Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01060

 

“Д Ф ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1118 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Г, М.Бнарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127 139 445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч М.Б-ны гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г, М.Бнар нь тус байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ13/12/115 тоот зээлийн гэрээний дагуу 59 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Мөн ЗБГ/13/12/115 тоот барьцааны гэрээ байгуулж М.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004924 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байхаар тохиролцсон ч зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал болон удаа дараагийн хүсэлт зэргийг харгалзан үзсэн. Иймд зээлдэгч М.Г, М.Бнараас үндсэн зээлийн үлдэгдэл 58 099 247 төгрөг, хүү 40 984 811 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 709 235 төгрөг, нийт 107 693 293 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн хүүг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай байгууллага нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүү 16 205 126,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 241 025,33 төгрөг, нийт 19 446 151,97 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч М.Г, М.Бнараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд нийт 127 139 445 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн хариуцагч нар нь сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахaap шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий гээд мөн эсэх нь тодорхойгүй байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь уг тусгай зөвшөөрлийн хавсралтуудын хамт хүчин төгөлдөр байдаг ба тусгай зөвшөөрөлд уг тэмдэглэл бичигдсэн байдаг. Нэгэнт нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байх тул маргааны үйл баримтын талаар хариу тайлбар гаргах боломжгүй. Учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зохицуулалтай. Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь нотлох баримтыг өөрсдөө цуглуулж шүүхэд ирүүлэх ёстой. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхээс хамаарч маргааныг хянан шийдвэрлэх материаллаг хуулийн зохицуулалтууд ч тодорхой болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч М.Г, М.Бнараас 125 723 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 415 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 951 597,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г, М.Бнараас нийт 786 567 гаргуулан “Д Ф ББСБ”ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Г, М.Бнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004924 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдаж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч М.Г, М.Бнарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 25873 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1118 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г, М.Бнараас 121 875 232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 264 213 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “786 567” гэснийг “767 326” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч М.Бгомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Бжурмаар гаргасан гомдолдоо: Гэрээний 1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 0.8 хувь байхаас үл шалтгаалж, уг 0.8 хувийн хүүг үндсэн өрийн үлдэгдлээс тооцохоор гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэх заалтыг зөрчсөн, талууд нэмэгдүүлсэн хүүгийн нөхцлийг тус гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээний 1.3 дахь заалт нь хуулийн дээрх заалтуудтай нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагаас 10 950 260 төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, маргааны үйл баримтын талаарх шүүхийн эрх зүйн дүгнэлт хуульд нийцсэн тул “ ...нэмэгдүүлсэн хүү 10 950 260 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “Д Ф ББСБ”ХХК нь хариуцагч М.Г, М.Бнараас зээлийн гэрээний үүрэгт 107 693 293 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг 19 446 151 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэж маргажээ. “Д Ф ББСБ”нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа зөвшөөрөлтэй, уг үйл ажиллагааг явуулж байгаа болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт баримтаар тогтоогджээ. /хх-13-17, 49-51, 91/

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 59 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204004924 дугаартай, 000041633 дугаарын гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байр, 200 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан ба зээл болон барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нар нь зээлийн мөнгийг хүлээж авсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэйгээс гадна хугацаа хэтрүүлсэн учир гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хариуцагч нарын биелүүлбэл зохих үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч М.Год 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан, хариуцагч М.Б-ныг шүүхэд удаа дараа дуудсан боловч ирээгүй, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан /хх-40,42, 72/, 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 11 сарын дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шүүх хариуцагчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1118 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч М.Баярсайханаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА