Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01085

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралд аанд гаргасан тайлбартаа: Л.Н миний бие 1995 оны 07 дугаар сард “Автобус нэг” ОНӨҮГ-т ажилд орсон бөгөөд 2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шинээр үүсгэн байгуулагдсан “З Т Н”ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаалаар “З Т Н”ийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард манай байгууллагад шинээр томилогдсон дарга н.Төмөрбаатар нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан намайг ажлаа өгөхийг шаардаж улс төрийн соёлтой байхыг сануулж, ажлын байрны дарамт үзүүлж байсан. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б/1227 тоот тушаал гаргаж үндэслэлгүйгээр 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд томилсон тул ажлаас үндэслэлгүй шилжүүлсэн, “З Т Н”ийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал шилжүүлэн томилох 3 үндэслэл байдаг бөгөөд үүний нэг нь сул зогсолт, байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан бол 45 хоног хүртэл хугацаагаар, эрүүл мэндийн шалтгаанаар тус албан тушаалд тэнцэхгүй бол өөр ажилд шилжүүлэх тухай ажилтантай тохиролцох ёстой байдаг. Эдгээр үндэслэлүүдээс аль нь ч гараагүй байхад албан тушаал шилжүүлэн томилсон нь хууль бус байна. Хариуцагчийн хариу тайлбарт 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсанд уг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 3 дугаар баазын ээлжийн инженерээр шилжүүлсэн нь албан тушаал бууруулсан бөгөөд цалин хөлс бас давхар буурсан тул Л.Нг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, Б.Баттулга нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Н нь байгууллагын удирдлагуудтай уулзаж, харилцан тохиролцсон тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 дугаар баазын ээлжийн инженерээр шилжүүлэн ажиллуулж байгаа. Л.Н нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн инженерийн тодорхойлолтод гарын үсэг зурсан нь дээрх тохиролцоог батална. Мөн үүрэгт ажлаа 4 удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 09, 2016 оны 12 дугаар сарын 13, 2016 оны 12 дугаар сарын 17, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн инженерийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна. Байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгодог. 7.5.1 дэх хэсэгт байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд 3-н баазад хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ зохион байгуулалтын хүрээнд Л.Н нь ээлжийн инженерээр шилжин ажилласан. Шилжүүлсэн тушаалд холбогдуулж маргаж байна гэж ойлгож байгаа, шилжүүлсэн болохоос ажлаас халаагүй. Цалин хөлсний тухайд бол хэлтсийн даргаар ажиллаж байсан цалин хөдөлмөрийн гэрээнд байгаа цалингийн зөрүүг ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Л.Нг “З Т Н”ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Нгийн ажлаас буруу шилжүүлсэн үеийн олговорт 608 057 төгрөгийг хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 18 892 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 18 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “З Т Н”ОНӨААТҮГ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан миний бие Хан-Уул дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00432 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 -д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Нэхэмжлэлээс үзвэл шаардлагын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, өөр ажилд шилжүүлсэн, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй гэжээ. Нэхэмжлэгч Л.Н нь тус байгууллагад Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад захирлын 2016 оны 12 сарын 5-ны өдрийн тушаалаар 3 дугаар баазын ээлжийн инженерийн ажилд томилогдсон. Тушаалын 1 дүгээрт Л.Нг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, 2 дугаарт хэлтсийн даргын ажил хүлээлцэхийг тушаасан байгаа нь Л.Нг хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн буюу өмнөх ажлын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үр дагаварыг агуулж байна. Өөрөөр хэлбэл уг тушаал гарснаар Ч.Л.Нтай байгуулсан хэлтсийн даргын ажлын байрны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Өөр ажилд шилжүүлсэн гэх нь мөн үндэслэлгүй юм. Учир нь Л.Нг мөн өдрөөс Гуравдугаар баазын ээлжийн инженерийн орон тоонд ажилд авсан бөгөөд уг албан тушаалд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 сарын 09-ний өдөр нөхөж хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна. Ажилтан, ажил олгогч нар 2016 оны 12 сарын 5-наас амаар тохиролцон нэхэмжлэгч ээлжийн инженерийн ажлыг хүлээн авч хуваарийн дагуу мөн сарын 9-ний өдрөөс ээлжинд гарч ажиллаж эхэлжээ. Ээлжийн инженерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хийсэн нь нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн бус харин шинээр ажилд авсан үйл баримтыг нотлож байна. Хэдийгээр байгууллагын захирлын тушаалд өөр жилд шилжүүлэх гэсэн үг орсон боловч бодит байдалд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь шинээр ажилд авч байгаа эрх зүйн өөр үр дагавар бүхий үйл баримт болно. Нэхэмжпэгч өөртэй нь тохиролцоогүй гэжээ. Гэтэл ажилтан, ажил олгогч нар 2016-12-5-нд харилцан тохиролцож Л.Нгийн өмнөх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ээлжийн инженерийн ажилд шинээр авсан. Л.Н ээлжийн инженерийн үүрэгт ажлыг хүлээн авч гүйцэтгэсэн, 2016-12-9-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Л.Н эрх зүйн чадвар, чадамжтай этгээд болохын хувьд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хөдөлмөрийн гэрээнд оролцсон бөгөөд түүнийгээ баталгаажуулж гарын үсэг зурсан байдаг. Ажил олгогчийн зүгээс түүнд хүчээр гарын үсэг зуруулах боломж нөхцөл байхгүй. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн хүчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг үндэслэн хөдөлмөрийн гэрээний нотолгооны ач холбогдлыг орхигдуулжээ. Мөн захирлын 2016-12-5-ны Б/1227 дугаар тушаалын “шилжүүлэн” гэсэн үгэнд хэт ач холбогдол өгөн, уг тушаалыг хэргийн бусад нөхцөл байдал, тухайлбал хөдөлмөрийн гэрээ, ээлжийн инженерийн үүрэгт ажлыг хүлээн авч гүйцэтгэсэн цагийн бүртгэл зэрэгтэй харьцуулан дүгнэсэнгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Н хариуцагч “З Т Н”ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалд тээвэрлэлт үйлчилгээний төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Нг өөртэй нь зөвшилцсөнөөр 3 дугаар баазын ээлжийн инженерийн албан тушаалд шилжүүлэн томилсон гэх агуулга тусгагдсан байх ба ажилтныг өөр ажилд шилжүүлсэн үндэслэл хуульд нийцээгүй талаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу уг хугацааг баримталжээ

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар бус ажилтантай тохиролцсны үндсэн дээр цуцалж, өөр ажилд шилжүүлсэн гэсэн хуулийн үндэслэлийг гаргасан боловч талуудын хооронд энэ талаар зөвшилцсөн, тохирсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил олгогчийн шийдвэрийн дагуу өөр ажилд ажилласан ажилтан шүүхэд хандах эрхээ алдахгүй бөгөөд “...өөр ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг ажлыг хийсэн нь харилцан зөвшилцсныг нотолно, ажилтны хувьд өмнөх гэрээ дуусгавар болж, шинээр ажилд авсан” гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна. Ажилтан зөвшөөрөөгүй учраас хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргажээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 900 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА