогтоогдсон ба Тиэнь Гуан Рү нь эрх бүхий этгээдийн хувьд 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г.Сансармааг компанийн ерөнхий захирлын албан тушаалд томилсон баримтаас үзэхэд Г.Сансармааг “Х К”ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзнэ. Энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч дээрх тушаалын хүчинтэй байдал, төлөөлөх эрхийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийг оролцуулаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээгээр “Г” ХХКомпани нь ...ашигт малтмалын 8550Х тоот тусгай зөвшөөрөлтэй, нүүрсний хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг иж бүрнээр гүйцэтгэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өгөх, техник эдийн засгийн үндэслэл, байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, боловсруулан холбогдох байгууллагаар 2012 оны 12 дугаар сарын 31-ны дотор батлуулах ажлыг хийж гүйцэтгэх, “Х К”ХХКомпани нь ажлын хөлсөнд 770 000 ам.доллар төлөх үүргийг харилцан хүлээсэн ба уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна. Ажлын хөлсийг 660 000 төгрөг болгон бууруулж, тохирсон талаар зохигчид маргаагүй байв.

Захиалагч “Х К”ХХКомпаний зүгээс 560 000 ам.долларыг шилжүүлж, Ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан үед 50 000 ам.доллар, ТЭЗҮ-г Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулсан үед 50 000 ам.долларыг тус тус төлөхийг  гэрээнд заажээ.

Гэрээний нөхцөл, гэрээний хугацааг сунгаагүй байдал, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн “Г” ХХКомпаний зөрчил, гэрээний үүргээ зөрчсний улмаас учирсан хохирлыг нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байх  боловч хугацаа хэтэрсэн ч ажлын үр дүн бий болсон, хариуцагч нь гэрээний зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа тул үлдэх ажлын хөлсийг төлөх хариуцагчийн үүргийг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил, гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй явдал нь хугацаа хэтрүүлж бий болгосон ажлын үр дүн, түүнийг нь захиалагч хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм. Гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болсон тул захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2013 онд нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг батлуулж, нөөцийг улсын эрдэс баялагийн нөөцийн санд бүртгүүлсэн, нүүрсний ордод 30 жилийн хугацаатай MV-017471 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1 ба 2 дугаар хавсралтын хамт 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авсан, техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гарсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр БОНХЯамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулсан ажлын үр дүнг баримтаар нотолсон байх ба гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авчээ.

“Г” ХХКомпани гэрээнд заасан хугацаанд ажлыг биелүүлээгүй боловч хугацаа хэтрүүлж ажлын үр дүн бий болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсний дутуу 100 000 ам.доллар гаргуулах шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцнэ.

Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг  бөгөөд захиалагч нэмэгдэл хөлсийг төлөх, эсвэл гэрээг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэх эрхтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс нүүрсний технологийн зардалд 15 000 ам.доллар, ордын байгаль орчны төлөвийн шинжилгээний зардал 8 800 ам.доллар, археологийн мэргэжлийн судалгааны дүгнэлт гаргуулахад 3 200 ам.доллар нийт 27 000 ам.долларын нэмэлт зардал гаргасан гэж нэхэмжилсэн ба эдгээр зардал нь гэрээнд тусгасан ажилд хамаарахгүй, нэмэлт зардал болохыг нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3-т нийцээгүй байна. Гэрээнд заасан техник эдийн засгийн үндэслэл, байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгал орчны менежментийн төлөвлөгөөг хийхэд эдгээр ажлууд нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнд багтаагүй, урьдчилан төлөвлөөгүй нэмэлт ажил болохыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй ба дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1112 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ...15 000 ам.доллар буюу 29 775 000...гэснийг 100 000 ам.доллар буюу 198 500 000 ...” гэж, ...250 673 413 гэснийг ....83 020 313 ...” гэж, 2 дах заалтад “ ...306 825 ...гэснийг ...1 150 450...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар  зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.  

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА