Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00779

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00779

 

 

2024 04 15 210/МА2024/00779

 

Ч.Эрдэнбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00876 дугаар шийдвэртэй

Ч.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, А.Цэндзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2018 онд цэргийн тэтгэвэрт гарсан, 2019 оны 01 сараас Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчаар ажилд орж 4 дэх жилдээ ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 09 сарын 13-ны өдөр хүний нөөцийн албанаас дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажлын байрны орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсныг мэдэгдэж, уг албан тушаалд ажиллаж байгаа нэр бүхий 6 ажилтанд мэдэгдэх хуудас өгсөн.

Улмаар 2022 оны 10 сарын 17-ны өдөр Замын даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал гарсныг надад танилцуулсан. Би энэ талаар хэлтсийн дарга н.Ууганбаяртай уулзаж, 6 ажилтнаас намайг ямар үндэслэлээр сонгож ажлаас чөлөөлснийг тодруулахад тэрээр та бол настай хүн тэтгэвэрт гарчихсан тул ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн. Мөн албаны дарга Энхбаяртай уулзахад мөн л дээрх утгатай нэгэн зүйлийг хэлсэн. Би тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатглын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ний өдрийн хурлын 4-р протоколын 13-р хавсралтаар Алба бие даасан хэлтсийн түвшний орон тооны хуваарийг шинэчлэн баталсан. Энэхүү протоколын 20-т Дотоод аудит, хяналт шалгалтын албаны хяналт шалгалтын байцаагчийн орон тоо 6 байсныг 5 болгон өөрчилсөн. Үүний дагуу Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/688 тоот Бүтэц зохион байгуулалт орон тоог батлах тухай тушаалаар нэрсийн жагсаалт гарч Дотоод аудит, хяналт шалгалтын албанд 2022 оны 10 сарын 12-ны өдөр хяналт шалгалтын хэлтсийн орон тоо 10 байсныг 8 байхаар болгож үүнд дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо, хэрэг бүртгэлтийн ажилтны орон тоо тус бүр 1-р хасагдсан талаар хуралдсан байдаг.

Тухайн хуралд хяналт шалгалтын хэлтсийн 9 ажилтанд анкетын аргаар судалгаа хийхэд 32-55 насны хооронд, дунджаар 0-15 насны хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлтэй залуучууд байгаа, дээрх ажилтнууд ажил үүргийн гүйцэтгэл, ур чадварын хувьд хол зөрүүгүй. Харин Ч.Эрдэнэбат нь Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 09 сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан, тэтгэвэр авч байгаа талаар судлан ярилцсан. Улаанбаатар төмөр зам нь төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд ба төрөөс давхар цалин хангамж авч байгаа ажилтны эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр таслан зогсоох засгийн газрын бодлогыг дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэж, дээрх шийдвэрийг гаргаж нэр бүхий албан тушаалтнуудад мэдэгдлийг хүргүүлсэн. Ч.Эрдэнэбат нь Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчаар 2021 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2022 оны 10 сарын 13-ны өдөр Замын даргын Б1/523 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Ч.Эрдэнэбатад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 09 сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 12 сарын 09-ний өдөр Ч.Эрдэнэбатын гаргасан гомдлыг хуралдаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан нь үндэслэлтэй байна гэх шийдвэрийг хүргүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 49,927,196.64 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдол гаргагч Ч.Эрдэнэбатын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрт, Ч.Эрдэнэбат нь ажил олгогчийн дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ... цэргийн тэтгэвэрт гарсан гэж ялгаварлан гадуурхсан ... гэж тайлбарласан ч гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь:

4.1.1. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 12-ны өдрийн хуралд Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Ууганбаяр нь ...Ч.Эрдэнэбат нь Тагнуулын ерөнхий газраас 2018 оны 09 сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан, цэргийн тэтгэвэр авч байгаа ... төрөөс давхар цалин, хангамж авч байгаа гэж ойлгогдохоор байна ... тэгээд ч ажлаас чөлөөлөгдлөө гэхэд аж амьдралд нь нөлөөлөл багатай ... харин бусад байцаагч нарын хувьд ... залуучууд байх тул ... гэж, мөн хэлтсийн дарга Л.Оргил ...судалгаанаас харахад нэг байцаагч цэргийн тэтгэвэрт гарсан цэргийн тэтгэвэр авч байгаа юм байна, энэ нь төрөөс давхар цалин хангамж авч байгаа гэдэгтэй санал нэг байна... гэж, түүнчлэн албаны дарга А.Энхбаяр миний хувьд ч дээрх саналтай нэг байна, тэгэхээр цэргийн тэтгэвэрт гарсан, цэргийн тэтгэвэр авч байгаа нэг хүнээ бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөх тухай холбогдох саналаа албан бичгээр Хүний нөөцийн албанд хүргүүлье гэж ярилцаад шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоог 1-ээр цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хийх бус, харин цэргийн тэтгэврийн орлоготой хүн гэдгээр ялгаварласан нь тогтоогдож байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

4.1.2. Хариуцагч талаас анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ...Ч.Эрдэнэбат өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэврийн орлоготой, харин бусад нь 0-15 насны нялх хүүхэдтэй .., анкетийн аргаар судалгаа хийхэд 22-55 насны хооронд ... хүүхэдтэй, гэр бүлтэй залуучууд байна ..." гэж ялгаварлан гадуурсан нь тогтоогдож байгааг шүүх анхаарсангүй. Би 1967 онд төрсөн, одоо 57 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 2018 онд 51 насандаа өөрийн хүсэлтээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн, 2019 оноос УБТЗ ХНН-т миний бие эрх зүйч мэргэжпээрээ ажиллаж байсан болно.

4.2. Шийдвэрт, ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ... бүтцийн өөрчлөлт орсон, орон тоо цөөрсөн ... үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

4.2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т: аж ахуйн нэгж, байгууллага, түний салбар, нэгж татан буугдсан, ажпын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасан байхад шүүхийн шийдвэртээ ...бүтцийн өөрчлөлт орсон... гэсэн үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг анхан шатны шүүх зөрчжээ.

4.2.2. УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоог 6 байсныг 5 болгож 1 орон тоо хасаж" баталсан байна. Дотоод хяналт шалгалтын байцаагч З.Золзаяа нь 2022 оны 07 сарын 17-өөс ээлжийн амралт, залгуулан жирэмсний амралт авсан тул Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэр гарсны дараа Дотоод хяналт шалгалтын байцаагчийн 5 орон тоон дээр 5 ажилтан үлдэн ажиллаж байсан. Гэтэл дээрх Ерөнхий хорооны хурлаар баталсан орон тоог хэтрүүлэн Замын даргын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/1/405 дугаар тушаалаар Н.Тунгалагийг Дотоод хяналт шалгалтын байцаагч З.Золзаяаг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаанд Дотоод хяналт шалгалтын байцаагчаар түр авч хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэвийн байсан орон тоог 1 хүнээр илүүдүүлсэн. Энэ нь УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4-р протоколын 13-р хавсралтын хуулбар, Н.Тунгалагийн Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажилд түр авах тухай Замын даргын 2022 оны 08 сарын 29-ний өдрийн Б/1/405 дугаар тушаалын хуулбараар тус тус нотлогдсон байхад уг үйл баримтуудыг анхаарч үзсэнгүй.

4.2.3. Шийдвэрт ...Дотоод аудит, хяналт шалгалтын алба 2022 оны 10 сарын 12-ны өдөр дотооддоо ... хуралдаж, анкетийн аргаар сонгон шалгаруулалт судалгаа хийснийг хэлэлцэж ... шийдвэрлэснээ Хүний нөөцийн албанд хүргүүлсэн үйл баримт ... тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Хүний нөөцийн албанд Шийдвэр хүргүүлэх тухай 24/120 тоот албан бичигт дараах Дотоод хяналт, шалгалтын байцаагч нартай хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж 5 байцаагчийн нэр бичсэнээс өөрөөр сонгон шалгаруулалт явуулсан, албаны хурал болсон талаар дурьдаагүй, уг албан бичиг нь ямар нэгэн хавсралтгүйг анхан шатны шүүх анхаараагүй. Хэрэгт авагдсан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлэлцэх асуудал-ыг Тус албаны шинэчлэгдэн батлагдсан орон тоо болон хасагдсан орон тооны талаар хэлэлцэх тухай гэсэн ба харин анкетийн аргаар сонгон шалгаруулалт судалгаа хийснийг хэлэлцсэн зүйл алга байна. Иймд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй юм.

Мөн УБТЗ-ын даргын Н-474 тоот тушаалаар Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журмыг 2020 оны 06 сарын 25-ны өдөр баталж өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Уг журмын 4.1-т: Алба, тасаг... салбар нэгжид ... суларсан, бүтцийн өөрчлөлт хийгдсэний улмаас нэгтгэсэн, ... түр эзгүй байгаа ажпын байруудад сонгон шалгаруулалт явуулна гэж заагаад журмын Зорилго нь ... хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан ажилтныг сонгон шалгаруулах харилцааг зохицуулахад оршино гэжээ. Мөн журмын 2.2-т: Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, албан тушаалд дэвшүүлэх үйл ажиллагаанд ... нас хүйс ... нийгмийн гарал, байдал ...аар нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж, 2.3-т: Ажлын байранд ажилтныг сонгон шалгаруулахдаа дараах аргуудыг хэрэглэнэ. Үүнд:

2.3.1. Анкет, материалын шалгаруулалтын арга,

2.3.2. Мэргэжил, мэдлэгийн шалгаруулалт авах,

2.3.3. Ярилцлагын арга,

2.3.4. Ур чадварын шалгалт

Мөн журмын 6.3-т: Сонгон шалгаруулалтыг дараах үе шат, аргачиллын дагуу явуулна. Үүнд:

6.3.1. Анкет, материалын шалгаруулалт: Батлагдсан анкетыг үг зүйн алдаагүй, үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөсөн, өргөдөл хүсэлтээ тодорхой илэрхийлсэн, холбогдох материалыг бүрэн гүйцэт бүрдүүлсэн, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг тодруулж шүүлт хийнэ гэж тус тус заасан бөгөөд тус журмын дараагийн зүйл заалтуудад мэргэжил, мэдлэгийн шалгаруулалт", ярилцлага хийх аргыг заавал хэрэглэх, дараа нь ур чадварын шалгалт авах эсэхийг шийддэг болох талаар заажээ.

Анкетын аргаар дангаараа сонгон шалгаруулалт болохгүй, зөвхөн анхан шатны баримт бичгийн бүрдүүлэлт бөгөөд энэ шалгуурыг давсан ажилтан дараагийн шалгаруулалтын аргуудад хамрагдах эрх-тэй болдгийг Анхан шатны шүүх анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Тухайн дотоод хяналт шалгалтын алба нь анкетын аргаар явуулсан баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн уг нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бүрдүүлсэн талаар нэхэмжлэгч нь гомдол, хүсэлтийг гаргаагүй. Анкетын аргад ажилтнуудын хүүхдийн байдал, гэр бүлийн нөхцөл байдлыг судалсан. Мөн тухайн орон тоонд ажилтнуудаас 5 хүн 0-15 насны 2 болон түүнээс дээш хүүхэдтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хүүхдэд ээлтэй бодлого баримтлах ёстой. Мөн тухайн анкетын аргыг хэрэглэхэд нэхэмжлэгч нь 2,300,000 төгрөгийн тэтгэвэртэй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр 1,500,000 төгрөгийн цалин хөлстэй. Уг нөхцөлд дотоод хяналт шалгалтын алба нь цалин орлоготой, хүүхдийн ээлтэй орчин гэх бодлогыг баримталж, хүүхэдтэй хүмүүсийг авч үлдэж, тэтгэвэрт гарсан ажилтнуудыг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар жирэмсэн болон хөхүүл эхийн орон тоог хадгалах үүрэгтэй. Уг нөхцөл байдал нь маргааны үйл баримтад хамааралгүй байна. 2022 оны 09 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Уг сонгон шалгаруулалтыг анкетын аргаар явуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай 2021 оны 01 сарын 29-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус байгууллагын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан. Замын даргын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн Б/I/1523 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2022 оны 04 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралт, УБТЗ-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалт, УБТЗ ХНН, МТЗ-ын ҮЭ-ийн холбооны 2022-2023 оны Хамтын гэрээний 6.8.1, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 24/120 тоот албан бичиг баримтуудыг үндэслэн бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2022 оны 10 сарын 13-ны өдөр дуусгавар болгосноор ажлаас чөлөөлөгджээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

4.1. УБТЗ ХНН-ын Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4-р протоколын 13-р хавсралт Алба, бие даасан хэлтсийн түвшний орон тооны хуваарь-ийн 20-д Дотоод аудит, хяналт шалгалтын алба-ны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо 6 байсныг 5 болгон цөөрүүлсэн. Уг шийдвэрийг үндэслэн Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн Бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах тухай А/688 дугаартай тушаалын 2-р хавсралтаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо 6 байсныг 1-р цөөрүүлж, тус алба хяналт шалгалтын 5 байцаагчийн орон тоогоор 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллахыг үүрэг болгон шийдвэрлэжээ.

4.2. Дээрх шийдвэрийг үндэслэн хариуцагчаас 2022 оны 09 сарын 13-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өгч, ажил олгогчийн 2022 оны 10 сарын 13-ны өдрийн Б/1/1523 дугаартай тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

Ажил олгогчийн дээрх шийдвэрийн үндэслэл нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 12-ны өдрийн хурлаар тус албаны орон тоо 1-р хасагдсантай холбоотой ажилтнуудын дунд анкетийн аргаар сонгон шалгаруулалт явуулж, судалсны үр дүнд одоо ажиллаж буй 6 байцаагчийн 5 нь залуу бөгөөд бага насны хүүхэдтэй, харин байцаагч Ч.Эрдэнэбат тэтгэврийн насны буюу цэргийн тэтгэвэр авдаг тул ажлаас чөлөөлөгдөх нөхцөлд амьдралд нь сөрөг нөлөөлөл багатай гэж үзэж, Ч.Эрдэнэбатыг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн тус албаны санал, хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байна.

4.3. Хэрэгт хариуцагч байгууллагын 2020 оны 06 сарын 25-ны өдрийн А-474 тушаалаар батлагдсан Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийж журам нотлох баримтаар авагдсан. Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас тус журмын 2.3.1-д заасан Анкет, материалын шалгаруулалтын арга-аар албаны хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг явуулсан гэж үзэхээргүй байна. Учир нь журмын 6.3.1-д Анкет, материалын шалгаруулалт нь батлагдсан анкетыг үг зүйн алдаагүй, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн, өргөдөл хүсэлтээ тодорхой илэрхийлсэн, холбогдох материалыг бүрэн гүйцэд бүрдүүлсэн, тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг тодруулж, шүүлт хийнэ гэсэн нь сонгон шалгаруулалтад оролцож буй ажилтнуудын бичиг баримтын боловсруулалт, хувийн хэрэгт байвал зохих баримтын үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлсэн эсэхийг нь харьцуулан сонгон шалгаруулах арга байхад, ажилтны хувийн байдал буюу нэхэмжлэгч цэргийн тэтгэвэр авдаг, бага насны хүүхэдгүй зэргийг харьцуулсан нь уг сонгон шалгаруулалтын аргад хамаарахгүй байна.

4.4. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд тэтгэвэр авагч хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн бөгөөд ажилтан тэтгэвэр авч байгаа нь түүний Хөдөлмөрийн тухай хуульд заасан аливаа эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг хуульчилсан. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч цэргийн тэтгэвэр авдаг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болгосныг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг ...нас...-аар нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлахыг хориглох зохицуулалтыг ажил олгогч зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэхээр байна.

4.5. Иймд хариуцагч сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу явуулаагүй, цэргийн тэтгэвэр авч байгаа гэж ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

5. Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Ч.Эрдэнэбатыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

6. Шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2022 оны 10 сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэлх 18 сарын хугацааг, нэг сарын дундаж цалин хөлс 2,882,091 төгрөгөөс тооцож (2,88,091х18) 51,877,638 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх хугацаагаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

7. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/00876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 51,877,638 төгрөгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулан Ч.Эрдэнэбатад олгож, Ч.Эрдэнэбатын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай гэж,

2 дахь заалтын ... дурдсугай. гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 417,338 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ