Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 121/2018/0021/З |
Дугаар | 221/МА2019/0458 |
Огноо | 2019-09-05 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0458
2019 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2019/0458 | Улаанбаатар хот |
Ө а-ийн Х д с Д-ын П-ын г-ын х-ын п-ын
дүгнэлттэй зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч Б.Б, гуравдагч этгээд Д.Б нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-ийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 121/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийн зарим хэсгийг хангаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0063661 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 28.700.000 /хорин найман сая долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийг 21.710.000 /хорин нэгэн сая долоон зуун арван мянган/ төгрөг болгож төлбөрийн хэмжээг багасагасугай” гэж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.Б давж заалдах гомдолдоо: “... шүүхийн 10 дугаартай шийдвэрээр 21,710,000 төгрөгийг гуравдагч этгээд Д.Б-р төлүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн нь хууль зүйн үндэслэл муутай, учир дутагдалтай гэж үзэж байна.
Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд нэгэнт хориглосон байхад тарвага агнахад зөвшөөрөл болон гарал үүслийн бичиг олгоно гэсэн ойлголт огт яригдах учиргүй гэж үзэж байна.
Хууль зүйн ойлголт ийм байсаар байхад намайг зохих зөвшөөрөлгүйгээр 68 ширхэг тарвага худалдан авсан гэх үндэслэлээр буруутгаж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд учирсан хохирол гэж 23,300,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон өмгөөлөгчөөр дамжуулан оролцох боломжийг бүрэн дүүрэн хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал, надад их хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд тус шүүх хурал online хэлбэрээр явагдсан байдаг зэрэгт гомдолтой байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0010 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, прокурорын дүгнэлтийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Д.Б-ыг Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж, 150 ширхэг загас, 68 ширхэг тарвагыг худалдан авсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 300000 төгрөгөөр торгож, 28,400,000 төгрөгний нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Зөрчилд холбогдсон Д.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6, 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч .... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу улсын байцаагчийн гаргасан уг шийтгэл оногдуулсан шийдвэр /шийтгэлийн хуудас/-ийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байна.
Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нь улсын байцаагчийн 68 ширхэг тарваганы нөхөн төлбөр 23,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчилд хамаарахгүй гэж үзэж, уг нөхөн төлбөрийг багасгах өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж хүргүүлснийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч .... эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар захиргааны албан тушаалтан болох улсын байцаагчийн шийдвэрийг хууль бус гэж үзвэл хүн, хуулийн этгээд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх, албан тушаалтны шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах эрхийг хуульчилсан.
Нөгөө талаас Прокурорын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Прокурор хуульд заасан тохиолдолд дараахь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно: 17.1.1.зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх” гэж, 18 дугаар зүйлийн 18.2-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг тус тус зааснаас үзвэл прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөв явуулж буй эсэх, албадлагын арга хэмжээг зөв авч байгаа эсэх, зөрчлийн хэрэг шалгах процесс ажиллагаанд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд хяналт тавих бүрэн эрхтэй байна.
Харин эрх бүхий улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих бүрэн эрхтэй, өөрөөр хэлбэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих төрийн чиг үүргийг гүйцэтгэж буй этгээд юм.
Хуулийн дээрх заалтуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа субьектуудын чиг үүрэг, бүрэн эрх, оролцогчийн гомдол гаргах эрхийг тус тус хуульчилснаас үзвэл улсын байцаагчийн хууль бус шийдвэрт гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх хүн, хуулийн этгээдийн эрх нь хууль тогтоомжоор хангалттай баталгаажсан нөхцөлд оролцогчоос гомдол гаргаагүй байхад төрийн чиг үүргийг гүйцэтгэж буй улсын байцаагчийн зөрчил илрүүлж, хариуцлага ногдуулсан шийдвэрийг прокурор үгүйсгэж дүгнэлт бичих нь прокурорын үндсэн чиг үүрэг болон Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасанд нийцэхээргүй байна.
Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.10, ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан заалтын “прокурорын дүгнэлт” гэдгийг эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчаас хүн, хуулийн этгээдийн хууль, хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг илрүүлсэн атлаа шийтгэлийг хөнгөдүүлсэн, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхад зөрчлийн хэрэг үүсгэн, шийтгэл ногдуулах зэргээр төрийн болон нийтийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргасан бол энэхүү үндэслэлээр улсын байцаагчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгохоор гаргасан прокурорын дүгнэлт гэж ойлгож хэрэглэхээр байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 54.1.1-д заасныг баримтлан мөн хуулийн 3.1.11-д заасан гомдол буюу прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.