Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Хүрэлбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,          

                                                                                                                                                                                 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, шүүгч Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 17ы өдрийн 1 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 201601070278 дугаартай Д.Хүрэлбаатарт холбогдох хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овогт Дагданцэрэнгийн Хүрэлбаатар, 1977 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Багануур цахилгаан түгээх ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 17 дугаар гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЧ77111017/;

 

Д.Хүрэлбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагаас 22 цагийн хооронд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мөнгөнбаяртай маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан, зүүн талын чих рүү нэг удаа өшиглөж, бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Д.Хүрэлбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг эцэслэн шийдвэрлэж хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдолтой дараах нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын үед шалгаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зэрэг байдлууд тогтоогдов.

Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “...Галсүрэнгийнд орох үедээ халтирч унасан ба энэ үедээ ар дагзаараа дээшээ харж унасан. Тухайн үед толгой их өвдсөн...” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын үед гаргаж байсан нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт тусгагджээ. Гэвч хохирогчийн энэ мэдүүлгийг шалгаагүй нь мөрдөн байцаалт явуулах үед нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн Галсүрэн, хохирогч Мөнгөнбаяр нарыг машинтай нь гэрийнхээ гадаа аваачсан 16 настай Г.Хүрэлтулгын мэдүүлэг энэ хэрэгт ач холбогдолтой байна. Түүнийг гэрчээр байцаасан байцаалт хавтаст хэрэгт авагдсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргуулсан байх тул нотлох баримтын хууль ёсны шаардлагыг хангахгүй байна.

Мөрдөн байцаагч байцаалтын хариултын агуулгыг буруу бичсэн, хариултад зөвлөгөө өгсөн зэргээр шүүгдэгч, хохирогч нар мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгийг үгүйсгэн тайлбарлаж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай.

Шинжээчийн дүгнэлтэд Мөнгөнбаярын биед учирсан /зүүн чихний ар хэсэгт 2x3 хэмжээтэй зулгаралт, зүүн талын хөхлөг сэртэнгийн ар хэсэг дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа зайд нимгэн ялтаслаг цус хуралт/ гэмтлүүдийн аль нь хүнд зэргийн гэмтэл болох, яагаад хүнд гэмтэл болж байгаа, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсгүүдэд заасан ямар нэр томьёо бүхий гэмтэлд хамаарч байгаа зэрэг үндэслэл тусгагдаагүйгээс дүгнэлт нь ойлгомжгүй, эргэлзээтэй, энэ нь шинжээчийг байцаасан байцаалтаар ч тодорхой болоогүй нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хангах үндэслэл болж байна.

Иймд Д.Хүрэлбаатарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Багануур дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Хүрэлбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Хохирогч С.Мөнгөнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өөрийгөө халтирч унаснаас энэ гэмтлийг авсан гэж үзэж байна...” гэж мэдүүлсэн хэдий ч мөрдөн байцаалтын явцад хохирогчийн өгсөн “...Би яг толгойнхоо ар дагзаар цементэн дээр унасан. Зүүн талын чихний харалдаа үүссэн байсан гэмтлүүд намайг 80 дугаар байрны гадаа очиход үүсчихсэн байсан. Хойшоо савж унахад ил гэмтэл үүсээгүй толгой өвдөж байсан. Хүрэлээ надад “чи хүн, хүн рүү дайраад байхаар нь би чиний чих рүү нэг удаа өшиглөсөн” гэж өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг,

Д.Хүрэлбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн “...Мөнгөнбаяр намайг буугаад ир чи муу гэхээр нь би бууж очоод хавсраад унагаасан чинь миний цамцны захнаас заамдаж барьж намайг боочихоод тавихгүй байхаар нь тавиулах гэж зүүн талын чих рүү нь нэг удаа өшиглөсөн чинь намайг тавьсан. ...Галсүрэн бид хоёрын дундуур орж салгаад бид гурав машинд суусан чинь Мөнгөнбаярын толгойн зүүн талын хажуу хэсгээс цус гарч байхаар нь харсан чинь чихний дээд тал нь язарсан байсан...”,

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Мөнгөнбаяр намайг цамцаар маань боогоод дагзны ар хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би хавсарч унагасан чинь тавихгүй болохоор нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би машинд орж ирээд харсан чинь Мөнгөнбаярын зүүн чихний ар хэсгээс бага зэрэг цус гарчихсан байсан. Мөнгөнбаярын толгойноос гарсан цус нь надтай зодолдсоны дараа үүссэн байсан...”,

шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...С.Мөнгөнбаярын биед учирсан гэмтэл нь хугарлын харалдаа өшиглөх буюу цохиход учрах боломжтой...” гэх мэдүүлгүүд зэргээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч С.Мөнгөнбаярт учирсан дээрх хүнд зэргийн гэмтэл нь гэмтлийн харалдаа цохих буюу өшиглөх явцад үүсэх боломжтой бөгөөд яллагдагч Д.Хүрэлбаатар хохирогчийн зүүн талын чих рүү 1 удаа өшиглөсөн гэдгээ өөрөө мэдүүлсэн байдаг.

2. Насанд хүрээгүй гэрч Г.Хүрэлтулга нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нартай хамт байгаагүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэхгүй бөгөөд прокурорын хувьд Г.Хүрэлтулгын мэдүүлгийг яллах дүгнэлт дурдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар үнэлээгүй юм.

3. Д.Хүрэлбаатарт холбогдох гомдлыг мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаяр шалгаж, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас тайлбар авч мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд хэргийн оролцогч нараас хуульд заасан журмын дагуу хууль сануулан тайлбар, мэдүүлэг авч, мэдүүлгийг уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан байдаг.

Яллагдагч Д.Хүрэлбаатар мөрдөн байцаалтын үед тайлбар 1 удаа, байцаалт 2 удаа өгсөн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 3-ны болон 15-ны өдрүүдэд өгсөн тайлбар, мэдүүлэгтээ “...хохирогч С.Мөнгөнбаярыг хавсарч унагаан зүүн талын чих рүү нэг удаа өшиглөсөн, энэ үед хохирогчийн чихнээс цус гарч байсан...” талаар мэдүүлсэн байдаг. Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт “...цус гарсан талаар мэдүүлээгүй, мөрдөн байцаагч Б.Наранбаяр мэдүүлээгүй зүйл бичсэн байсныг хэргийн материал танилцахдаа мэдсэн талаар ярьдаг. Гэвч Д.Хүрэлбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр мөрдөн байцаагч Б.Наранбаярт тайлбар өгч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаагч Б.Батсайханд сэжигтний мэдүүлэг өгөхдөө удаа дараа болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд өөрийн үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн.

Харин хохирогч С.Мөнгөнбаярын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн тайлбартаа “...болсон үйл явдлыг санахгүй байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хүрэлээ, Галсүрэн хоёр гэрт орж ирээд Хүрэлээ надад чи хүн, хүн рүү дайраад байхаар нь би чиний чих рүү нэг удаа өшиглөсөн...” гэж өөрөө надад хэлсэн гэж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ “...Зүүн талын чихний харалдаа үүссэн гэмтлүүд намайг 80 дугаар байрны гадаа очиход үүсчихсэн байсан. Хойшоо савж унахад ил гэмтэл үүсээгүй толгой өвдөж байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд хэрэг болсон өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нарт үзүүлэхдээ “бусдад зодуулсан” гэсэн яриа өгүүлэлтэй байсан талаар яаралтай түргэн тусламж буюу 103-т үзүүлсэн дуудлага мэдээллийн картад тодорхой дурдсан байдаг. Хэрвээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнтэй адил бусдад зодуулаагүй хойшоо савж унасан бол дээрх эмнэлэгт үзүүлсэн картад энэ талаар дурдах байсан. Тиймээс мөрдөн байцаагч нарын яллагдагч, хохирогчоос авсан тайлбар, мэдүүлэг нь хууль журмын дагуу баталгаажуулж авсан нотлох баримт гэж дүгнэж байна. Харин яллагдагч, хохирогч нар нь бие биенийгээ таньдаг, нэг нутаг усны хүмүүс болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд энэ нөхцөл байдал нь шүүхийн шатанд зөрүүтэй, өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн гэж үзэж болох ч Д.Хүрэлбаатарын үйлдэл нь хүнд гэмт хэргийн шинжтэй тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн болно.

4. Шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй, эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн байна.
Хохирогч С.Мөнгөнбаярын биед учирсан гэмтэл нь “...зүүн чихний ар хэсэгт 2х3
хэмжээтэй зулгаралт, зүүн талын хөхлөг сэртэнгийн ар хэсэг дайрсан шугаман
хугарал, хугарлын харалдаа зайд нимгэн ялтаслаг цус хуралт...” бүхий гэмтэл
учирсан бөгөөд дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар шинжээч эмч Ө.Шаарийбуу дүгнэлт гаргасан байдаг. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, болон 3.1.3-т гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүдийг дурдсан бөгөөд 3.1.3-т “...тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар заасан. Тиймээс шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүхийн тогтоолд дурдсан гэмтлүүдийн аль нь хүнд гэмтэл болох яагаад хүнд гэмтэл болж байгаа зэргийг шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээч эмчийг оролцуулан тайлбарлуулах боломжтой юм. Мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоол гаргасан атлаа уг тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор энэ захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсан нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч Д.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.Хүрэлбаатарын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Д.Хүрэлбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт бус хийгдсэн, шүүх хэргийн талаар бодитой зөв дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Прокурорын газраас Д.Хүрэлбаатарыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20- 22 цагийн үед, гудамж талбайд, согтуугаар С.Мөнгөнбаяртай маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан, толгойн зүүн хэсэгт нэг удаа өшиглөж, бие махбодид нь “зүүн талын хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хугарлын харалдаа цус хуралт, тархины доргилт зүүн чихний ард зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хэргийн материалыг судлахад: 

1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 09шэ/413 тоот Шинжээчийн дүгнэлтээр “...Мөнгөнбаярын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн байна. Энэ дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн хүнд гэмтлүүдийн аль нь цохилт, өшиглөлт, халтирч унасанаас үүссэн байж болохыг тогтоох, шалбаралт, зулгаралт нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах, хохирогчийн биед нийтдээ хэдэн удаагийн үйлдлээр гэмтэл үүссэн тухай өмнөх асуултанд хариу авах,

2. Гэрч Б.Мөнхчимэг, М.Галсүрэн, хохирогч С.Мөнгөнбаяр нарын мэдүүлэгт хохирогчийн зүүн талын чихний харалдаа үүссэн гэмтлийг өөр өөр нөхцөл байдалд үүссэн байж болох талаар мэдүүлсэн. Тухайлбал: “…хаалганы гадна халтирч унасан эсхүл Д.Хүрэлбаатар хавсарч унаган өшиглөх явцад үүссэн талаар мэдүүлсэн байна. Эдгээрийг эргэлзээгүй болгох,

3. Насанд хүрээгүй гэрч Г.Хүрэлтулгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.2, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасны дагуу байцааж мэдүүлэг авах ажиллагааг нэмж хийх шаардлагатай ба эдгээр асуудал нь Д.Хүрэлбаатарын гэм бурууд шууд хамааралтайн гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндэслэл болох юм.

Эдгээр үндэслэл заасан анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй, харин эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн  шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУУЛ

 

                        ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                Д.ОЧМАНДАХ