Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1229

 

 “Икс Ти Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Чинзориг, Г.Сүхбат нарт холбогдох         

Зээлийн гэрээний үүрэгт 16 616 896 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч төлөөлөгч Ч.Хүрэлбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн

Хариуцагч С.Чинзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Чинзориг, Г.Сүхбат нар манай компаниас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан, зээл авсан. Бид зээлийн болон фидуцын гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, автомашинаа манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Манай “Икс Ти Эн” ХХК-иас авсан зээлийн хүүгээ 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлөх байсан боловч 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 400 000 төгрөг төлж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй. Бид үндсэн зээл болон зээлийн хүү төлөхийг хариуцагч нарт удаа дараа сануулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Манай компани Г.Сүхбат, С.Чинзориг нараас Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйл, зээлийн гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн зээл 6 912 000 төгрөг, Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.2, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, зээлийн гэрээний 2.1, 2.6-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 5 604 992 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу алданги 3 456 000 төгрөг нийт 15 972 992 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, бүгд 15 980 992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нараас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 46 хоногийн зээлийн хүү 635 904 /6912000*0.06/30*46/ төгрөгийг нэмж, нийт 16 616 896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн энэ төлбөрийг хариуцагч нар сайн дураар төлөхгүй бол фидуцийн гэрээгээр компанийн өмчлөлд шилжүүлсэн Тоёота Ланд круйзер 80 маркийн 15-51 УНМ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Сүхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сард С.Чинзоригт 2 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлдүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед С.Чинзориг Ланд круйзер 80 маркийн автомашиныг ломбарданд тавьж миний 2 000 000 төгрөгийг гаргаж авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед батлан даах хүн байхгүй, намайг батлан даахыг гуйсан мөн таньдаг нутгийн залуу тул итгээд батлан даасан. Иймд би энэ зээлд хамааралгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би зээлсэн 2 000 000 төгрөгөө авахын тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч хэрэглээгүй гэжээ.

Хариуцагч С.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Икс Ти Эн” ХХК-иас 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацаа дуустал хугацаанд нь хүүгээ төлж байгаад хугацаа дууссанаас хойш /2015.03.22 өдөр дууссан/ 4 дүгээр сарын 24-нд 400 000 төгрөг, 5 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 6 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 7 дугаар сарын 25-нд 400 000 төгрөг, 8 дугаар сарын 21-нд 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 23-нд 400 000 төгрөг, 10 дугаар сарын 23-нд 400 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 400 000 төгрөг төлж нийт 3 200 000 төгрөг үндсэн зээлээс төлсөн боловч үндсэн зээлээс хасч тооцохгүй байна. Иймд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших төлбөрийг үндсэн зээлээс хасч өгнө үү. Мөн “Икс Ти Эн” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөнөөс 3 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн тайлбар дээр нэмж хэлэхэд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 686 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 300 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 24-нд 400 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 22-нд 400 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-нд 400 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 21-нд 400 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-нд 400 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-нд 400 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 20-нд 400 000 төгрөг, нийт 4 186 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн боловч тус компани нь үндсэн зээлээс хасаж тооцохгүй байна. 2 сарын хүү төлж, үлдсэнийг нь үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Чинзориг, Г.Сүхбат нараас 5 515 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 101 561 төгрөгт холбогдох хэсэг болон фидуцийн гэрээгээр шилжүүлсэн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-д, хариуцагч С.Чинзориг, Г.Сүхбат нараас улсын тэмдэгтийн хураамжид 103 195 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 235 дугаар зуйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна" гэжээ. Гэвч тус хэсэгт "Икс Ти Эн" ХХК, С.Чинзориг, Г.Сүхбат нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15;03 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгүүд өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсныг уг автомашиныг барьцаалсан гэж үзэхгүй тул "фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах" шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байхад "шүүх барьцаалсан гэж үзэхгүй" гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д тодорхой заасан байдаг. Барьцаа болон фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдгээрээ төстэй боловч агуулга, үүргийг хангах хэлбэрийн хувьд зарчмын ялгаатай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нар сайн дураар төлөхгүй бол фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж барьцааны гэрээний талаар дүгнэж, тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцэхгүй байна. “...зээлийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дууссан байхад өөрт ашигтай байдлаар 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх зээлийн хүүд тооцож авсан...” гэжээ. Гэрээний эрх зүйд гэрээний үндсэн хугацаа дуусгавар болсон ч түүнээс үл хамааран гэрээний аль нэг заалт хүчинтэй үргэлжлэх тохиолдол байж болох бөгөөд үүнийг талууд гэрээндээ тусгайлсан заалтаар оруулсан юм. Талууд харилцан тохиролцож хүү тооцох хугацааг гэрээний үндсэн хугацаанд хамаатай байдлаар тогтоосон нь тодорхой төрлийн гэрээг хугацаатай байгуулсан ч зарим зохицуулалтын хувьд уг хугацаа үйлчлэхгүй байхаар томьёолдогтой адил харилцаа ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг талууд тохиролцон өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд нийцүүлсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан нь иргэний эрх зүйн суурь зарчмын нэг солилцооны зарчимд тулгуурлан бусдад мөнгөн хөрөнгө шилжүүлсэн этгээд уг хөрөнгө оруулалтын үр шимээ хүртэх эрхийг хангасан зохицуулалт юм. Үүний дагуу зээлийн гэрээний 2.6 дахь хэсэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шууд утгаараа гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь зээл бүрэн төлөгдөх хүртэл хүү тооцох эрхийг зээлдүүлэгчид олгосон заалт юм. Иймд хүү шаардах эрх нь хууль болон гэрээгээр нээлттэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Г.Сүхбат, С.Чинзориг нар сайн дураараа дээрх мөнгийг төлөхгүй бол фидуцийн гэрээгээр манай компанийн өмчлөлд шилжүүлсэн 15-51 УНМ улсын дугаартай автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэсэн ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан а)хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, б) хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний гэрээний зүйл болж байгаа "Икс Ти Эн ХХК"-ийн өмчлөлд байгаа тоёота ланд круйзер 80 маркийн 15-51 УНМ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд бодитой шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг дурдаагүйд гомдолтой байна.  Хариуцагч С.Чинзоригийн төлбөр төлсөн баримтуудын гүйлгээний утга дээр "зээлийн хүүгийн орлого" гэж бичсэн байдаг. Дээрх баримтуудыг анхан шатны шүүхэд судлуулсан. Гэтэл шүүх "зээлийн хүүгийн орлого" гэж бичсэнийг анхааралдаа аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Компаниас нотариатын зардалд 8 000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.   

Нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК хариуцагч С.Чинзориг, Г.Сүхбат нарт холбогдуулан үндсэн зээл 6 912 000 төгрөг, хүү 6 240 896 төгрөг, алданги 3 456 000 төгрөг, нотариатын зардалд 8 000 төгрөг нийт 16 616 896 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 9-10/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Чинзоригийн өмчлөлийн Ланд крузер-80 маркийн, 15-51 УНМ улсын дугаартай автомашин барьцаалж, нэхэмжлэгч тал өмчлөлдөө шилжүүлэн авсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд /11-12/ анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.

Уг гэрээний дагуу хариуцагч С.Чинзориг, Г.Сүхбат нар зээлийн гэрээний төлбөрт нийт 4 186 000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйл, зээлийн гэрээнд хүү төлөх заалтуудтай уялдуулан тооцож үндсэн зээлд 3 676 890 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Шүүх зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгаагүй тул 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй мөн алдангид 1 838 445 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт нийт 5 515 335 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон нотариатын зардалд 8 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Икс Ти Эн” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                                       ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА