| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2015/0115/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2017-02-14 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 14
Ц.Зоригтод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Зоригт, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гомдлоор Ц.Зоригтод холбогдох эрүүгийн 2015 0107 0032 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, охин нарын хамт Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг Хээтэй хороололын 4 дүгээр байр 2 тоотод оршин суудаг, /Иргэний үнэмлэхийн хаяг-Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо Рашаант 9 дүгээр гудамжны 7 тоот/, улсаас авсан гавьяа шагналгүй, Багануур дүүргийн шүүхийн 2004 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг баримтлан 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 05 хоног өршөөн хэлтрүүлсэн, Багануур дүүүргийн шүүхийн 2006 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 70 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн ялыг эдлэхээс өмнө тэнссэн суллагдсан /Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуульд нийцүүлэн/, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны №100 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн ялыг эдлэхээс өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигон овогт Цолмонгийн Зоригт, /РД:НП8607147/.
Шүүгдэгч Ц.Зоригт нь 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант баг Захарын мухар гэх газар Д.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлний гуян тус газарт 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Цолмонгийн Зоригтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,
Шүүгдэгч Боржигон овгийн Цолмонгийн Зоригтийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цолмонгийн Зоригтийг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Зоригтод оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Зоригтын цагдан хоригдсон 709 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Ц.Зоригтын ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж,
Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх ногоон өнгийн футболк, цэнхэр өнгийн судалтай хар ногоон өнгийн срочкин цамц, хөх өнгийн хүрээтэй хар саарал өнгийн цамц, саарал өнгийн дээл, MIEGO гэсэн бичигтэй дотоож, хар өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн шилбэний хэсэгтээ цагаантай ажлын өмд, бор хүрэн өнгийн тэлээ, camel гэсэн бичигтэй оймс 1 хос, хар саарал өнгийн оймс 1 хос,шүүгдэгч Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар хөх өнгийн өвлийн куртик, хүрэн хилэн өмд, талийгаач Д.Мөнхбаатарын өмсөж явсан гэх шар өнгийн тэмээний ноосон цамц, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, нэр нь тодорхойгүй архины шилний хагархай, хар өнгийн уяа, гутлын улавч, цагаан өнгийн ажлын өрөөсөн бээлий, хэргийн газрын нөхөн үзлэгээр хурааж авсан 3 сантиметрийн өргөн, 14,5 сантиметрийн урт ажлын хэсэгтэй 11 сантиметрийн урт үнсээр бохирлогдсон иш нь шатаж төмөр нь гарсан хутга, GP батарей, ногоон эрээн өнгийн даавууны тасархай, хээгүй саарал өнгийн өрөөсөн оймс, Монгол гэсэн уйгаржин бичигтэй саарал өнгийн өрөөсөн оймс, 2 талын үзүүр хэсэг нь галд шатсан гол хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 25 см өргөн, 153 см урттай ногоон эрээн өнгийн даавуу, 3 сантиметрийн өргөн, 22 сантиметрийн урт бариул хэсэг нь хугарсан 2 талаараа цус мэт зүйлээр бохирлогдсон модон хусуур, GAMEL гэсэн бичигтэй бор шаргал өнгийн өрөөсөн оймс, З ширхэг гутлын нум төмөр, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цасыг самоайд нэвчүүлэх аргаар бэхжүүлсэн дээж, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ургамлаас авсан дээж, талийгаач Д.Мөнхбаатарын хумсны дээж, толгойны үсний дээж,шүүгдэгч Ц.Зоригтын хумсны дээж, толгойны үсний дээж, ялтан Ц.Зоригтын өмсөж явсан гэх размер тодорхойгүй эсгий түрийний гадна дээд хэсэгт 12x13 см хэжээтэй галд шатаж түлэгдсэн эрэгтэй хүний баруун хөлийн өрөөсөн гутал, шар эрээн өнгийн хөндлөн судалтай цамц, юүдэнтэй хар хөх өнгийн ноосон цамц, хар өнгийн дотуур өмд, ВЕРТОNNI гэсэн бичигтэй саарал канттай хар өнгийн дотоож, шар өнгийн олон халаастай өмд, Саарал өнгийн жинсэн өмд, цайвар өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ялтан Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар өнгийн саравчтай шар өнгийн малгай, хүрэн өнгийн тэлээ зэргийг Ц.Зоригтод буцаан олгосугай. 8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Зоригтын нэр хөрөнгөнөөс 6.569.285 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтоход, 120.000 төгрөгийг гаргуулж шинжээч Ө.Шаарийбууд тус тус олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Зоригтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүсүгэй. 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Зоригт давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Д.Мөнхбаатарын хүсэлтээр цжг Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг Захарын даваа гэх газар луу саамар түүхээр С.Хуягбаатараар даваан дээр хүргүүлж, цаашаагаа явганаар явж байтал харанхуй болж тэндээ унтсан. Намайг 20-ний үүрээр сэрэхэд миний хоёр гутал алга болсон байсан. Намайг босоод гутлаа хайхад нэг нь голын хажууд талаараа харсан хэвтэж байхад нь би авсан. Мөн шатсан мөчир, мод миний баруун хөлний хажууд хаясан байсан. Би Д.Мөнхбаатар ахад хандаж та яаж байгаа юм бэ гээд хэдэн үг хэлэхэд миний үгийг даалгүй над руу уурлаж, намайг ална гээд дайрсан. Би цочихдоо хоёр гараа тулж өөрөөсөө холдуулах үүднээс жийсэн. Учир нь Д.Мөнхбаатар ах гартаа хутгатай байсан. Надруу шууд дайрна гэж огт бодоогүй. Би хөлөө ороогоод сууж байсан. Миний бие болсон явдлийн талаар шүүхийн шатанд үнэн зөв хэлсэн гэтэл намайг санаатай жийсэн гэж үзэж байгаад нь маш их гомдолтой байна. Миний бие эхнэр охин хоёрыг тэжээх гэж самар түүхээр явж байсан хүн. Гэтэл ядарсан намайг ийм муухайгаар төсөөлнө гэж үнэхээр бодоогүй. Хууль хяналтын байгууллагууд үнэн зөв шалгаж өгөөгүй хэт их нэг талыг баримтлан миний хийгээгүй хэрэгт тулгаж 10 жилийн хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр ялласанд туйлын их гомдолтой байна. Миний ард өндөр настай ээж минь хүүгээ ирэхийг хүлээгээд шар махтайгаа хатаж сууна. Энэ хугацаанд би хайрт эгчийгээ хүний гарт алдсан. Миний бие Д.Мөнхбаатарыг өөрийн төрсөн аав шигээ хүндэлж явдаг байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар манай ээжийнхээс хурааж авсан гэх хувцаснууд миний самарт огт өмсөж яваагүй хувцас байсан ба хэргийн газраас гарсан цус мэт болсон хусуур модыг хэнийх болохыг нь шалгаж өгөөгүй бас огт мэдэхгүй оймснууд гарч ирдэг. Талийгаачийн үүрч явсан гурван хүнийг асуугаагүй. Бид хэдийг үүрч явахад талийгаач гэсчихсэн байсан ба талийгаачийг зөөсөн поргон машин дэнхэл донхолтой замаар маш хурдтай явсан. Шинжээч Ө.Шаарийбуу хэлэхдээ хөлдүү хүн шалбарах гэмтэл авахгүй гэдэг. Тэр хүн гэссэн байсан, тэр үед гэмтэл авах үгүй эсэхийг нь шалгаж өгөөгүй. Бас бид хэд талийгаачийг үүрч явах үедээ гутал гулгаад хэд хэд алдаж унагаасан. Ц.Зоригт би талийгаачийг гэмтэл авсан талаар огт мэдээгүй осгоод нас барчихлаа л гэж бодсон. Миний бие энэ гэмт хэргийг үнэхээр үйлдээгүй.
Иймд давж заалдах шатны шүүх энэ ээдрээтэй хэргийг үнэн зөвөөр нь шүүн Ц.Зоригт намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Ц.Зоригтыг тус зүйл ангиар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, түүний гэм буруу нь эргэлзээгүйгээр хангалттай нотлох баримтуудаар нотлогдож чадаагүй, зарим шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтууд нь эргэлзээтэй байхад Ц.Зоригтыг өмсөж явсан өрөөсөн гутлыг нь шатаасны улмаас маргалдаж улмаар хохирогч Мөнхбаатарын зүүн гуян тус газар нь хутгалж хүнийг санаатай алсан гэж үзэн ял шийтгэл оногдуулснийг хууль бус шийдвэр боллоо гэж үзэж байна. Гэвч амь хохирогчийн бие мах бодид учирсан зүүн гуяны гадна хэсэгт доороос дээш чиглэсэн ташуу байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх нь яг юунаас, хэний ямар гэм буруугийн хэлбэр үйлдлээс болсон талаар баримтаар нотлогдож чадаагүй юм. Гэтэл Зоригтыг шууд хутгалж алсан мэтээр дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь туйлын учир дутагдалтай боллоо гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт нотлогдож байгаагаар бол болсон хэргийн үйл баримтын талаар Зоригтын удаа дараагийн мэдүүлж байгаагаар:
Хэрэг учрал болох үед Зоригт унтаад сэрэхэд өрөөсөн гутал нь түлэгдсэн байсан ба Зоригт шуудайтай хувцаснаас цамц гарган хөлөө ороогоод газар сууж байхад нь амь хохирогч миний цамцаар хөлөө ороолоо гэж уурлан маргалдахдаа ална гэж өөрт байсан хутгаа гарган шууд Зоригт руу дайрахад Зоригт газар суугаа чигээрээ 2 гараараа аргаш газар тулан баруун хөлөөрөө талийгаачийг жийж тийрсэн үйлдэл л хийсэн бөгөөд түүнийг хутгалаагүй байна. Зоригт хутгалсан болох нь ч хавтаст хэрэгт бүрэн нотлогдоогүй байна.. хэрэв Зоригт өөрийгөө хамгаалж хөлөөрөө цааш нь тийрч өөрөөсөө холдуулаагүй байсан бол өөрөө хутгалуулах байсан байхыг үгүйсгэхгүй.
Амь хохирогч нь мод, мөрчир, хонхор гүдгэр ихтэй эвгүй газар өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан ба унаж, сөхөрч, өнхрөхдөө өөрийнхөө барьж байсан болон газарт унасан байж болох хутганд өртөж гэмтсэн байж болох илүү магадлалтай байгаа юм. Зоригт нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нөхцөл байдлуудыг удаа дараа мэдүүлдэг бөгөөд би зүйл ангийг зөвшөөрөхгүй, би хохирогчийг хутгалаагүй, хутгалагдсан гэдгийг мэдээгүй, хэрэв би санаатай хутгалж алсан бол хэн нэгэнд мэдэгдэхгүй модтой ууланд цаашаа зугтаж алга болох бүрэн боломж надад байсан гэж ярьдаг. Үүнийг нь үгүйсгэх нотлох баримт ч байхгүй юм. Тухайн үед Зоригт өөрөө ч гэсэн бээрсэн байсан учир / энэ талаар гэрч Байгалмаа мэдүүлдэг/ хохирогчийн бие муудахад осгож хөлдөх гэж байна гэж ойлгон холгүй замд явж байсан 4 хүнд хэл хүргэж мэдэгдээд хэргийн газар дээр дагуулж очсон байдаг юм. Улмаар тэндээсээ Байгалмаагийн майханд очиж сумын төв орж мэдэгдэхээр машин хүлээж тэнд хүмүүстэй хоноод маргааш нь 12 цагт машин ирэхээр нь сумын төв явж талийгаачийн гэрийн гадаа Зоригт буусан ба гэрт нь орж 2 хүүхэд байхад нь түүнд хэлж улмаар гэрээс гарч эхнэр Наранцэцэгийн утас руу залгаж мэдэгдээд мөн цагдаагийн байгууллагад өөрөө очиж мэдэгдсэн байна. Энэ талаар /хх-3-д гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд 1 сарын 21 “Мөнхбаатар гэдэг хүн осгож нас барлаа гэж цуг явсан Ц.Зоригт гэдэг хүн өөрийн биеэр ирж мэдэгдсэн” тухай нотлох баримт хэрэгт авагдсан байна. Мөн дээрх нөхцөл байдлуудыг гэрчүүд давхар мэдүүлдэг юм. Улмаар тэндээс Ц.Зоригт цагдаагийн хүмүүстэй хэргийн газарт буцан очиж үзлэг хийхэд нь байлцсан ба цогцсыг 2-3 хүн дамжлан Захарын даваанаас буулгаж машинд тээвэрлэн авч явсан талаар тэр үеийн, тэр өдрүүдийн болсон үйл явдлуудыг заан мэдүүлж байгаа энэ талаар ч гэрчүүд болон бусад нотлох баримтууд баталж байгаа юм. Тэгэхээр хэрэг учрал болсны дараагийн энэ үйл баримтууд нь Зоригт хохирогчийг санаатай алаагүй болохыг баталж байгаа юм.
Гэвч Ц.Зоригтыг мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг санаатай алсан болгож ял тулгахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа зөрчиж түүнийг маш ихээр хавчилт шахалт үзүүлж дарамтанд оруулж байсан талаар мөн өмгөөлж байсан өмгөөлөгчийг нь хүртэл өөрөөс нь татгалзуулсан тухай Зоригт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ болон өргөдөл гомдолдоо дурдаж бичсэн байна.
Аливаа гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байх журмыг хууль тогтоож өгсөн байдаг. Хичнээн ноцтой хүнд хор хохирол гарлаа ч тэр нь гэм бурууг нь батлаж нотлох баримт болж чадахгүй. Гэм бурууг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хангалттай нотлож чадаагүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь сэтгэшгүй хэрэг юм.
Гэтэл энэ үр дагаварт хэт нэг талыг барин шалгаж Зоригтыг гэм буруутгаж яллахын тулд хэргийн газарт хоёулаа байсан, хохирогч хутгалагдаж нас барж хүнд хор уршиг учирсан нь Зоригтын гэм бурууг шууд батлаж байгаа мэт үзэж байгаа нь энэ хэргийн хувьд хамгийн алдаатай үзэл бодол гэж үзэж байна. Асуудалд ийм байр суурьнаас хандах юм бол Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд хамгийн харш үзэл болох гарсан холбогдлоор нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зарчимд хальтран орж байгаа хэрэг юм.
Гэвч шүүх харамсалтай нь гутал түлсэн гэж маргалдсанаас л ийм хэрэг гарсан гэж үзээд Зоригтыг санаатай хутгасан гэж шууд ял зэм тулгаж байгаа нь асуудалд хэтэрхий өрөөсгөл хандаж байгаа бөгөөд согтуу хохирогч ямар үйлдэл хийсэн, яаж байгаад гэмтсэн талаар үнэндээ анхаарахыг хүсээгүй юм. Энэ хэргийн хувьд хохирогчийн өөрийнх нь хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байж болох нөхцөл байдал нь өндөр магадлалтай байна.
Хохирогчийн хэтэрхий болгоомжгүйгээс золгүй явдал бишгүй гардаг нь хэн бүхэнд илэрхий үүний нэг тодорхой жишээ энэ хэрэг байж болох юм. Хуульчид бид хохирогчийн үр дагаварт хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг ярихаасаа өмнө хэрэг явдлыг яг болсон байдлаар нь дүрслэн гаргаж тогтоох үүрэгтэй. Тэгвэл энэ хэргийн хувьд хэргийн газарт болсон үйл явдлыг Зоригт мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд дүрслэн гаргаж мэдүүлсэн байдаг. Үүгээр бол хүнийг санаатай хутгалж алсан гэдэг таамаглал бол үгүйсгэгдэж байгаа юм. Мөн хавтаст хэрэгт Зоригтыг ямар гэм буруугийн субъектив санаа зорилгоор, ямар үйлдэл хийж хутгалсан болохыг нь нарийвчлан нотлож чадаагүй юм. Гэсэн атлаа улсын яллагч болон шүүх Зоригтыг өөрөө хэргээ хүлээсэн мэтээр дүгнэлт хийж түүнд ял тулгасан юм.
Шүүх шийтгэх тогтоолдоо Ц.Зоригтын гэм бурууг “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Зоригт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзсэн, мөн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзээд Зоригт нь амь хохирогчийг санаатай алсан гэх үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхойлохдоо: хэргийн газрын үзлэгийн хэсэг, шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг, шинжээчийн тайлбар, хэргийн газарт хоёулаа байсан, гэрчийн мэдүүлгээр хохирогч амьсгал хураагаад удаагүй байсан нь тогтоогдсон, цагдаагийн байгууллага үзлэг хийхдээ зөвхөн Зоригтын мэдүүлэгт хөтлөгдсөн мэтээр үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.
Хавтаст хэргийг уншихад: хэрэгт хэрэг учралын газраас олж эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд явуулан дүгнэлт гаргуулж ирүүлсэн нотлох баримт болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №614 тоот дүгнэлтэнд ...Хусууранд гарсан хугарал, цууралт шинээр гарсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №1353, 54 тоот дүгнэлтэнд...Хэргийн газраас авсан гэх модон хусуурын хэсэг дээр цус илэрсэн, 3 ш даавууны хэсэг, 3 ш оймс цус илрээгүй гэх дүгнэлтүүдээр хэрэгт ач холбогдол бүхий байж болох дээрх эд зүйлүүд нь хэнийх, хэн авч явсан болохыг мөрдөн байцаалтанд шалгаж тогтоогоогүй ийм баримтыг шүүхэд ирүүлсэн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй, дүгнэлт ч хийгээгүй гэсэн атлаа дээрх эд мөрийн баримтыг устгахаар шийтгэх тогтоолд дурдсан байна. Энэ талаар Ц.Зоригт нь миний огт мэдэхгүй хусуур яагаад энд байсан, хэнийх болохыг тогтоож шалгуулах тухай хүсэлтээ удаа дараагийн өргөдөл гомдолдоо бичсэн байдаг юм.
Мөн цогцсонд хийсэн үзлэгээр ...Зоондоод үзэхэд 13 см доороос дээш чиглэсэн байдалтай 2015 оны 02 сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр хатгагдаж зүсэгдсэн шарх гэжээ. Гэтэл хх-146-д шинжээч эмч Шаарийбуу мэдүүлэхдээ ...уг шархны гүнийг хэмжихэд 15 см хэмжээтэй хатгагдсан шарх байсан гэж тайлбарладаг боловч мөн 3 см гэдэг нь шархын өргөн, 8 см гэдэг нь галны үзлэгээр зондоор хэмжсэн шархны гүнийг хэмжсэн хэмжээс байгаа юм. Булчинд их хэмжээний цус хурж бүлэгнэсэн байсан учир шархыг хөндлөн зүсэж дэлгэж үзэхэд дотогш чиглэлтэй хураагуур судсыг дайрсан 15 см шарх байсан гэжээ. Тэгэхээр хутгалагдсан шархны гүн нь хэд байсан болох нь тодорхой бус байна.
Амь хохирогчийн биедээ авсан шархны гүний хэмжээ хохирогчийг хутгалсан гэх хутганы хэмжээ зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх тогтоолдоо хутгыг 14,5 см-ийн урт ажлын хэсэгтэй гэсэн ба хх-186-д Шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны 615 тоот дүгнэлтэнд ...уг хутганд үзлэг хийхэд нийт урт нь 26 см, ажлын хэсгийн урт 13,5 см гэжээ. Үүний аль нь үнэн болох ийм ажлын хэсгийн хэмжээтэй хутгаар 15 см гүн шарх үүсэх боломжтой эсэх талаар ч эргэлзээтэй байхад анхаарч үзээгүй юм.
Мөн Ц.Зоригтын хэрэг учрал болох үед өмсөж явсан гэх хувцсыг эд мөрийн баримтаар хураан авч түүнийг шүүхийн шатанд хэлэлцүүлэхэд Зоригт энэ миний өмсөж явсан куртик өмд малгай биш байна. Энэ хувцсыг манай ээжийн гэрээс авсан гэсэн минийх биш гэх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 сарын 04-ны өдрийн №1268, 69, 1276 тоот дүгнэлтэнд Зоригтын өмсөж явсан гэх хувцаснуудад ээжээс нь хурааж авсан гэх хувцаснууд гэж бичигдсэнээр уг хэрэгт ач холбогдолгүй өөр хүний хувцас болох нь тогтоогдсон юм. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзээгүй харин шийтгэх тогтоолынхоо эд мөрийн баримтын талаар үнэлэх хэсэгтээ: ...Ц.Зоригтын өмсөж явсан гэх хар хөх өнгийн өвлийн куртик, хүрэн хилэн өмдийг устгахыг даалгаж, хар өнгийн саравчтай шар өнгийн малгайг Ц.Зоригтод буцаан олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Зоригтын хувцас биш байхад Зоригтын өмсөж явсан хувцас мэтээр бичсэн байна.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ц.Зоригтод холбогдох хэргийг шүүх хэлэлцээд 92 дугаар шийтгэх тогтоол гаргахдаа Ц.Зоригтын үйлдэл нь санаатай биш харин өөрийгөө хамгаалах зорилготой үйлдэл гэж үзэн 4 хүнийг очиход цээжин дээр нь гараа тавиад наадах чинь үхээгүй шд бүлээн байгаа гэх үйлдэл нь талийгаачийг үхсэн гэсэн бодол төрөөгүй байгаа нь харагдаж байна. Талийгаачийн гуянд үүссэн гэмтэл нь хайхрамжгүй байдлаас болсон болгоомжгүй үйлдэл гэж үзэхээр байна гэж хавтаст хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судлаж дүгнээд түүний зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн юм. Энэ нь үндэслэл бүхий шийдвэр байсан гэж үзэж байна. Гэвч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг дахин шалгаж нотлоогүй атлаа харин үндэслэл муутайгаар түүний эрх зүйн байдлыг дордуулж зөвхөн ял нэмж сонсгон хэргийг дахин шүүхэд буцаан ирүүлсэн байхад өөрчлөгдөөгүй буюу өмнөх нотлох баримтууд дээрээ дахин шүүх хурлаар хэлэлцэн шийдвэрлэхдээ өмнөх шийдвэрийнхээ дүгнэлтийг эсрэгээр нь эргүүлэн дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь хэт шударга бус хандлаа гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Ц.Зоригтод холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Ц.Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ц.Зоригтод холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15.д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, Ц.Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ц.Зоригт, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл:
-Шүүгдэгч Ц.Зоригт нь 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант баг “Захарын мухар” гэх газар Д.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлний гуян тус газарт 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлджээ.
Энэ нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох 2015 оны 1-р сарын 22-ны өдөр хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-4-13/, 2015 оны 1-р сарын 26-ны өдөр хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-14-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-20-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 1-р сарын 29,30-ны өдрийн шинжээчийн №570, 572, 568 дүгнэлтүүд, хавсаргагдсан зургийн үзүүлэлтүүд /1-р хх-162-163, 174-179/, 2015 оны 2-р сарын 2-ны өдрийн шинжээчийн №615 дүгнэлт/ 1-р хх-186-187/, Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №2 /1-р хх-144/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 3-р сарын 15, 2016 оны 8-р сарын 3-ны өдөр /1-р хх-146, 3-р хх-79/, болон 2015 оны 10-р сарын 29, 2017 оны 1-р сарын 04-ний өдрүүдэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /2-р хх-200, 3-р хх-180-183/, хохирогч Д.Мөнхтогтох, гэрч Г.Занданбаатар, гэрч С.Хуягбаатар, гэрч Р.Чулуунбаатар, гэрч Б.Рэнцэн, гэрч Б.Түмэнжаргал, гэрч Б.Байгалмаа, гэрч Ц.Отгонцэцэг, гэрч З.Наранцэцэг нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хэрэг гарсан 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант баг “Захарын мухар” гэх газарт шүүгдэгч Ц.Зоригт, талийгаач Д.Мөнхбаатар нар л байсан ба шүүгдэгч Ц.Зоригтын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн эрхээ эдэлж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан хянан судалж дүгнэлт хийж үзэхэд түүний гэм буруугүй гэсэн нь няцаагдаж байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Зоригтоос:
-2015 оны 1-р сарын 25-ны өдөр сэжигтэнээр байцаагдаж мэдүүлэхдээ “... та яагаад хувцас шатааж байгаа юм бэ гэж хэлтэл Мөнхбаатар ах надад ах нь өмдөндөө шээчихлээ гэж хэлэхээр нь би галын хажууд ойртуулаад авч явсан дээлээрээ хөлийг нь ороогоод галын хажууд суулгатал Мөнхбаатар ах намайг хүн дууд гэж хэлэхээр нь ...явж байгаад ...Шараа болон ...3 залуутай дайралдсан юм. Тэгээд би тэд нарт Мөнхбаатар ах ойр хавьд хүн байвал дуудаад ир гэсэн хөлдөх гэж байх шиг байна гэж хэлсэн...”, “ ... Мөнхбаатар ах бид хоёр өөр хоорондоо маргалдаагүй... Мөнхбаатар ахад хутга байгаагүй... Би Мөнхбаатар ахын хөлөнд нь яагаад хутганы шарх байгаа талаар мэдэхгүй байна...согтуу хүн өөрөө өөрийгөө хутгалсан байж болох юм. “ гэж /1-р хх-237-204/,
2015 оны 1-р сарын 30-ны өдөр “...Мөн мөчир шатаагаад миний баруун хөлөн доор хаячихсан байсан нь миний шилбийг түлчихсэн байсан. Би босч ирээд та яаж байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаж ...би гуталгүй хөлөө цамцаар ороогоод сууж байтал талийгаач над руу шууд шатаж байсан хожуул мод аваад шидэхээр нь би бултаад эргэж нөгөө модыг нь барьж аваад өөр лүү нь шидчихсэн. Тэгтэл хаанаас хутга гаргасныг мэдээгүй зүүн гартаа хутга барьчихсан над руу ална гээд дайрахаар нь би талийгаачийн цээж рүү баруун хөлөөрөө жийтэл бөгсөөрөө газар суучихсан... Тэгээд би жимээ дагаж ... явж байгаад ...тэндээ гал түлээд дулаацаж байж байгаад гэгээ орсны дараа буцаж талийгаачийн байсан газар ирэхэд ганцаараа юм яриад тонгойгоод сууж байсан. ...хажуугаар нь гараад хүн дуудхаар Захарын даваа руу явж....наад хүн чинь нас барчихсан байна гэхээр нь би хэвтүүлээд дээгүүр нь өөрийнхөө саарал өнгийн дээлээр бүтээсэн... Шарков бусад хүмүүсийг явсны дараа гутлаа өмсөөд босохдоо талийгаачийн зүүн гар талынх нь хажууд байсан хутгыг авсан....Би хутгыг нь аваад өөрийнхөө гутлын түрий рүү хийгээд ...талийгаачийн нас барсан газраас 100-200 метр зайд яваад хутгаа ...Захарын голын мөс рүү шидчихсэн...Тэр хутгыг талийгаач урд шөнө над руу дайрч агсрах үедээ барьж байсан хутга байсан..Би талийгаачийг хөлдөж үхсэн гэж бодож байна. “ гэж /1-р хх-240-243/,
2015 оны 10-р сарын 29-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгсэн чинь нэг хүн дуудах шиг болсон манай дүү Ц.Отгонбаяр гараад ирсэн ...Тэгээд цаашаагаа хамт гурвуулаа явсан...Гал тойроод сууж байхад талийгаач манай дүүтэй юм яриад сууж байсан...Жоохон унтаж байгаад сэрсэн чинь ...миний гутлыг шатаачихсан өөрөө зэвхий даасан царайтай сууж байсан. Би дутуу шатсан модонд шилбээ түлчихсэн. Талийгаачид дээл нөмөргөж өгсөн. Тэгээд нэг хөлдөө цамц ороогоод талийгаачийг аваад 20 орчим метр явсан. Манай Ц.Отгонбаяр 2015 оны 1-р сарын 20-ны өглөө салаад явсан....би даваа руу явж морьтой хүн дуудья та хөдөлгөөнгүй байж байгаарай гээд явсан...Талийгаачаас салж яваад 100 метр яваад мөс рүү хутгаа шидсэн гэдэг бол худлаа. Мөрдөн байцаагч нарыг дарамтлахаар нь тийм мэдүүлэг өгсөн.” гэж, /2-р хх-193-196/
2016 оны 3-р сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт”...Миний сэжигтнээр өгсөн хоёр дахь мэдүүлэг үнэн учир би мэдүүлэг өгөхгүй ээ...Тухайн үед над руу зүүн гартаа хутга бариад дайрахаар нь өшиглөж унагаснаас болсон байх... Миний буруутай үйлдлээс болж нас барсан байх гэж бодож байна... Намайг хоригдож байхад дүү маань болохгүй бол намайг хутгалсан гээд хэлчих гэж байсан болохоор тэгж хэлсэн. Тухайн үед талийгаач бид хоёроос өөр хүн байгаагүй” гэж / 3-р хх-28-29/,
2017 оны 1-р сарын 04-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт “...над руу ална гээд дайрахаар нь би талийгаачийн цээж рүү баруун хөлөөрөө жийтэл бөгсөөрөө газар суучихсан...талийгаачийн байсан газар ирэхэд ганцаараа юм яриад тонгойгоод сууж байсан. ...наад хүн чинь нас барчихсан байна гэхээр нь би хэвтүүлээд дээгүүр нь өөрийнхөө саарал өнгийн дээлээр бүтээсэн... Би талийгаачийг хажуу тал руу налуулж хэвтүүлэхдээ хутга байхыг харсан...Тэр хутгыг талийгаач урд шөнө над руу дайрч агсрах үедээ барьж байсан хутга. ...Би хутгыг нь аваад өөрийнхөө гутлын түрий рүү хийгээд ... талийгаачийн нас барсан газраас 100-200 метр зайд яваад хутгаа ...Захарын голын мөс рүү шидчихсэн...” гэж / 3-р хх-170/ тус тус мэдүүлжээ.
Үүнээс үзвэл Ц.Зоригтоос хэрэг болсон нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр мэдүүлэг өгсөн байдал, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар, түүнийг бусдыг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруугүй гэдэг нь нотлогдохгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ө.Шаарийбуугийн дүгнэлтээ тайлбарласан нийт 4 удаагийн мэдүүлэгтээ талийгаач Б.Мөнхбаатар нь зүүн гуяндаа хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хураагуур судасны бүрэн бус зүсэгдсэн шарх авснаас болж цус алдалтын шокоор нас барсан, хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, ир үзүүр нь гадна талдаа дээшээ харсан маш хүчтэй зүйлийн үйлчлэлээс үүссэн шарх учраас өөр өөртөө шархыг учруулах боломжгүй талаар тайлбарласан байна.
Мөн 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн №2 дугаартай актад “...мохоо, халуун бүхий зүйлийн үйлчлэл нь 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Талийгаачийн биед үүссэн түлэгдэлт нь /халуун үйлчлэлээр үүсгэгдэнэ/, нас барсны өмнө үүссэн болно” гэж, /хх-144-145/, 2015.03.11-ний өдөр шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “ ...Үзлэгээр талийгаач Д.Мөнхбаатарын нүүрэнд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн түлэгдэлт учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед нь үүссэн байсан” гэсэн тайлбар, 2015 оны 1 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдийн Шинжээчийн №31, №568, №569, №572 дугаартай дүгнэлтүүдээр /хх-174-181/, талийгаач Д.Мөнхбаатарын амьд ахуй үед нь нүүрэнд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн цус хуралт, зөөлөн эдийн түлэгдэлт үүссэн, Ц.Зоригтын баруун шилбэнд түлэгдэлт, талийгаач Д.Мөнхбаатар, шүүгдэгч Ц.Зоригтын өмсөж явсан хувцаснуудад хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан олон тооны уранхай, зүсэлт, түлэгдэлт зэргийг тогтоожээ.
Үүнээс үзвэл Ц.Зоригт, талийгаач Ц.Мөнхбаатар нар нь хоорондоо ноцолдож, тэмцэлдсэн болох нь дээрх дүгнэлт, тайлбараар тогтоогдож байна.
Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл Ц.Зоригтын үйлдэл, Ц.Мөнхбаатарын үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдхүүнтэй байна.
Иймд өмгөөлөгч Б.Энхтуяагийн хэт нэг талыг барьж Ц.Зоригтыг гэм буруутгаж байна гэх гомдол үндэслэлгүй байна.
Хэрэг учралын газраас олж эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд явуулсан цустай модон хусуур, 3 ширхэг оймс зэргийн талаар гэрч З.Нарантуяагаас / талийгаачтай хамтран амьдарч байсан гэх 1-р хх-65/ асууж тайлбар авсан, шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Зоригтоос ч мөн мэдүүлэг авсан байх ба эдгээр эд зүйлүүдийг хэнийх болохыг шалган тогтоох, хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Ө.Шаарийбуу “ ...8 сантиметр гэдэг нь гадны үзлэгээр зоондоо хэмжсэн шархны гүний хэмжээс байгаа юм. Уг хэмжээс нь булчинд их хэмжээний цус хурж бүлэгнэсэн байсан учир шархыг хөндлөн зүсэж дэлгэж үзэхэд дотогш чиглэлтэй хураагуур судсыг дайрсан 15 сантиметр шарх байсан” гэсэн /1-р хх-146/, шүүхийн хэлэлцүүлэгт “...Талийгаачийн хувцсыг тайлж шархны гүнийг үзэхэд 8 сантиметр байсан. Дараа нь булчинг зүсэж шинжилгээ хийхэд шархны гүн 15 сантиметр байсан “/3-р хх-181/ гэсэн мэдүүлгүүдээр талийгаачид учирсан шархны гүний хэмжээс 15 сантиметр болохыг тогтоосон байх ба өмгөөлөгч Б.Энхтуяагийн хутгалагдсан шархны гүн нь хэд байсан болох нь тодорхой бус гэх гомдол үндэслэлгүй байна.
2015 оны 1-р сарын 26-ны өдөр Хэрэг учрлын газарт нөхөн үзлэг хийж тэмдэглэл үйлдэж хурааж авсан 3 сантиметр өргөнтэй, 14.5 см урт ажлын хэсэгтэй, 11см урт иштэй хутганд /1-р хх-14/, шинжилгээ хийлгэхээр мөрдөн байцаагч 2015 оны 1-р сарын 29-ны өдрийн тогтоолоор шинжээчид хүргүүлсэн /1-р хх-185/, байх ба 2015 оны 2-р сарын 2-ны өдрийн шинжээчийн №615 тоот дүгнэлтэд хутганы ажлын хэсгийн хэмжээний талаар дүгнэлт гаргаагүй харин мөрдөн байцаагчийн хутганд эвдрэл, гэмтэл, шинэ хуучин аль нь болох эсэх талаарх тодорхой асуусан асуултанд хариулт өгч дүгнэлтээ гаргажээ.
Иймд өмгөөлөгч Б.Энхтуяагийн хутганы ажлын хэсгийн хэмжээ, болон хутгаар 15 см гүн шарх үүсэх боломжтой эсэх талаар эргэлзээтэй, шархны гүний хэмжээ хохирогчийн хутгалсан гэх хутганы хэмжээ зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй гэх гомдол үндэслэлгүй байна.
Бага-нуур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч 2015 оны 1-р сарын 24-ний өдрийн “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол”-оор Бага-нуур дүүргийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуу, эс судлаач Д.Оюунгэрэл нарыг шинжилгээ явуулахаар тогтоосон байна./1-р хх-143/,
Уг тогтоолыг шинжээч эмч Ө.Шаарийбуу хүлээн авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46, 254, 255 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэйгээ танилцаж гарын үсэг зурж,улмаар Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №2 дүгнэлтээ бичгээр гаргаж гарын үсэг зурж, хувийн тэмдгээр баталгаажуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-д заасан заалтыг зөрчөөгүй байна.
Мөн Нийслэлийн шүүх шинжилгээний албаны Бага-нуур дүүрэг дэх шинжээч эмч ажилтай Ө.Шаарийбуу нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заасан шинжээч гэж шүүхийн шинжилгээний хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэсэн шаардлагыг хангаж байх ба мөрдөн байцаагчийн шийдвэрийн дагуу томилогдож өөрийн эзэмшсэн тусгай мэргэжил, мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргажээ.
Иймд өмгөөлөгч Б.Энхтуяагийн “...шинжээч эмч нэг жил гаруй ажиллаж байгаа ажлын туршлагагүй эмч дүгнэлт гаргасан” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2015 оны 1-р сарын 24-ний өдөр Ц.Зоригтын өмсөж явсан хувцасанд үзлэг хийж, хар хөх өнгийн өвлийн куртик, хүрэн хилэн өмд, хар өнгийн саравчтай шар өнгийн малгай, болон Ц.Зоригтын өмсдөг гэх хувцаснуудыг Бага-Нуур дүүргийн 4-р хороо Рашаантын 9-7 тоотоос үзлэг хийж хураан авсан болох нь 2015 оны 1-р сарын 24-ний өдөр сэжигтэн Ц.Зоригтын өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл,/1-р хх-33/ 2015 оны 1-р сарын 26-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл,/1-р хх-42/, 2015 оны 1-р сарын 24-ны өдөр Ц.Зоригтын өмсдөг гэх хувцаснуудыг Бага-Нуур дүүргийн 4-р хороо Рашаантын 9-7 тоотоос хураан авсан тэмдэглэл,/1-р хх-47/, 2015 оны 2-р сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-56/ зэргээр тогтоогдож байх бөгөөд эдгээр Ц.Зоригтын хураан авсан эд зүйл, хувцас хунарыг шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-дах заалтыг баримтлан шийдвэрлэжээ.
Иймд өмгөөлөгч Б.Энхтуяагийн Ц.Зоригтын өмсөж явсан куртик өмд малгай биш байхад Ц.Зоригтын өмсөж явсан хувцас мэтээр бичсэн гэх гомдол үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокуророос “...Шүүх арай өөрөөр үнэлэлт өгөөд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн” хэмээн тайлбарлаж зүйлчлэл дээр маргаагүй, анхан шатны шүүх аймгийн прокурорын газраас Ц.Зоригтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15.д зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож ирүүлснийг “ амь хохирогчийн бие махбодид учирсан түлэгдэлт бүхий гэмтлийг амь хохирогч өөрөө учруулсан эсэхийг нарийвчлан тогтоогоогүй “ гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилсөн буруу биш байна.
Ц.Зоригтод холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Ц.Зоригтын “ ...намайг цагаатгаж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Энхтуяагийн “ ...эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү “ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтохын хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, түүнтэй төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр болох 800 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар, шинжээч Ө.Шаарийбуугийн тээврийн зардлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг баримталсан нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 09 дугаар шүүхийн тогтоолыг тогтоох хэсгийн 8 дахь заалтын “ 6 569 285 төгрөг” гэснийг “ 5 769 285 төгрөг” гэж өөрчилж, “ Д.Мөнхтогтоход” гэсний дараа “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1.1-д заасныг баримтлан” гэж нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Т.ЭНХМАА