Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 244

 

О.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаар магадлалтай, О.Ө-д холбогдох 2005 01470 1271 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан гомдол зэргийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, О.Ө

О.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Ө-г “тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Ө-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ “... Эсэргүүцлийн үндэслэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг....-ийг “хуурамчаар үйлдсэн” “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан”, “худалдсан” бол гэх шинжүүдийг заасан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3011 дугаартай “...“Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”- н дээрх “0387” дугаартай тэмдгийн дардас гэх зүйлсийг “өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдгийн дардас байна” гэх дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн, хэзээ, хаана, ямар компьютер дээр “Б.Л-н 0387” дугаартай тэмдгийг сканнердаж оруулан “О.Ө 0387” болгон өөрчилж, хэн, хэзээ, хаана, ямар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж гаргаж ирснийг тогтоох боломжгүй, энэ талаар мэдэх яллагдагч нь эх сурвалжаа зааж өгөөгүй байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар О.Ө-г “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг...-ийг “хуурамчаар үйлдсэн” гэж шууд үзэх боломжгүй талаар прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 255 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолд дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх прокуророос үүнд дүгнэлт хийгээгүй, прокурор гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн дүүрэн тодорхойлоогүй, тэмдгийн дардас гэх зүйлийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн үйлдэлд нь дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ” гэсэн нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлд “Хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй хүн хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ө  нь “Хуульчийн мэргэжпийн нэрийг хэрэглэх эрхгүй атлаа хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан”, “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан” нь тус тус тогтоогдсон. Гэвч давж заалдах шатны шүүх болон прокуророос дээрх зүйлд заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэх заалтын талаар буюу хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж хэнд хохирол учруулсан талаар өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол гэх ойлголтод хуулийн байгууллага, хуульчийн нэр хүнд, хуульчийн мэргэжлийн хэвийн үйл ажиллагаа эрх ашиг сонирхлыг хамааруулсан зохицуулалт гэж дүгнэжээ.

Харин прокуророос О.Ө нь “ЖДМБ” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хамгаалахаар хуульчийн нэрийг хууль бусаар хэрэглэж эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд “ЖДМБ” ХХК-ийн захирал Д.Жадамба нь манай компани О.Ө-н дээрх үйлдлийн улмаас иргэн Гансүхээс 45 сая төгрөг шаардан авах эрхээ алдаж их хэмжээний хохирол учирсан гэж гомдол гаргасан зэргийг үндэслэсэн бөгөөд “ЖДМБ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн. Тухайлбал, прокурор 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол”-доо О.Ө-н дээрх үйлдлийн улмаас “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан...” болох нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Учир нь О.Ө  нь “ЖДМБ” ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс гадна 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Лхагвасүрэн, Ч.Мөнхжаргал /“ЖДМБ” ХХК/ нар нь “Ц.Гансүхээс төлбөр гаргуулах” “Д.Болдбаатараас төлбөр гаргуулах” тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр О.Ө-д итгэмжлэл олгосны дагуу О.Ө нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй шийдвэрийн улмаас “ЖДМБ” ХХК болон болон өөрийгөө төлөөлүүлсэн иргэн Б.Лхагвасүрэн, Ч.Мөнхжаргал нарт хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулга гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Хэргийн холбогдогч О.Ө-н хийсэн гэх үйлдэл 2019 оны 08 сард бөгөөд бүтэн 1 жилийн дараа түүнийг яллагдагчаар татаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байхаар хуульчилсан. 2020 оны 01 дүгээр сард Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 1.10 дугаар зүйлийн 2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэснийг яллагдагчаар татах гэж өөрчилсөн хэдий ч энэ нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буюу эрх зүйн байдлыг дордүүлсэн хуулийг буцаан хэрэглэх гэсэн заалттай зөрчигдсөн тул сонирхогч этгээд Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж маргаан үүсгэсэн. Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2020 оны 01 дүгээр сард орсон тус өөрчлөлтийг болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэглэхийг түр түдгэлзүүлсэн байгаа. Ийм нөхцөл үүссэн байхад прокурорын байгууллагаас тус түдгэлзүулсэн заалтыг хэрэглэж, шүүх хэргийг шилжүүлж, анхан шатны шүүх шийдвэр гаргаж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэсэн талаар давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаар үндэсгэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасанд гомдолтой байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль бүхэлдээ түдгэлзүүлсэн байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг түдгэлзүүлэлгүй, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, цаашлаад хэргийн зүйлчлэлийг нэмж оруулж ирэх утга бүхий үүрэг өгч байгаа нь хууль хэрэглээний алдаа гаргахаас гадна, прокурорын гаргах шийдвэрт нөлөөлж байна гэж үзэхээр байна. Иймд гомдлыг хянан үзэж, ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээХуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болдог. Энэ агуулгаар шүүгдэгч О.Ө-н хувьд хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй, хуульч биш атлаа өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан “ЖДМБ” ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийг зүйлчлэх нь зүйтэй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлтийг танилцуулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ө-д холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Г.Тулгын гаргасан гомдол, прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ө-г “О.Ө 0387” гэх хуурамч тэмдэг, дардсыг ашиглаж өөрийгөө өмгөөлөгч хэмээн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, тусгай зөвшөөрөл, эрх олгосон тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, эргэлзээгүй дүгнэлт хийжээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч О.Ө-г “тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж буюу О.Ө-н үйлдлийн улмаас “ЖДМБ” ХХК-ийн ашиг сонирхолд хохирол учирсан болох нь тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүгдэгчийн тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон нөхцөл байдлыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, О.Ө-д оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан байх ба үүнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, тэмдгийн дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч нь хуурамч бичиг баримтыг мэдсээр байж ашиглан “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан хэдий ч тухайн компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд тамга тэмдгийг хэрхэн үйлдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын зүгээс “...Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлдээ түдгэлзүүлсэн байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг түдгэлзүүлээгүй ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэдийгээр уг хуулийг Үндсэн Хуулийн Цэц 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн ч Монгол Улсын Их Хурал болон Үндсэн Хуулийн Цэц тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна. 

Үндсэн Хуулийн Цэц 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг түдгэлзүүлэхдээ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн заалтыг хөндөөгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг зохицуулсан дээрх хэм хэмжээ нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулгын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинжийг илэрхийлдэг тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийн заалтыг шүүх баримталж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.ЦОГТ

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН