Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1118

 

“Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 127 139 445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Цолмонбат,

Хариуцагч М.Баярсайханы өмгөөлөгч Т.Онон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ганболд, М.Баярсайхан нар нь тус байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ13/12/115 тоот зээлийн гэрээний дагуу 59 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн. Мөн ЗБГ/13/12/115 тоот барьцааны гэрээ байгуулж М.Ганболдын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны 200 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004924 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байхаар тохиролцсон ч зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал болон удаа дараагийн хүсэлт зэргийг харгалзан үзсэн.

Иймд зээлдэгч М.Ганболд, М.Баярсайхан нараас үндсэн зээлийн үлдэгдэл 58 099 247 төгрөг, хүү 40 984 811 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 709 235 төгрөг, нийт 107 693 293 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн хүүг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай байгууллага нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны хүү 16 205 126,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 241 025,33 төгрөг, нийт 19 446 151,97 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд нийт 127 139 445 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн хариуцагч нар нь сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахaap шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий гээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь уг тусгай зөвшөөрлийн хавсралтуудын хамт хүчин төгөлдөр байдаг ба тусгай зөвшөөрөлд уг тэмдэглэл бичигдсэн байдаг. Нэгэнт нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байх тул маргааны үйл баримтын талаар хариу тайлбар гаргах боломжгүй.

Учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зохицуулалтай.

 Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь нотлох баримтыг өөрсдөө цуглуулж шүүхэд ирүүлэх ёстой. Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхээс хамаарч маргааныг хянан шийдвэрлэх материаллаг хуулийн зохицуулалтууд ч тодорхой болох юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нараас 125 723 446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 415 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 951 597,25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нараас нийт 786 567 гаргуулан “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 200 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004924 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдаж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 25873 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Баярсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн зээлийн төлбөрийн тооцооны хуудаст хариуцагч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 809 333 төгрөг төлсөн байтал шүүх 1 415 999 төгрөг төлсөн хэмээн үзэж, 3 93 334 төгрөгийг хасч тооцоогүй алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан 2013 оны №ЗГ13/12Я15 тоот зээлийн гэрээний 1.3-т “Нэмэгдүүлсэн хүү: 30 хоногт 0.8 хувь /нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно/” хэмээн заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны №ЗГ13/12/115 тоот зээлийн гэрээний “Зээлийн ерөнхий нөхцөл”-ийг дээрх байдлаар тодорхойлж, зээлийн гэрээ байгуулсан гэрээний 1.3 дахь заалт нь гэрээний гол нөхцөл билээ.

Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний 1.3 дахь заалт нь Иргэний хуулийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т нийцэж байгаа эсэхэд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны №ЗГ13/12/115 тоот зээлийн гэрээний 1.3 дахь заалт нь дээрх байдлаар хууль зөрчсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийн нэмэгдүүлсэн хүү болох 10 950 260 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтүй болно.

Иймд нэхэмжлэлийн нийт шаардлагаас 1 809 333 /төлсөн нэмэгдүүлсэн хүү/ + 10 950 260 /төлөх ёстой гэх нэмэгдүүлсэн хүү/ = 12 759 593 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.

2. Хэрэг хянан шийдвэр ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс М.Баярсайхан, М.Ганболд нарт холбогдуулж, нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.Баярсайханд холбогдох хэсгээс татгалзсан, мөн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч М.Баярсайханаас дахин татгалзах хүсэлт гаргасан ба эдгээр хүсэлтийг шүүх хуралдааны явцад дахин гаргасан.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, хариуцагч М.Баярсайханд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хүсэлтийг хүлээн авч дээрх байдлаар шийдвэрлээгүй орхигдуулсан байдаг.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч М.Баярсайханаас татгалзсан хүсэлтээсээ татгалзаж, хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан ба шүүхийн зүгээс өмнөх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгч өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзах нөхцлийг бүрдүүлж, төлбөр гаргуулах үндэслэлийг бүрдүүлсэн.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба барьцаа хөрөнгө нь нэр бүхий 3 иргэний өмч байдаг бөгөөд зээлийн барьцааны гэрээнд өмчийн эзэн болох Ч.Мөнхзул, Г.Мөнхбат нар гарын үсэг зураагүй байдаг ба эдгээр этгээдээс зээлийн барьцаа хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэл олгогдсон эсэх нь тодорхойгүй ба шүүх дээрх итгэмжлэлийг хэрэгт хавсаргалгүйгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нэхэмжлэлийн хангагдсан шаардлагаас 12 759 593 төгрөгийг хасч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны №101/ШШ2017/00655 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК нь хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 107 693 293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 19 446 151 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагч М.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч, нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргажээ.

/хэргийн 89 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нар нь 59 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204004924 дугаартай, 000041633 дугаарын гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 6 дугаар байр, 200 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. /хэргийн 5-10 дугаар тал/

 

Дээрх 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.4Б-д “гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй” гэж, мөн 3.2.1Б-д гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцож төлүүлэх эрхтэй гэж тус тус заасан ба мөн гэрээний 1.3-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 0.8 хувь байхаар талууд гэрээндээ тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан “нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх” тухай, болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.”, 25 дугаар зүйлийн 2-т “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана.” гэсэн заалтуудад тус тус нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээндээ нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь үндсэн хүүгийн хэмжээний 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтыг зөрчөөгүй, үндсэн зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцох нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймээс хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрт нийт 80 240 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 23 522 080 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 94-102 дугаар талд авагдсан кассын орлогын баримтуудаар тогтоогдсон ба зээлийн үлдэгдэл 56 717 920 төгрөг болж байхад нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд төлсөн дээрх төлбөрөөс 1 809 333 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцон хасаж, зээлийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэхэмжилснийг анхан шатны шүүх буруу тооцож, хариуцагч нараас нийт 125 723 446 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. Тодруулбал, гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусах үеийн үлдэгдэл зээлийн төлбөрөөс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох юм.

 

Иймд хариуцагч нарын гэрээний хугацаанд төлсөн 23 522 080 төгрөгийг гэрээний хугацаандах зээл, хүүгийн төлбөр болох 80 240 000 төгрөгөөс хасаж, үлдэх 56 717 920 төгрөгийн хэсгээс хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссан 2014 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 23 сар 28 хоногоор тооцож, хариуцагч нараас хэтэрсэн хугацааны хүү /56 717 920 х 4% = 2 268 716 x 23 сар 28 хоног/ 54 297 930 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү 10 859 586 төгрөг, нийт 121 875 232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Т.Пүрэвбазар, Б.Энх-Амгалан нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд төлөөлөн оролцох эрх бүхий итгэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр олгосон байх бөгөөд хариуцагч М.Баярсайхан нь БНСУ-д амьдарч байгаа гэх үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 2016 оны 4 дүгээр сарын 20, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус тус татгалзсан тайлбар гаргасан боловч түүнийг Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлтээсээ 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр татгалзаж, улмаар шүүхээс түүнд нэхэмжлэлийн хувийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгчээ.

/хэргийн 4, 24, 33, 52, 108, 109, 107 дугаар тал/

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг тогтоосон хугацаанд шүүхэд гаргаагүй, шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасны дагуу хариуцагчийг байлцуулахгүй шүүх хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Мөн барьцааны зүйл болох орон сууцны хамтран өмчлөгч Ч.Мөнхзул, Г.Мөнхболд нар нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд тэдний гарын үсэг биш гэх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө нэмэгдүүлсэн хүү тооцсон гэх хариуцагч М.Баярсайханы давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ганболд, М.Баярсайхан нараас 121 875 232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 264 213 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “786 567” гэснийг “767 326” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч М.Баярсайхан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                                                        ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                                            С.ЭНХТӨР