Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 57

 

Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаазнаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Оюутолгой” ХХКомпанид хариуцагдах

“Урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа

            Нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

     Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хэнмэдэхбаяр миний бие 2011 оноос эхлэн Оюутолгой ХХК-д операторын албан тушаалд ажилласан бөгөөд тус компани нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан юм. Ингээд тус компанид 5 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаанд ээлжийн мастер н.Бямбадорж нь ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа гаргаж байсан. Ажлын цагаар архи авч ир, хоол хийж ир, борц аваад ир гэх мэтээр тушаана, үгэнд нь ороогүй хүнийг загнаж, хууль бус үйлдэл гаргадаг байсан, ажил хийхэд их төвөгтэй, дарамттай, ажлаа тайван хийх боломжгүй байсан. Энэ талаар удирдлагад хэлж гомдол гаргаж байсан боловч тогтоогдох боломжгүй гээд н.Бямбадоржид хариуцлага аваагүй. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 тоот захирлын тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь уг тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Дээрх ажлаас халсан тушаалыг сахилгын буруу шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюутолгой ХХКомпани шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл Б.Хэнмэдэхбаяр нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр LO-040 техник буюу шанагат экскаваторынг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчил буюу хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Иймд дээрхийг үндэслэн Оюутолгой ХХК нь нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан. Иймд нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй орхин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр анхан шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр RT50 ачааны машинаар ажилд гарахыг ээлжийн мастер Нэргүйгээс авсан. Машинд үзлэг хийх хооронд ээлжийн мастер Нэргүй нь хамт гарч байсан дохиочнийг өөр ажилд томилсон байсан. Машинд үзлэг хийгээд өрмийн талбай руу явсан. Өрмийн талбай дээр очоод газрын байдал, тэгш ус, саад бартаа ихтэй байсныг ээлжийн мастер Нэргүйд станцаар хэлсэн. Оюутолгой ХХК-нь надад 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөрчил гаргаж 1200 долларын хохирол учруулсан гэж сүүлийн удаа сануулга өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр техникийг ажилуулахын өмнө үзлэгийн хуудас бөглөөгүй гэх үндэслэлээр миний гэрээг цуцалсан. Энэхүү 2 зөрчлийг нэг дор хянан хэлэлцээд миний гэрээг цуцалсан. Иймээс намайг үндэслэлгүй халсан гэж үзэж урьд байсан ажилд эргүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хэнмэдэхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын зөрчил гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулахаар захирлын тушаал гарсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилд гарахаас өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг үзэж бүртгэлийн дэвтэр бөглөөгүй зөрчил гаргаснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тушаал гарсан. Иймд 2 зөрчил давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан. Иймээс Хэнмэдэхбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

     Анхан шатны шүүх: Б.Хэнмэдэхбаярын Оюутолгой ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.4 дэх зааснаар Б.Хэнмэдэхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангана гэжээ. Тэгвэл анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй бөгөөд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч байгууллага нь миний үйлчлүүлэгчийг хууль бусаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн гэсэн бөгөөд давтан зөрчил гаргасан үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ч эсрэгээрээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан зөрчил буюу давтан зөрчил үүссэн гэх баримт байхгүй байснаас гадна энэхүү зөрчлийг үндэслэсэн гэх баримтыг эрх бүхий этгээд дүгнэсэн гэж үзэх боломжгүй байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх шийдвэртээ .... Эндрью Вүдлейг албан ёсоор томилсон шийдвэр, гарын үсгийн албан ёсны баталгаа ....авхуулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар үйл баримтыг нотолж, үгүйсгэж байгаа талаараа тайлбар гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй .... гэжээ. Нэхэмжпэлийн шаардлага ажлаас хууль бус халсан тушаалыг хүчингүй болгох бөгөөд үндэслэл нь давтан гэх зөрчил байсан эсэх нь тодорхойгүй байсныг нотлох байсан бөгөөд ийнхүү нотолсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч өөрийн санаачлагаар ажлаас халсан тохиолдолд ямар үйлдлийг зөрчил гэж үзэх тухай дурьдсан бөгөөд миний үйлчлүүлэгчид холбогдох зөрчлийн талаар огт байдаггүй, мөн ажпын байрны тодорхойлолтод дурьдсан сануулсан зүйл огт байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Оюу толгой ХХК-ийн захирал Эндрью Вүдлэй нь өөрийн ажилд авах, ажлаас халах шийдвэр гаргах эрхийг өөр хүнд шилжүүлсэн байдаг багаад дээрх эрхийг шилжүүлэн авсан албан тушаалтан нь гаргаж буй тушаал дээр өөрийн албан тушаал, өөрийн нэр гарын үсгийг зурснаар тушаал хууль ёсны байх шаардлагыг хангах ёстой. Гэтэл дээрх эрхийг шилжүүлэн авсан эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй гэх баримт бичигт өөрийн зөвхөн гарын үсгийг зурж байгаа нь тушаалыг хэлбэрийн төдий үйлдэж байгаа хэрэг юм. Давтан зөрчил гаргасан гэх баримтыг хэн үйлдсэн, тушаалыг хэн гаргасан зэрэг нь тодорхойгүй баримтаар нотлогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд учир дутагдалтай байхад анхан шатны шүүх таамаглалд үндэслэн дүгнэлт хийж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Номинтунгалаг орсон атал, бидэнд өгсөн шийдвэрт нарийн бичгийн даргаар Энхтөр оролцсон гэж бичсэн байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчиж хэт өрөөсгөл нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэрийг гаргасанд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Оюу-Толгой ХХК нь анхнаасаа намайг ажлаас халах зорилготойгоор надаас шалтаг хайж ийнхүү давтан сахилгын зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халсан бөгөөд би хувьдаа өөрийгөө сахилгын шийтгэл ногдуулах зөрчлүүдийг гаргаагүй гэж үзэж байгаа болно. ... Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх бүх нөхцөл байдлыг нягтлан үзэж нэхэмжлэлийг маань хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зохигчдын хоорондох маргаан эрх зүйн ямар харилцаанаас үүссэн, шаардах эрхийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгтээ маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах, мөн зүйлийн 118.5-д заасан баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой заах шаардлагатай нийцээгүй байна. 

Хэргийн 146 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: хуудас баримт бичиг гаргаж өгөв” гэсэн хичнээн хуудас, ямар нотлох баримт гаргаж өгсөн нь ойлгомжгүй мэдээлэл тусгагдсан боловч энэ нь хэргийн 150-167 дугаар хуудсанд авагдсан 17 хуудас нотлох баримтын тухай мэдээлэл бөгөөд түүнийг хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-т зааснаар хэргийн оролцогч нар нь нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй, харин шүүх хуралдаан дээр хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарын танилцаагүй нотлох баримтыг шинээр гаргаж өгч буй нь “шинэ нотлох баримт бүрдүүлэх хүсэлт” гэж ойлгогдоно.

Шүүхийн хүлээн авсан гэх дээрх нотлох баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч хариуцагч талаас шинэ нотлох баримт гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэж гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж   хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “...хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг... даруй шийдвэрлэнэ.”, 105.2-т “...нотлох баримтыг...шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасныг шүүх биелүүлээгүй гж үзэх үндэслэл бий болох тул ингэснээр хэргийн оролцогчийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг шүүхээс зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материал танилцуулснаас хойш 6 дугаар сарын 09-ны өдөр шүүх хүлээн авч дардас дарсан  хэргийн 131-144 дүгээр хуудсанд дахь нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах...” эрхээ эдлэх боломжийг шүүхээс хэргийн оролцогч нарт олгоогүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага гаргасан.  Цалин хөлсийг ажил олгогчоос ажилтанд ажил үүрэг гүйцэтгэснийх нь төлөө мөнгөн хэлбэр олгодог тул Б.Хэнмэдэхбаяр нь  ажилгүй байсан хугацааны цалингаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хэлбрээр илэрхийлж нэхэмжлэх ёстой байтал түүний нэхэмжлэл болон тайлбарт мөнгөн дүнгийн шаардлага байхгүй байна. Мөн хэрэгт Б.Хэнмэдэхбаярт ам, доллараар цалин хөлс олгох тухай захирлын тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар авагдсан байгаа боловч дээрх нотлох баримтуудыг хооронд нь хэрхэн харьцуулан үнэлж ажилгүй байсан хугацааны цалинг ямар хугацаагаар, монгол төгрөгийн америк доллартай харьцах харьцааг хэрхэн тооцож хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. /хэргийн 07,20-24 дүгээр хуудас/ Иймээс анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж  хэргийг шийдвэрлэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн зөрчлийг  давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй, уг зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, маргааны үйл баримтын талаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хариу өгөөгүй болно. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ