Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01067

 

Ы.А-ийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ы.А-ийнэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Гт холбогдох,

4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюуны гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Г- нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутагт SHAAHXI маркийн 91-80УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, авто осол гаргасны улмаас миний 57-83БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг хүчтэй мөргөж, машиныг цаашид ашиглах боломжгүй болсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн автомашины жинхэнэ өмчлөгч нь Б.Г бөгөөд тэрээр өөрийн автомашиныг жолоодох зөвшөөрлийг Н.Г-т өгч, Н.Г- уг машиныг жолоодож явсан. Б.Г, Н.Г- нарт холбогдох Эрүүгийн 201404000222 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Б.Г, Н.Г- нарын үйлдлээс болж миний машинд 5,8 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1,0 сая төгрөгийг Н.Г-ын ээж надад бэлнээр өгч үлдсэн 4,800,000 төгрөгийг автомашины жолооч Б.Гаас аваарай гэж хэлсэн. Миний 57-83БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг Б.Г Ховд аймаг руу ачаад явсан. Ингээд би машин ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч байна. Нэхэмжлэгч би энэхүү хохирлоо Б.Гаас нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэсэн. Миний хохирлыг Б.Г хариуцах ёстой гэж үзэж байна. Миний автомашиныг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төрийн сангийн төлөөлөгч 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,800,000-6,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд гэмт хэргийн улмаас миний өмчлөлийн 57-83БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд учирсан хохирлын үнээс үлдсэн 4,800,000 төгрөгийг Б.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Батсүхийн Н.Гр нь гэм хорын хохирлыг төлөх жинхэнэ хариуцагч биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Нэргүйн Н.Гр яллагдагчаар татагдаж, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар хохирлоо сайн дураараа, иргэний журмаар төлөхөөр өршөөгдсөн. Нэхэмжлэгч өөрөө Прокурорын тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Харин Батсүхийн Н.Гр нь өөрөө хохирогчоор орж ирсэн бөгөөд Нэргүйн Н.Граас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн Прокурорын тогтоол гарчихсан байхад яагаад хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Мөн Нэргүйн Н.Гр нь хохирлоо сайн дураараа төлөөд эхэлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Нэргүйн Н.Гр нь тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Харин Батсүхийн Н.Гр нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 72 цаг болоогүй буюу гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр шилжээгүй жолооч байгаа. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ машин нь Батсүхийн Н.Грын өмчлөлд бүрэн шилжээгүй байхад осол гарсан байдаг. Нэргүйн Н.Грын гэм буруутай үйлдлээс болоод бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохирол нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 5/176 дугаартай Прокурорын тогтоолоор Нэргүйн Н.Грыг прокурорын шатанд гэм буруугаа хүлээж, хэргээ Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж бусдад учруулсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ нээлттэй үлдээж өгөхийг хүсэж, түүний хүсэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Тогтоолд хохирогч Батсүхийн Н.Гр, Хуанбай, Энхтайван гэх мэт хүмүүс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр Батсүхийн Н.Грыг гэм буруугүй болохыг тодорхой тусгасан байгаа. Мөн Нэргүйн Н.Грыг хурд тохируулаагүйн улмаас осол гарах шууд шалтгаант холбоо болсон байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Иймд нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа зөв тодорхойлж ирээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Батсүхийн Н.Гр нь тухайн ачааны автомашиныг барих эрхийн үнэмлэхтэй хүн биш бөгөөд барьж явах чадваргүй хүн байсан. Харин Нэргүйн Н.Гр нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон эрхийн үнэмлэх ангилалтай байсан нь шинжээчийн дүгнэлтээр гарсан бөгөөд нотлох баримтууд хангалттай байгаа учраас хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй. Шууд эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг ашиглалт буюу хөдөлгөөнд оролцуулж байгаа субъектийг Нэргүйн Н.Гр гэж үзэж байгаа. Нэргүйн Н.Гр нь гэм буруугаа ойлгоод хохирлоо төлөхөөр үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу, хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх зохицуулалтыг хариуцагч Нэргүйн Н.Грын хувьд хөдөлгөөнд аюул саад учруулахаас зайлсхийх боломжтой байсан гэж үзэж байгаа. Нэгэнт Нэргүйн Н.Гр нь гэм буруугаа хүлээгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас хариуцагчийг сольж оруулж ирээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Батсүхийн Н.Граас 4,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Аллабергенд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Батсүхийн Н.Граас улсын тэмдэгтийн хураамжид 91,750 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамж 91.750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр гаргасан ба ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Б.Г эрүүгийн хэрэгт сэжигтнээр шалгагдаагүй ба 4 800 000 төгрөгийг автомашины жолооч Б.Гаас аваарай гэсэн утга бүхий тайлбар зэргийг шүүхээс тодруулалгүй орхигдуулсан хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, 201404000222 тоот эрүүгийн хэрэг нь зөвхөн Н.Г-т холбогдон үүссэн бөгөөд эрүүгийн хэрэгт Б.Г нь хохирогчоор тогтоогдон шүүхээр шийдвэрлэгдэх явцад хохирлын хэмжээг дахин тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэрэг мөрдөн байцаалтанд буцсан. Иймээс Б.Г хариуцагч бус Н.Г- хариуцагч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Н.Г- нь тухайн тээврийн хэрэгслийг ажиллагаанд оруулж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаагаараа тухайн тээврийн хэрэгслийг шууд эзэмшиж байгаа эзэмшигч юм. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр 4 800 000 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн утга агуулга нь хоорондоо зөрчилдсөн, хариуцагчийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, гэм хор учруулснаас үүссэн үүргийн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ы.А нь гэм хорын хохирол 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Гт холбогдуулан гаргасан ба хариуцагч маргаж, машиныг өөр этгээд буюу Н.Г- жолоодож явахдаа осол гаргасан буруутай, эрүүгийн хэрэгт би хохирогчоор тогтоогдсон тул хохирлыг хариуцахгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Г нь SHAAHXI маркийн 91-80 УХЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй тул өөр этгээдэд буюу Н.Г-т машинаа шилжүүлсэн, Н.Г- нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, И.Аллабергений өмчлөлийн машиныг мөргөж, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоожээ.

Шүүх тухайн үед машиныг жолоодож явсан, зам тээврийн осол гаргасан Н.Г-ын гэм буруу, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцагч Б.Гын хуулиар хүлээсэн үүргийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэж, шийдвэр, магадлалд энэ талаарх эрх зүйн дүгнэлтийг тодорхой тусгасан байна. 

Б.Г нь ослыг гаргаагүй боловч тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн, тээврийн хэрэгслийг нь ашиглах явцад бусдын эд хөрөнгийг гэмтээсэн тул учруулсан гэм хорыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд хариуцах үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заажээ.

Нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн машиныг жолоодож явсан Б.Гын гэм буруутай үйлдлээс шалтгаалж учирсан, гэм хорын хэмжээг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзнэ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, 172.2.2-т заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх зөрчлийг гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 173 дугаар зүйлийн 173.1-т заасан журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй байна. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэж болох боловч хариуцагчийн гомдол хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг буцааж олгох үр дагавар үүсэх учир улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхгүй орхив. Анхан шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авахдаа хуульд заасан журмыг биелүүлж байхыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 153/ШШ2017/00168 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА