Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1489

 

Д.Баярсайханы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Баярсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Алтанхундагад холбогдох

           

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч О.Алтанхундага, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа

Хариуцагч О.Алтанхундага

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Яринпил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2002 онд анх танилцсан. 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Атан-Эрдэнэ төрсөн. Хариуцагч нь байнга архидан согтуурч, хүү бид хоёрыг дарамталж, зодож, нүддэг болсон. Хүү минь аавыгаа ирэхгүй орой болохоор “Ээж ээ, хоёулаа эмээгийнд очьё. Аав согтуу ирээд та бид хоёрыг зодно шүү дээ” гэж айдаг болсон. Хүүгээ бодож О.Алтанхундагын дарамтыг тэсч, тэвчиж өдийг хүрсэн. Архи ууж зодож, нүдэж, хардаад ажил хийлгэдэггүй байсан. Хүү минь сэтгэл санааны дарамт, айдсаас болоод Эх нялхсын эрүүл мэндийн төвд үзүүлэхэд мэдрэлийн ядаргаа гэсэн онош бүхий өвчтэй болсон байсан. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 32 дугаар байрны 234 тоот орон сууцыг бид 2013 онд худалдан авсан. Мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Хова маркийн автомашин байсныг хариуцагч О.Алтанхундага нь 2016 оны 01 дүгээр сарын 04-нд өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Хова маркийн автомашинаас өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Бид тусдаа амьдраад 1 жил гаруй болж байна. Энэ хугацаанд хариуцагч нь хүүдээ нэг ширхэг дэвтэр ч авч өгөөгүй. Ийм байдалтай хүүхэддээ хандаж байгаа хүн цаашид хүүхдээ тэжээн тэтгэнэ гэдэгт эргэлзэж байна. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 32 дугаар байрны 234 тоот орон сууцнаас өөрт болон хүүд ногдох 50 000 000 төгрөгийг О.Алтанхундагаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч О.Алтанхундага шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2004 онд гэр бүл болсон. Би архи ууж, зодож, нүддэг хүн биш. Бидний салах шалтгаан нэхэмжлэгчийн төрсөн дүү нь манай малаас хулгайлж зардаг байснаас болж бидний дунд хэрүүл маргаан гарч, салах шалтгаан болсон. Бид хоёр миний дүү О.Ариунболдын Хан-Уул дүүрэгт байрлах 2 өрөө байрыг зараад, гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан. Сонгинохайрхан дүүргийн Орчлон хороололын 2 өрөө байрыг банкны барьцаанаас суллаад дүүгийнхээ нэр дээр шилжүүлнэ хэмээн аман гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэгт байрлах 2 өрөө байрыг бид худалдаж мөнгийг нь хэрэглэсэн. Нэхэмжлэгч энэ байдлыг мэдсээр байж тус байрыг булаацалдаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх энэ байрыг 2013 онд дүү О.Ариунболдоос худалдан авч, дүүтэйгээ байгуулсан аман гэрээний дагуу 2014 онд буцааж дүү О.Ариунболдын нэр дээр шилжүүлсэн. Одоо энэ байр О.Ариунболдын нэр дээр бүртгэлтэй байгаа гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой Дэлэгийн Баярсайхан, Авга овогтой Очирбатын Алтанхундага нарын гэрлэлтийг цуцалж,  

 

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Алтан-Эрдэнийг эх Д.Баярсайханы асрамжид үлдээж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Алтан-Эрдэнийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.Алтанхундагаар тэжээн тэтгүүлж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Баярсайхан нь хариуцагч О.Алтанхундагыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж,

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн дундын өмч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 43 дугаар байрны 92 тоот орон сууцын нэхэмжлэгч Д.Баярсайхан, хүү А.Алтан-Эрдэнэ нарт ногдох 50 000 000 төгрөгийг хариуцагч О.Алтанхундагаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Баярсайханд олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 886 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч О.Алтанхундага давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

          Д.Баярсайхан нь хүүтэй болоод маргаашнаас нь эхлээд эхнэр, хүүхдээ тэсч тэвчиж байж болохооргүй зоддог, гэр оронгүй гудамжны архичин мэтээр олон жилийг өнгөрөөсөн юм шиг гүтгэж нэхэмжлэлдээ бичсэнд харамсаж байна. Бид 2006-2014 он хүртэл үр хүүхэд, орон байр, унаатай сайхан амьдарч байсан. Гэтэл 2013 оноос эхлэн Д.Баярсайханы төрсөн дүү н.Таравчамба нь хүүдээ зориулж авсан номхон бор морийг болон, хэд хэдэн адуу хулгайгаар авч, идэшний малаар сольж, хүнд өгсөн нь нотлогдоод байхад дүүгээ өмөөрч хэрүүл, маргаан гаргадаг болсноос бидний амьдралд сэв сууж, хэрүүл маргаантай амьдардаг болсон. Д.Баярсайхан нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 234 тоотод байрлах миний ээжийн эзэмшдэг 2 өрөө мөн ХД 43-92 тоотод байрлах дүү н.Ариунболдын эзэмшдэг 2 өрөө байрнаас өөрт болон хүүдээ ногдох хувийг гаргуулж авахаар нэхэмжилсэн. Хариуцагч надад болон миний өмгөөлөгчид мэдэгдэхгүйгээр 2016 оны 4 дүгээр сарын 21-нд шүүх хуралдааныг хийлгэж, н.Ариунболдын Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 43-92 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилж, мөн 69.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж, энэ захирамжийг нэн даруй биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж захирамж гаргуулсныг гайхаж байна. Миний хувьд энэ шүүх хуралдааныг хууль бус гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. 2013 оны 4 дүгээр сарын 30-нд ах н.Алтанболд эхнэр Д.Баярсайхан бид 3 Хаан банкнаас ах 120 000 000 төгрөг, эхнэр Д.Баярсайхан бид хоёр 80 000 000 төгрөг зээлсэн. Нийлээд 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 2018 оны 5 дугаар сарын 07 хүртэл хугацаагаар авсан. Би зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол ХД 43-92 тоотод байрлах 2 өрөө байр барьцаалсан. Ах н.Алтанболд нь хувийн эзэмшлийн хашаа, байшин буюу дэлгүүр хоршоогоо зараад 2016 оны 01 дүгээр сард Хаан банкны 127 000 000 төгрөгийн зээлийг хаахад нь Д.Баярсайхан бид хоёр цуг төлөлцөх ёстой байсныг ах н.Алтанболд нь өөрийн хөрөнгөө зарж төлсөн учир Д.Баярсайхан бид хоёр ах н.Алтанболдод 50 000 000 төгрөгийн өртэй үлдэж байгаа юм. Энэ өрийг Д.Баярсайхан төлөлцөх ёстой. Д.Баярсайхан бид хоёр дүү н.Ариунболдтой аман болон гар бичмэл гэрээ хийсний дагуу 43-92 тоотод байрлах 2 өрөө байрыг дүү н.Ариунболдод шилжүүлсэн. Иймээс О.Алтанхундага, Д.Баярсайхан бид хоёрын хууль ёсны өмч биш юм. Шүүх 50 000 000 төгрөгийг н.Алтан-Эрдэнэ, Д.Баярсайхан хоёрт өгөх үндэслэлгүй. Д.Баярсайхан бид хоёрын үндсэн хөрөнгө болох малаа нэг бүрчлэн үнэлж, дундын өмчөө нэг мөсөн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

         1. Гэрч О.Ариунболд шүүх хуралдаанд “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 43 дугаар байрны 92 тоот орон сууцыг би төрсөн ах О.Алтанхундагад 2013 оны 4 дүгээр сард худалдсан. Ах Алтанхундага “уг байрыг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ХААН банкинд зээлийн барьцаанд тавьсан. 2014 оны 6 дугаар сарын 30-нд ах О.Алтанхундага, бэр эгч Д.Баярсайхан нар над дээр ирж уулзаад, ахынхаа Сонгинохайрхан дүүргийн байрыг чи худалдаж аваач, ахынх нь байр ХААН банкны барьцаанд байгаа, барьцаанаас чөлөөлөөд чиний нэр дээр шилжүүлье. Би Хан-Уул дүүрэг дэх чиний байрыг зараад амьдралдаа хэрэглэж байя” гэсэн хүсэлт тавьсан юм. Би энэ хүсэлтийг хүлээн авч Хан-Уул дүүрэг дэх өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа 68 000 000 төгрөгөөр зарж уг 68 сая төгрөгийг ах О.Алтанхундага, бэр эгч Д.Баярсайхан нарт бэлнээр өгсөн юм. Энэ 68 сая төгрөгийг ах, эгч 2 амьдралдаа зарцуулаад юм аваад идэж уугаад дуусгасан юм билээ” гэж мэдүүлсэн бөгөөд 43-92 тоот 2 өрөө орон сууцнаас хувь тэнцүүлэн Д.Баярсайхан, хүү А.Алтан-Эрдэнэ нарт ногдох 50 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

         2. Д.Баярсайхан нэхэмжлэлдээ О.Алтанхундага, хүү А.Алтан-Эрдэнэ гуравын үндсэн хөрөнгө болох 3 азарга адуу, 25 тооны үхрийг зориуд нэхэмжлээгүй орхигдуулсан нь шударга бус байна. Иймд 3 азарга адуу, 25 тооны үхрийг орон нутгийн ханшаар нэг бүрчлэн үнэлж, хүн бүрт ногдох хөрөнгийг тодорхойлох шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаан нэг мөр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь хариуцагч О.Алтанхундагад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн эд хөрөнгө болох орон сууцнаас  өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь  маргаж буй орон сууцыг бид худалдаж мөнгийг хэрэглэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

          Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Гэрлэгчдийн болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс гэр бүлийн хөрөнгө бүрдэх бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлахад гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар маргаж байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох журамтай.

 

           Зохигчдын маргаж буй гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 32 дугаар байрны 27 тоот орон сууцны талаар Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулсан баримт хэрэгт авагдаагүй, “ХААН” банкнаас ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой нотлох баримт болохгүй юм. Иймд Иргэний хэргийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар 27 тоот орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр олж авсан үл хөдлөх эд хөрөнгө буюу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

         Түүнчлэн хариуцагч Д.Баярсайхан нь “...хадмын маллаж байгаа малыг дундын эд хөрөнгүүдэд тооцуулах...” талаар тайлбар /хх-24-25/ гаргасан байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Эдгээр мал нь гэр бүлийн дундын өмчлөлд хамаарах эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой болно.

 

         Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шийдвэрлэнэ. 

 

         Хэрэгт авагдсан Х.Отгончимэгийн мэдүүлэг /хх-4/, мөн “Ачтан-Элит” эмнэлгийн тодорхойлолт, карт /хх-7-9/ гэх баримтад дурдсан үйл баримтад хариуцагч О.Алтанхундага буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад шүүх гэрлэгчдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй гэж дүгнэж, улмаар үзэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Баярсайхан, О.Алтанхундага нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Мөн нэхэмжлэгч Д.Баярсайхан нь шүүхэд нэхэмжлэл гаргах /хх-1-2/-даа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу тусдаа амьдрахыг даалгах, уулзахаар оролдохыг хориглох тухай хүсэлт гаргасныг огт шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

          Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Алтанхундагаас давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ           

 

                                                                                                     Д.БАЙГАЛМАА