Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 116/2018/0021/З |
Дугаар | 221/МА2019/0378 |
Огноо | 2019-07-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0378
Б.Ш-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн төлөөлөгч А.Н нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.Ш-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 281.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан гаргасан, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Төрийн үйлчилгээний ажилтны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг, ... сонгон шалгаруулах шалгалтын “тайлан”-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг” тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Ш давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасан байна. Энэ заалтад ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулах, эсвэл сонгон шалгаруулалт явагдаагүй бол тухайн ажлын байран дээр байгаа этгээдийг шаардлага хангасан, эсвэл хангаагүй эсэхийг тогтоох тухай утга агуулга байхгүй байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулна” гэж зааснаар “Шинэ хөгжил" сургуулийн захирлын албан тушаалыг “сул орон тоо" гэж үзэхийн тулд тус сургуулийн захирлын албан тушаалыг эрхлэх миний мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг шалгаад “ерөнхий шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт байх ёстой урьтач болзолт нөхцөлийг шаардаж байна. Тэгвэл Б.Ш миний мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг шалгасан шалгалт явагдаагүй, ийм шалгалтын үр дүн байхгүй, байдаггүй юм.
... Зарим төрийн болон төрийн бус байгууллагууд “түр томилох", “түр ажилд авах” гэсэн нэр томьёог хэрэглэн ажилтантай хугацаатай гэрээ байгуулах нь түгээмэл байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар” тус тус хугацаатай гэрээ байгуулж болох ба харин бусад тохиолдолд шинээр орж байгаа ажилтантай “түр хугацаагаар" хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж шүүхийн практикт үздэг байна.
Байнгын ажлын байрыг, хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж хатуу хамгаалсан байдаг юм билээ.
Маргааны гогцоо болсон “түр” хэмээх үгийн утгачилсан агуулгыг Я.Ц гуайн тайлбар толиос харвал “хэсэг зуур”, байнгын бус” гэсэн тайлбаруудыг харж болно. Надтай үе үеийн Засаг дарга нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “Хөдөлмөрийн гэрээний хугацаа: Хугацаагүй" гэсэн заалт байх бөгөөд /хх-11 тал/, түүнтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах талаар гэрээнд мөн дурдсан байдаг. /хх-112 тал/. Үр дүнгийн гэрээнүүд ч жилээс жилд сайнаар дүгнэгдэж миний бие шагнал урамшуулал авсаар ирсэн юм.
Иймд хууль, эрх зүйн талаасаа Засаг дарга ерөнхий боловсролын сургуулийн захирлыг “түр томилох" боломжгүй байгаа байдал, дээр нь миний бие уг ажлын байранд хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний үндсэн дээр тасралтгүй 13 жил ажиллаж төсөв захирч ирсэн байдал зэрэг үйл баримтаас дүгнэхэд би байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байна гэж дүгнэхээр байна.
...“Түр орлон гүйцэтгэх” гэдэг нь эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай ойлголт юм. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар “Шинэ хөгжил цогцолбор" сургуулийг шинээр байгуулж, анхны захирлаар нь намайг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, миний бие хэн нэгний өмнө нь хашиж байсан албан тушаалд томилогдож ирээгүй, харин шинээр бий болгосон бүтцийн шинэ ажлын байранд томилогдож ирсэн тул Төрийн албаны зөвлөлийн 178 дугаар тогтоолын дээрх заалтыг надад болон “Шинэ хөгжил цогцолбор” сургуулийн захирлын албан тушаалд шууд хамаарахгүй болохыг хариуцагч Боловсрол, соёлын газар анхаараагүй байна.
...Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан, ийнхүү сонгон шалгаруулалтын үр дүнгээр Ц.Б шалгарсныг төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгүүлэхээр Төрийн албаны салбар зөвлөлд санал болгосон байна.
Гэтэл нэхэмжлэгч Б.Ш нь Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон, дээрх сонгон шалгаруулалт зохион байгуулагдах үед албан тушаалаа эрхэлж байсан, тухайн ажлын байранд сул орон тоо гараагүй байжээ.
Хариуцагчаас дээр дурдсан ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан үндэслэлээ нэхэмжлэгч Б.Ш нь сонгон шалгаруулалтгүйгээр тухайн албан тушаалд түр томилогдсон байсан учраас сул орон тоо гарсан гэж тайлбарласан байна.
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар дээрх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба уг ажлын байранд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.5-д заасан шаардлагыг хангасан байх шалгуур тавигдах бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл байхгүй, сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, албан үүргээ “хангалттай” гэсэн үнэлгээтэйгээр хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгчийг анх сургуулийн захирлаар томилохдоо сонгон шалгаруулалтгүй, түр томилсон үйл баримттай нэхэмжлэгч маргадаггүй боловч сонгон шалгаруулалт зарлахгүйгээр тухайн сул орон тоонд Б.Ш-ийг шаардлага хангасан гэж үзэн томилж, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш тасралтгүй 12 жил ажиллуулсныхаа дараа “сул орон тоо” гарсан гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасантай болон бодит байдалд нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр Боловсролын тухай хуулийн /2002 он/ 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.10-т “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх”[1] гэж зааснаас үзвэл, Б.Ш-ийг ажилд томилогдох үед заавал сонгон шалгаруулалтын үндсэн дээр сургуулийн захирлыг томилох ёстой гэсэн шаардлагыг хуулиар тавьдаггүй байсан гэж үзэхээр байна
Хэрэв шаардлагатай гэж үзсэн бол Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/”-ыг сонгон шалгаруулах журам”-ын Хоёрын 10-т заасны дагуу “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн шинээр байгуулагдсан даруйд сонгон шалгаруулалт явуулах ёстой байжээ.
Ийнхүү сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилсон захиргааны байгууллагын өмнөх албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгаж, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй түүний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай нийцэхгүй байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах баталгаагаар хангагдахаар зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болж, хуульд тусгагдсан боловч төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд “төрийн захиргааны” чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд ч мөн адил үйлчлэх учиртай.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Ш нь сонгон шалгаруулалтгүйгээр захирлын албан тушаалд түр томилогдсон хэдий ч энэ нь түүний буруу биш бөгөөд “Шинэ хөгжил” сургуулийн захирлын албан тушаалд 12 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, албан үүргээ “хангалттай” биелүүлж байсан энэ тохиолдолд түүний ажлын байрыг сул орон тоонд тооцох үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчийн төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах баталгааг зөрчсөн, үүний улмаас түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгосон байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын үйл ажиллагаа хууль бус учраас сонгон шалгаруулалтын улмаас үүссэн үр дагаврууд хууль бус, ...сонгон шалгаруулах шалгалтын “тайлан”-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсэг мөн хууль бус болно.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрыг хариуцагчаар тодорхойлон 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулсныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн, түүнд хариуцагчаас энэ талаар мэдэгдсэн талаар баримтгүй, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт сонгон шалгаруулалт зохион байгуулагдаад дууссан хэдий ч дээр дурдсанаар сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргахаас өөрөөр маргах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээний ажилтны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг”, ... сонгон шалгаруулах шалгалтын “тайлан”-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш-ийн Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээний ажилтны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын холбогдох хэсэг”, ...сонгон шалгаруулах шалгалтын “тайлан”-ийн Ц.Б-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.