Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01064

 

Ж.Г-нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 99 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Г-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х Т”ХХК, Д.Д, “Э У Д Т С”ОНӨХК-иудад холбогдох,

“Гэм хорын хохирол 25 450 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Х Т”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч З.Баттулга, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г би “Х Т”ХХК-ний барьсан 7-р хорооллын 5-р байрны 02 тоот байрыг 2014-04-04 ний өдөр Голомт банкны Ипотекийн зээлээр худалдан авсан ба энэ байранд Улсын комисс хүлээн авч, ашиглалтанд орсон үеэс нь амьдарч байгаа. 2016-11-08-ний орой манай гэрийн жижиг өрөөний халаалтын паар нь задарч, өндөр хэмийн халуун ус удаан хугацаанд хүчтэй шүршин их хэмжээний ус алдлаа. Азаар тэр үед нь бид гэртээ байхгүй байсан тул манай гэр бүлийнхний хувьд эд материал, сэтгэл санаагаараа их хэмжээний хохирол амсаад байна. Иймд: Том өрөөний стенк 2.300.000 төгрөг БСБ-гээс худалдан авсан, 2 х 1.8 м унтлагын ор 640.000 төгрөг Soho mebel дэлгүүрээс худалдан авсан, Гал тогооны тавилга 1.445.000 төгрөг тавилгын компаниар захиалан хийлгэсэн, Монел хөргөгч 380.000 төгрөг Элба дэлгүүрээс худалдан авсан, АТЮМА хөргөгч 750.000 төгрөг Японоос худалдан авсан, Хэвлэгч принтер 180.000 төгрөг Элбагаас худалдан авсан, эрдэнэт хивс 385.000 төгрөг Номин дэлгүүрээс худалдан авсан, Эмэгтэй богино элгэн гутал 190.000 төгрөг Загварын захилгаар хийлгэсэн, эмэгтэй урт арьсан гутал 2 хос 380.000 төгрөг Загварын захиалгаар хийлгэсэн, Ноолууран пальто 550.000 төгрөг Японоос авсан, Барилга засварын зардал 15.000.000 төгрөг,12.4 өдрийн цалин 300.000 төгрөг, Сэтгэл санааны хохирол 500.000 төгрөг, Өмгөөлөгчийн ажлын хөлс 2.000.000 төгрөг, Нийт зардал 25.000.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 228, 229, 500 дугаар зүйлийг үндэслэн “Х Т”ХХК-иас гаргуулж, Ж.Г болон манай гэр бүлийг хохиролгүй болгож өгнө үү.Шинжээчийн зардал 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х Т”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016.11.08-ны өдөр 16:30 минутаас 18:30 цагийн хооронд цахилгаан тасарч улмаар 7-р хорооллын дулаан түгээх ЦТП дотор цахилгаан насос зогсож халаалт тасарсан, эргээд Эрдэнэт Ус ДТС ХК-ийн холбогдох хүмүүс ирж тохируулга хийн тог өгмөгц паарны усны даралт унаж суларсан байснаа тохиргоо нь стандартын бус хийгдсэнээс инветер нь ажиллахгүй хэт өндөр даралттай ус ирсэнээр дан ганц нэхэмжлэгчийнд бус манай хотхоны хэд хэдэн айлд мөн “Надежда” хотхонд ч 4 айлын паар задарсан юм. Халуун усыг огцом хэт өндөр өгсөнөөс даралтын ачаалал даалгүй 1 давхарын паар задарсан шалтгаан байсныг манай компанийн сантехникийн инженер гадаад мэргэжилтэн урьдчилан тогтоосон болно.Манай компани нь айл өрхүүддээ “Нин Бо Хай Хун Панел Паар” ХХК-ийн бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагч “Хөх хот Ли Шэн худалдаа” ХХКомпаниас авч суурилуулсан билээ. Уг бүтээгдэхүүн нь чанарын хувьд 130 9001:2008 стандартад нийцсэн бөгөөд ЕС тохирлын гэрчилгээтэйгээс гадна 1301401:2004 удирдлагын сертефикат болон БНХАУ-ын Үндэсний барилгын материал үйлдвэрлэлийн барилгын төмөрлөг сантехникийн бүтээгдэхүүний чанар хяналт шинжилгээ туршилтын төвийн тайлантай болно. Тухайн үед нэхэмжлэгчийн гэрт паар задарсан асуудлаар МХГ, Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ХК, зэрэг газруудад албан тоот бичиг удаа дараа хүргүүлсэн боловч бидэнд тодорхой хариу өгөөгүй юм. Халаалтын халуун усны даралт Монгол улсад болон Эрдэнэт хотод 0.6 МРа даралтаар түгээгдэх стандарттай бол манай компани нь 0.8 МРа даралтанд хэвийн ажиллах паар суурилуулсан, гэвч тог тасраад ирэх үеүүдэд мөн тухайн өдөр Эрдэнэт-Ус ДТС ХК-ний ЦТП-ийн түгээлтийн даралт 1.0 МРа-аар ирж байсан нь паар задарч нэхэмжлэгчид хохирол учруулсан байна. Иймд Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ХК-ийг хариуцагч байгууллагаар тодорхойлж иргэний хэрэгт хариуцагчаар татан оролцуулж нэхэмжлэгч Ж. Гэрэл-Эрдэнийн хохирлыг барагдуулж манай компанитай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “Х Т”ХХК-аас 19,473,523.50 төгрөг гаргуулан Ж.Г-д олгож, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,976,477 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,хариуцагч “Х Т”ХХК-аас 255,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 99 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Х Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Х Т”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие шат шатны шүүх хуралдаанд төсөв хийх эрхгүй этгээдээр төсөв хийлгэсэн талаар хэлж, хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Тухайн төсвийг хийсэн Ж.Цогтгэрэл нь хэт нэг талыг баримталсан төсөв хийснээс гадна бодит хохирлыг үнэлэлгүй, нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирч мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан. Анхан шатны шүүх манай компанийн сантехникийн гадаад инженерийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар авч үзээгүй. Эрдэнэт Ус ДТС ХХК 0.87 МПА даралтаар ус түгээсэн нь Монгол Улсын норм дүрмээс өндөр даралттай байна гэж дүгнэлт гаргасаар байтал шүүх энэ талаар авч хэлэлцээгүй. Мөн шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Эрдэнэт Ус ДТС ХХК нь шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байхад зөвхөн тайлбарыг үндэслэл болгосон нь шүүх хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Эрдэнэт Ус ДТС ХХК-тай холбоотой маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч “Х Т”ХХК, иргэн Д.Д, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 25.450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 23.450.000 төгрөг гаргуулна гэж тодруулжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой жижиг өрөөний паар гэнэт задарч, их хэмжээний халуун ус алдсанаас эд хөрөнгөнд хохирол учирсан, хариуцагч “Х Т”ХХК, иргэн Д.Д нар орон сууцанд доголдолтой паар тавьсан, хариуцагч “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХКомпани өндөр даралттай ус шахсан гэм буруутай ...” гэж  тодорхойлсон байна.

Хариуцагч нар гэм буруугүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

Гэм хор арилгуулах тухай нэхэмжлэгч Ж.Г-нийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тус компаниас худалдан авсан орон сууцны паарны  доголдолтой холбоотой гэсэн агуулгыг илэрхийлж байх ба Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана.” гэж заасан тул хоёр шатны шүүхийн хууль хэрэглээг зөв гэж үзнэ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14-07-029/12 дугаар шинжээчийн дүгнэлт, UTS 11030025 дугаар бүхийн эд хөрөнгийн тохирлын гэрчилгээ, “бүтээгдхүүнийг стандартын дагуу шалгасан тухай тохирлын гэрчилгээ, GTS 1201103 дугаар туршилтын тайлан зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн орон сууцанд үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүн тавьсан хариуцагч “Х Т”ХХК-ийн гэм буруу тогтоогдсон, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул “гэм буруугүй гэх” хариуцагчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл тог тасрахаар халаалт зогсч, тог ирэхээр өндөр даралттай ус ирдэг тул дулаан хуваарилах төвд насосны өндөр даралт өгдөггүй автомат тохируулагч байдаг учраас аажим өгсөж нормдоо хүрч халдаг, “Х Т” ХХКомпаний байрнуудад суурилуулсан парнууд 0,8 МПА даралтанд хэвийн ажилладаг, үйлдвэрийн туршилтаар 1,2 МПА даралтыг даах хүчин чадалтай болох нь тогтоогджээ. Харин тухайн үед 0,8 МПА бус үүнээс өндөр даралттай буюу 1,0 МПА даралттай ус шахсан болохыг хариуцагч ““Э У Д Т С” ОНӨХКОНӨХКомпани маргаагүй бөгөөд паар нь 1,2 МПА даралтыг даах чадалтай нь үйлдвэрийн туршилтаар тогтоогдсноос үзэхэд тухайн үеийн даралтыг даахаар байсан, паарны задарсан шалтгаан нь бүтээгдхүүний чанар байдалтай холбоотой байжээ. Хариуцагч “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХКомпани ус шахсан даралтын хэмжээг “Х Т”ХХКомпаний гаргасан баримтад тулгуурлан тодорхойлсон байна. /хх24-26/

Хариуцагч Д.Д нь компанийн хүлээх хариуцлагыг хүлээхгүй, хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХКомпаний гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

Мөн шүүх хохирлын хэмжээг гаргахдаа хэрэгт байгаа баримтыг харьцуулан дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг анхаараагүй нь буруу болжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ эд зүйлийн үнийг буюу хөргөгчний үнийг 750 000 төгрөг гэсэн байхад шинжээч 1 162 500 төгрөг гэж, 2 хос арьсан гутлыг 380 000 төгрөгөөр үнэлсэн атал 424 200 төгрөгөөр үнэлсэн нь бодитой биш байна. Иймд үнийн зөрүү болох 454 900 төгрөгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 19 023 523 төгрөгөөс хасч, 18 568 628 төгрөгийг гаргуулахаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 99 дүгээр магадлал, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Х Т”ХХКомпаниас 18 568 623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-д олгож, нэхэмжлэлээс 6 881 377 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтад “ ... 255 378 ..гэснийг 250 793...гэж, 4 дэх заалтад “... хэргийг ...гэснийг ..нэхэмжлэлийг ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255 318 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА