Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00150

 

Х.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1492 дугаар магадлалтай,

 

Х.Батсайханы нэхэмжлэлтэй,

Г.Хонгорхүүд холбогдох,

 

278.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Батсайхан, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч О.Дарханбаатар, өмгөөлөгч Т.Баясгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Хонгорхүү нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 65.000.000 төгрөг болон 200.000 юаныг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр хоёр Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан нэг бүрчлэн тоолж бэлнээр хүлээн авч, барьцаанд 89-33 УНД улсын дугаартай Фолксваген, 77-38 УИД улсын дугаартай Бенз S 550 автомашинууд, 000477701 дугаар гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замын 58 дугаар гудамж 2 тоот хаяг байршилтай 480 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 22-ын товчооны баруун талд байршилтай гэр бүлийн хамтын хэрэгцээний 800 м.кв газар зэргийг барьцаанд тавьсан. Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг огт гүйцэтгээгүй. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр А.Мөнх-Эрдэнийг байлцуулан уулзахад, нийт төлбөрийн хэмжээг 278.000.000 төгрөг байна гэж тооцон тодорхойлолт, баталгаа, зээл төлөх графикийг үйлдэж надад өгсөн хэдий ч зээл авснаас хойших 2 жил 5 сарын хугацаанд огт төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээнүүдийг Г.Хонгорхүү өөрөө миний ажил дээр ирж, түүний хүсэлт санаачлагаар хийсэн тул ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн гэх, урьд нь бидний хооронд ямар нэг гэрээ хийгдэж байгаагүй тул өөр гэрээг халхавчлах зорилго агуулсан гэх зэргээр хууль зөрчигдөөгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.Хонгорхүүд 65 сая төгрөг, 200.000 юанийг зээлдүүлсэн, түүнээс хойш удаа дараа тооцоо нийлэхэд хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 278.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн баталгаа, график гаргаж өгсөн. Үүнээс хойш буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 2 сая төгрөгийг төлсөн учраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бусдаас авах авлага гэдэгт Г.Хонгорхүүгээс авах авлага 276.000.000 төгрөг гэж бичсэн.

Иймд Г.Хонгорхүүгээс 278.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Хонгорхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Батсайхан, Г.Хонгорхүү нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу зээлийн гэрээний доод талд нотариатч өөрөө мөнгөн дэвсгэртийн тоо ширхэг, нийт үнийн дүнг бичсэн байдаг. Гэвч миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х.Батсайханаас 65.000.000 төгрөг болон 200.000 юань хүлээж аваагүй. Үүнийг Зээлийн гэрээг гэрчилсэн нотариатч мэдэж байсан бөгөөд тухайн үед нь Х.Батсайханд энэ нь хууль бус талаар тайлбарлаж байсан. Гэсэн хэдий ч иргэн Х.Батсайхан нь зүгээр ингээд хийж болно гэснээр энэхүү зээлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгосон мэт гэрээг бичин надаар гарын үсэг зуруулсан. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Х.Батсайханаас нэг ч төгрөг, юань аваагүй тул Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан буцаан төлөх үүрэг хүлээхгүй. Зээлийн гэрээний дагуу байгуулсан гэх барьцааны гэрээний зүйл болох 89-33 УНД улсын дугаартай Волксваген маркын авто машин нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Экокапитал ББСБ ХХК-тай байгуулсан 15-272 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15-272 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу эзэмшил өмчлөл нь шилжсэн эд хөрөнгө юм. Мөн 77-38 УНД улсын дугаартай Бенз 8550 автомашин нь Есөн шижир ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжсэн хөрөнгө байдаг. Иймээс дээрх 2 хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслийг барьцаалсан үйл баримт нь хууль ёсны нотлох баримт биш юм. Мөн зээлийн гэрээний барьцаа болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, товчооны зам 58 дугаар гудамж 2 тоот хаягт байрлах 480 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэсэн. Хэдийгээр барьцааны гэрээ байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа байхгүй байхад байсан мэтээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.-д Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасан бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Баянгол дүүргийн 207 дугаартай нотариатч гэрчилсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Г.Хонгорхүү нь Х.Батсайханаас 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 100.000 юань, 15 сая төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 20 сая төгрөгийг тус тус зээлж нийт 71.073.000 төгрөгийг авсан. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 7 сая төгрөг төлсөн. Одоо нийт 64.073.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 7 сая төгрөгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн болон барьцааны гэрээний дагуу аливаа үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан Г.Хонгорхүүгээс 276.000.000 /хоёр зуун далан зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Х.Батсайханд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.547.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.537.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Батсайханд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1492 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 15 өдрийн 181/ШШ2019/01161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.217.585 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1492 дугаартай магадлалыг тус тус эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Зээлийн гэрээнд заасан ёсоор мөнгө хүлээлгэн өгсөн өгсөн бол яагаад зээлийн гэрээнд заасан арга аргачлалаар тооцохгүйгээр буюу тооцооллоос хол зөрүүтэйгээр нэхэмжилж байгаа нь 2016 оны 10-р сарын 06-ны өдөр бодитоор зээл өгөөгүй гэдгээ ухамсарласны илрэл бөгөөд энэ үйлдлээрээ тухайн өдөр мөнгө өгөөгүй болохыг тодорхой харуулж байна. Анхан шатны шүүх 276,000,000 төгрөгийг яаж бодож, ямар үндэслэлээр, ямар баримтад тулгуурлан хангаж шийдвэрлэж буй талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн Х.Батсайхан, Г.Хонгорхүү нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний тухайд: Г.Хонгорхүү би Х.Батсайханаас 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 100,000 юань, 15,000,000 төгрөг, 2016 оны 6-р сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 6-р сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 71,073,000 төгрөгийг зээлж авсан юм. Уг зээлсэн мөнгөнөөсөө 7,000,000 төгрөгийг төлсөн, Үлдэгдэл төлбөр нь 64,073,000 төгрөг болсон юм. Дээрх мөнгийг төлөөгүй байсан учраас зээлсэн нийт мөнгийг тооцож Х.Батсайхан нь дээрх төлбөрөө баталгаажуулж зээлийн гэрээ хийе гэсэн санал тавьсны улмаас 2016 оны 10-р сарын 06-ны өдөр 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээг сүүлд байгуулсан. Зээлийн гэрээг сүүлд нь нөхөж байгуулсан нь үнэн, гэрээний доод хэсэгт 65,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж бичсэн боловч 2016 оны 10-р сарын 06-ны өдрөө бодит байдал дээрээ 65,000,000 төгрөгийг Г.Хонгорхүү огт аваагүй юм. Харин Зээлийн гэрээнд Г.Хонгорхүү гарын үсэг зурсан, урьд зээлийн тооцоотой байсан, амаар тохиролцож зээлдсэн өр, төлбөрөө баталгаажуулан бичгээр үйлдсэн баримт гэж үзэхээр байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүйгээр шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Г.Хонгорхүү би 2016 оны 10-р сарын 06-ны өдөр Х.Батсайханаас 200,000 юань огт аваагүй. Харин 2016 оны 5-р сарын 07-ны өдөр 100,000 юань авсан байсан. Үүнийгээ өгөөгүй байсан болохоор Х.Батсайхан нь 65,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийдэг өдөр мөн л өр төлбөрөө баталгаажуулж зээлийн гэрээ хийе гэсэн санал тавьсны улмаас 2016 оны 10-р сарын 06-ны өдөр 200,000 юанийн Зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан. Х.Батсайхан нь чи надаас мөнгө зээлсэн биз дээ одоо надад бичиг хийж өг гэж дарамтыг үзүүлж, гарын үсэг зур гэх шаардлагыг удаа дараа үзүүлж байсан болохоор Г.Хонгорхүү би 2 бичигт гарын үсэг зурсан. Нэхэмжлэлд А.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний нэр дурдагдаж байгаа. Тэр хүнтэй хамт сүрдүүлэх маягтай шахаж шаардаж байж бичүүлж авсан. Нөгөө талаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох тээврийн хэрэгслүүд нь тухайн гэрээ хэлцлийг хийх үед гуравдагч этгээд болох 2 өөр Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Мөн барьцаанд тавьсан гэх үл хөдлөх хөрөнгө нь Голомт банкны зээлийн барьцаанд байсан буюу гэрчилгээ нь банкинд эх хувиар хадгалагдаж байгаа болно. Эндээс үзвэл бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалж барьцааны гэрээ хийнэ гэдэг нь хууль зүйн хувьд боломжгүй. Ийм байхад нотариат нь энэ гэрээ хэлцлийг хийсэн нь анхнаасаа хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан. Шүүх шүүхийн шийдвэртээ тооцоо нийлсэн байна гэж дүгнэж буй нь ойлгомжгүй байна. Учир нь талууд уг баримт нь дээр тооцоогоо нийлээд гарын үсгээ зуралцаад хүлээн зөвшөөрсөн зүйл огт байхгүй байхад шүүх мөн л үүнийг анхааралгүйгээр дээрх 2 бичгийг шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болгож байгаад гомдолтой байна.

Г.Хонгорхүү би Г.Батсайханд 7,000,000 төгрөгийг төлсөн нь нотлогдсон байхад яагаад 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь мөн л шүүхийн алдаа юм. 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулахаас өмнө Х.Батсайханаас дээрх мөнгийг зээлсэн байсан нь тогтоогдож байхад үүнийг буруу ташаа ойлгон олон олон зээлийн харилцаа байсан гэж үзэн өмнөх зээлийн харилцаатай маргаагүй гэж дүгнэж буй нь гайхалтай бөгөөд ойлгомжгүй байна. Харин ч бүр эсрэгээрээ хариуцагч талаас энэхүү үйл баримтыг иш үндэс болгон маргаж байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Магадлалдаа нотлох баримт дутуу, Нотариатын үйлдэлтэй маргаагүй гэж дүгнэсэн байна. Хариуцагчийн зүгээс Нотариатын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хариу тайлбартаа дурдсан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүх энэхүү тайлбарыг хүлээн аваагүй байна. Нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн мөнгө хүлээлцсэн болон тооцоолол хийсэн баримтыг хариуцагчийн цахим шууданд үзлэг хийх замаар бэхжүүлж авсан хэдий боловч нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Энэ нь нэг талыг барьсан шийдвэр гаргах үндэслэл болсон байна. Нэхэмжлэгч Х.Батсайханы зүгээс өмнө нь зээлийн харилцаатай байсан талаарх маргаантай нөхцөл байдлыг ... өмнөх мөнгөө бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа бол.. баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч энэ талаар ямар ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, тэгэх ч боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарын гарын үсэг бүхий баримт нь энэхүү зээлийн үнэн бодит тооцоо юм. Ингээд шүүх хэдэн төгрөгийн үндсэн зээл, хэдэн төгрөгийн хүү, хэдэн төгрөгийн алданги, 200,000 юанийг ямар ханшаар бодож 276,000,000 төгрөгийг Г.Хонгорхүү надаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 5-р сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1492 дугаартай магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Х.Батсайхан нь Г.Хонгорхүүгээс 278.000.000 төгрөг нэхэмжлэхдээ үндэслэлээ зээлийн төлбөр гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө ...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

 

Анхан шатны шүүх ....зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн... гэж дүгнэн, нэхэмжлэлээс 276.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...нийт 71.073.000 төгрөг зээлсэн, ...64.073.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, ...зээлийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан, ...65.000.000 төгрөг, 200.000 юан аваагүй, ...сүрдүүлэх маягтай шахаж тодорхойлолт гэх 2 бичгийг бичүүлж авсан, ... гэсэн үндэслэл заажээ. 

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах баримт хэрэгт авагдсан байна. Үүнд:

 

а/ 2016.10.06-ний өдрийн гэрээгээр Х.Батсайхан нь Г.Хонгорхүүд 65.000.000 төгрөгийг 5 сарын хугацаагаар, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох,

 

б/ 2016.10.06-ний өдрийн гэрээгээр Х.Батсайхан нь Г.Хонгорхүүд 200.000 юаныг 5 сарын хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор тохирсон.

 

в/ Дээрх зээлийн гэрээний үүрэгт Г.Хонгорхүүгийн өмчлөлийн 89-33 УНД улсын дугаартай, Фолксваген маркийн автомашин, Мөнхцуурайт ХХК-ийн 77-38 УНД улсын дугаартай Бенз S 550 маркийн автомашиныг тус бүр 30.000.000 төгрөгөөр үнэлж, мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 480 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Барьцааны гэрээ,

 

г/ Г.Хонгорхүү нь зээлийн төлбөрт 289.385.098 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 18-ний дотор төлж барагдуулахаар тохирч, гарын үсэг зурсан 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Тодорхойлолт,

 

д/ Г.Хонгорхүү нь зээлийн төлбөрт 278.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 15-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээж, гарын үсэг зурсан 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн Тодорхойлолт

 

е/ Гэрч Ш.Пүрэвсүрэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг / хэргийн 5-9, 14-15, 80-83 дугаар тал/

 

2. Хоёр шатны шүүх зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.1. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан гэрээнд заасан мөнгийг хариуцагчид шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд нэхэмжлэгч зээл олгосноо, хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус тус нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зээлийн гэрээний талаар нэхэмжлэгч ...өмнө нь авсан зээлийг буцааж төлсөн, ...2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр 65.000.000 төгрөг болон 200.000 юан тус тус зээлж, гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн, ...хариуцагч төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлж, хэсэгчлэн төлөхөөр тохирч баталгаа гаргасан... гэсэн тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүйгээс гадна гэрээ болон төлбөр төлөх тухай баримтад гарын үсэг зурсан нь тогтоогджээ.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулж болох ба бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

 

Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний зорилго, гол нөхцлийг тодорхой тусгаж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх ба шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 281 дүгээр зүйлийн 281.1-т нийцсэн байна. 

 

2.2. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, мөн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Гэрээний зүйл болох 65.000.000 төгрөг /20.000х3250 ширхэг/ болон 200.000 юан /100х2000 ширхэг/-ыг дэвсгэртээр нь зээлийн гэрээнд тодорхой тусгасныг хариуцагч үгүйсгээгүй байх тул зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 211 дүгээр зүйлийн 211.1-г зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, харин хариуцагч уг мөнгийг буцаан өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нотлоогүй гэж үзнэ.

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхээр бүрдүүлсэн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

 

Хариуцагч өөрийн төлбөл зохих зээлийн хэмжээг 2 удаа тодорхойлж, энэ тухай баримт үйлдсэн, 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн баримтаар 278.00.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, үүнээс 2.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлээс 276.000.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч тодорхойлолт гэх баримтыг нэхэмжлэгчийн дарамт шахалтаар хийсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ...Г.Хонгорхүү нь Х.Батсайханаас 2016 оны 5 дугаар сарын 07-ний өдөр 100.000 юан, 15 сая төгрөг, 6 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 6 дугаар сарын 16-ний өдөр 20 сая төгрөг тус тус хүлээн авсан, 2016 оны 7 дугаар сарын 07-ний өдөр 7 сая төгрөг буцааж төлсөн гэсэн тайлбар гаргаж, Г.Хонгорхүүгийн гар утсаар авсан 2 ш фото зургийг ирүүлсэн, шүүх түүний хүсэлтээр mon_khongor @yahoo.com мэйл хаягт үзлэг хийж тэмдэглэл хөтөлжээ /хэргийн 54, 57-58, 84-91 дүгээр тал/.

 

О.Дарханбаатар нь 2019.4.1-ний өдрийн итгэмжлэлээр Г.Хонгорхүүг 3 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхтэй байх бөгөөд давж заалдах шүүх ...хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь хэд хэдэн удаа мөнгө зээлж байсан, 7 сая төгрөг нь 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн гэрээтэй хамааралгүй байна... гэж хариуцагчийн тайлбарын талаар дүгнэлт хийсэн нь буруу биш байна. 

 

4. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан автомашин болон үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна.

 

Түүнчлэн барьцааны зүйл болох автомашинаас зээлийн төлбөр тооцсон гэх агуулга нэхэмжлэлд тусгагдаагүй байна.

 

     Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01161 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1492 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 1.217.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ