Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0366

 

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн давж заалдах гомдлоор, Ж.Ц-ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0009 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан Ж.Ц-ын гаргасан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Ж.Ц-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А давж заалдах гомдолдоо: “...Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ж.Ц-ын тодорхой тавьж байсан санал тэмдэгдлэлд тусгагдаагүй, тухайн саналыг захиргааны актад хэрхэн тусгасан эсэх талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулаагүй, тухайн саналыг захиргааны актад тусгаагүй, эсхүл тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогддог. Хуулийн энэхүү заалт нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, захиргааны байгууллага заавал дагаж мөрдвөл зохих хэм хэмжээ юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү зүйл, заалтад дурдагдсан захиргааны байгууллага заавал дагаж мөрдөх хэм хэмжээний хууль зүйн ач холбогдлыг үгүйсгэж, улс төрийн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд эдгээр заалтууд нь ач холбогдолгүй мэт дүгнэлтийг хийсэн байна.            Хавтаст хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016.11.30-ны өдрийн 04 дүгээр тогтоол, түүний хавсралтаар батлагдсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 онд дагаж мөрдөх хуралдааны дэг”-ийн 1.1-д “Энэхүү дэгийн зорилт нь ...Тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулна”, 6.2-т “ Нээлттэй хуралдааны явцыг дуу дүрс, бичлэг, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан бэхжүүлнэ”, 16.1.14.” Хуралдааны тэмдэглэлийг хуралдаан дууссанаас хойш ажлын 14 хоногт багтаан дуу бичлэгтэй тулган, албан бичгийн хэлбэрт оруулж, холбогдох албан тушаалтнаар хянуулан Хурлын дарга, гарын үсэг зурж хуралдааны материалд хавсаргана” гэж тус тус заасан байх бөгөөд гэрчийн мэдүүлэг өгсөн хурлын дарга Ц.Эрдэнэбат нь манайх дуу бичлэг хийдэггүй гэж мэдүүлсэн бөгөөд хариуцагчаас ирүүлсэн ИТХ-ын тэмдэглэл нь тухайн хурлын дуу бичлэгээр нотлогдох байтал ийнхүү нотолж чадаагүй, дуу бичлэг нь устсан мэтээр шүүхэд худал тайлбар гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

2. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан" албан тушаалтын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж” нь энэ тохиолдолд Засаг даргын орлогчид бус, гагцхүү Засаг даргад хамаарах зохицуулалт тул “сонсох ажиллагааны тэмдэглэлд тэтгэмж олгохтой холбоотой асуудал бүрэн тусгагдаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээр дурдсанчлан Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-27.7 дахь хэсгийн заалт нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс сэргийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хангахад чиглэгдсэн хууль зүйн ач холбогдол бүхий зохицуулалт юм. Нөгөө талаас албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд олгох тэтгэмжтэй холбогдох зохицуулалт нь иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “ Төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна” гэж заасан бөгөөд иргэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтад заасны дагуу өөрийн саналыг захиргааны байгууллагад тавих, захиргааны байгууллага уг санал, хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн боломж байгаа эсэхийг судалж, уг саналын талаар сонсох ажиллагааны тэмдэглэл болон захиргааны актад тусгах нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх учиртай гэж үзэж байна. Түүнээс гадна хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.09-ний өдрийн 113/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар “сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, чөлөөлөгдсөн тул Засаг даргын орлогч Ж.Ц-ыг албан тушаалаас чөлөөлж” шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч, “...уг захирамжийг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд буюу бүрэн эрхийн хугацаанд томилолтын журмаар ажиллах төрийн улс төрийн албан тушаал бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн сумын Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус албан тушаалд Ж.Б-ийг томилуулах саналаа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 дүгээр албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлснийг тус Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, сумын Засаг даргын орлогч Ж.Ц-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн хариу хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл, хариуцагч нь Засаг даргын орлогч Ж.Ц-ыг ажлаас чөлөөлөх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бичгээр мэдэгдэж, хариу авсан байх тул үүнийг “зөвшилцөн чөлөөлөх” хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасантай нийцсэн байна.

Иймд сумын Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөхөд сумын Засаг дарга нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх шаардлагыг хуульд зааснаас бус тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг хэрхэн хэлэлцсэн, хуралдааны тэмдэглэл нь дуу, дүрс бичлэгээр давхар нотлогдсон эсэхийг хянах эрхийг хариуцагчид хуулиар олгоогүй тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь “...албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж” авах эрхтэй гэж маргасан тухайд, нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлоогүй, тэтгэмж гаргуулах шаардлага гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах эрхгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН