Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2015/0027/З |
Дугаар | 001/ХТ2016/0184 |
Огноо | 2016-05-30 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2016/0184
Д.Батбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Д.Батбаяр нарыг оролцуулан, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалтай, Д.Батбаярын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд анх аймгийн Газрын албанд хүсэлтээ гаргаж уг хүсэлтийг минь хүлээн авч Засаг дарга Я.Санжмятавын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжаар надад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 30 айлын орон сууцны баруун талд байршилтай 1500 м.кв газрыг 36 айлын орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн билээ. Би газар эзэмших гэрчилгээ, гэрээгээ 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргуулж авсан тул газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлсэн.
Тухайлбал: Усан хангамж, ариутгах татуурын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөлийг 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргуулсан, “Уулс дөл” ХХК-иас 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 21/2013 дугаар албан тоотоор орон сууцны барилгыг дулаанаар хангах боломжтой гэж хариу өгсөн, мөн “Улиастай эрчим хүч” ХХК-иас 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 06/13 дугаар тоотоор техникийн нөхцөл олгосон, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 21/01 дугаар техникийн нөхцөл зургийг тус тус гаргаж дээрх баримт бичгүүдэд үндэслэж орон сууц барих зураг төслөө хийлгэсэн.
Ингээд эзэмшиж авсан газартаа 2013 оны намар зориулалтын дагуу зураг төслөө хийлгэж барилгаа барихаар бэлдэж хашаагаа барьж эхлэх гэтэл аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив ирж барилга барихыг хориглосон. Хориглох шаардлагандаа ямарваа нэгэн хуулийн шаардлага, журам дүрмийн заалт тавиагүй, ямар нэгэн зөрчилтэй байна гэж хэлээгүй зөвхөн бариулахгүй энэ газрыг чамд өгөхгүй гэдэг зүйлийг хэлж байсан. Би холбогдох албан тушаалтнуудад амаар гомдлоо гаргах явцад надад газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосныг олж мэдсэн.
Ингээд мэдсэн даруйдаа аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивд 2014 оны 2 сарын 04-ний өдөр бичгээр гомдлоо гаргасан.
Гэвч миний гомдлыг шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан учир 2014 оны 2 дугаар сарын сүүлчээс эхлэн шийдвэрлэх эрх бүхий бүхий л албан тушаалтантай орж уулзсан. Миний гомдлыг шийдвэрлэнэ, хүлээж бай, танд л олгогдоно гэдэг хариуг удаа дараа хэлж байсан. Иймд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дугаартай захирамжийн холбогдох хэсэг буюу Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавын 2012 оны 5 сарын 24-ний өдрийн 145 тоот захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжаар Улиастай сумын Жинст багийн 30 айлын орон сууцны баруун талд байршилтай 1500 м.кв газрыг иргэн Д.Батбаярт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн.
Тодруулбал, тухайн үед Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Я.Санжмятав нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох газрыг иргэн Д.Батбаярт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Иймд Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив нь 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар тус аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон нь үндэслэлтэй гэжээ.
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 185 дугаар магадлалаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаярын “Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн холбогдох хэсэг буюу Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэн миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Завхан аймгийн засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар 1500 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмшүүлэх ёстой байтал уг журмыг хэрэглэлгүй иргэн Д.Батбаярт газар эзэмшүүлснээрээ газар эзэмшүүлэх, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Д.Батбаярт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна” гэж дүгнэсэн нь буруу юм.
Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн заалтын агуулга нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол гэсэн нөхцөл заасан байдаг.
Миний маргаж буй газрын тухайд эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж хэн нэгэн этгээд ямар нэгэн гомдол гаргаагүй юм. Энэ талаар хэргийн материалд баримт байхгүй бөгөөд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй тухай тэмдэглэл байдаг. Мөн магадлалд иргэн миний биеийг тухайн байршилд газар эзэмших хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаагүй, дуудлага худалдаанд ороогүй, үнийг төлөөгүй, хариуцагч нь дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй гэж тус тус дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.
Учир нь би газар эзэмших хүсэлтийнхээ өөрт байсан хувийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тухайн үед миний хүсэлтийг хүлээн авч Газрын харилцаа хот байгуулалтын газраас шалгаж шаардлага хангасан гэж үзсэн. Тухайн үед Газрын харилцаа хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Анхтэсийн “дуудлага худалдааны үнийг төл” гэж шаардсанаар түүнд 2,000.000 төгрөгийг өгсөн бөгөөд иргэн хүний хувьд захиргааны байгууллага, албан тушаалтнаас шаардсан шаардлага бүрийг биелүүлж хууль журмын дагуу авсан гэж үзэж байна.
Миний өргөдлийг өргөдөл, гомдлын дэвтэртээ бүртгэсэн, хариуцагч нь дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй эсэх нь миний хариуцах зүйл биш бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны бурууг би өөрөө хүлээж хохирч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж комисс томилсон байдаг энэ захирамжийг үндэслэн надаас ахлах мэргэжилтэн Д.Анхтэс 2,000.000 төгрөг авсан үүнийг төлөхөд миний бие дуудлага худалдааны үнээ л төлсөн гэж ойлгож ирсэн.
Гэрч Д.Анхтэсийн “...нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдагдсан газар ямар нэг хэмжээгээр бусдын газартай давхцаагүй мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ямар нэг зөрчилгүй өргөдөл хүсэлт байсан учраас зохих журмын дагуу хяналт шалгалтаа явуулаад Засаг даргад танилцуулаад, Засаг дарга шийдсэн...” гэсэн мэдүүлгийг үнэлэлгүй түүний учир дутагдалтай тайлбарыг иш татаж үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй байна гэж үзэх үндэстэй байна. Дээрх гэрчийн мэдүүлэгт миний биеийг өргөдөл гаргасан түүнийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэснийг илтгэж байна.
Магадлалд намайг “удаа дараа төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, материалаа өгч байсан нь өөрт олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрч байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь миний эрхийг дордуулж эрхийг минь сэргээх, хамгаалах хүсэл сонирхолгүй байгаа мэт нөхцөл байдлыг харуулж байна.
Зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж шаардлага хангасан гэж үзэж газар эзэмших гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ гаргуулсан хэн боловч түүнд зарцуулсан хөрөнгө, цаг хугацаа, зорилго, төлөвлөгөөгөө хамгаалж үлдэн бодит ажил болгохын тулд иргэний хувьд дараагийн зарласан төсөл сонгон шалгаруулалтад материалаа өгөх, холбогдох албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлтээ өгөх, шийдвэр хариуг хүлээх зэргээр өөрийн эрх ашгаа хамгаалахыг оролдсоор ирсэн.
Зураг төсөл бэлэн болсон, эскиз зургаа зуруулсан, техникийн бүх нөхцөлүүдээ гаргуулсан, ойролцоогоор 24-25 сая төгрөг зарцуулсан байсан учир төсөл сонгон шалгаруулалтад материалаа өгсөөр байсан. Гэвч миний материалыг гаргаж үзээд шаардлага хангасан байсан гэж гэрчүүд мэдүүлдэгч тухайн төсөл сонгон шалгаруулалтыг ямар ч үндэслэлгүйгээр зохион байгуулалгүй орхиж дараагийнхыг зарладаг байсан. Энэ нь цаанаа надад л өгөхгүй гэсэн өөрөөр хэлбэл Санжсүрэн гэдэг хүнд уг газрыг эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын зөрчил үүссэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл надад намын үзэл баримтлалаар ялгавартай хандаж миний эрхийг зөрчих байдал бодит байдалд үүсч байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтад бүрэн гүйцэд дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, 72 дугаар зүйлийн 72.4-т заасан зохицуулалттай нийцээгүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар “Газрын тухай хууль, Улиастай хотын хөгжлийн төлөвлөгөөг зөрчин хууль бусаар газар олгосон” гэж иргэн Д.Батбаярт газар эзэмшүүлэх эрх олгосон мөн Засаг даргын 2012 оны 145 дугаар захирамжийг хүчингүй болгож, гэрчилгээг хүчингүй болгох, гэрээ цуцлахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгажээ.
Нэхэмжлэгч Д.Батбаяр нь “...эзэмшсэн газартаа орон сууцны барилга барих техникийн нөхцөлүүдийг авч, ажлаа эхлэх гэтэл аймгийн Засаг дарга газар дээр ирж ямар нэгэн шалтгаан заалгүй, энэ газрыг чамд өгөхгүй гэж хориглосон, миний гомдлыг шийдвэрлэхгүй удаан хугацаагаар чирэгдүүлсэн, дуудлага худалдааны үнийг төлсөн, газар эзэмших эрх хэрэгжихгүй байсан учир төсөл сонгон шалгаруулалтанд орж байсан” гэх зэргээр маргаж, дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжаар “газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны дүнг үндэслэн” гэж дурдаж нэхэмжлэгч Д.Батбаярт Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт 30 айлын орон сууцны баруун талд 1500 м.кв газрыг эзэмшүүлсэн ба мөн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар захирамжаар уг газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, зохин байгуулах комиссыг 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар захирамжаар байгуулсан боловч дуудлага худалдаа явуулаагүй, Д.Батбаяр нь “дуудлага худалдааны үнэ” төлж байна гэж ойлгон 2 сая төгрөгийг комиссын гишүүн бөгөөд газрын албаны мэргэжилтэнд бэлнээр өгсөн гэж тайлбарласан, анхан шатны шүүх хуралдааны өмнө уг мөнгийг Д.Батбаярт буцаан шилжүүлсэн зэрэг нь тогтоогджээ.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заажээ.
Хариуцагч хуулийн дээрх зүйл, заалтыг үндэслэл болгож нэхэмжлэгч Д.Батбаярын газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараагаар 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/213 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр явуулахаар зарласан атлаа “комисс”-ыг 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар томилсон, шалгаруулалт 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр болох байсан боловч шалгаруулаагүй, Д.Батбаяр нь шалгаруулалтад тавигдсан шаардлагын дагуу “төсөл” бэлдэж оролцсон зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Түүнчлэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор аймгийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголд хийж, маргаан бүхий газрыг 36 айлын орон сууцны барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр болжээ.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр аймгийн Засаг даргаас хоёр удаа шийдвэрлэж байсан боловч эдгээр шийдвэрүүд хэрэгжээгүй, үүнд нэхэмжлэгчийн буруу тогтоогдоогүй, тэрээр тухайн газрыг 2012 онд эзэмшихээр хүсэлт гаргаж, улмаар “дуудлага худалдааны гэрчилгээний үнэ”-д 2 сая төгрөг төлж, газар эзэмших эрх нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан байхад “дуудлага худалдаанд ороогүй, явагдаагүй, газар эзэмших эрх Газрын тухай хуулийн дагуу үүсээгүй” гэж түүнийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Үүний зэрэгцээ давж заалдах шатны шүүх “Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан журмыг хэрэглэлгүй иргэн Д.Батбаярт газар эзэмшүүлснээрээ газар эзэмших, ашиглахад шударга ёс,тэгш байдлын зарчмыг зөрчсөн учир мөн хуулийн 61.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш” гэж дүгнэсэн нь уг зүйлд заасан зохицуулалтад нийцээгүй, тусгагдсан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг алдагдуулсан шинжтэй дүгнэлт болжээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нь шийдвэр, үйлдэл нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөлтэй байна.
Харин Д.Батбаярт “дуудлага худалдааны зарчмаар” газар эзэмшүүлээгүйн улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Батбаярын гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ