Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 626

 

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00626

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Халзангийн аманд оршин суух, 63 настай, эрэгтэй, Сартуул овогт Цэрэндоржийн Болдбаатар /РД:ЦГ53031719/-ын нэхэмжлэлтэй,

         хариуцагч: Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад холбогдох,

      улсад хүний баг эмч, их эмчээр 26 жил 1 сар 9 өдөр ажилласны 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 11.461.570 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сувдаа, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сувдаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болдбаатар нь улсад хүний бага эмч, их эмчээр 26 жил 1 сар 9 хоног ажилласан.2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан.

        Эрүүл мэндийн тухай хуулийн 29 зүйлийн 29.2-т зааснаар ... Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй гэж заасны дагуу ажиллаж байгаа байгууллагаасаа гэдгийг тодруулмаар байна.

       Ц.Болдбаатар нь сум тосгоны эрүүл мэндийн төвд 1974 оноос хойш 1984 он хүртэл 10 жил ажилласан тул тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмж болох 11.461.570 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаасаа авах эрхтэй гэсний дагуу тэтгэмж авахаар хөөцөлдөөд 2 жил гаруй болж байна. Зэвсэгт хүчний 016-р ангийн захирагчийн 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар шүдний эмчээр ажилласан. Зэвсэгт хүчний 016-р ангийн захирагчийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 тоот тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ажлаас халагдсан юм. Тэтгэмж аавах талаар удаа дараа өргөдөл өгч байсан. Хариу өгөхгүй байсаар байгаад өдийг хүргэсэн. 2013 оны 10 дугаар сарын 16-нд Зэвсэгт хүчний 016-р ангийн захирагч бригадын генерал Онцгойбаярт өргөдөл гаргасан, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтэст өргөдөл гаргасан. 2015 оны 12 сарын 31-ний өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын 12/4346 тоот хариуг авч нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

        Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Ц.Болдбаатар нь сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 жил ажилласан тул 1 удаагийн тэтгэмж болох 11.461.570 төгрөгийг хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаархөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байгаа хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 12 сарын, өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахдаа 36 сарын, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед авч байсан үндсэн цалингаас нь тооцон ажиллаж байгаа байгаа байгууллагаасаа авах эрхтэй гэж заасны дагуу ажиллаж байгаа байгууллагаасаа гэдгийг тодруулмаар байна. Одоо бол манай байгууллагад Ц.Болдбаатар гуай ажлаагүй байгаа. Төрийн албаны тухай 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар тэтгэвэрт гарах шалгуур нөхцөл, насыг заасан хуулийн заалт байгаа. Ц.Болдбаатар гуай орон тоо, бүтцийн өөрчлөлтөөр 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөгдөөд 9 сар болсон байдаг. Манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй. 2013 оны  3 дугаар сарын 17-ны өдөр 60 нас хүрээд тэтгэвэртээ гарсан байдаг. Тэтгэвэртээ гарснаас хойш 9 сарын дараа гомдол гаргасан байсан. Тухайн үед ажлаас халагдах Ц.Болдбаатар гуайд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгосон байдаг. Ингээд ажлаасаа чөлөөлөгдсөн, тэтгэмжээ аваад гомдолгүй гэж гарсан байгаа юм. Үнэхээр гомдолтой байсан бол тухайн үед гомдол гаргах эрхтэй байсан гэжээ.

       Шүүх, зохигчдын тайлбар хэрэгт цугларсан талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь Зэвсэгт хүчний 016-р бригадад холбогдуулан улсад хүний баг эмч, их эмчээр 26 жил 1 сар 9 өдөр ажилласан бөгөөд үүнээс сум тосгоны эрүүл мэндийн төвд 10 жил ажилласан тул тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж 11.461.570 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Нэхэмжлэгч Ц.Болдбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сувдаа нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар сумын эрүүл мэндийн төвд 10 жил ажилласан тул нэг удаагийн мөнгөн тэтгэмж 11.461.570 төгрөгийг авах эрхтэй гэж тайлбарладаг болно.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Болдбаатарын нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Ц.Болдбаатар нь манай байгууллагаас хууль ёсоор тэтгэвэрт гараагүй, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүтэц зохион байгуулалт, орон тооны өөрчлөлтөөр ажлаас халагдсан,

         Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т цэргийн ангийн эмнэлгийг хамааруулаагүй,

          Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжээ авсан, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж тайлбарладаг болно.

      Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусадсалбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээшжил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийнмөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцохцалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасанжурмыг баримтлан тогтооно гэж заажээ.

         Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь Төв аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1974 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 120 дугаар тушаалаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын эмнэлэгт бага эмчээр 1984 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртлэх /10 жил/ хугацаанд бага эмчээр ажилласан нь ҮЭ№20960 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдон тогтоогдож байна. /хх 11-12/

            Түүнчлэн Ц.Болдбаатар нь Зэвсэгт хүчний 016-р ангиас бүтэц орон тооны цомхотголоор ажиллаас чөлөөлөгдсөн боловч тэрээр улсад 26 жил 1 сар 9 хоног ажиллаж 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан байна. /хх 46, 48/

       Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Болдбаатарыг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар ... сумын эрүүл мэндийн төвд 10 жил ажилласан байхад түүнийг хууль ёсоор тэтгэвэрт гараагүй, дээрх хуульд цэргийн ангийн эмнэлгийг хамааруулаагүй гэж үзэж 1 удаагийн мөнгөн тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана үндэслэл нь хууль тогтоогчоос баталсан тэтгэвэрт гарч буй ажилтанд олгох тэтгэмжийн асуудлыг тухайн хуулиар зохицуулаагүй байна.

  Иймд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар тэтгэмжийг үндсэн цалингийндунджаас нь тооцож, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаас /16.893.980 (цалин) : 4.5 (жил) * 36 (сар) =11.461.570 төгрөг / 16.893.980 төгрөгийг гаргуулж олгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. /хх-17/

             Нэхэмжлэгч Ц.Болдбаатар нь тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 128.135 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.135 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Болдбаатарт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас улсын тэмдэгтийн хураамжид 128.135 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас 11.461.570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Болдбаатарт олгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Болдбаатарын 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд төлсөн 128.135 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Зэвсэгт хүчний 016-р бригадаас улсын тэмдэгтийн хураамжид 128135 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.АЛТАНТУУЛ