Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс: 114/2019/0007/З

       Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 36б-ийн ******* тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                       Т.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Ц. Б

Гуравдагч этгээд:                                                                Х.Ч

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч                                         Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-с шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани бол гадаад худалдаа, төмрийн үйлдвэр баяжмал чиглэлээр 2016 оны 06 сарын 10 өдөр байгуулагдсан. Анх “Нью сиян” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х-Э 10 хувь, D.J 10 хувь,  L.Y 80 хувийг тус тус эзэмшиж компанийн дүрмээ батлуулж байсан. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр Хас-Эрдэнэ өөрийн нэр дээрх 10 хувийн хувьцаагаа D.J-д бэлэглэж, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-ийн захирлаар L. Y томилогдсон. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Нью сиян” ХХК болон “*******” ХХК-тай арилжааны гэрээ байгуулж Дархан-Уул аймаг Хонгор сум 1-р багийн барилга 600м2 газар, 200м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан. Энэ газар “Нью сиян” ХХК болон тухайн үед Х.Э эхнэр байсан Ш нарын хамтын эзэмшил байсан учраас Ш нь мөнгө авна гэдэг. Гэтэл Х.Э буюу “Нью сиян” ХХК нь мөнгө төлөх боломжгүй байсан учраас “*******” ХХК-д хүсэлт гаргаж бид 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1706 дугаартай хоёр талт гэрээ болон гурван талт гэрээнүүдийг байгуулж, Ш-ийн  Голомт банкны 1801375335 тоот дансанд нь 300.000 ам доллартой тэнцэх хэмжээний 2 сая юанийг 2017оны 6 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Дараа  “Нью сиян” ХХК нь “*******” ХХК-д “Хуазэй трейд” ХХК-аас 300.000 ам долларын авлагатай тус авлагыг авч өгнө үү гэж хүсэлт тавьсан учраас уг авлагыг нь манай компани авч өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х-Э-ий дүү болох Х.Ч-ын эзэмшлийн Хаан банк 5115042718 тоот данс руу 479 сая төгрөг, Х.Э.н одоогийн эхнэр болох О-ийн эзэмшлийн Хаан банкны 5134017868 тоот дансанд 10 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х.Ч-ын дансанд 246 сая төгрөг буюу нийт 735 сая төгрөгийг шилжүүлсэн. 735 сая төгрөг бол арилжааны гэрээний 2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгө үйлдвэрийн үнэтэй дүйцэж байгаа.

Дээр дурдсан байдлаар болон бусад байдлаар Х.Э нь удаа дараа манай компаниас мөнгө зээлж байсан. Манай компани нь тухайн үйлдвэрийг шилжүүлж авсны дараагаар ажилчдын хувцас, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, воган ачилтын үнэ зэргийг өөрөө гаргасан. Мөн  үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн ба нийт 2 сая орчим ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүчинд үйлдвэрийн хүчин чадал өмнөхөөсөө гурав дахин нэмэгдэж, өдөрт 300 тонны төмрийн хүдэр боловсруулж бутлах чадвартай байсан бол одоо 1000 тонны төмрийн хүдрийг бутлах хүчин чадалтай болсон. “*******” ХХК-ийн шүүхэд хандсан гол зорилго 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хонгор сумын Засаг дарга 257 тоот захирамж гарган манай энэхүү үйлдвэрийн газрын эзэмших эрхийг цуцалсан асуудал юм. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан зөвшөөрөгдсөн хувилбараас аль нэгийг нь сонгон хэрэглэх боломж байсан боловч уг боломжуудаас ашиглахгүйгээр эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон нь “*******” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Мөн сонсох ажиллагаа явуулахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгтэй танилцахад сонсох ажиллагаа явуулах тухай нэг албан бичиг манайх руу явуулсан байдаг. Би тухайн албан бичгийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан.

Манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байна гэсэн сураг сонсоод 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Газрын алба дээр очсон ба 11 дүгээр сарын 12-ны өдөр тайлбар өгсөн байдаг. “*******” ХХК руу явуулсан сонсох ажиллагааны тухай албан бичгийг харахад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сонсох ажиллагаа явуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Засаг даргын захирамж байсан. Сонсох ажиллагаанд “*******” ХХК-ийг огт оролцуулаагүй. 11 дүгээр сарын 06-ны өдөр болон 12-ны өдөр шийдвэр гарсан гарын үсэг зурах дутуу байна гэж хэлсэн. Сонсох ажиллагаа явуулах талаар хуулийн зохицуулалт байдаг ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т зааснаар бол сонсох ажиллагаа явуулах хугацаа, журам, дарааллын талаар мэдээллэсэн байх ёстой. Бидэнд энэ талаар мэдээлээгүй,  шийдвэр гарсны дараа албан бичиг авчирч өгсөн. Сонсох ажиллагаа хийгдсэн санал солилцсон бол ийм байдалд хүрэхгүй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гадаадын хөрөнгө оруулалттай “*******” ХХК-д Засаг даргын 2017 оны 195 дугаар захирамжаар үйлдвэрийн зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь заалтыг зөрчсөн нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжаар хүчингүй болгосон ба энэхүү захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан 7 шинжийн аль нэгийг бүхэлд нь агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байна. Засаг даргын шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Сонсох ажиллагааг журмын дагуу явуулж мэдэгдэл хүргүүлсэн. Дараа нь шийдвэрийг гардуулж өгсөн энэ тухай тэмдэглэл нь байгаа. Манай зүгээс “Нью сиян” ХХК-тай холбоотой эд хөрөнгийн маргаан шийдвэрлэгдсэний дараа холбогдох захирамжийг гаргана, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Гуравдагч этгээд Х.Ч-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийг байгуулагдахаас өмнө тухайн компанийн үүсгэн байгуулагч Хятад улсын иргэн D.J, L.Y нартай “Нью сиян” ХХК нь 2013 оноос хойш харилцаатай ажиллаж байсан. Манай компани нь 2011 онд маргаан бүхий газрын гэрчилгээг өөрсдийн хүсэлтээр авч тус газарт өөрсдийн хөрөнгөөр үйлдвэр байгуулан баяжмал үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн баяжмалаа Хятад улс руу экспортлох гэж байгаад D.J-тай танилцсан. D.J нь тухайн үед бидэнд мөнгө байхгүй, би танай үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улсад компанийн нэр дээр худалдаад, дараа нь мөнгийг нь шилжүүлээд би дамнаж заръя гэсэн. Энэ нь хэн хэнд нь ашигтай гэх тохиролцоотой явж байсан. Манай компани нь анх байгуулагдсан цагаасаа 2.4 сая ам долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байдаг. Дарханы үйлдвэрээс гадна Хэнтий аймгийн Бор-Өндөрт баяжуулах үйлдвэр ажиллуулж байсан ба 2015 он хүртэл үргэлжилсэн.  Тухайн үед D.J, L.Y нар манайхыг хамтарч ажиллаач гэсэн учраас гэрээ байгуулсан ба гэрээний дагуу манайх “*******” ХХК-д 15.4 сая төгрөгийн бараа экспортолсон ба мөнгө нь манай компанийн дансаар орж ирдэггүй байсан ихэнхдээ хагас дутуу орж ирдэг болсон. D.J нь 2016 онд Монгол Улсаас гарч яваад дахин Монгол Улсын хилээр орж ирээгүй. Харин L.Y нь Монгол Улсын хилээр орж ирдэг. “*******” ХХК-г анх үүсгэн байгуулахдаа L.Y, D.J нар нь манай компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Э-ийг ятгаж “Нью сиян” ХХК-ийг байгуулахаар тохиролцож 2016 оны 6 дугаар сард тус компанийг байгуулсан хэдий ч тодорхой үйл ажиллагаа явуулаагүй.

 Энэ хугацаанд D.J, L.Yнар нь Х.Э-ийг чи компанийн 10%-ийн хувьцааг шилжүүлээд өгчих бид Хятадаас хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн. Х.Энь өөрийн итгэл үнэмшлийн үндсэн дээр өөрийн 10%-ийн хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр D.J-т шилжүүлсэн ба дараагаар “*******” ХХК-д Дарханд байгаа үйлдвэрээ газартай нь хамт шилжүүлээд өгчих, шилжүүлж өгвөл Сэлэнгэ аймгийн Ерөө суманд одоо байгаа үйлдвэрээс чинь 3-4 дахин илүү хүчин чадалтай үйлдвэрийг өөрийнхөө хөрөнгөөр барьж өгье гэж санал тавьсан. Тухайн үед Х.Э итгээд 3 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Дарханы үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг  “*******” ХХК-д шилжүүлж өгсөн. Гэхдээ түүнийхээ барьцаанд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө, мөнгө  аваагүй. Газар шилжүүлэх асуудал дээр Ш нь “Нью сиян” ХХК-ийн хамтран эзэмшигчээр байсан. Ш-г газар шилжүүлэх асуудалд битгий саад бол гэдэг хүсэлтийг D.J, L.Y нар өөрт нь тавьсан учраас Ш би энэ газраас татгалзаж болно. Хэрэв татгалзвал “Нью сиян” ХХК мөнгө өгөх ёстой гэсэн байдаг. Манай компани нь L.Y, D.J нараас авах ёстой Хятадын Пэндфэй ХХК-руу экспортолж байсан маш их авлагатай байсан.

 Газар болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхэд ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Мөнгө шилжүүлсэн асуудал бол өмнөх тооцооны үлдэгдэл төлбөрийг хагас дутуу шилжүүлсэн асуудал юм. “*******” ХХК нь Газрын тухай хууль зөрчиж газар эзэмшиж байсан. Газрын тухай хуульд бол Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж л газар эзэмших эрхтэй байдаг. Гэтэл Хятад Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани газар эзэмшсэн учраас газар эзэмших эрхгүй компани газар эзэмшиж байна гэж үзсэн. Тэгэхээр Хонгор сумын Засаг даргын гаргасан захирамж хууль ёсных юм гэж үзэж байна гэжээ.

 

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөлдөө: Хонгор сумын Засаг даргын захирамжийг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх Засаг даргад байгаа учраас Засаг дарга 257 дугаартай захирамжаар өмнөх хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон. Газар эзэмших гэрээг үндэслээд хамгийн “*******” ХХК-д гэрээний дагуу гэрчилгээ олгосон. Газар эзэмших гэрээ нь Газрын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж хийгдсэн ба уг гэрээг үндэслээд Хонгор сумын Засаг даргаас “*******” ХХК-д газар олгосон боловч сумын  Засаг дарга хуулийн этгээдийн лавлагааг үндэслэж хууль зөрчиж газар эзэмшүүлсэн байснаа залруулсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т газар эзэмшүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан.  Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж заасан. Газрын тухай хуульд заасан, хуулиар зөвшөөрөгдсөн гэрээнд заасан болзлын дагуу газар эзэмшүүлнэ. Гэтэл “*******” ХХК нь газар эзэмших гэрээ байгуулаагүй.  Газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж нь хүчингүй болсон. Газрын тухай хуулиар бол Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж газар эзэмших эрхийг зохицуулсан.

 Гэтэл “*******” ХХК нь Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид хамаарахгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, мөн хуулийн 3.1.8-т “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заасан. “*******” ХХК нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани. Энэ үндэслэлээр Хонгор сумын Засаг дарга Монгол Улсын аж ахуй нэгж биш Хятадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмшүүлсэн захирамжийг хуульд нийцүүлэн зөвтгөсөн. “*******” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэж газар эзэмших эрх олж авсан. Уг гэрээ нь газрын тухай хуулийг зөрчиж хийгдсэн буюу гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмших болсон. Газар ашиглуулах талаар захиргааны байгууллага акт гаргахгүй байгаа үндэслэлийн нэг нь энэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа Хонгор сумын Засаг даргын 257 дугаар захирамжаар “*******” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж байсан. Нэхэмжлэгч нь анх захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг үүссэний дараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль бус актыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж ашиглах эрхийг олгохыг захиргааны байгууллагад даалгаж өгнө үү гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдлаас харахад захиргааны акт хууль зөрчөөгүй байна.

 Тиймээс хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэх боловч гадаадын хөрөнгө оруулалттай компанийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл байхгүй. Ашиглах эрхийн хувьд “Нью сиян” ХХК болон  “*******” ХХК-ийн хоорондох эрх шилжүүлэх гэрээний хүрээнд газар ашиглах эрх олгосон акт гарах боломжгүй юм.

   Талуудын хооронд байгуулсан гэрээ нь газар ашиглах эрхийг шилжүүлсэн гэрээ биш учир зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэх шаардлагыг хангах боломжгүй. Энэхүү захирамжийн дараа “*******” ХХК-аас газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаж байгаагүй. Аль алиных нь тухайд үндсэн гэрээ өөрчлөгдөөгүй тохиолдолд захиргааны байгууллагаас шууд эрх олгох үндэслэл байхгүй. Гадаадын хөрөнгө  оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харъяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ гэж заасан. D.J, L.Y нар нь гадаадын иргэд бөгөөд эдгээр хүмүүсийн хөрөнгө оруулалттай компани бол гадаадын хуулийн этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал бол гадаадын иргэд бөгөөд Монгол Улсад “*******” ХХК-ийг байгуулсан Монгол Улсын хуулийн этгээд гэж тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх талаар заагаагүй. Харин Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлнэ гэж заасан.

    Гадаадын иргэн Монгол Улсад хуулийн этгээд байгуулж болох хэдий ч Газрын тухай хуульд хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх талаар заагаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно гэж заасан. Харин эзэмшүүлэх талаар заагаагүй. Газар төрийн өмч гэдэг утгаар ямар нөхцөл болзолтойгоор газар эзэмшүүлэх талаар хуульчилж өгсөн. Газар ашиглуулахдаа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд ашиглуулж болох боловч илүү нөхцөл болзолтойгоор тусгай гэрээгээр ашиглуулна.“*******” ХХК-д газар эзэмшүүлэх боломжгүй. “Нью сиян” ХХК-ийн эзэмшлийн газрыг ашиглах гэрээг байгуулсан бол газар ашиглах эрх нээгдэнэ. Эсвэл “Нью сиян” ХХК-ийн эзэмших эрхийг дуусгавар болгоод захиргааны байгууллага “*******” ХХК-тай гэрээ байгуулж байж ашиглах боломжтой болно харин газар эзэмшүүлэхийн тухайд хуулиар хориглосон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч “*******” ХХК-ний захирал Л.Ю-с “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар  захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

    Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

     Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн “Нью сиян” ХХК-д Хонгор сумын 1 дүгээр багийн Төмөрлөгийн үйлдвэрийн сайжруулсан замын урд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр байгуулах зориулалтаар 5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 02174885 дугаартай гэрчилгээг олгож,  Хонгор сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 60 дугаар захирамжаар дээрх газрын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгажээ.

“Нью сиян” ХХК-ний 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17/016 тоот хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Хонгор сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 195 дугаар захирамжаар “Нью сиян” ХХК-ний эзэмшлийн 5 га газрыг 2 жилийн хугацаатайгаар “*******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 00325199 дугаарын гэрчилгээ олгогджээ.

      Хариуцагч Хонгор сумын Засаг дарга нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжаараа  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн “*******”ХХК-д үйлдвэрийн зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлсэн 2017 оны 195 дугаар захирамжийг хууль бус шийдвэр гэж үзэн хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

    Нэхэмжлэгч “*******” ХХК нь /6084869 регистрийн дугаартай/ 2016 онд 80 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниар үүсгэн байгуулагдсан болох нь компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ний дүрэм, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байх бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн  Li Yichao 80 хувь, Dai Junlong 20 хувь буюу  100 хувийн үүсгэн байгуулагчаар бүртгэгдэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000121673 дугаарын гэрчилгээг авчээ. Энэхүү баримтаас үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК нь 2018 онд гадаадын хөрөнгө оруулалтттай компани байхдаа бусдын эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нь хууль бус байна. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь заалтыг зөрчсөн нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон учир хууль бус шийдвэрээ хүчингүй болгон шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.

   Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж зааснаас үзвэл газар эзэмшиж буй аж ахуйн нэгж нь зөвхөн Монгол Улсын аж ахуйн нэгжид эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрхтэй гэж хуульчилсан бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа хуулийн этгээд буюу “*******” ХХК-нь энэхүү гэрчилгээг шилжүүлэн авах эрхтэй эсэхийг хариуцагч Хонгор сумын Засаг дарга тодруулаагүйгээс  дээрх 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 195 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

   Маргаан бүхий Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж  хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зааснаар тухайн шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд нийцсэн, хууль ёсны үйлдэл байна.

  Тодруулбал Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, хугацаа болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно”, 44.8-д “газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална”,Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж газар ашиглах эрхтэй байна. Нэгэнт Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаар захирамж нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14  дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 тоот  захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээлгэх, ашиглах эрхийн акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.НАРАНТУЯА