Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

             Т.Цэрэндаваад холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

Хохирогч Н.Гомбосүрэн, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,  

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан давж заалдах гомдлоор Т.Цэрэндаваад холбогдох 201625012707 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тар боржигон овогт Тавхайжамцын Цэрэндаваа, 1963 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн машинист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 6-152 тоотод оршин суух,

2003 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УГ63020917/,

 

Т.Цэрэндаваа нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны орой 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэртээ найз Н.Гомбосүрэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, архины шилээр цохиж, Н.Гомбосүрэнгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Цэрэндаваагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Цэрэндавааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүилийн  24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Цэрэндаваа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Цэрэндаваагаас 153.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гомбосүрэнд олгож, хохирогч Н.Гомбосүрэн нь цаашид гарах эмчилгээнд зарцуулсан баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Т.Цэрэндаваад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хохирогч Н.Гомбосүрэнгийн өмгөөлөгч Ж.Ганболд би 2017 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилох тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй, хэргийн дугаарыг бичээгүй байгаа нь Эрүүгийн байцаан хуулийн 155 дугаар зүйлд заасныг зөрчсөн, хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан гэрч Т.Цэрэнсодномыг хэн байцаасан нь тодорхойгүй, хэрэг бүртгэгч гарын үсэг зураагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлд заасныг зөрчсөн, нотлох баримтыг шаардлага хангахгүй.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч Батдорж нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн аваад хохирогч Гомбосүрэнгээс тайлбар авсан, шинжээч томилох тогтоол үйлдэж, шинжээчийн дүгнэлт гаргуулж гомдол мэдээлэл шалгах 19 хоногийн хугацааг дуусгаж, эрүүгийн хэрэг үүсгэж хэргийн дугаар авснаас хойш Гомбосүрэнг хохирогчоор тогтоож байцааж, хэрэг бүртгэгчийн илтгэх хуудас авч хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг үндэслэлгүй түдгэлзүүлсэн. Хавтас хэрэгт авагдсан хэрэг бүртгэгчийн илтгэх хуудсанд “Цэрэндаваагийн гэрт очиход гэрт охин нь байсан ба аав ажилдаа явсан гэж” бичсэн байдаг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “би гэртээ байсан цагдаа нар манайд ирээгүй” гэж мэдүүлсэнээс дүгнэлт хийхэд Т.Цэрэндаваа нь гэртээ байсан нь тогтоогддог. Гэтэл цагдаагийн байгууллагын албан хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүйгээр хэргийг үндэслэлгүй түдгэлзүүлсэн нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчиж, яллагдагч Т.Цэрэндаваад ял завшуулах боломжийг олгож байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч Батдорж нь Т.Цэрэндавааг яллагдагчаар татах тогтоол үйлдэж прокурорын хяналтад ирүүлсэн. Гэтэл хяналтын прокурор Оюунтунгалаг нь прокурорын хяналтын шатанд дахин яллагдагчаар татах тогтоолыг үйлдүүлэн баталж, яллах дүгнэлтийн хавсралт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасныг зөрчсөн, яллагдагчаар татах тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цагийг 17 гэж буруу бичсэн, хохирогчийн мэдүүлэгт гэмт хэрэгт үйлдсэн цагийг 23 гэж мэдүүлснээс үзэхэд гэм буруугийн субъектив талын нэмэгдэл элимент болох цаг хугацааг нарийн сайн тогтоогүй.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийж гэмт хэрэг гарсан газар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шалгаж тогтоохоос гадна хохирогч “архины шил, сэрээгээр хатгасан” гэж мэдүүлдэг тул архи шил, сэрээг нь хураан авах ажиллагаа хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар найз нөхөд ажлын хамт олоноос асуугаагүй, боловсролын гэрчилгээний хуулбар хавтас хэрэгт байхгүй байгааг нөхөх гүйцэтгүүлэх. Т.Цэрэндаваа, Н.Гомбосүрэн хоёр хамт дэлгүүр орж архи авсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, Т.Цэрэндаваа, Н.Гомбосүрэн нар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг тул мэдүүлгийн зөрүүг гаргахын тулд дэлгүүрийн худалдагчийг гэрчээр байцаалгах. Хохирогч Н.Гомбосүрэнг анх үзсэн эмч болон шинжээч эмчийг байцаагаагүй. Хэрэгт Н.Гомбосүрэн нь хэргийн газраас зугтаж нүцгэн гарч явсан байдаг тул Т.Цэрэндаваагийн гэрт орхисон хувцас, гар утсыг хураан авах ажиллагаа хийгээгүй тул хувцас, гар утсыг авахуулах. Хохирогч Н.Гомбосүрэн нь хэргийн газраас зугтааж гарахдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа ирсэн байдаг энэ талаар шалгаагүй, хэргийн газар ирсэн цагдааг гэрчээр байцаагаагүй тул гэрчээр байцаалгах, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах, шинжээчийн дүгнэлтэд “хамрын хугарал, зүүн хажуу хананы хугарал” зэрэг гэмтлүүдийг тусгагдаагүй байгаагаас үзэхэд энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэх талаар асууж тодруулах, мөн Н.Гомбосүрэн Т.Цэрэндаваад цохиулсаны улмаас зүүн чих сонсголгүй болсон талаар эмчийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэлгүй хохирогчид буцаан өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар “Т.Цэрэндаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байх тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү…” гэв.

Хохирогч Н.Гомбосүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Тухайн үед Т.Цэрэндаваа “ах нь шартаад үхэх гээд байна. Мөнгө байна уу” гэж надаас асуухаар нь би 20.000 төгрөгтэй гарч гэрийнх нь хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн архи авч өгсөн. Ингээд бид хоёр хувааж уусан. Гэтэл ямар ч маргаан болоогүй байхад Т.Цэрэндаваа гэнэт намайг архины шилээр цохисон. Намайг цохиулаад ухаан алдаж унасан байхад намайг 2-3 удаа сэрээгээр хатгасан байсан. Үүнээс болж миний зүүн чих сонсголгүй болсон. 1 дүгээр эмнэлгийн эмч нар “таны чих сонсгол орохгүй” гэж хэлсэн…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэргийн зүйлчлэл тохирсон. Хэрэг бүртгэлийн ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Хэргийн газрын нөхөн үзлэг хийх, хувийн байдлыг тогтоох зэрэг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаагаад үр дүнд хүрэхгүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хохирогч, холбогдогч нар өр авлагын холбоотой. Т.Цэрэндаваа амьдарч байсан хашаа байшингаа барьцаанд тавьж Гомбосүрэнтэй нийлж наймаа хийхээр Оросын холбооны улс руу явах гэж байсан. Гэтэл Гомбосүрэнгийн бичиг баримт бүрдээгүй учир Т.Цэрэндаваа явсан. Үүнээсээ болоод уулзая гэж бодож байгаад уулзсан гэж ярьдаг. Ингэж уулзаад хоёулаа архи хувааж уусан байдаг. Хохирогч “тухайн үеийг санахгүй байна. Нэг мэдэхэд би тархиндаа сэрээ зоолттой хэвтэж байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд “Гэнэт намайг цохисон” гэж ярьдаг. Иймд хохирогч, холбогдогч нарын хооронд өр, авлагын асуудлаас болж хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчид учирсан гэмтлийг шүүх эмнэлгийн шинжээч үзэж хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийг эмнэлэгт үзүүлсэн бүх баримт бичгийг нь тусгасан байдаг. Мөн шинжээчийн дүгнэлтэд “биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, хүүхэн хараа хоёр талд ижил дугараг, гэрлийн хугаралд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлтгүй” гэсэн бөгөөд хэсэг газрын үзлэгт “Баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт хөх ягаан цус хурсан, хавдартай, нүдний зовхины завсар нарийсаж анигдсан. Баруун нүдний алимны салстад улаан ягаан цус хурсан. Зүүн эрүүний буланд хавдартай, цээжний урд хэсэг, хоёр гар, хоёр өвдөгний урд болон гадна гадрагад хэсэгчилсэн зулгаралт, цус хуралтуудтай, духны зүүн төвгөрт 1 см мэс заслын оёдол бүхий, зүүн зулай хэсэгт хуйханд 1 см оёдол тавиагүй шархтай байв” гэж тусгасан. Гавал ясны болон зүүн талын ухархай ясанд гэмтлийн гаралтай бүтцийн ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, баруун талын нүдний ухархай доод хана, хөндий рүү 1,5 см өргөн хэсэгт 0,6 см гүн цөмөрсөн хугаралтай. Эдгээр гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл байна гэсэн байдаг. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон. Хохирогчийн өмгөөлөгч хохирогчийн сонсгол буурсан, нүдний хараанд нөлөөлсөн гэдэг байдлаар мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шатанд ярьдаг. Хохирогч шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө энэ талаарх баримтаа өгсөн байдаг. Харин сонсголын талаар баримтаа гаргаж өгөөгүй гэж хохирогч ярьдаг. Би хохирогчид “та эмчид үзүүлсэн баримтаа аваад очоорой” гэж анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хэлж, тайлбарласан боловч ямар нэгэн тамга тэмдэггүй баримт авч ирсэн. Үүнийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Иймд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн хүрээнд хэргийг зүйлчлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн…” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Цэрэндаваад холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийг дутуу явуулснаас хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсний улмаас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага  хангагдаагүй байна. Тухайлбал:

 

1. Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9691 тоот шинжээчийн дүгнэлтийн /хх-ийн 7/ үзлэгийн хэсэгт “Н.Гомбосүрэнд …2016 оны 7 дугаар сарын 7-ны КТГ-д тархины эдэд голомтод болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Хоёр талын хажуугийн ховдлууд болон 3, 4-р ховдлуудын байрлал, хэлбэр хэмжээ хэвийн. Гавал яс болон зүүн талын ухархайн ясанд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Баруун талын нүдний ухархайн доод хана гайморын хөндий рүү 1.5 см өргөн хэсэгт 0.6 см гүн цөмөрсөн хугаралтай. Хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай. Хамрын мэдрэл болон гадна ба дотор шулуун булчингууд хэвийн баруун талын нүд орчимын зөөлөн эдэд хаван хавдар ихтэй…” гэсэн байх бөгөөд дүгнэлт хэсэгтээ хохирогчид учирсан баруун талын нүдний ухархайн доод хана гайморын хөндий рүү 1.5 см өргөн хэсэгт 0.6 см гүн цөмөрсөн хугарал, хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хугарал зэргийг дурдаагүй нь шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул дахин шинжээч томилж хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг эргэлзээгүй тогтоох.

 

Хэрэгт хохирогч Н.Гомбосүрэнгийн “…Сэрэхэд сэрээгээр ар дагз руу 2 удаа хатгасан, духанд зоосон сэрээ хөдөлж байхаар нь сэрээг сугалж аваад …Архитай шилээр толгой руу цохиж, сэрээгээр хэдэн удаа хатгасан. …Зүүн чих байнгын шуугиантай, мимборам гэмтсэн, тархи байнга өвддөг” /хх-ийн 39/, “…Одоо миний чих бүр сонсголгүй болсон гэж эмнэлгийн магадлагаа гарсан” /хх-ийн 82/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ. Гэтэл хохирогч Н.Гомбосүрэнд учирсан гэмтэл, шарх тухайн үед ямар байдалтай байсан, тэдгээрийг ямар эмнэлэгт хэрхэн эмчилж оёдол тавьсан, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас түүний сонсгол муудсан, эсхүл түүнд нөлөөлсөн тухай анх үзүүлж эмгэлгийн тусламж авсан талаарх өвчтөний түүх байгаа эсэхийг шалгаж, хэрэв өвчтөний түүх байгаа тохиолдолд хэрэгт хавсаргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай.

 

          Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй гэж үзнэ.  

 

Эдгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Т.Цэрэндаваагийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан “хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: