Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01125

 

“И Т Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2017/01229 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “И Т Э”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ч, Г.С нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16 616 896 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Х, хариуцагч Г.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, хариуцагч С.Ч нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ч, Г.С нар манай компаниас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан, зээл авсан. Бид зээлийн болон фидуцын гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, автомашинаа манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Манай “И Т Э”ХХК-иас авсан зээлийн хүүгээ 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлөх байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 400 000 төгрөг төлж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй. Бид үндсэн зээл болон зээлийн хүү төлөхийг хариуцагч нарт удаа дараа сануулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Манай компани Г.С, С.Ч нараас Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйл, зээлийн гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн зээл 6 912 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.2, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, зээлийн гэрээний 2.1, 2.6-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 5 604 992 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу алданги 3 456 000 төгрөг нийт 15 972 992 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, бүгд 15 980 992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нараас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 46 хоногийн зээлийн хүү 635 904 төгрөгийг нэмж, нийт 16 616 896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн энэ төлбөрийг хариуцагч нар сайн дураар төлөхгүй бол фидуцийн гэрээгээр компанийн өмчлөлд шилжүүлсэн Тоёота Ланд круйзер 80 маркийн 15-51 УНМ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сард С.Чт 2 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед С.Ч Ланд круйзер 80 маркийн автомашиныг ломбарданд тавьж миний 2 000 000 төгрөгийг гаргаж авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед батлан даах хүн байхгүй, намайг батлан даахыг гуйсан мөн таньдаг нутгийн залуу тул итгээд батлан даасан. Иймд би энэ зээлд хамааралгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би зээлсэн 2 000 000 төгрөгөө авахын тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч хэрэглээгүй гэжээ.

Хариуцагч С.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “И Т Э”ХХК-иас 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацаа дуустал хугацаанд нь хүүгээ төлж байгаад хугацаа дууссанаас хойш /2015.03.22 өдөр дууссан/ 4 дүгээр сарын 24-нд 400 000 төгрөг, 5 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 6 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 7 дугаар сарын 25-нд 400 000 төгрөг, 8 дугаар сарын 21-нд 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 23-нд 400 000 төгрөг, 10 дугаар сарын 23-нд 400 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 400 000 төгрөг төлж нийт 3 200 000 төгрөг үндсэн зээлээс төлсөн боловч үндсэн зээлээс хасч тооцохгүй байна. Иймд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших төлбөрийг үндсэн зээлээс хасч өгнө үү. Мөн “И Т Э”ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөнөөс 3 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн тайлбар дээр нэмж хэлэхэд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 686 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 24-нд 400 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-нд 400 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 21-нд 400 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-нд 400 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-нд 400 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 400 000 төгрөг, нийт 4 186 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн боловч тус компани нь үндсэн зээлээс хасаж тооцохгүй байна. 2 сарын хүү төлж, үлдсэнийг нь үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлнө гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ч, Г.С нараас 5 515 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И Т Э”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 101 561 төгрөгт холбогдох хэсэг болон фидуцийн гэрээгээр шилжүүлсэн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Т Э”ХХК-д, хариуцагч С.Ч, Г.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 103 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Т Э”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1229 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И Т Э”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хууль зөрчсөн, ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т зааснаар “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтуудыг зөрчсөн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 235 дугаар зуйлийн 235.1. 235.5 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна” гэжээ. Гэвч тус хэсэгт “И Т Э”ХХК С.Ч, Г.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01-р сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгүүд өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг автомашиныг барьцаалсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлээс “фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах" гэсэн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан байхад “шүүх барьцаалсан гэж үзэхгүй” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн юм. Анхан шатны шүүхийн шүүгч фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдгийг ойлгоогүй. ИХ-ийн 231-р зүйлийн 231.1.6-д “фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдог” болохыг тодорхой заасан байдаг. Барьцаа болон фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдгээрээ гөстэй боловч агуулга, үүргийг хангах хэлбэрийн хувьд зарчмын ялгаатай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нар нь сайн дураараа төлөхгүй бол фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж барьцааны гэрээний талаар дүгнэж, тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Зээлийн гэрээний 2.6 ба 2.7 дахь заалтуудыг онцолж үзээд ер нь зээлийн гэрээг бүхлээр нь авч үзэх юм бол энэхүү зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж дүгнэгдэхээр байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь зээлийн гэрээг бүхэлд нь буюу цогцоор авч үзэж судлаагүй. ИХ-ийн 283-р зүйлийн 283.1-т зээлийн гэрээг хугацаагүй байгуулж болно гэж заасан байдаг. Талууд харилцан тохиролцож хүү тооцох хугацааг гэрээний үндсэн хугацаанд төдийгүй зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд хамаатай байдлаар тогтоосон нь тодорхой төрлийн гэрээг хугацаатай байгуулсан ч зарим зохицуулалтын хувьд уг хугацаа үйлчлэхгүй байхаар томьёолдогтой адил харилцаа ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг талууд тохиролцон өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд нийцүүлсэн юм.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Үүнийг Иргэний хуулийн тайлбарт “...хугацаа хэтрүүлсэн тохиолдолд уурэг гүйцэтгэгчээс хүү авах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгож буй..” юм. ...Мөнгөн төлбөрийн хугацааг хэтрүүлсний улмаас шаардаж буй хүүг төлүүлэх шаардлагын урьдчилсан нөхцөл нь 222.2-т заасны дагуу болон мөнгөн төлбөр төлөх үүргийн дагуу хугаиаа хэтэрсэн байх явдал... гэж хууль зүйн үндэслэлийг тайлбарласан байна. Иймд хүү шаардах эрх нь хууль болон гэрээгээр нээлттэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "...Г.С, С.Ч нар сайн дураараа дээрх мөнгийг төлөхгүй бол фидуцийн гэрээгээр манай компанийн өмчлөлд шилжүүлсэн тоёота ланд круйзер 80 маркийн 15-51 УНМ улсын дугаартай суудлын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэсэн ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг эсвэл хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болж байгаа “И Т Э”ХХК-ийн өмчлөлд байгаа тоёота ланд круйзер 80 маркийн 15-51 УНМ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч “И Т Э”ХХК-ийн эзэмшилд бодитой шилжүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг дурдаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4-р хуудасны доороосоо 2 дахь догол мөрөнд “Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал 15-51 УНМ улсын дугаартай, ногоон өнгийн Тоёота ланд круйзер 80 маркийн автомашиныг өөрсдийн эзэмшилд бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй...” гэжээ. Нэхэмжлэгч талын гаргасан 2 дахь шаардлага болох “нэхэмжилсэн мөнгөн дүнг хариуцагч нар сайн дураараа төлөхгүй бол фидуцийн гэрээгээр манай Компанийн өмчлөлд шилжүүлсэн 15-51 УНМ улсын дугаартай, ногоон өнгийн Тоёота ланд круйзер 80 маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хариуд анхан шатны шүүгч хуулиараа бол “хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 15-51 УНМ улсын дугаартай, ногоон өнгийн Тоёота ланд круйзер 80 маркийн автомашиныг нэхэмжлэгч компанийн эзэмшилд бодитойгоор шилжүүлсүгэй” гэж шийдвэртээ оруулах байсан. Учир нь фидуцийн гэрээ бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга болдгийг ИХ-ийн 231-р зүйлийн 231.1.6-д заасан байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт ...шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулахад ...хариуцагч С.Ч машинаа өгөхгүй гэж байгаа тул зээлийн гэрээний үндсэн үүргээ нэхэмжилж байна... гэсэн тул үндсэн үүргийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.” гэжээ. Үнэндээ бол миний бие ийм зүйл яриагүй. Анхан шатны шүүхийн шүүгч ийм зүйлийг хаанаас олж бичсэнийг би сайн ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-р хуудас буюу хавтаст хэргийн 86-р хуудасны 26-р мөрөнд "... Даргалагчаас: Танайх фидуцийн гэрээ байгуулсан байна. Та машиныг аваад гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна уу? Мөнгөө авах хүсэл зоригтой байна уу? гэхэд Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Машиныг С.Ч эзэмшээд явж байгаа. Манайх бодитоор аваагүй. Гэрчилгээ нь манай нэрээр байгаа гэв. Даргалагчаас: Иргэний хуулийн 235.4-д зааснаар та машиныг авснаар гэрээ дуусгавар болно гэхэд Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Машинаа өгөх юм бол асуудал дуусна гэв. Даргалагчаас: Та машиныг авъя гэж байгаа юм уу? гэхэд Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хэрвээ сайн дураар мөнгөө төлөхгүй бол фидуцийн гэрээгэр манай өмчлөлд шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага таьсан. Үүнийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөөч гэж байгаа” гэж тусгагдсаныг анхааралдаа авахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч Иргэний Хуулийн 216-р зүйлийн 216.4 дэх заалтыг үндэслэж С.Чийн төлсөн 3 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний Хуулийн 216-р зүйлийн 216.4 дэх заалт нь зээлийн харилцаанд хамааралгүй учраас зээл ба фидуцийн гэрээнд тусгагдаагүй болно. Харин зээлийн хүүгээ хамгийн түрүүнд төлөхөөр талууд зээлийн гэрээнд хэд хэдэн заалтаар зохицуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагч С.Ч манай талд 7 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэж хэлж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч манай талд дээрхи дүнгээс багаар буюу 5 515 335 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 11 101 561 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг эсвэл хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох “И Т Э”ХХК-ийн өмчлөлд байгаа тоёота ланд круйзер 80 маркийн 15-51 УНМ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгч “И Т Э”ХХК-ийн эзэмшилд бодитой шилжүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг дурдаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 26-ны өдрийн 210/МА2017/01229 тоот магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй тул нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагч С.Ч, Г.С нарт холбогдох зээлийн үүрэгт 16 616 896 төгрөгийг гаргуулах, фидуцийн зүйлээр үүргийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч “И Т Э” ХХКомпаний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх дараах алдааг гаргажээ. Тухайлбал:

1.Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.  Нэхэмжлэлийн үндэслэл болох зээлийн болон фидуцийн гэрээг зээлдүүлэгч “И Т Э” ХХКомпани болон нөгөө талаас С.Ч, Г.С нар байгуулсан байх ба “И Т Э” ХХКомпани барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Зээлдүүлэгчийн эрх зүйн байдлаас хамаарч  зээлийн гэрээний төрлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт тус тус нарийвчлан зохицуулсан бөгөөд “И Т Э” ХХКомпани нь барьцаалан зээлдэх газрын эрхтэй тул түүнээс олгосон зээл Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарахыг шүүх тодорхойлж чадаагүй  байна.

2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулагдсан, фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч нь шилжүүлж авчээ.

Иргэний хуулийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.”, 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж тус тус заажээ.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах шинжтэй байдаг байна. Энэ төрлийн зээлийн харилцаанд барьцаалан зээлдэх газар нь  барьцааны аргыг бус фидуцийн гэрээг байгуулах эрхтэй эсэх, уг гэрээг байгуулсан нь хууль зөрчих эсэхийг шүүх эрх зүйн үүднээс дүгнэх шаардлагатай байжээ.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг барьцаа гэж дүгнэхдээ эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авсан байгааг анхаараагүйгээс гадна барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй талаар зохицуулсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсгийг  хэрэглээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, ...фидуцийн зүйлээр үүргийг хангуулах тухай бүрэн дүгнэж чадаагүй байна.

Шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй тул хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй, улмаар нэхэмжлэгчийн гомдлын талаар дүгнэлт хийх үндэслэлгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2017/01229 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2 удаа төлсөн 70 200 төгрөг, 192 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА