| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2019/03948/И |
| Дугаар | 210/МА2024/00882 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00882
2024 04 26 210/МА2024/00882
*******-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/00747 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: 9,648,790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, орчуулагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 *******,******* бид анх 2013 онд өөрсдийн чацарганы тариалангийн талбай руу цахилгаан татах хэрэгцээний улмаас хамтран цахилгаан татахаар тохиролцож, *******ын эзэмшлийн трансформатороос өөрсдөө цахилгааны утас, шонгоо авч холбохоор болсон. Ийнхүү миний бие 205 метр цахилгааны утас, 8 ширхэг шонгийн үнэд нийт 2,000,000 төгрөгийг *******т өгсөн.
1.2 Хариуцагч нар дур мэдэн цахилгаан тасалсны улмаас газрыг ашиглаж чадаагүй атлаа жил бүр газрын төлбөрт нийт 2,458,800 төгрөг төлж хохирсон.
1.3 Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нар нь дур мэдэн цахилгаан тасалсны улмаас миний хийж дуусаагүй байсан хүлэмжийг ашиглах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, 2017 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдөр их хэмжээний цас орж, дуусаагүй байсан хүлэмжийг ашиглах боломжгүй болсон. Хашаа барих 2,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр, 500,000 төгрөгийн үнэ бүхий панер, нийт 2,500,000 төгрөгөөр хохирсон.
1.4 Мөн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нар нь цахилгаан тасалснаас хойш дахин цахилгаан татуулаагүй бөгөөд энэ хугацаанд буюу 2019 онд цахилгаангүй, харанхуй байсны улмаас толгойгоороо хана, хаалга мөргөн тархиа гэмтээснээс болж, тархинд наалданги үүсэж, эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардалд нийт 2,689,990 төгрөг зарцуулсан.
Иймд хариуцагч нараас 500 метр цахилгааны утас, 17 шон авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, хууль бусаар санаатайгаар цахилгаан тасалсны улмаас учирсан хохирол 7,648,790 төгрөг, нийт 9,648,790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 17 ширхэг шон, 500 метр цахилгааны утас нэхэмжлэгчид хамааралгүй. ******* нь 2013 онд түүний гуйлтаар ашиглуулахыг зөвшөөрөхөд тэрээр 2,000,000 төгрөг өгсөн. Тэрээр холбогдох төрийн байгууллагад хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй.
2.2 2017 оноос цахилгааны ачаалал нэмэгдэн цахилгаан үе үе тасарч байсан тул ахуйн осол гарахаас сэргийлэн цахилгаан тасалсан нь хууль зөрчөөгүй.
2.3 Нэхэмжлэгч өөрийн эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрийг төлөх нь түүний үүрэг.
2.4 Хашааны бэхэлгээ хийж дуусаагүй байхад их хэмжээний цас орж цасанд дарагдан ашиглах боломжгүй болсон нь, мөн тэрээр өөрийгөө гэмтээсэнд хариуцагч нар хамааралгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
3.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг хариуцагч нар төлөх ёсгүй. Нэхэмжлэгчээс өөрөөс нь болсон гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч*******, ******* нарт холбогдох 9,648,790 төгрөг гаргуулах тухай *******-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 184,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* намайг төөрөгдүүлсэн, хуурамч хэлцэл хийсэн бөгөөд шон суурилуулсан хашааны талбай нь *******ийн хууль ёсны эзэмшлийн газар биш бөгөөд гэрчилгээ байхгүй. Тог багассан, ихэссэн, цахилгаан хэрэгслүүд шатсан баримт байдаггүй. Миний 4 жил хэрэглэсэн тог тоолуурын заалтын дагуу нийт 500,000 төгрөг гарсан бөгөөд би цахилгааны эх үүсвэрийг эзэмших эрх бүхий этгээд болох *******д бэлнээр төлсөн бөгөөд энэ тухай хэрэгт авагдсан. Үзлэг хийх явцад бидний хамтран худалдан авсан шонгийн дийлэнх хэсэг нь *******ийн ашиглаж буй талбайд байрлаж буй нь нотлогддог. Хариуцагчийн зүгээс 17 шон болон 500 метр цахилгааны утсыг надад ашиглуулахад цахилгаанд ачаалал өгч, тогны хэлбэлзэл үүсэж байна хэмээн тайлбарладаг ч бодит байдал дээр маргааны зүйл болох 17 шонг ашиглан олон айл тог цахилгаан татсан нөхцөл байдалтай байгаа.
5.2 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэрээр 2,000,000 төгрөгт ногдох гэрлийн шон, кабель утас *******аас нэхэмжлэх эрх нээлттэй гэж шийдвэрлэсэн. Энэ 7 жилд тог тасалсны улмаас миний эрүүл мэнд, эдийн засагт дахин их хохирол учруулсан. Газрыг ашиглаж чадаагүй жил бүр гэрээний дагуу газрын төлбөрт нийт 3,458,800 төгрөг, хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг, эмчилгээ хийсний зардал 2.689.990 төгрөг, нийт 9,648,790 төгрөгийн хохирол учирсан.
5.3 Иргэдийн төлөөлөгч О.******* нь тус шүүх хуралдаанд өөрийн бичиг баримтгүйгээр ирж шүүх хуралдаанд оролцсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 2018 оны шийдвэрийн дагуу 500 метр кабелийн утас, 17 ширхэг шонг хариуцагчийн өмчлөлийнх гэж шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. Үйл баримт тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
6.2 Анхан шатны шүүх 2,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаа жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэртээ дурдсанаас болж нэхэмжлэгч удаа дараа нэхэмжлэл гаргадаг. Гэвч нэхэмжлэл гаргах нь чухал бус, мөнгийг авах үндэслэлтэй эсэх асуудал чухал. Тиймээс анхан шатны шүүх хоёр удаа үзлэг хийж 1 шон нэхэмжлэгчийн өмчлөлд, бусад шон хариуцагчийн өмчлөлд байгааг тогтоосон. 2018 онд талуудын хооронд хийсэн худалдах, худалдан авах хэлцэл дүгнэгдэж шийдвэр гаргахад нэхэмжлэгч нь хариуцагчийн цахилгааны шонгоос гэрэл татах зорилгоор 2,000,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдсон. Түүнээс биш насан туршид нь гэрэл цахилгаанаар хангах, хэрэв хангахгүй бол тохиролцоог буцаах гэсэн хэлцэл хийгээгүй. Нэхэмжлэгчээс 9,648,790 төгрөгийг нэхэмжилж анхан шатны шүүхэд дахин хандахдаа 2,000,000 төгрөгийг оруулсан байсан.
6.3 Газрын төлбөрт төлсөн 2,458,800 төгрөг гэсэн боловч газрыг эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд газрын төлбөр төлөх үүрэгтэй. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд тодруулахад газрын талаар тодруулахад н.Ганзориг гэх хүнд хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Хүлэмжийн үнэ 2,500,000 төгрөг гэж мөн өмнө шийдвэрлэсэн асуудлыг нэхэмжлэлдээ дурдсан. Эмчилгээний зардалд 2,689,990 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь уг асуудалд хамааралгүй гэж дүгнэсэн шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан 17 ширхэг цахилгааны шон, 500 метр цахилгааны утас авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, дур мэдэн цахилгаан тасалсны улмаас газрыг ашиглаж чадаагүй газрын төлбөрт төлсөн 2,458,800 төгрөг, хүлэмжийн хашаа цасанд дарагдаж эвдэрсэн хохирол 2,500,000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээ хийлгэсэн зардалд 2,689,990 төгрөг, нийт 9,648,790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. 17 ширхэг цахилгааны шон, 500 метр цахилгааны утас авахад зарцуулсан 2,000,000 төгрөг, дур мэдэн цахилгаан тасалсан хугацаанд цас орж, хүлэмж цасанд дарагдаж, ашиглах боломжгүй болсноос учирсан хохирол 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэрээр*******, ******* нарт холбогдох хүлэмжийн арматурын үнэ 2,000,000 төгрөг, панерийн үнэ 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг гаргуулах гийн нэхэмжлэлийн шаардлагыг ...ын цахилгаан тасалсан үйлдэл ...2,500,000 төгрөг нь шалтгаант холбоогүй гэж, мөн ...аас авсан 2,000,000 төгрөгийг цахилгаан татахад зориулагдсан, 2,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн, уг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсгийг хэвээр үлдээж, бусад заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00899 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1хх 7-12, 16-17/
3.2 Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс үзвэл гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарт холбогдох хүлэмжийн үнэ буюу арматур төмрийн үнэ 2,000,000 төгрөг, панерын үнэ 500,000 төгрөг, 17 ширхэг цахилгааны шон, 500 метр цахилгааны утасны үнэ 2,000,000 төгрөг гаргуулах хэсгийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж зөв дүгнэсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн дээрх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул тухайн маргааныг шүүх дахин шийдвэрлэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр ...байгаа гэж заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
4. Дур мэдэн цахилгаан тасалсны улмаас газрыг ашиглаж чадаагүй газрын төлбөрт төлсөн 2,458,800 төгрөг, цахилгаан тасалсан хугацаанд буюу 2019 онд цахилгаангүй, харанхуй байсны улмаас толгойгоороо хана, хаалга мөргөн тархиа гэмтээснээс болж, тархинд наалданги үүсэж, эмчилгээ хийлгэсэн зардал 2,689,990 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
4.2 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар цахилгаан тасалсны улмаас нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан, мөн нэхэмжлэгч нь газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй газрын төлбөрийг төлж хохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний төлбөрт төлсөн зардал, газрын төлбөрт төлсөн зардал нь хариуцагчийн дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн ашиглаж, эзэмшиж байгаа төлбөрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлөх үүрэгтэй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн биеийн байцаалттай танилцсан байна. Иймд нэхэмжлэгчийн ...иргэдийн төлөөлөгч өөрийн бичиг баримтгүйгээр шүүх хуралдаанд оролцсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/00747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч*******, ******* нарт холбогдох 5,148,790 төгрөг гаргуулах тухай *******-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-н хариуцагч *******,******* нараас 4,500,000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН