Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 00099

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Ж.Гэрэл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Гэрэл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хөүп Таун” ХХК, Д.Доржпагма, Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдох

“Гэм хорын хохирол 25.450.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч “Хөүп Таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Гэрэл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, З.Баттулга, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Гэрэл-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Гэрэл-Эрдэнэ би “ХӨҮП ТАУН” ХХК-ний барьсан 7-р хорооллын 5-р байрны 02 тоот байрыг 2014-04-04 ний өдөр Голомт банкны Ипотекийн зээлээр худалдан авсан ба энэ байранд Улсын комисс хүлээн авч, ашиглалтанд орсон үеэс нь амьдарч байгаа. 2016-11-08-ний орой манай гэрийн жижиг өрөөний халаалтын паар нь задарч, өндөр хэмийн халуун ус удаан хугацаанд хүчтэй шүршин их хэмжээний ус алдлаа. Азаар тэр үед нь бид гэртээ байхгүй байсан тул манай гэр бүлийнхний хувьд эд материал, сэтгэл санаагаараа их хэмжээний хохирол амсаад байна. Иймд:

Том өрөөний стенк 2.300.000 төгрөг БСБ-гээс худалдан авсан, 2 х 1.8 м унтлагын ор 640.000 төгрөг Soho mebel дэлгүүрээс худалдан авсан, Гал тогооны тавилга 1.445.000 төгрөг тавилгын компаниар захиалан хийлгэсэн, Монел хөргөгч 380.000 төгрөг Элба дэлгүүрээс худалдан авсан, АТЮМА хөргөгч 750.000 төгрөг Японоос худалдан авсан, Хэвлэгч принтер 180.000 төгрөг Элбагаас худалдан авсан, эрдэнэт хивс 385.000 төгрөг Номин дэлгүүрээс худалдан авсан, Эмэгтэй богино элгэн гутал 190.000 төгрөг Загварын захилгаар хийлгэсэн, эмэгтэй урт арьсан гутал 2 хос 380.000 төгрөг Загварын захиалгаар хийлгэсэн, Ноолууран пальто 550.000 төгрөг Японоос авсан, Барилга засварын зардал 15.000.000 төгрөг,12.4 өдрийн цалин 300.000 төгрөг, Сэтгэл санааны хохирол 500.000 төгрөг, Өмгөөлөгчийн ажлын хөлс 2.000.000 төгрөг, Нийт зардал 25.000.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 228, 229, 500 дугаар зүйлийг үндэслэн “ХӨҮП ТАУН” ХХК-иас гаргуулж, Ж.Гэрэл-Эрдэнэ болон манай гэр бүлийг хохиролгүй болгож өгнө үү.Шинжээчийн зардал 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХӨҮП ТАУН” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016.11.08-ны өдөр 16:30 минутаас 18:30 цагийн хооронд цахилгаан тасарч улмаар 7-р хорооллын дулаан түгээх ЦТП дотор цахилгаан насос зогсож халаалт тасарсан, эргээд Эрдэнэт Ус ДТС ХК-ийн холбогдох хүмүүс ирж тохируулга хийн тог өгмөгц паарны усны даралт унаж суларсан байснаа тохиргоо нь стандартын бус хийгдсэнээс инветер нь ажиллахгүй хэт өндөр даралттай ус ирсэнээр дан ганц нэхэмжлэгчийнд бус манай хотхоны хэд хэдэн айлд мөн “Надежда” хотхонд ч 4 айлын паар задарсан юм. Халуун усыг огцом хэт өндөр өгсөнөөс даралтын ачаалал даалгүй 1 давхарын паар задарсан шалтгаан байсныг манай компанийн сантехникийн инженер гадаад мэргэжилтэн урьдчилан тогтоосон болно.Манай компани нь айл өрхүүддээ “Нин Бо Хай Хун Панел Паар” ХХК-ийн бүтээгдэхүүнийг гэрээт борлуулагч “Хөх хот Ли Шэн худалдаа” ХХКомпаниас авч суурилуулсан билээ. Уг бүтээгдэхүүн нь чанарын хувьд 130 9001:2008 стандартад нийцсэн бөгөөд ЕС тохирлын гэрчилгээтэйгээс гадна 1301401:2004 удирдлагын сертефикат болон БНХАУ-ын Үндэсний барилгын материал үйлдвэрлэлийн барилгын төмөрлөг сантехникийн бүтээгдэхүүний чанар хяналт шинжилгээ туршилтын төвийн тайлантай болно.

Тухайн үед нэхэмжлэгчийн гэрт паар задарсан асуудлаар МХГ, Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ХК, зэрэг газруудад албан тоот бичиг удаа дараа хүргүүлсэн боловч бидэнд тодорхой хариу өгөөгүй юм. Халаалтын халуун усны даралт Монгол улсад болон Эрдэнэт хотод 0.6 МРа даралтаар түгээгдэх стандарттай бол манай компани нь 0.8 МРа даралтанд хэвийн ажиллах паар суурилуулсан, гэвч тог тасраад ирэх үеүүдэд мөн тухайн өдөр Эрдэнэт-Ус ДТС ХК-ний ЦТП-ийн түгээлтийн даралт 1.0 МРа-аар ирж байсан нь паар задарч нэхэмжлэгчид хохирол учруулсан байна. Иймд Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ХК-ийг хариуцагч байгууллагаар тодорхойлж иргэний хэрэгт хариуцагчаар татан оролцуулж нэхэмжлэгч Ж. Гэрэл-Эрдэнийн хохирлыг барагдуулж манай компанитай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.2016-11-08-ны орой 7-р хорооллын тог тасраад ирэх үед энэ айлын паар задарсан.Тог тасрахаар халаалт зогсдог,тог ирсний дараа маш өндөр даралттай ус ирдэг.Суурилуулсан паарнууд 0.8МПа даралтад хэвийн ажиллах байгаа.Гэтэл Эрдэнэт-Ус компаний шахаж байгаа усны даралт хэвийн хэмжээнээс өндөр ирдэг тул үүнээс шалтгаалж паар задарсаны хариуцлагыг Эрдэнэт-Ус компани хариуцна гэжээ.

Хариуцагч Д.Доржпагма шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тэр өдөр 16 цагийн үед тог тасраад халаалтгүй болсон.Тог ирэх үед ус маш өндөр даралтаар ирж паар задарсан.Тог тасрах болгонд нэг айлын паар задардаг.Сольсон паар хүртэл задарсан.4-5 удаа паар задарсан. Манай хятад инженер өөрөө өрөөндөө хянагчтай.Даралт их өндөр ирсэн гэдэг Халаалтыг тохируулж чадахгүй байгаа.Мэрэгжлийн хяналтын газар, Эрдэнэт-Ус компанид хандахаар хариу өгдөггүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “ХӨҮП ТАУН” ХХК-аас 19,473,523.50 төгрөг гаргуулан Ж.Гэрэл-Эрдэнэд олгож, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,976,477 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,хариуцагч “ХӨҮП ТАУН” ХХК-аас 255,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ хамтран хариуцагч болох “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК нь 2016 оны 11 -р сарын 16-ны өдрийн комиссын дүгнэлтийг нотлох баримтаар авч үзсэн нь хууль зүйн үндэсгүй юм. Учир нь манай компаний болон гадны байгууллагын эсвэл хөндлөнгийн ямар нэг холбогдох байгууллагын төлөөлөл / Мэргэжлийн Хяналтын Газар, Дулааны Цахилгаан Станц/ гэх мэт оруулалгүй зөвхөн өөрсдийн байгууллагын гишүүдээр бүрдүүлсэн комисс байгуулж өөрсдийн эрх ашгийг хамгаалсан дүгнэлт гаргасныг нотлох баримт болгон хэрэг маргааныг шийдэхэд үндэслэл болгосон мөртлөө манай компаний сантехникийн гадаад инженерийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар авч үзэлгүй хэт нэг талыг баримталж шийдвэрээ гаргасан.

Мөн Мэргэжлийн Хяналтын Газарын улсын байцаагчийн 2017 оны 02-р сарын 10-ны өдрийн 14-07-029/12 тоот дүгнэлтээр уг ган панел радиаторыг үйлдвэрийн чанарын гологдол бүтээгдэхүүн гэж үзэж байхад манай компанийг үйлдвэрчлэгч мэтээр үзэж бүх хохирлыг манай компаниар төлүүлэхээр шийдвэрлэж хамтран хариуцагч “Эрдэнэт ус ДТС” ХХК-ийн дулаан хувиарлах төв 7.1-ээс өндөр даралт өгсөнийг 0.87 МПА, Мэргэжлийн Хяналтын Газарын шинжээч мөн тогтоож БНБД 3.05.03-95 дүрмийн 8.17 заалтад зааснаар 0.6 МПА байна гэж дүгнэлт гаргасаар байтал анхан шатны шүүх энэ талаар авч хэлэлцсэнгүй.

“Эрдэнэт ус ДТС” компанийн мэдлийн дулаан хувиарлах төв 7.1-г хариуцаж ажилладаг ажилтан Ганзоригтийн даралт хэвийн бус өгөгдөж байгаа талаарх дүрс бичлэг ДХТ-н дотоод байдал даралтийн хэмжүүр автоматаар өсөж байгаа дүрс бичлэг, бичлэгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бичиж харилцан яриа хийж байгаа мөн даралтыг өндөрөөр шахаж байгаа фото гэрчийн мэдүүлэг баримт зэрэг байсаар байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 -д заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ” мөн хуулийн 40-р зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. “Эрдэнэт ус” нотлох баримт байхгүй. Хамтран хариуцагч “Эрдэнэт ус ДТС” ХХК нь ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад зөвхөн хариу тайлбарт гаргасан тайлбарыг үндэслэл болгосон нь анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэлээ.

Лэндс ХХК-н гаргасан шинжээчийн дүгнэлтэнд барилгын засварын ажлыг инженер Ж.Цогтгэрэлийг томилж төсөв хийлгэсэн хэдий ч тухайн инженерийн барилга хот байгуулалтын яам, барилгын хөгжлийн төвөөс олгосон гэрчилгээний хүчинтэй хугацаа нь 2016 оны 12-р сарын 25-ны өдөр дууссан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хурал дээр хүсэлт хэлсэн боловч мөн л хүлээж авсангүй. Ж. Цогтгэрэл инженерт олгосон эрх нь дууссан байхад төсөв хийлгэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх гомдлуудыг магадлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Гэрэл-Эрдэнэ нь хариуцагч “Хөүп Таун” ХХК, менежер Д.Доржпагма нараас гэм хорын хохиролд 25.450.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад 23.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч Ж.Гэрэл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Хөүп Таун” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар хорооллын 5 дугаар байрны 02 тоот 2 өрөө байрыг худалдан авч амьдарч байсан ба 2016.11.08-ны өдрийн орой унтлагын жижиг өрөөний пар нь задарч их хэмжээний халуун ус алдсанаас эд хөрөнгөнд хохирол учирсан үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч “Хөүп Таун” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй “Эрдэнэт ус” ДТС ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж маргаж хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Хариуцагч “Хөүп Таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тог тасрахаар халаалт зогсдог, тог тасраад дахин ирэхээр өндөр даралттай ус ирдэг байрнуудад суурилуулсан парнууд 0,8 МПА даралтанд хэвийн ажилладаг, үүнээс өндөр даралттай ус шахсанаас болж пар задарсан. Энэ нь “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн буруутай ажиллагаанаас шалтгаалсан гэж маргасан ба өөрийн нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзал, тайлбараа нотолж чадаагүй байна.

Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд “ тухайн үед тог тасарсан дулаан хуваарилах төвд насосны өндөр даралт өгдөггүй автомат тохируулагчтай аажим өгсөж нормдоо хүрч халдаг суурилуулсан парнууд нь үйлдвэрийн туршилтаар 0,8 МПА даралтыг даана гэж гарсан. Үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүн тавьсан тухайн компанийн алдаа гэж тайлбар гарган мэтгэлцсэн байна. Үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүн хэрэглэсэн талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нь барилгын тухай хуулийн зохих заалтуудыг тайлбарлан хэрэглэж барилгын ажлыг гүйцэтгэгч “Хөүп Таун” ХХК, нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ гэсэн үндэслэлээр хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн, хариуцагч Д.Доржпагма нь “Хөүп Таун” ХХК-ийн менежер ажилтай тул компанийн тухай хуулийн дагуу компанийн хүлээх хариуцлагыг хүлээхгүй, хариуцагч Эрдэнэт ус ДТС ОНӨХК гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “Хөүп Таун” ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Хөүп Таун ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255.318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ