Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0387

 

“См” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “См” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “См” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т давж заалдах гомдолдоо: “...манай компани нь гадаад худалдаа, төмрийн хүдэр баяжуулах чиглэлээр 2016.06.10-ны өдөр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай, Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг “Нс” ХХК-иас худалдан авч, тухайн үйлдвэр байрлах газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус компанитай байгуулан бичиг баримтуудаа бүрдүүлэн өгч, Хонгор сумын Засаг даргын 2017.10.03-ны өдрийн 195 тоот шийдвэрийг үндэслэн №000325199 дугаартай гэрчилгээний дагуу эзэмших эрх олгогдсон. Ийм байтал сонсох ажиллагааг хийлгүй Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн дагуу газар эзэмших эрхийг ашиглах эрх болгон өөрчлөн шийдвэрлэх боломжтой атал эзэмших эрхийг шууд цуцалж манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж маргаан бүхий шийдвэр гаргасныг шүүхээс зөв зүйтэй гэж шийдсэнд гомдолтой байна.

Газраа ашиглах эрхгүйгээр манай байгууллага тухайн газар дээрх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох үйлдвэрийг өмчлөх, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул үйлдвэрийг ажиллуулах цаашдын үйл ажиллагааг таслан зогсоосон гарцаагүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд манай байгууллага нь хууль тогтоомжийн дагуу газрыг эзэмших, ашиглах эрхтэй байх тул гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Дархан-уул аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-т заасан “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг тодруулаагүйгээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох “См“ ХХК-д газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзээд өөрөө уг шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “....нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгах” шаардлагад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохоо тайлбарлаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай “См” ХХК нь газар эзэмших эрхгүй. Тиймээс газар эзэмших эрхийг сэргээх шаардлагыг хангах үндэслэлгүй.

Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ. Хуулийн энэхүү тодорхойлолтоос үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан бүртгэгдсэн Монгол Улсын аж ахуйн нэгж юм.

Иймд, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Монгол Улсын аж ахуйн нэгж гэдэгт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь хууль зүйн ойлголтын хувьд хамаарахаар байна. Харин Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь газар ашиглах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд “Нс” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр байрлах төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, конторын зориулалтын үл хөдлөх хөрөнгийг газрын хамт нэхэмжлэгч “См” ХХК-д шилжүүлэх гэрээг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, уг гэрээг үндэслэн газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан нь “Нс” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд үүнийг хязгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэгэнт маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил “См” ХХК-д шилжсэн энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.3-т зааснаар нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд газар эзэмших эрхгүй учраас хариуцагчаас түүнд газар ашиглах эрх олгох боломжтой, ийм ч учраас нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргажээ.

Хариуцагчаас энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үндэслэлээ “...гуравдагч этгээдтэй холбоотой эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэний дараа холбогдох захирамжийг гаргана” гэж тайлбарлан хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Гэтэл иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг Засаг дарга нь хуульд заасан журмын дагуу, тогтоосон хугацааны дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн “газар ашиглах” талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 44 дүгээр зүйлийн 44.5-д заасантай нийцээгүй байна.

Иймд нэгэнт баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу олгогдсон газаргүйгээр эрхлэх боломжгүй учраас нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх үүргээ сумын Засаг дарга хэрэгжүүлээгүй байх тул хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хэдийгээр нэхэмжлэгчээс “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ч үндэслэлээ “...манай компани тухайн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхтэй учраас газрыг ашиглах шаардлагатай. Энэ үндэслэлээр сумын Засаг даргад холбогдох хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлэхгүй байгаа, иймд хүсэлтийг шийдвэрлүүлж, газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй” гэж тайлбарлажээ.

Гэхдээ хэргийн материалд нэхэмжлэлийн шаардлагын уг үйл баримтад холбогдох нотлох баримт хангалттай авагдсан, мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар тодорхой тайлбарласан байгааг харгалзан үзээд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын “См” ХХК-д газар ашиглуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын “См” ХХК-ийн “газар ашиглуулах” талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН