Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

С.Баттөрд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Батнасан,

хохирогч Ц.Дондогбаатар,  

ялтан С.Баттөр, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Дондогбаатарын гаргасан давж заалдах гомдлоор С.Баттөрд холбогдох 201625022304 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Партизан овогт Сандагбазарын Баттөр, 1971 оны 5 дугаар сарын 30-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар гудамжны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ХЗ71053078/;

 

С.Баттөр нь танхайн сэдэлтээр, бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины тос борлуулах “ТҮЦ” дотор үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн хохирогч Ц.Ганбаатарын биед доод уруул, дээд буйланд шарх, дээд, доод уруулд шалбаралт, үүдэн шүдний сулрал зэрэг хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж хүч хэрэглэн хохирогч Ц.Дондогбаатарын биед зүүн шуу ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: С.Баттөрд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Партизан овогт Сандагбазарын Баттөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан, дээрх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар С.Баттөрийг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Баттөрд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Баттөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Баттөрөөс тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 570,000 төгрөгийг хохирогч Харчин овогт Цэрэндашийн Дондогбаатарт олгож, хохирогч Ц.Ганбаатар, Ц.Дондогбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Баттөрд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Баттөрд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Дондогбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр С.Баттөр нь согтуугаар танхайн сэдэлтэйгээр зодож зүүн гар хугалан хүндэвтэр гэмтэл учруулсан болно.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад С.Баттөр нь танхайн хэрэг үйлдсэндээ үл гэмшин хохирогч Ц.Ганбаатар  бид хоёрыг гар луу хутгалсан, чулуу барьж хөөсөн. Баттөр нь өөрөө авто засварын вагончик түрээслэж ажилладаг, эхнэр нь цэцэрлэгт багш, хувьдаа 10,000,000 төгрөгийн үнэтэй приус машинтай байж амьдралын боломжгүй гэх хуурамч мэдүүлэг өгч байгаа нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хүндрүүлэх шалтгаантай гэж бодож байгаа боловч бидний зүгээс эр хүн алдаа биз мөн эхнэр хүүхдүүдийн бодож хийсэн хэрэгтээ гэмшин хохирогч бидний сэтгэл санаа болон эдийн засгийн хохирлыг барагдуулж өгөх байх гэж бодон гомдолгүй гэж мэдүүлэн хамгийн хөнгөн ял оногдуулсан.

Ц.Дондогбаатар миний биед учирсан гэмтэл нь дүүргийн гэмтлийн эмчийн тодорхойлсоноор зүүн гарын хугаралт нь 6-12 сарын дараа бүрэн эдгэрнэ. Уг хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж дүгнэсэн болно. Миний бие нь БНСУ руу визгүй бөгөөд жилдээ 4-6 удаа явж ажилладаг бөгөөд сардаа 2,000,000 вон буюу монгол ханшаар 4,000,000 төгрөгийн ажил хийдэг, жилд 4 удаа явахад 16,000,000 төгрөг ба ирж очих зардал болон бусад зардлаа хасахад 8,000,000 төгрөг олж амьдралаа залгуулдаг.  С.Баттөрийн учруулсан гэмтлээс болж миний биед эмчилгээний 568,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны 8,000,000 төгрөг, нийт 8,568,000 төгрөгийн шууд хохирол учирсан болно. С.Баттөр нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй, надад учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй байгаа тул миний нэхэмжилж байгаа 8,568,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нэгэн санал байхгүй. Хохирлын мөнгийг цувуулж өгье гэж хэлсэн. Надад одоогоор бэлэн өгөх 3,000,000 төгрөг байхгүй. Би нэхэмжилсэн 570,000 төгрөгийг шүүхийн дансанд хийсэн. Ц.Ганбаатарын хиймэл шүдийг нь хийж өгөөд уучлалт гуйсан...” гэв.

 

Ялтан С.Баттөрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч гомдол санал байхгүй гэж хэлдэг. Хохирогч олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. С.Баттөрд хохирлыг барагдуул гэж зөвлөсөн...” гэв.

 

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хохирогч Ц.Ганбаатарын “...Шүдийг маань 600,000 төгрөгөөр хийнэ гэсэн. Тэгэхээр би 600,000 төгрөг нэхэмжилж байна. ...Би мөнгөгүй болохоор шүдээ хийлгэж чадаагүй. ....Би шүдгүй болохоор хоол ундаа идэж чадахгүй байна. Шүдийг маань хийлгүүлж өгнө үү...”, /хх-ийн 97, 99 тал/, хохирогч Ц.Дондогбаатарын “...Би гэмтсэн учраас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Би олох байсан орлогоо нэхэмжилнэ...” /хх-ийн 99 тал/ гэх мэдүүлгүүдээр С.Баттөрийн хохирогч Ц.Ганбаатарын бие махбодид учруулсан “...үүдэн нэг шүдний сулрал гэмтэл...” гэсэн хөнгөн гэмтлийн гэм хорын хохирол төлөгдөөгүй, хохирогч Ц.Дондогбаатарын бие махбодид  учруулсан “...зүүн шуу ясны битүү хугарал...” гэсэн хүндэвтэр гэмтлийн гэм хорын хохирол бүрэн арилаагүй болох нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаа хянан харгалзахаар тогтоож болно...” гэж заажээ.

Дээрх үндэслэлүүдээр хохирогчид учирсан хохирол, гэм хор арилаагүй байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Баттөрд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Баттөрд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                       

2. Хэргийг шүүхэд очтол С.Баттөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХТУУЛ

 

                       ШҮҮГЧИД                                                             Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                     Д.ОЧМАНДАХ