Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 963

 

                             

 

 

 

 

 

2020       11        06                                     2020/ШЦТ/963

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

        шүүгдэгч -О.Ө, түүний өмгөөлөгч Г.Тулга оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. холбогдох эрүүгийн 2005014701271 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл , охины хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг, /РД:/ Н овогт О.Ө.

 

Холбогдох хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

   -О.Ө нь “-О.Ө 0387” гэх өмгөөлөгчийн хуурамч тэмдгийн дардсыг ашиглаж өөрийгөө өмгөөлөгч хэмээн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, тусгай зөвшөөрөл, эрх олгосон тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

        Шүүгдэгч -О.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Би “ЖДМБ” ХХК-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр бол гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурах болсон бэ гэхээр тухайн компани гэрээнд заасан төлбөр төлөхдөө санхүүгийн баримт болгох шаардлагатай байна гэсэн болохоор би гарын үсгээ зурсан юм. Гэрээн дээр дарагдсан өмгөөлөгчийн гэх тамгыг би дараагүй тул тэр тамгыг хэн хийж, хэн дарсаныг тогтоож өгнө үү. Би хуульчийн эрхээ аваагүй байгаа” гэв.

           

       Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос -О.Өыг  “тусгай зөвшөөрөл, эрх олгосон тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

        Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар -О.Ө хуульчийн эрхгүй атлаа өөрийгөө хуульч-өмгөөлөгч гэж хэлж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж уг гэрээн дээр гарын үсэг зурж “0387 дугаартай өмгөөлөгч -О.Ө” гэсэн өмгөөлөгчийн хуурамч тэмдгийн дардсыг ашиглаж  өмгөөллийн хөлсөнд  1.750.000 төгрөг авсан хэргийн үйл баримт тогтоогдсон  байна. 

 

        Эдгээр байдал нь мөрдөн байцаалтанд гэрч -Л.Згийн“ Би ЖДМБ ХХК-д санхүүгийн албаны дарга ажилтай. Манай компани өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар болоод -О.Өтай уулзахад өөрийгөө өмгөөлөгч гэсэн. -О.Ө манай компанитай одоо эрсдэлийн албанд ажиллаж байгаа -Ч танилцуулсан. Ингээд манай компани -Ц.Г холбогдох иргэний хэрэгт -О.Ө компанийнхаа өмгөөлөгчөөр ажиллуулахаар болсон. Тухайн үед -О.Ө манай компаниас иргэний хэргийн шүүх дээр итгэмжлэл хийлгэж аваад 2 иргэний хэрэгт оролцсон. Нэг иргэний хэрэг нь шийдэгдсэн. Харин -Ц.Г холбогдох иргэний хэрэг нь манай талд шийдэгдээгүй. Иргэн -Ц.Г холбогдох иргэний хэрэг маргаан нь 2002 оны 02 дугаар сарын 18-ний өдөр БГД-ийн иргэний хэргийн шүүх дээр шийдэгдээд энэ талаар -О.Өаас асуухад утсаа авахгүй, уулз гэхээр уулзахгүй, мессеж бичихээр янз бүрийн шалтаг хэлээд байсан. Сүүлдээ хариу бичихгүй алга болсон. -О.Ө манай компанийн эрх ашгийн төлөө явахгүй сүүлдээ алга болохоор нь энэ талаар манай компанийн эрсдэлийн албаны -Ч гэдэг хүнд энэ талаар хэлж -О.Ө өмгөөлөгч мөн эсэхийг нь тодруулахад өмгөөлөгч биш байсан. Тухайн үед -О.Ө өөрийнхөө мейл болох zayaats [email protected] мэйл хаягаас эхлээд гэрээний загварыг явуулсан. Би түүний явуулсан загварыг нь өөрийнхөө  [email protected] хаягаар хүлээн авч захиралдаа өгч гарын үсэг зуруулсан. Ингээд байж байсан чинь -О.Ө өөрийн биеэр ирж надтай уулзаад “тамгаа хулгайд алдсан учраас одоо тамгалах боломжгүй байна” гээд манай захирал гарын үсэг зурсан. Өөрийнхөө явуулсан гэрээг өөрөө аваад явсан. Ингээд хэсэг хугацааны дараа тамга байхгүй гэрээн дээр тамга дарчихсан өөрийн биеэр тамгалсан нөгөө гэрээг надад авчирч өгсөн. Тэр гэрээг дараа нь сайн харсан чинь өмгөөлөгчийн тамгыг скайнердсэн юм шиг байсан. Ажлын хөлс гэж 1.750.000 төгрөг тэр өөрийнхөө Хаан банкны дансаар авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-40/

 

Эд мөрийн баримтаар тооцсон “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” /хх-ийн 23-35/

Монголын өмгөөлөгчдийн холбоо -О.Ө хуульч, өмгөөлөгч гэсэн нэрийн хуудас /хх-ийн 43/

 

          Ярианы бичлэгт“...-Л.З: Та тамгатайгаа явж байгаа юу тэ, гэрээ хийхдээ та гарын үсгээ зураад тамга дарах уу? Манайх захирлаараа гарын үсэг зуруулна ш дээ,

-О.Ө: Тийм, захирлаараа гарын үсэг зуруулчихад болно, би тамгагүй л явж байна даа, за эсхүл дараа нь би тамгалаад танайд өгүүлчихэж болно,

-Л.З: Аан за,

-О.Ө: Тийм гэсэн яриа өрнөв...

-О.Ө: Би түрүүчийн 7 хоногт явж байгаад цүнхээ алдаад, тэгээд тамга мамга, нэрийн хуудас муудас, бүх юм аа алдаад,

-Л.З: Өө балай юм, яаж алдах уу, машинтай байж байхад чинь уу?

-О.Ө: Машинаасаа буугаад булан тойроод, хүүхдээ ирж байна уу гэж харчихаад буцаад ороод ирсэн чинь байгаагүй, цүнх байхгүй болсноо мэдэхгүй тэр чигээрээ яваад гэртээ орчихоод мэдсэн ш дээ

-Л.З: Тийм тэгдэг юм байна лээ ш дээ хүмүүс чинь

-О.Ө: Гэртээ орчихоод, утас нөгөө нэг машинд биш биед явсан байсан байхгүй юу, тэгээд утас байгаад байсан болохоор, гэртээ орчихоод аягүй олон юм ярьчихсан явж байсан, за миний хүү ээжийнхээ цүнхнээс тийм юм аваад ир гэсэн чинь цүнх чинь байхгүй байна гээд юу билээ барьж орж ирээгүй билүү гээд машиндаа үзээд байхгүй гэсэн яриа тус тус өрнөв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 51-53/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл [email protected] мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-66/

 

Гэрч -Б.Л “Би -О.Өыг танина. Гэхдээ ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, миний шавь байсан юм. -О.Ө нь сургуулиа 2004 онд төгссөн. 2014 оноос 2017 оны 8 дугаар сар хүртэл миний туслахаар ажиллаж байсан юм. Би 2003 оноос хойш Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.  -О.Ө 2017 оны зун надад хандан “хуульчдын сонгон шалгаруулалтанд ороод тэнцчихлээ, би удахгүй өмгөөлөх эрхээ авна, бие дааж өмгөөлөгчөөр ажиллана” гэж хэлж байсан. Би тэр өдрөөс хойш түүнийг өмгөөлөгч болчихсон гэж итгэж бодож явсан юм. Миний өмгөөлөгчийн тамга тэмдгийг ашиглан өөрийгөө өмгөөлөгч гэж гэрээ хийж хүнээс өмгөөллийн хөлс авсан байсан. Би тухайн үед -О.Ө ЖДМБ ХХК-тай захирал Жадамба гэдэг хүнтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үзэхэд миний 0387 гэсэн хувийн дугаартай адилхан дугаартай -О.Өы нэртэй тэмдэг дарсан байхаар нь “Яагаад миний хувийн дугаартай адилхан тэмдэг байдаг билээ” гэж эргэлзээд хуульчдын холбоонд хүсэлт гаргаж -О.Ө өмгөөлөх эрхтэй эсэх талаарх лавлагааг гаргаж өгөх талаар хүсэлт хүргүүлэхэд -О.Ө нь ямар нэгэн хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж өмгөөлөгчийн эрх аваагүй байсан бөгөөд хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Тэгсэн мөртлөө миний тэмдгийг хуурамчаар ашиглаж “ЖДМБ” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж өөрийнхөө нэртэй, миний тэмдгийн дугаарыг дарсан байсан. Би 0387 гэсэн дугаартай тэмдэгтэй, шүүхэд төлөөлөх эрхтэй өмгөөлөгч хүн. -О.Өд миний тэмдгийг скайнердаж ашигласан байж болзошгүй. Би 2017 оны 8 дугаар сараас хойш уулзаагүй. Тэр ирээгүй” /хх-ийн 67/гэсэн мэдүүлэг,

 

       Өмгөөлөгч -Б.Л “0387 дугаартай шүүхэд төлөөлөх үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар” /хх-ийн 69/

 

       Өмгөөлөгч -Б.Л Монголын хуульчдын холбоонд гаргасан “ Өмгөөлөгч миний туслахаар 2013-2017 онд ажиллаж байсан Очирпүрэв овогтой -О.Ө нь хуульчдын сонгон шалгаруулалтанд тэнцээгүй атлаа өөрийгөө өмгөөлөгч, хуульч гэж миний өмгөөлөгчийн тэмдэгний дардасын нэрийг өөрчилж өөрийн нэр болгож скайнердэж, 0387 гэсэн миний дардасны дугаартай өмгөөлөгчийн тэмдэг хуурамчаар үйлдэж, түүнийгээ ашиглан өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, бусдаас өмгөөллийн хөлс авч ашиглаж, гэрээт ажлаа хийж чадахгүй хохироосон гэх гомдол мэдээлэл байх тул Очирпүрэв овогтой -О.Ө нь 2017-2019 оны хуульчдын шалгалтанд тэнцсэн эсэх, хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч мөн эсэх, мөн бол хуульчийн гэрчилгээний дугаар огноо, шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлсэн эсэх талаархи лавлагааг өмгөөлөгч надад бичгээр гаргаж өгч тусална уу” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 70/

 

        Монголын хуульчдын холбооны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02/214 дугаартай албан бичигт “Хуульч -Б.Л танаа. Танаас ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. Иргэн О овогтой -О.Ө /РД:ЧС81102862/ нь Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна” гэсэн албан бичиг /хх-ийн 71/

 

        Гэрч -Г.Г “ Би -О.Өыг танина...Би “ЖДМБ” ХХК-тай гэрээ хийгээгүй...-О.Ө “ЖДМБ” ХХК-тай гэрээ хийнэ гээд мэдээллийг нь явуулаад шивээд өгөөч гэхээр нь би түүнд хийж өгсөн. Тэгээд тэр гэрээг хийлгээд надаас авч яваад таг болсон. Хэд хоногийн дараа над руу өөрөө залгаад би гэрээгээ хийсэн, нөгөө газраас мөнгө нь орж ирэхээр би чамд мөнгө өгнө, дансаа явуулчих гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа надад 400.000 төгрөг өгсөн. Тухайн үед нь би юм бодоогүй түүнд дансны дугаар өгсөн. Би -О.Өтай сүүлийн 2 жил уулзаагүй. Бараг гэрээ надаар шивүүлж авч яваад л алга болсон. Би гэрээг нь бэлдэж өгсөн. Би тухайн гэрээг шивж өгөөд -О.Өаас 400.000 төгрөг өөрийнхөө дансаар авсан. Болохгүй бол энэ мөнгийг нь буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй...-О.Ө залгахаар утсаа авдаггүй, хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3011 дугаартай “... Шинжилгээнд тэнцэх “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 5 дахь хуудасны зүүн дунд хэсэгт “хуульч” гэсний дор байх гарын үсэг болон харьцуулах загвараар ирсэн иргэн -О.Өы гэх гарын үсгийн загваруудтай тохирно. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-н дээрх “0387” дугаартай тэмдгийн дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдгийн дардас байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-93/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан энэ хэрэгт хамаарал бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Гэм буруугийн талаар шүүгдэгч -О.Ө болон түүний өмгөөлөгчөөс “хэргийг цагаатгах, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий санал дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр шүүх хүлээн аваагүй болно.

 

         Эрх зүйч мэргэжил эзэмшиж, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн буюу хуульч мэргэжлээр ажиллах эрх авсан этгээдийг хуульч гэнэ. 

        Гэтэл -О.Ө хуульч биш атлаа өөрийгөө хуульч-өмгөөлөгч гэж худал хэлж “ЖДМБ” ХХК-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурж 0387 дугаартай өмгөөлөгч-хуульч -О.Ө гэсэн хуурамч тэмдгийн дардсыг  ашигласан  байна. /хх-ийн 23-35/

        0387 дугаар нь Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч -Б.Л өмгөөллийн тусгай зөвшөөрлийн дугаар болох нь гэрч -Б.Л мэдүүлгээр тогтоогдсон. /хх-ийн 67/

        Түүнчлэн гэрч -Б.Л мэдүүлгээр “өмгөөлөгч -Б.Л миний туслахаар 2013-2017 онуудад -О.Ө ажиллаж байсан” гэж мэдүүлсэн байна.  Үүнээс үзэхэд -О.Ө 0387 дугаар нь өмгөөлөгч -Б.Лх  гэдгийг мэдэж байсан байх ба шинжээчийн дүгнэлтээр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-н дээрх “0387” дугаартай тэмдгийн дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдгийн дардас байна...” гэжээ.

 

        Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “0387” дугаартай тэмдгийн дардас гэх зүйлсийг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдгийн дардасыг, мөн хэргийн 43 дугаар талд авагдсан өмгөөлөгч -О.Ө гэх нэрийн хуудсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн хэрхэн яаж хуурамчаар үйлдсэнийг нарийн тогтоож шалгаагүй ч энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм.  Учир нь хуурамч  бичиг баримт хэрхэн үйлдэгдсэн болохыг шүүгдэгч -О.Ө мэдүүлэх боломжтой боловч тэрээр Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй юм.

      Иймд -О.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

  

         Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч -О.Өыг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул шүүхээс шүүгдэгч -О.Өыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

        Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

      Эдгээр үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

       Шүүгдэгч -О.Ө өмгөөлөгчийн эрхгүй атлаа өөрийгөө хуульч-өмгөөлөгч гэж хэлж “ЖДМБ” ХХК-тай “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж уг гэрээн дээр “0387 дугаартай өмгөөлөгч -О.Ө” гэсэн өмгөөлөгчийн хуурамч тэмдгийн дардсыг ашиглаж тус компаниас өмгөөллийн хөлсөнд  1.750.000 төгрөг авсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

       Шүүхээс шүүгдэгч -О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

       Мөрдөн байцаалтын явцад -О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар ашигласан” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хяналтын прокурор 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай тогтоолоороо “-О.Ө нь хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй атлаа хуульчийн буюу өмгөөлөгчийн нэрийг ашигласны улмаас “ЖДМБ” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь тогтоогдсонгүй” гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 184-185/

 

       Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч -О.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

      -О.Өд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

      Түүний нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон  урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдлыг нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

       Шүүгдэгч -О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан ярианы бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                   

                                                   

 ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч -О.Өыг “тусгай зөвшөөрөл, эрх олгосон тамга тэмдгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч -О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

         4. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Хэргийн хамт ирүүлсэн ярианы бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.      

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -О.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ