Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0477

 

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг

бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын

прокурор М.Н-ын дүгнэлттэй

зөрчлийн хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хяналтын прокурор М.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0469 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч прокурор М.Н-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0469 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.17 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 2.1 дүгээр зүйлийн 2, 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.10 дахь заалтыг тус тус баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н давж заалдах гомдолдоо: “...

1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э, хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Одонтунгалаг нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/68 дугаартай “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, В чуулгын байранд үйл ажиллагаа явуулж байгаа “Д ж” ХХК-ийн “Э д” диско клубын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн.

Дээрх шалгалтаар “Д ж” ХХК-ий “Э д” диско клубын хоол үйлдвэрлэлийн явцад

- хөргөгчинд болгосон болон түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй,

- эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан талаар эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн холбогдогч Ц.Ц-ээс авсан мэдүүлэг зэрэгт тусгагдсан.

Эрх бүхий албан тушаалтан шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдэд “Д ж” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн” зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн шийтгэлийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж прокурорын дүгнэлт бичсэн.

Учир нь дээрх шалгалтаар илэрсэн 2 зөрчил нь хоол үйлдвэрлэлийн явцад хөргөгчинд болгосон болон түүхий хүнсний бүтээгдэхүүнийг төрөлжүүлж хадгалаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” буюу “Хоолны газрын нийтлэг журам”-ын 4.3-т “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанар, хадгалалтын нөхцөлийг харгалзан шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, агуулахад хадгална” гэснийг,

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалт “үйп ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй” буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ /4.1.20 “эрүүл ахуйн зохистой дадал” гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг/ гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн, хүн хуулийн этгээдэд гаргасан зөрчил тус бүрт нь шийтгэл оногдуулалгүйгээр зөвхөн өөрийн хяналт, чиг үүргийнхээ хүрээнд шийтгэл оногдуулахаар зөрчлийн холбогдогчид “Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн” зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулна” танилцуулан зөвшөөрүүлж, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Прокурорын дүгнэлт нь “Д ж” ХХК-ийн “Э д” диско клубын гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл ногдуулах шаардлагатай гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд хүргүүлсэн байхад дээрх нөхцөл байдалтай холбогдуулж шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр “Д ж" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байсан.

Тодруулбал, “Д ж” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтээр үүссэн энэхүү маргаан нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх бөгөөд тухайн хуулийн этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараах эрхтэй”, 2.6-д “...прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0469 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол бичив” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э нь “Д ж” ХХК-ийн “Э д” диско клубын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангуулахаар хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0146262 дугаартай шийтгэлийн хуудас[1]-аар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 500 нэгж /500.000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулжээ.

Ийнхүү шийтгэл ногдуулсныг Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н хянаад “Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 0146262 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, холбогдогч “Д ж” ХХК-д гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл ногдуулах ажиллагаа хийлгүүлэх”-ээр дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу анхан шатны шүүх тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “Д ж” ХХК-ийг татан оролцуулах шаардлагатай байжээ.

Тодруулбал, “Д ж” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтээр  үүссэн энэхүү маргаан нь  хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх бөгөөд анхан шатны шүүх “Д ж” ХХК /захирал Л.Б/-аас уг маргаантай холбоотой тайлбар[2]-ыг бичгээр авч хэрэгт хавсаргасан байх боловч тухайн хуулийн этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй”,  2.6-д “...прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор М.Н нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

 


ХХ-ийн 21 дүгээр хуудас

[2] ХХ-ийн 43 дугаар хуудас