Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 259

 

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, Б.Од холбогдох 2005023901320 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Бийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, урьд 14 удаа ял шийтгүүлсэн:

1.1979 оны 07 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил засан хүмүүжүүлэх ял,

2.1980 оны 02 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан ялыг хуульд заасан доод хэмжээнээс доош татаж 1 жил 6 сар хорих ял,

3.1989 оны 09 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

4.1993 оны 01 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

5.1993 оны 10 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

6.1999 оны 06 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж нийт 2 жил 6 сар хорих ял дээр өмнөх 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас 6 сарыг нэмж, нийт 3 жил хорих ял,

7.2003 оны 04 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

8.2003 оны 10 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ял,

9.2005 оны 03 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 284 дугаар захирамжаар ялыг тэгшитгэж, эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

10.2012 оны 07 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

11.2016 оны 01 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

12.2017 оны 08 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

13.2018 оны 02 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

14.2018 оны 07 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэгтгэж, нийт 2 жил 7 сар хорих ял тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт Б.О;

Прокуророос Б.Ог 2020 оны 07 дугаар сарын 23-наас 2020 оны 08 дугаар сарын 31-ний хооронд нэр бүхий 4 хохирогчийн гар утсыг хулгайлж, нийт 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Ог 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 131 хоногийг эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Од холбогдох хэргээс иргэн Б.Бийн “Самсунг s59 plus” загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Бээс 600.000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Од буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Б гаргасан гомдолдоо: Миний бие Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь:

1.Миний хохирол бүрэн барагдаагүй юм. 2.5 сая төгрөгөөр авсан гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлүүлсэн.

2.Гар утсан дотор байсан бүх хэрэгцээтэй мэдээлэл дахиж сэргэхээргүй болсон.

3.Мөрдөн байцаалтын явцад бүх ажилбар хийгдэж дууссан. Хавтаст хэргийн 44-49 дүгээр хуудсанд миний өгсөн мэдүүлэг, мөн 55-66 дугаар хуудсанд авагдсан таньж олох ажиллагааны тэмдэглэлийг магадлалд тусгаагүй атлаа зөвхөн гэрчийн мэдүүлэг хангалтгүй байна гэж дүгнэсэн.

4.Хэргийг мөрдөн байцаалтаас шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгчийн өмгөөлөгч удаа дараа залгаж, “их ядуу айл, гэр оронгүй эмэгтэй, чи тохиролцоод бага ч гэсэн хохирлоо авбал зүгээр биш үү, хүү нь нэг хуучин NОАТЕ утас байна гэж байна лээ, удахгүй чам руу залгах байх гэж байсан”, хүү нь дахин залгаж 600.000 төгрөг өгөхөд хүнд байна. Надад утас байна, нэг бол хуучин утас байна гэсэн. Би өөрийн алдсан утастай ижил утас олж өгөөч, 300.000 төгрөг авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд олж өгөхийг бодъё гээд сар гарангийн дараа дахиж өмгөөлөгч, хүү хоёр нь ярьсан. Тэд хэлэхдээ шүүх хурал болохоос өмнө хохирлыг чинь барагдуулъя гэж хэлсэн. Тэгээд нотариат дээр хохирол барагдсан тухай гэрээ хийсэн. Уг үйлдлийг би шүүгдэгч хэргээ хүлээж, миний хохирлыг барагдуулж байна гэж ойлгосон.

Шүүгдэгч Б.О нь өвдсөн үр хүүхдээ Эх нялхасын эрүүл мэндийн төвд үзүүлж яваа ядарсан биднээс хулгай хийсэн. Миний утас алддаг өдрийн урьд өдөр Ховд аймгаас ирсэн, ядарсан жаахан хүүхэдтэй эгч оочерлож байхад нь түүний хүүхдийн хөлийг түлхэж байгаад цүнхнээс нь хулгай хийсэн. Тэр эгч маргааш өдөр нь хулгайч дахин явж байж магадгүй гэж хүүгийн хамт иртэл Отай таарч, барьж авах гэтэл зугтаад олж чадаагүй /миний утас алга болсон өдөр шүүгдэгч байхгүй байсан гэж хэлсэн байдаг/ гэж ярьж байсан.

Яагаад надад хэлсэн гэхээр Баянгол дүүргийн цагдаагийн газар очиж өргөдөл бичээд зогсож байхад өргөдлөө бичиж чадахгүй байна гэж надаас тусламж хүсэхэд нь би бичиж өгсөн юм. Энэ тухайгаа тухайн үед мөрдөгч Энхтүвшинд хэлж байсан. Тэр эгчийн хэрэг өөр мөрдөгчид хуваарилагдсан байсан. Би 1-5 насны 3 жаахан хүүхэдтэй ээж, утсаа алдаад дахин шүүх, цагдаа гэж үнэхээр их явж байгаа билээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт болон цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Бт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд ямар нотлох баримтуудаар няцаагдсан талаар тодорхой дурдалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Мөн Б.Бт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо энэ хэсгийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Шүүгдэгч нь 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хохирогч Б.Бийн гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Бийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн байранд хохирогч Х.Ариунтуяагийн Самсунг А51 загварын 680.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн байранд хохирогч Б.Бийн Самсунг S59 plus загварын 600.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2 дугаар төвийн байранд хохирогч Б.Анхцэцэгийн Самсунг А10S загварын 420.000 төгрөгийн үнэтэй гар утсыг,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд хохирогч Д.Дүүдэйгийн Самсунг S7 edge загварын 350.000 төгрөгийн үнэтэй гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ог хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар онц хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 сар орчмын хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлсан нь энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлдсэн гэх шалгуурыг хангахгүйгээс гадна тэрээр гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан гэх үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдоогүй байх тул Б.Огийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан түүнд 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Б.Огийн үйлдсэн 4 удаагийн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О нь давтан үйлдлээр нэр бүхий 4 хохирогчийн нийт 2.050.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг билээ.

Харин хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч Б.Огийн нэр бүхий 4 хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ог гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй, тухайлбал хохирогч Б.Бийн гар утсыг хулгайлж аваагүй гэж шүүх хуралдаанд маргаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 5 жилээс доогуур 3 жил 6 сар хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 48-49/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 59-67/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Бийн “Самсунг s59 plus” гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдож, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Бээс 600.000 төгрөг буцааж гаргуулан шүүгдэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд энэ талаар гаргасан хохирогч Б.Бийн хяналтын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгчийн урьд 14 удаа ял шийтгүүлсэн байдлыг нэг бүрчлэн тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5-д заасан шаардлагыг хангахгүй байгааг тэмдэглэн анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Б.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

мөн хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй”,

мөн хэсгийн 3 дахь заалтад “3 жил 6 сарын хугацаагаар” гэснийг “2 жилийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ХОСБАЯР

            ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                         Б.ЦОГТ