Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2019/0377

 

П.Ө-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч П.Ө, түүний өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, гуравдагч этгээд “Мст” ХХК-ийн төлөөлөгч Д.Алтантуяа, “Ст” ХХК-ийн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “Мст” ХХК-ийн өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0281 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, П.Ө-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0281 дүгээр шийдвэрээр: “Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 10 дугаар зүйлийн 10.1,13 дугаар зүйлийн 13.1,17 дугаар зүйлийн 17.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 (А/71) дугаар тушаалын “Ст” ХХК-ийн 2303 тоот дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “Мст” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож, 2303 дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “Ст” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах Нэхэмжлэгч П.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Ө давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мст ХХК-ийн захирал Д.А, “Ст” ХХК-ийн захирал Д.О нарын гаргасан эзэмшигчийг өөрчлөх тухай хүсэлтээр өөрчлөн бүртгэсэн нь онцгой эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэсэн.

Компанийн тухай хуулиар компанийн шийдвэр гаргах дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байхаар заасан байдаг ба тухайн компанийн үндсэн хөрөнгийн шилжилт, түүнийг үнэлэх эрх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхийн асуудал байдаг.

Гэтэл компанийн үндсэн хөрөнгө болох патентыг гүйцэтгэх захирлын хүсэлтээр бусдад шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Компанийн тухай хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн байх ба энэхүү хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу эрх зүйн үр дагавар агуулахгүй байхаар байтал шилжүүлсэн хүсэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу байна

Патентийн тухай хуулийн 21.3-т “...эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй байна” гэж заасан байдаг.

Тэгвэл тухайн патентыг бусдад шилжүүлснээр эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа этгээд нь гуравдагч этгээд байхаар байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд патентыг шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтаар буруу байгаа ба Оюуны өмчийн газар нь хуулиар олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар заасан төрийн эрх бүхий байгууллага юм.

Ингэснээрээ патент эзэмшигч ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх нь зөрчигдөж байна гэж үзэхээр байна. Хуулийн дээрх заалт нь патент эзэмшигчийн эрхийн хамгаалалтын зохицуулалт юм. Гэтэл шүүхийн зүгээс эзэмшигчийн эрх зөрчигдөөгүй ба шилжүүлсэн байгаа нь үндэслэлтэй гэж дүгнэсэн буруу байна.

Иймд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0281 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалаар “Ст” ХХК-ийн эзэмшиж байсан 2303 улсын бүртгэлийн дугаартай “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварын патентийн эзэмших эрхийг “Мст” ХХК-д шилжүүлэн бүртгэж, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 101 дүгээр тушаалаар “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварын патентыг “Ст” ХХК-д улсын бүртгэлийн 2303 дугаарт бүртгэн олгосон, Патентийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан патент өмчлөх онцгой эрх бүхий этгээд нь “Ст” ХХК байна.

Маргаан бүхий патентийн эзэмших эрхийг гуравдагч этгээд “Мст” ХХК-д шилжүүлэхээр “Ст” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Отгонтуяагаас патент эзэмшигч өөрчлөх тухай хүсэлт, шилжүүлэх акт, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолт, загварын патентыг, “Мст” ХХК-иас мөн хүсэлтийг тус тус патент эзэмшигч өөрчлөх тухай мэдүүлэгт хавсарган хариуцагч Оюуны өмчийн газарт өгсөн болох нь тогтоогдсон, үүнтэй нэхэмжлэгчээс маргаагүй.

Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, ийнхүү мэдэгдэхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг нь өргөдөл, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолтоос бүрдэх бөгөөд шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг” хавсаргахаар заасан, өөрөөр хуульд патент эзэмшигчийг өөрчлөн бүртгүүлэхэд ямар нэг шаардлага тавигдаагүй байх тул гуравдагч этгээдүүдийн гаргасан дээр дурдсан баримтуудыг үндэслэн “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварын патентийн эзэмших эрхийг “Мст” ХХК-д шилжүүлэн бүртгэж, бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “...бүтээгдэхүүний загварын патент ...эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй” гэж заасан, өөрөөр хэлбэл, патент эзэмшигчийг өөрчлөн бүртгүүлэх буюу патентийн эрхийг шилжүүлэхэд дээрх хязгаарлалт л тавигдахаар хуульд зохицуулсан байх бөгөөд “Ст” ХХК нь “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчээр бүртгэлтэй байгаа тохиолдолд тус компанийн хувьцаа эзэмшигчийг гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй.

Тодруулбал, “Ст” ХХК нь эзэмшиж байсан патентийн загварын эрхээ бусад этгээдэд шилжүүлэхдээ хувьцаа эзэмшигчдээс санал авсан эсэх, уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлсэн эсэх, энэхүү үйл ажиллагаа нь Компанийн тухай хуульд нийцсэн эсэх, “Мст” ХХК-д патент шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл мөн эсэх, хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй, уг асуудлаар хувьцаа эзэмшигч П.Ө иргэний хэргийн шүүхэд хандаж, гомдол нэхэмжлэл гаргах эрхтэй, ийнхүү хуулиар тавигдсан шаардлагыг хангасан баримтуудыг бүрдүүлэн өгсөн тохиолдолд хариуцагчаас бүртгэлийг хийх үүрэгтэй, тухайн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзах эрхгүй.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй тул “Ст” ХХК-ийг төлөөлөн Д.О патент эзэмшигчийг өөрчлөн бүртгүүлэх хүсэлтийг гаргах эрх бүхий этгээд мөн юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч П.Ө-өөс нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ “...Патентийн эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн бүртгэлийн улмаас “Ст” ХХК-ийн хувьцаа эзэмшигч миний тухайн бүтээгдэхүүний борлуулалтаас ашиг хүртэх эрх зөрчигдсөн” гэж тодорхойлж, бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг шилжүүлэн бүртгэсэн захиргааны акттай маргасан байхад анхан шатны шүүх “...нэхэмжлэгч П.Ө “Ст” ХХК-ийн хувьцааны 24 хувийг эзэмшигч хэдий ч компанийг үүсгэн байгуулагчийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ст” ХХК-ийн дүрмээр тус компанийн эрх, ашгийг зөрчсөн эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй” гэж түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа мэт зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн нь буруу байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ” гэж, 86 дугаар зүйлийн 86.1-д “компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

Компанийн хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон үндсэн эрх болон компанийн дүрмээр тогтоогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан нь иргэний эрх зүйн маргаан боловч компанийн хувьцаа эзэмшигч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо захиргааны байгууллагын актын улмаас зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцсэн, П.Ө нэхэмжлэл гаргах эрхтэй.

Анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг баримталсан нь үндэслэлгүй байх тул уг хуулийн заалтыг хасаж, баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгаа алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0281 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Ө-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН