Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2017/0011/З |
Дугаар | 15 |
Огноо | 2017-04-25 |
Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б.Дорждүгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус сумын Засаг даргад холбогдох Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн Б.Бааранд холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дорждүгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцацрал, гуравдагч этгээд Ш.Цогт-Очир, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б.Дорждүгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай аав Бааран 1936 онд төрсөн. Халиун сумын Гүү бариач багт насаараа мал маллаж байгаад 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Халиун сумын малчин байхдаа тус сумын зүүн урд 47 киллометрт орших Цагаан дэрсний өвөлжөөг 30 гаруй жил эзэмшиж өвөлжиж байсан. 1990 оноос ардчилсан хувьсгал ялаад 7 хүний ягаан тасалбараар энэ өвөлжөөг мал хувьчлалд орж хувийн өмч болж байхад энэ өвөлжөөг хувьдаа авч байсан юм. 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Халиун сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжаар Цагаан дэрсний өвөлжөө, Хулстайн хаваржааг эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Эцэг, эх нь нас барсаны дараа тухайн өвөлжөөг эзэмшиж байх хугацаанд нь үр хүүхэд нь өвлөн эзэмших эрхтэй гэж Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан байдаг. Өвлөн эзэмшигч байхгүй тохиолдолд Засаг дарга тэр гэрээг нь цуцалж хүчингүй болгох заалт байдаг. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр очиж Засаг даргад нь аавынхаа эзэмшиж байсан хаваржаа, өвөлжөөг эзэмших хүсэлтээ гаргасан. Газрын албанд өргөдөл гаргасан. Газрын албанаас хариу ирүүлэхэд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Халиун сумын Засаг даргын А/123 дугаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох захирамж гарсан байсныг бид нар мэдсэн. Засаг дарга хуулиараа хүмүүст нь мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан нас барсаны дараа түүний эхнэр төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхэд нь хууль ёсны өв залгамжлагч болдог гэж заажээ. Миний аав 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний дүү Төгсбилэг нь өв залгамжлагч мөн, би ч мөн гэхдээ гэрээслэлээр өөрчлөх заалт байна. Иймд миний аав гэрээслэл үлдээгээгүй. Үр хүүхдүүд нь өв хийлгэж байж л аавынхаа эзэмшсэн газрыг бусдад шилжүүлэх эрхтэй болно. Мөн Монгол Улсын Газрын хуулийн 38 дугаар зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх талуудын гаргасан хүсэлт, 38.2.1-ийн нотариатаар батлуулсан гэрээ нотолгоо бичиг баримт 38.3.2 шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг харгалзан бусдад шилжүүлэх заалт байна. Халиун сумын албан тушаалтнууд өөрсдөө маргаантай өвөлжөө гэдгийг мэдсээр байж мөн үр хүүхдүүд нь хүсэлт гаргаад байхад яагаад дур мэдэн өвлөн хийлгээгүй өвөлжөөг бусдад шилжүүлээд байгаа нь биднийг үл ойшоон эрхийг маань илт зөрчиж байгаа нь Захиргааны хуулийн илт хууль бус заалтын 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан байна. Иймд Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын А/123 “ Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралт 33 дугаарт байгаа Б.Бааран Цагаан дэрс өвөлжөөг хүчингүй болгосон нь илт хууль бус байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Халиун сумын албан тушаалтнууд маргаантай өвөлжөө гэдгийг мэдсээр байж, үр хүүхдүүд нь хүсэлт гаргаад байхад илтээр хууль зөрчиж бидний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн заалтыг үндэслэж хууль бус гэж үзэж Говь-Алтай аймгийн Халиун сумын А/123 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн хавсралтын 33 дугаарт байгаа М.Баарангийн Цагаан дэрс өвөлжөөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ш.Цогт-Очирын ээж дээр очсон. Энэ хүн өөрөө байхгүй байсан. Манай дүү аавын маань өвөлжөөг зарсан байна. Бид нарт хэлээгүй буруу юм хийсэн байна. Бид нар мөнгө төгрөгийг нь өгөөд өвөлжөөгөө авъя гэж очсон. Тэрнээс хойш энэ өвөлжөөний бичиг баримт сөхөгдсөн. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын өрөөнд ороход Засаг даргын захирамж нь гарын үсэг зураагүй байж байсан. Гэрчилгээ нь гараагүй байсан, маргаантай өвөлжөө гээд гарын үсэг зураагүй байсан. 2013 онд энэ гэрчилгээ хүчин төгөлдөр болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрнээс өмнө Засаг дарга Цагаан дэрс гэж өвөлжөө хэний нэр дээр байдгийг бараг мэдэхгүй байсан. Би тэгэхэд хэлсэн энэ чинь М.Бааран гэдэг хүний өвөлжөө юм байна. М.Бааран гэдэг хүн чинь гарын үсэг зураагүй байна тэр хүний чинь гэрчилгээ байж Ш.Цогт-Очир гэдэг хүн дээр очно хуулийнхаа дагуу ямар ч хүний гарын үсэггүй шилжүүлж болохгүй юм байна гэхэд та нар яах гэж зарсан юм гэдэг тайлбарыг өгч байсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргахдаа захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоох гээд Захиргааны хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шүүхэд хандсан байгаа. Энэ нь шүүхэд хандах хуулийн хугацаа шаардхааргүй байгаа юм. Яагаад захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм бэ гэхээр Засаг дарга акт гаргасан байгаа. Энэ захирамж нь газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай гээд газар эзэмших зөвшөөрлийг нь хүчингүй болгосон ийм захирамж байгаа. Энэ захирамжийг харахаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байгаа. 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байгаа. Энийг илт хууль зөрчсөн гэж үзээд байгаа юм. Тухайн үед газар эзэмшигч М.Бааран нь нас барсан байсан. Засаг дарга газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохгүйгээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох байсан. Газар эзэмших эрхийг ямар тохиолдолд дуусгавар болгодог юм бэ гээд үзэхээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрхийг нь дуусгавар болгохоор байсан. Тухайн үед энэ хүний үр хүүхдүүд нь өв нээлгэх гээд явж байсан. Засаг дарга хууль ёсны өв залгамжлагч нар байсаар байтал газар эзэмших зөвшөөрлийг нь хүчингүй болгож байгаа нь илт хууль бус байна гэж үзэж байгаа юм. Хариуцагч тал газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж тайлбарлаж байгаа мөртлөө нэг талаас М.Бааран гуай нь газар эзэмшигч гэж бид нар үзээгүй гэж тайлбарлаад байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байгаа. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар иргэн М.Бааран гуай газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу Засаг дарга нь захирамж гаргаад 2006 онд энэ өвөлжөө, хаваржааг эзэмшүүлж байжээ. Тэгэхээр энэ хүн нь хууль ёсны эзэмшигч мөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн энэ хууль бус гээд байгаа захирамж нь газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай гээд гарсан байгаа учраас энэ захирамжаас харахад М.Бааран гуайг газар эзэмшигч гэж Засаг дарга үзсэн байна. Тийм учраас газар эзэмшигч биш гэж үзээд байгаа хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна. Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн илт хууль бус гээд байгаа захиргааны акт нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Иргэн нас барсан хууль ёсны өв залгамжлагч нар нь байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслээд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна. Мөн газар эзэмших эрх дуусгавар болгох дээр энэ хүн нас барсан гэж үзэж байгаа юм бол Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар захирамжаа гаргах ёстой байжээ. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл дээр байдаг газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж болно гэж заасан байдаг. Тийм учраас газар эзэмшүүлэх гэрчилгээг бусдад худалдах юм уу, зарж болохгүй байсан байна. Ш.Цогт-Очир, Б.Төгсбилэг нарын яриад байдаг зарсан худалдаад авсан гээд байдаг нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй юм. Б.Төгсбилэг нь энэ газрыг зараад явах эрхтэй этгээд биш юм. Тухайн үед энэ айлын хүүхэд нь мөн боловч газрыг зарах эрхтэй этгээд биш байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны тухайд энэ айлын 7 хүүхэд байсан өвийг хүлээж авахыг Б.Дорждүгэр хүлээж авах юм гээд бүгд өвөөсөө татгалзаад хүсэлтээ өгсөн байсан. Б.Дорждүгэр өв нээлгэх гэж явсан боловч газрын гэрчилгээний эх хувь хэрэгтэй гээд сумын Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байсан боловч гэрчилгээ байхгүй. Энэ газар нь өөр хүний нэр дээр шилжсэн байсан учраас өв нээлгэхээсээ өмнө заавал шүүхэд хандаж эрхээ сэргээлгэж энэ асуудлыг хүчингүй болгож байж өв нээх асуудлаа ярих учраас шүүхэд хандсан байгаа. Энэ хүн шүүхэд хандах эрхтэй этгээд гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцацрал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Халиун сумын Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар газар эзэмшүүлэх захирамжаар Цагаан дэрс өвөлжөө, Хулстай хаваржааг эзэмшүүлэхээр шийдвэр гарсан боловч энийг үгүйсгэж байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан газар эзэмших гэж газрын гэрээнд заасан зориулалт болзол, нөхцлийн дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлдэг. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээдийг газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. М.Бааран гуай нь тухайн газрыг эзэмшүүлэх сумын Засаг даргын 2006 оны захирамжийн дагуу сумын газрын даамалтай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2011 он хүртэл аваагүй байсан. Хүү Б.Төгсбилэг нь аавтайгаа цуг байж байгаад уг өвөлжөөг Ш.Цогт-Очирт худалдсан байгаа. Худалдахдаа энэ хүнийг өөрийн биеэр Ш.Цогт-Очиртой ирж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуул гэсэн боловч ирээгүй. Уг газрыг эзэмшихээр 2012 онд хүсэлт гаргасан байгаа. Ш.Цогт-Очирыг 3 жил дараалан буцаасан байгаа. Б.Төгсбилэгтэй хамт ирж газар эзэмших гэрээ байгуулж нотариатаар батлуулж өөр дээрээ шилжүүлж ав гэсэн. Энэ хугацаанд Б.Дорждүгэр болон энэ хүмүүсээс ямар нэгэн өвлөх, газар эзэмших гэсэн хүсэлтийг гаргаагүй. Ямар нэгэн газрын маргаан гараагүй байгаа тэгэхээр М.Бааран гуайг газар эзэмшигч гэж тооцохгүй. Хуулийн дагуу материалаа бүрдүүлж ирсэн Ш.Цогт-Очирыг газар эзэмшигч гэж тооцож байна. Энэ хүн бол албан ёсоор худалдаж авсан. Хүү Б.Төгсбилэг нь тухайн үед бол аавынхаа өвөлжөө, хаваржааг эзэмшээд ашиглагчаар явж байсан. Б.Төгсбилэг албан ёсоор өөрийн гарын үсэгтэй өргөдлийг Ш.Цогт-Очирт өгсөн. Өргөдөл дээрээ миний эзэмшиж байсан Цагаан дэрс өвөлжөөг Ш.Цогт-Очирт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Энэ хугацаанд бол өргөдлийг хүлээн авалгүй 3 жилийн хугацаанд буцаасан байгаа. Б.Төгсбилэгийг авчраад хоёулаа байлцаж байж газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлж байсан. Би багийн Засаг даргаар нь гурван удаа хэлүүлсэн. Мөн Ш.Цогт-Очироор хэлүүлж байсан энэ хугацаанд Б.Төгсбилэг нь би ажилтай байна хүнд зарсан одоо надад хамаа байхгүй гэдэг тайлбарыг өгч байсан. М.Бааран гуайг газар эзэмшигч иргэн гэж үзээгүй учраас Ш.Цогт-Очирын хүсэлтийг хүлээн авч газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч албан ёсны газрын төлбөр төлдөггүй, албан ёсны газрын гэрчилгээ аваагүй хуулиндаа газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй байж албан ёсоор газар эзэмшигч гэж тооцно гэсэн байгаа иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ш.Цогт-Очир нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Цогт-Очир би ам бүл 2 ээжийн хамт амьдардаг. Миний бие 2012 оны 09 дүгээр сард Б.Төгсбилэгээс Халиун сумын Гүү бариач багийн Цагаан дэрс хэмээх өвөлжөөг 3200000 мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Манайх тус өвөлжөөг эзэмшээд 6 жил болж байна. Гэтэл Б.Төгсбилэгийн ах Б.Дорждүгэр нь Цагаан дэрсний өвөлжөөг эзэмших эрхгүй хэрнээ надтай булаацалдаад өөрийнхөө өвөлжөө мэтээр худлаа ярьж яваа тул миний эзэмшилийн Цагаан дэрсний өвөлжөөг үнэн зөвөөр нь тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдөр энэ хүн эрх нь хөндөгдөж байгаа субъект мөн үү шүүхээс эрх нь хөндөгдөж болзошгүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг үүсгээд хянан шийдвэрлэж байна. Тэгэхээр эрх нь хөндөгдөж байгаа этгээд гэхээр энэ хүн ам бүл долоо гээд ярисан байгаа. Нэхэмжлэл гаргах эрхгүй субъект мөн үү гэхээр өмгөөлөгчийн зүгээс биш байна гэж хэлмээр байна. Өнөөдөр нэхэмжлэгч тайлбартай холбоотой нотлох баримтаа хавтаст хэргийн материалд гаргаж өгөх ёстой. Засаг даргад өвлүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэсэн хавтаст хэргийн материалд хүсэлттэй холбоотой нотлох баримт байхгүй байна. Бусад 6 ах дүүс маань өвлөхгүй гэсэн надад эрхээ шилжүүлсэн гэсэн хавтаст хэргийн материалд нотлох баримт байхгүй байна. Энэ хүнийг өвлөгч гэж үзэх үү, эрх нь зөрчигдөж байгаа этгээд гэж үзэх үү гэхээр Иргэний хуулиар өвийн асуудлыг маш нарийн зохицуулж өгсөн. Өв хүлээж авах асуудлыг хуулиар зохицуулаад өгсөн. Өв нээгдэх үе гэж байгаа Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ гэж байгаа. Өвлүүлэгч 2011 онд нас барсан байдаг. Хууль ёсны өвлөгч буюу өв хүлээн авах асуудал яригдаад байгаа. Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам гэж байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зохицуулсан. 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Өвлүүлэгч нас барах хүртэл Б.Төгсбилэг нь хамт амьдарч байсан. Гурван сарын дотор би энэ өвөлжөөг хүлээж авахгүй гэж Засаг даргад хүсэлтээ өгөөгүй бол тэр өвийг Б.Төгсбилэг хүлээж авахаар хуулийн зохицуулалт хийгээд өгсөн байна. Дараагийн дугаарт бусад өвлөгчийн асуудал гарч ирнэ. Ганцхан Б.Төгсбилэг байхгүй бусад зургаан ах дүүс нь байгаа. 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмшин авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Өргөдөл гаргасан асуудал яригдаад байгаа өргөдөл хэзээ гаргасан бэ гэхээр 2016 онд гаргасан байгаа. Өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хүсэлтээ гаргасан бол таны өв болох байсан байна. 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэсэн байгаа. Таныг өвлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэл алга. Тухайн захиргааны акттай холбоотой таны эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны өвлөгч учраас захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэж хэлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. Засаг дарга Ш.Цогт-Очирын нэр дээр гэрчилгээ гарсан учир гэрчилгээ гаргах боломжгүй гээд байна. Та эхлээд өвлөх эрхийг хүлээж авах асуудал яригдах ёстой. Таны эрх ашиг зөрчигдөөгүй хөндөгдөөгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект нэхэмжлэл гаргаагүй байна. Хоёрдугаарт аль шүүхэд хандах бэ гэдэг асуудал яригдана. Хэрвээ өвтэй холбоотой өв хүлээж авах, гэрчилгээ авахтай холбоотой маргаан дээр иргэний хэргийн шүүхэд хандах ёстой байсан. Эхлээд өвлөх асуудлаа шийдээд би хууль ёсны өвлөгч мөн гээд Захиргааны хэргийн шүүхэд хандаад ороод ирэх ёстой байсан. Засаг даргын захирамжийг хүчингүй болгох асуудал яригдаж байгаа. Энийг яаж зохицуулсан бэ гэхээр хэргийн материалаас харахад Газар зохион байгуулалтын албанд хандсан байгаа. Хуулийн зохицуулалтууд юу гэж өгөгдсөн бэ гэхээр тухайн эрх зүйн харилцааг зохицуулах гэж хууль баталдаг байгаа. Ийм харилцааг зохицуулсан хууль байгаа өнөөдөр урьдчилан шийдвэрэх ажиллагаа өмгөөлөгчийн зүгээс хийгдээгүй байна гэж үзэж байна. Газар эзэмших, ашиглах талаар иргэн аж ахуй нэгж байгууллагын хооронд маргаан үүссэн тохиолдолд тухайн Засаг даргын захирамжийг дээд шатны Засаг даргад нь хандаж гомдол гаргана гэсэн байна. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9 дэх хэсэгт доод шатны Засаг даргын захирамж хуульд нийцсэн үү гэдгийг шалгаж хүчингүй болгох эрх нь аймаг, нийслэлийн Засаг даргад эрх нь олгогдсон байна. Энэ Захиргааны шүүхэд хандаад байгаа энэ асуудал Захиргааны ерөнхий хууль гээд хууль гарсан байгаа. Энэ хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэг, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг гээд заалт байгаа. 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. Тухайн сумын Засаг даргын захирамжийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор аймгийн Засаг даргад хандах хуулийн зохицуулалт байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Илт хууль бус акт гэж үзэж байгаа. Яагаад хууль бус юм гэхээр хууль ёсны өвлөгч нар нь байгаад байхад Ш.Цогт-Очирт олгосон нь илт хууль бус гэж үзээд байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын зохицуулалт байгаа. 47.1 дэх хэсэгт дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж байгаа. Утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Энэ агуулга тухайн актан дээр дурдагдсан тохиолдолд илт хууль бус болно. Тэгэхээр өөрсдөө үндэслээд байгаа 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Энэ хүн хууль ёсны дагуу хүсэлт өргөдлөө өгөөд тухайн өвөлжөөг эзэмшсэн байгаа. Худалдах асуудал байгаа өмгөөлөгчийн зүгээс газар эзэмших эрхийн асуудал үүсээгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр 2002 онд хамаагүй газар дээр очиж буугаад миний газар гэдэг замбараагүй байдлыг зохицуулахын тулд Газрын тухай хууль батлагдсан. М.Бааран гуай тухайн газар дээр амьдарч байгаад 2006 онд захирамж гарсан. Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч гэж хэнийг хэлэх үү, тухайн өвөлжөөг эзэмшигч гэж хэнийг хэлэх үү гэдэг нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасан газар эзэмшигч гэж хэнийг хэлэх үү гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ хүн хуулийн дагуу газар эзэмших гэрчилгээ аваагүй учир энэ хүнийг газар эзэмшигч гэж үзэхгүй. Тэр хүн хашаа саравч барихад өөрийн хөрөнгөө зарцуулж байгаа тэрийгээ энэ хүнд 3.200.000 төгрөгөөр зарсан. Энэ дээр газар эзэмших, худалдах худалдан авах гэрээ хийнэ шилжүүлэх эсэх асуудал, эхнээсээ хууль бус эзэмшээгүй байсан учраас энэ асуудал яригдахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
Гэрч А.Амаржаргал нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Хөдөлмөрийн чадвараа алдаад сүүлийн нэг жил аймгийн төв дээр орж ирсэн байх. Тэр болтол отгон хүү Б.Төгсбилэгтэйгээ хамт байсан. Хөгшин нь нас бараад ганцаараа отгон хүүгийндээ байсан. Аймгийн төв рүү нас барахаасаа өмнөхөн орж ирсэн. Б.Төгсбилэг ч гэсэн 2010 оны үед аймаг руу орж ирсэн. Намайг багийн Засаг даргын ажил авахаас өмнө 2012 онд өвөлжөөгөө Ш.Цогт-Очирт зарсан байсан. Б.Төгсбилэгтээ удаа дараа уулзаж чиний өвөлжөөгөө зарсан чинь үнэн үү, үнэн бол энэ асуудлаа зохицуул. Ш.Цогт-Очир дээр нэрийг нь яаж шилжүүлэх боломж байна аав чинь өөд болсон тул холбогдох хүмүүстэй уулз гэж хэлж байсан. Мөн жил болгоны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж ороод Б.Батцацрал даамал дээр очдог. Б.Батцацрал даамал өвөлжөө эзэмшигч, шилжүүлэх гэж байгаа хүн хоёроо хоёуланг нь байцуул гэж надад удаа хэлж байсан. Би Ш.Цогт-Очир, Б.Төгсбилэг хоёрыг хоёуланг авчирч сумын газрын даамалтай уулзуулах гэж удаа дараа оролдсон. Б.Төгсбилэгтэй гурван удаа уулзсан. Ш.Цогт-Очир надад жил болгон хүсэлт тавьж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б.Дорждүгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар Газар эзэмшлийн зөвшөөрлийг хүчингүй болгох тухай агуулгатай захирамж нь илт хууль бус байгаа тул хүчингүй болгох, нэхэмжлэгч нэмэлт тайлбартаа “...маргаантай өвөлжөө гэдгийг мэдсээр байж, мөн үр хүүхдүүд нь хүсэлт гаргаад байхад яагаад дур мэдэн өвлөн хийлгээгүй өвөлжөөг бусдад шилжүүлээд байгаа нь биднийг үл ойшоон эрхийг маань илт зөрчиж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн илт хууль бус заалтын 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан байна. Иймд Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн хавсралт 33 дугаарт байгаа Б.Бааран “Цагаан дэрс” өвөлжөөг хүчингүй болгосныг илт хууль бус байна гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойлно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд хуулийн 47.4-т “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” заасны дагуу хэдийд ч гомдол гаргаж болохоор заасан байх тул Халиун сумын иргэн Б.Дорждүгэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.
Халиун сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны А/123 дугаар Газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамжийн хавсралтын 33-т Б.Дорждүгэрийн аав болох Б.Баарангийн өвөлжөө эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Хууль ёсны өв залгамжлагчид Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж зааснаар газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, эзэмших эрхийг олгосон.
Нэхэмжлэгч Б.Дорждүгэр нь Б.Баарангийн том хүү бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбараас үзэхэд өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хүсэлтээ холбогдох газарт нь гаргасан байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч гэх субьектэд төрсөн хүүхдийг тодорхойлж өгсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байна гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуульд 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлд “Утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг нэг бүрчлэн тоочих аргаар хуульчилж өгсөн. Өөрөө хэлбэл дээрх тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох бөгөөд энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлдог.
Нэхэмжлэгчийн тухайд өвөлжөөний газрыг үр хүүхдүүд нь өв залгамжлан эзэмших эрхтэй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн хавсралт 33 дугаарт байгаа Б.Бааран “Цагаан дэрс” өвөлжөөг хүчингүй болгосныг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, эсхүл хуулийн заалт хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан байхыг ойлгох бөгөөд Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн хавсралтаар иргэн Б.Баарангийн эзэмшиж байсан өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Халиун сумын Засаг дарга Газрын тухай хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хуулийг үндэслэн захирамж гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.3 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дорждүгэрийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох Халиун сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамжийн хавсралт 33 дугаарт байгаа Б.Бааран “Цагаан дэрс” өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ