| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 105/2019/1561/э |
| Дугаар | 250 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 15.2.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 250
Б.Д, Н.Г, П.О,
Б.А, Ц.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч ... нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.А, хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1907 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаар магадлалтай, Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт холбогдох 1806071741212 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Д,
2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Г,
3. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, О,
4. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, А,
5. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, О.
Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Ж-д мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээлгүйгээс Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчиж, З.Ж- эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.А, Ц.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
хохирогч З.Ж- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Г, П.Отгонбаатар нарын их эмчийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А, Ц.О нарын сувилагчийн үйл ажиллагаа ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д болон түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.Дийн үйлдлийг Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тушаал зэргийг зөрчсөн гэж гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл нь байгууллагын тогтолцооны асуудлыг хуульчилж өгсөн. Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тушаалыг баримталсан нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт болсон. “Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС4621-2008 стандарт”-ыг заавал дагаж мөрдөнө гэсэн заалттай. Гэтэл эмч нарын гэм буруутай үйлдлийг тогтоож байгаа шинжээчийн дүгнэлт нь дээрх стандартыг огт баримтлаагүй, хэн нь 177 дугаар тушаалын ямар заалтуудыг зөрчсөн талаар тусгаагүй. Даваацэцэгийн үйлдэлд тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх баримтууд хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх”, “Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС4621-2008 стандарт” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээс алийг нь санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй. Иймд Б.Дт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан хэргийг гол ойлголт нь эмч мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээний ямар үүргийг биелүүлээгүй гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Түүнчлэн тухайн үүргээ биелүүлээгүйгээс ямар хор уршиг учирсан, тэд нарын хооронд шалтгаант байгаа эсэхийг тогтоох зүйл нь шинжээчийн дүгнэлт байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно гэж заасан. Үүнийг зөрчиж буюу Эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж, үүнийгээ тусгай мэдлэгийн үндэслэл болгож тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд энэ байдал нь хэргийн гэм бурууг тогтоох, эцэслэн шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд “шинжээчийн эрх зүйн байдал”-ын тухай тодорхой хуульчилсан. Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн өөрийн нэрийн өмнөөс хариуцна гэж бий. Шүүх хуралдаанд шинжээч өөрийнхөө гаргасан дүгнэлтийг хариуцахгүй байдлаар оролцсон. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны оролцогч нар болон шүүх бүрэлдэхүүнээс тавьж байгаа асуултад “би хариулж мэдэхгүй байна, эх барих эмэгтэйчүүдийн Эрхэмбаатар эмч хариулна” гэсэн үндэслэлээр оролцсон нь шинжээчийн дүгнэлтийн тусгай мэдлэгийн хүрээг эргэлзээ бүхий болгосон буюу шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээсээ татгалзсан нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болсон. Өмгөөлөгчийн хувьд дахин шинжээч томилуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар тусгай мэдлэг бүхий шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэе гэсэн хүсэлт байгаа бөгөөд шүүхийн шатанд томилох боломжтой байсан боловч анхан шатны шүүх хангаагүй. “Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС 4621-2008 стандарт”-ыг шинжээчийн дүгнэлтэд огт дурдаагүй, хууль зөрчсөн, Эрүүл мэндийн сайдын тушаалтай холбогдуулан тайлбарласан. Мөн шүүгдэгч тус бүрээр эмчилгээ үйлчилгээний ямар журам, стандартыг хэн нь зөрчсөн эсэхийг шүүгдэгч тус бүрээр авч дүгнээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт хөөн хэлэлцэх хугацаатай асуудал шууд хамааралтай нөхцөл байдал гарч байгаа. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир өмгөөлөгчийн зүгээс дурдаад өнгөрөх нь зүйтэй байх. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар шинжилгээг шинжээчдийн багаар хийлгэж, прокурор болон шүүхийн шатанд шинжээч томилох замаар тусгай мэдлэгийн үндэслэлийг тодорхой болгож, асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Энэ хэргийн хувьд 3-4 удаа шүүхээс прокурорт буцсан, 5 удаа шинжээч томилж шинжилгээ хийсэн байдаг. Эрүүл мэндийн салбар зөвлөлөөр эцсийн шатны дүгнэлтийг гаргасан. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч дүгнэлтээсээ татгалзсан, буцсан зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирогчид мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаалаар мэс заслын хяналтын хуудсыг бөглөх журам батлагдсан. Энэ тушаал нь мэс засал хийгдсэн өвчтөнд цаашид гарах олон тооны хүндрэлээс сэргийлэх зорилготой батлагдсан. Уг журамд зааснаар тухай мэс засал хийсэн баг хамт олон бол хяналтын хуудсыг бөглөдөг бөгөөд хохирогчид мэс засал хийсэн эмч сувилагч нарт уг журам хамаарах учиртай гэж үзэж байна. Шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
“Амгалан” амаржих газрын их эмч Б.Д, И.Ганболд, П.О болон сувилагч Б.А, Ц.О нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-нд “зүүн өндгөвчний уйланхай авах” мэс засал хийхдээ өвчтөн З.Ж-н хэвлийд 50х50 см хэмжээтэй даавуу буюу гадны биет үлдээсний улмаас хохирогч эмэгтэйн хэвлий хөндийд гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац үүсч, улмаар жирэмсэн эмэгтэйн амь насанд эрсдэл үүсч 2018 оны 08 дугаар сарын 06-нд ургийг эмнэлгийн аргаар зулбуулж хүнд хохирол учирсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Мэс ажилбарыг гардан удирдсан болон 1, 2 дугаар туслах эмчээр оролцсон их эмч болон сувилагч, туслах сувилагч нар нь тус тусын чиг үүргийг хэрэгжүүлж мэс заслын үйл ажиллагаанд оролцдог боловч тэдний үйлдлийн нэгдэл нь тухайн мэс заслын үр дүнг тодорхойлдог тул мэргэжлийн дадлага туршлага, ур чадварын дутмагшилаас бус ажлын хайнга байдал, хариуцлагагүй үйлдлээс улбаалан өвчтөний хэвлийд даавуу үлдээж эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүй энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүх тухайн гэмт хэргийн хохирол, хор уршиг нь шүүгдэгч нэг бүрийн үйлдлээс бус хамтын үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үндэслэлтэй зөв дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эмч, сувилагчдын мэргэжлийн үйл ажиллагааны алдаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээ бүхий гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Тусгай мэдлэг бүхий этгээд болох шинжээч нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүйн дээр мэс засалд бэлтгэхээс дуусгах хүртэл хугацаанд өөрийн хариуцсан ажлыг гүйцэтгэх байдлаар мэс засалд хамтран оролцсон шүүгдэгч нэг бүрийн үйлдлийг ялган зүйлчлэх боломжгүй юм.
Иймд “5 хүнийг бөөндөж гэм буруутайд тооцсон, үйлдэл тус бүрийг салгаж дүгнэх ёстой” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийхээс татгалзах эрхтэй боловч гаргасан дүгнэлтээсээ татгалзах тухай ойлголт байхгүй тул “шинжээч гаргасан дүгнэлтээсээ татгалзсан учир дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаалгах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, тайлбарыг хангах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Тухайн хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлт нь хоорондоо бие биенээ үгүйсгээгүй, агуулгын зөрүүгүйгээс гадна эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл тусгагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэсэн болно.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1907 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хэргийг шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН