Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01062

 

Л С Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л С Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ү болон БЗД-ийн Б Х-т тус тус холбогдох,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А, Б.Ү нарын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ тус бүрийг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг газрын өмчлөх эрхийг М.Сын нэр дээр бүртгэхийг Нийслэлийн БЗД-ийн Б Х-т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнайгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, гуравдагч этгээд М.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л С Н нь 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн Д.Эрдэнэчулуунаар зуучлуулан М.Сын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгий 1 дүгээр гудамжны 0 тоотод байрлах 678.99 м.кв талбайтай газрыг харилцан тохиролцож 21 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Газар худалдаж авсан 21 000 000 төгрөгийг Л С Н нь М.Ст бэлнээр хүлээлгэн өгсөн. Гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй байсан учир Л С Н нь өөрийн байрлаж байсан "Гүүд моонин" зочид буудлын ажилтан Я.Тийг гуйж түүний нэр дээр уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахын тулд М.С, Я.Т нарын хооронд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уг газрыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ байгуулуулсан байдаг. Уг газрын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлсэн Я.Т БНСУ-д байсан учир Л С Н нь өөрийн менежер Б.Үгийн нэр дээр тухайн газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг авахаар болсон ба 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Ү нь Солонгос Улсын Сөүл хот дахь Монгол Улсын консулын газар очиж тухайн маргаан бүхий газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг Я.Тээс авсан. Энэ итгэмжлэлийн дагуу Б.Ү маргаан бүхий газрыг өөрийн дүү Б.Аын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн 4 хоногийн дараа 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буцаагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байдаг. 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ү нь Л С Нд дээрх газрыг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн байсан ба тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Л С Нд хадгалагдаж байсан. 2012 оны 8 дугаар сарын сүүлээр Л С Н итгэмжлэлийнхээ дагуу тухайн газрыг өөрийн итгэлтэй хүний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Б.Ү газар өмчлөлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүсэлт гаргаж дахин шинэ гэрчилгээ гаргуулж Л С Нд олгосон итгэмжлэлээр газар шилжүүлэхийг хориглох хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан байсан. Б.Үтай ярьж тухайн газрын нэрийг шилжүүлэн авахаар хэлэхэд газрыг өгөхгүй гэж хэлсэн. 2013 оны 1 дүгээр сарын дундуур Б.Ү Л С Н руу залгаж би Австрали улс руу сурахаар явлаа надад сургалтын төлбөр болгож 20.000 ам.доллар өг, 20.000 ам.доллар өгвөл газрыг чинь шилжүүлэн өгнө. Үгүй бол энэ газрыг ломбарданд тавиад мөнгө зээлж аваад явлаа гэж дарамталсан байдаг. Үүний дагуу Л С Н нь Б.Үд 10 000 доллар өгөөд явуулсан байдаг. Б.Ү энэ мөнгийг аваад 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Ан Сон Илд уг газрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн байдаг. Л С Н нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэл болон газрын гэрчилгээг авч Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар очиж шалгуулахад Б.Ү 2013 оны 9 дүгээр сард гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж дахиж аваад Ан Сон Илд олгосон итгэмжлэлийг дахин хүчингүй болгосон хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын албанд өгсөн байсан. Үүнээс Б.Үг энэ газраа буцааж өгөхгүй гэдгийг мэдсэн учир Л С Н 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсээс Б.Үд 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд прокурорын байгууллагаас удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх хэлцлүүдийн улмаас Л С Нын эрх зөрчигдөж байна. Энэ газрыг худалдаж авсан гол зорилго нь үйлчилгээний зориулалттай барилга барих байсан. Энэ нь Монгол Улсын хуулиар хориглосон асуудал биш юм. Иймд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М.С, Я.Т нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Ү, Б.А нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.А, Б.Ү нарын хооронд байгуулсан энэ хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг арилгуулахыг хүсч байна. Үр дагаврыг яаж арилгуулах вэ гэвэл анхны өмчлөгч М.Сын нэр дээр газар өмчлөх эрх очих ёстой гэж үзэж байна. Иймд М.Сын нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг БЗД-ийн Б Х-т даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оноос 2007 оны 4 дүгээр cap хүртэл Л С Нтай Солонгост хамт амьдарч байсан. 2006 оны 5 дугаар сард бид хоёр хамт бизнес хийхээр болсон. Би Монголд ирэх боломжгүй байсан учир Л С Н түрүүлж Монгол Улсад ирсэн. Би 2007 оны 4 дүгээр сард Монголд ирсэн. Л С Н нь 2006 оны 5 дугаар сард Монголд ирээд 20 орчим хоноод буцсан. Ингэхдээ 21 000 000 төгрөгийг бэлэн төлж М.Саас газар худалдаж авсан. Л С Н нь Солонгос Улсын иргэн учир газрыг өөрийн нэр дээр авч болохгүй байсан. Тухайн үед өөрийн байрлаж байсан "Гүүд моонин" зочид буудлын ажилтан Я.Тийн нэр дээр газраа худалдаж авахаар болсон. Уг газрыг худалдаж авсныхаа дараагаар Л С Н Солонгост буцаж ирсэн. Би 2007 оны 4 дүгээр сард Монгол Улсад ирж газартай холбоотой бизнес эрхлэхээр 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр компани байгуулсан. Үүний дараа энэ компанийг 2007 оны 10 дугаар сард гадаадын хөрөнгө оруулалттай болгож Л С Н хөрөнгө оруулалт хийн орж ирсэн. Бид 2012 оны 6 дугаар cap хүртэл хамтран бизнес эрхэлсэн. 2012 оны 6 дугаар сард бид муудалцаж хамтран ажиллахаа больсон. Л С Н бид хоёр 2006 оны 6 cap хүртэл хамтран ажилласан бөгөөд тэр компанид 10 000 ам.долларын хөрөнгө оруулсан байсан. Салахаасаа өмнө бид хоёр компанийн үйл ажиллагаагаа 2011 онд 60 000 ам.доллараар зарсан байсан. Ингээд "Юү би платинум” барилгын 6 дугаар давхарт 70 м.кв талбайтай оффисыг 190 000 000 худалдаж авсан. Энэ оффисын өмчлөх эрх Л С Нын нэр дээр байгаа. Салахдаа би газраа авч, Л С Н оффисоо авахаар тохиролцоод салсан. Бид 2 албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Би энэ газрыг Л С Нтай 2006 оноос хойш хамт амьдарч, хамтран бизнес хийж олсон мөнгөөрөө худалдаж авсан учир шударга өмчлөгч мөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч БЗД-ийн Б Хшүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Г-220400412 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 1 дүгээр гудамж, 0 тоот гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн М.С, С.Эрдэнэцэцэг, С.Баярмаа, С.Соёлмаа, С.Баярмагнай, С.Янжмаа, Б.Чимэдлхам нарын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Л.Туяацэцэгийн өмчлөлд, Л.Туяацэцэгээс олгосон итгэмжлэлийн дагуу Б.Үгаас 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Б.Аын өмчлөлд, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үгийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. Иргэн Б.Ү нь 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээг үрэгдүүлсэн мэдүүлэг гаргаж нөхөн олгосон байна. Уг газрын бүртгэл нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хууль дүрмийн дагуу хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байсан газрыг Л С Нд 21 000 000 төгрөгөөр худалдсан. Солонгос Улсын иргэнд газар өмчлөх эрх шилжих боломжгүй байсан учир тэрээр Я.Тийг дагуулан ирж бэлэглэлийн гэрээ байгуулж, түүний нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. М.С нь газрыг Я.Тийг худалдаж аваагүйг мэдэж байсан боловч гадаад улсын иргэн өмчлөх эрхгүйг мэдээд газар өмчлөх эрхийг Я.Тт шилжүүлсэн юм. Б.Үд газар өмчлөх эрхийг шилжүүлсэн Я.Т нь тухайн газрыг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдаж авсан хүн биш гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэхүү гэрээ хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Мёнпүм” ХХК болон Л С Н нар 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр тус компани нь 100 хувь хөрөнгө оруулан Л С Нын худалдан авсан газар дээр 270,8 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга барьж хамтран өмчлөхөөр болсон. Тухайн үед газар өмчлөх эрх Монгол Улсын иргэн Я.Тийн нэр дээр байсан бөгөөд Л С Н нь барилгын өөрт ногдох 50 хувийн өмчлөх эрхийг өөрийн орчуулагч, менежер Б.Үгийн нэр дээр гаргахаар тохирсон байдаг. Ингээд 2008 онд тухайн газар дээр гэрээний дагуу тохирсон барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд гэрээний дагуу манай компани Б.Үгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Л С Н нь барилга барьсан газрын өмчлөх эрхийг Я.Тээс Б.Үгийн нэр дээр шилжүүлсэн гэж байсан бөгөөд 2013 онд "Мёнпүм" ХХК-ийн зүгээс газар өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг Л С Нд тавьсан ба газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь манай компанид гаргаж өгсөн. 2013 оны 12 дугаар сард "Мёнпүм" ХХК-ийн захирал Хун Сун Гүн намайг дуудаад Баянзүрх дүүргийн газрын алба дээр очоод Б.Үтай уулзаад энэ газрыг өөрийн эхнэр Энхтуяагийн нэр дээр шилжүүлээд ир гэж явуулсан. Миний бие газрын алба дээр Б.Үтай уулзсан бөгөөд Б.Ү нь газрын гэрчилгээн дээрээс нэгж талбарын дугаар болон бусад мэдээллийг харж өргөдөл бичнэ гэж хэлээд надаас гэрчилгээг авсан. Гэтэл өргөдөл бичиж байснаа "би өнөөдөр Австрали Улс явна, ингэж байх зав алга" гэж хэлээд газрын гэрчилгээг эх хувиар нь аваад цүнхэндээ хийгээд явчихсан. Үүнээс хойш манай компани тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй яваад байгаа. Гэтэл Б.Ү нь тухайн газар дээр барьсан барилгын өмчлөх эрхийн 50 хувийг Л С Нын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамтран амьдрагч БНСУ-ын иргэн Ан Сон Илийн нэр дээр шилжүүлж улмаар Ан Сон Ил нь 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр "Мёнпүм" ХХК-д холбогдуулан 111 895 000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүхэд хандсан. Б.Үгийн нэр дээрх газар нь анх Л С Н мөнгийг нь төлж худалдан авсан газар гэдгийг манай компанийн эрх бүхий хүмүүс мэдэж байсан. Одоо Б.Үгийн нэр дээрх газрыг шилжүүлэн авах гэтэл Б.Ү өгөхгүй гэж маргалдаж байгаа бөгөөд дээрх газрыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих замаар авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Баянзүрх дүүрэгт байрлах "Гүүд моонин" зочид буудалд зохион байгуулагч ресепшнээр ажиллаж байсан. Өдөр хоногоо сайн санахгүй байна, 2006 оны 5 сарын орчим байх тухайн үед миний ажиллаж байсан буудалд байрлаж байсан Солонгос улсын иргэн Л С Н нь Монголд газар худалдаж авсан, гадаад улсын иргэн болохоор өөрийн нэр дээрээ гэрчилгээг нь гаргуулж болохгүй байна гэж ярьж байсан. Ингээд хэд хоногийн дараа Л С Н нь надад хандан худалдаж авсан газрынхаа гэрчилгээг чиний нэр дээр түр гаргуулмаар байна, тус болооч гэхээр нь би зөвшөөрч өөрийн нэр дээр гаргуулсан юм. Тухайн үед газрын эзэн гэх М.С гэгчтэй гэрээ хийж гарын үсэг зурсан. Өөрийн нэр дээр гарсан гэрчилгээг би хараагүй бөгөөд удалгүй БНСУ-д ажиллахаар явсан юм. Солонгост байж байтал 2008 оны намар 11 сарын үед Л С Н надтай холбогдоод нөгөө газраа уг газарт барилга барьж байгаа өөр компанид гэрээний дагуу шилжүүлэхээр боллоо манай менежер Үүрийнтуяа гэх эмэгтэйд итгэмжлэл хийж өгөөч гэхээр нь БНСУ-ын Сөүл хотын Монгол Улсын Элчин сайдын консулын газар очиход тэнд Л С Н байсан. Ингээд Үүрийнтуяа гэдэг хүний нэр дээр итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед итгэмжлэл хийхэд Л С Н ганцаараа байсан. Миний бие уг газрыг худалдан авахад ямар ч оролцоогүй бөгөөд Л С Нын худалдаж авсан газар гэдгийг л мэднэ, түүний гуйлтаар газар өмчлөх эрх бэлэглэсэн гэрээнд гарын үсэг зурж өөрийн нэр дээр гэрчилгээг нь түр байлгаж байгаад буцаагаад шилжүүлсэн. Миний хувьд өөрийн санаачилгаар М.Саас газар авахаар гэрээ, хэлцэл байгуулсан асуудал байхгүй. Урьд нь энэ талаар цагдаагийн байгууллагад ч мэдүүлэг өгсөн байгаа гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан аливаа шаардлага, тайлбар миний эрх ашиг хөндөөгүйн зэрэгцээ миний 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Ттэй, 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Үтай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаагүй гэдгийг тайлбарлаж байна. Дээрх гэрээнүүд нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоот 67.99 м.кв газрыг Б.Үгийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ү, Нийслэлийн Баянзүрх дуүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хоорондох 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А, Б.Ү нарын хоорондох 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг газрын өмчлөх эрхийг М.Сын нэр дээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Л С Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 050 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л С Нд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/01043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байршилтай 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн, Я.Т, Б.А нарын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А, Б.Ү нарын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ тус бүрийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг газрын өмчлөх эрхийг М.Сын нэр дээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Л С Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан М.С, Я.Т нар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргаагүй, эдгээр хүмүүсийн зөрчигдөөгүй. Гэрээнд оролцогч талууд өөрсдөө хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг нотолсон. Давж заалдах шатны шүүх ...уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг нэхэмжлэгч Л С Н мэдэж байсан тул... гэж дүгнэсэн нь газар өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хоорондоо зөрүүтэй дүгнэлт болсон. 2 шатны шүүх ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг хамтран амьдарч байсан нь нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан баримтад тулгуурлан тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Л С Н нь хариуцагч Б.Ү болон БЗД-ийн Б Х-т тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамж, 0 тоотод байрлах 678.99 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлсэн М.С, Я.Т нарын хооронд байгуулагдсан 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, Я.Т, Б.А нарын байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн, Б.А, Б.Ү нарын байгуулсан 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, газар өмчлөх эрхийг анхны өмчлөгч М.Ст шилжүүлэх агуулгатай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Л С Н нэхэмжлэлийн үндэслэлээ “… М.Сын өмчлөлийн газрыг худалдаж авахаар түүнтэй тохирч, үнэ 21 000 000 төгрөгийг би төлсөн, гадаад улсын иргэнд газар өмчлүүлэхгүй тул Я.Тийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж, дараа нь Б.Үгийн өмчлөлд шилжүүлсэн, тэдгээрийн хооронд дүр үзүүлсэн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан” гэж тодорхойлсныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.С, Я.Т, “Х К” ХХК-иуд дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Нэхэмжлэгч нь гадаадын иргэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д тус тус зааснаар газрыг өмчлөх эрхгүй, зөвхөн ашиглах эрхтэй бөгөөд бусад этгээдүүдийн хооронд хийсэн эдгээр хэлцлийн улмаас хохирсон, эрх ашиг нь хөндөгдсөн сонирхогч этгээд гэж үзэх үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь газрын өмчлөх эрхийг олж авах хуулийн боломжгүйгээс гадна М.Сыг төлөөлөөгүй тул түүний өмнөөс шаардлага гаргах нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т нийцээгүй байна.

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй бөгөөд ”...шүүх зөрчилтэй дүгнэлт хийсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА