Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 252

 

Л.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1018 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаар магадлалтай, Л.Э-д холбогдох 2009010590826 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Э.

 

Л.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Л.Э- албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад зодуулсан” гэх СБ1-5777 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгагдаж байх үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Өөрийгөө 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирэхдээ нүдээ хөхөрчихсөн ирсэн, авто машин засаж байхдаа пүрш үсэрч гэмтэл авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э-ийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэснийг “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч Л.Э-, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Л.Э- албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэргийн хохирогч болсон гэдгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг авсан. Түүний биед гэмтэл учирсан байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн мэдүүлэг аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авахдаа 2, 3, 5, 6, 7 дахь заалтуудыг танилцуулсан. Гэтэл хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 4 дэх хэсэгт “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, 8 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж заасныг танилцуулаагүй нь  хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Үүнээс үзэхэд гэрч гэдэг этгээд худал мэдүүлэг өгөх хууль зүйн ойлголтыг өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн объектив талын шинж нь гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг баталгаа өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байхыг шаарддаг. Гэвч мөрдөгч нь гэрчид хуульд заасан эрх, үүргийг бүрэн гүйцэд танилцуулаагүй, процесс хуулийг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэл болох бөгөөд гэрчээс мэдүүлэг авахдаа мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тус тус заасан бөгөөд Л.Э- хохирогчоор тогтоогдсон хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Л.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дээрх нөхцөл байдлыг хошууч Т.Нямсайханы хүсэлтээр мэдүүлсэн. Л.Э-ийг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худал мэдүүлэг өгсөн гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасан бол дээрх үйлдэл нь 2019 оны 10 дугаар сард байх магадлалтай юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэргийн оролцогчид шүүх хуралдааны мэтгэлцээний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоодог бөгөөд хошууч Т.Нямсайхан нь Л.Э-ийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, дарамталсан болон бусад байдлаар нөлөөлсөн байдаг. Т.Нямсайханд холбогдох үйлдлийг тусгаарлах болсон гол үндэслэл нь “... яллагдагч Т.Нямсайхан нь худал мэдүүлэг өгсөн Л.Э-ийг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан үйлдэлд А.Алтангэрэлийн оролцоо байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна гэжээ. Гэтэл Л.Э- гэм буруутайд тооцогдож, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас удирдах албан тушаалтан Т.Нямсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал бий. Л.Э- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тухайн мэдүүлгийг өгсөн байж болох хэдий ч зорилгыг тогтоох ёстой байсан. Энэ хэрэгт Т.Нямсайханы оролцоо маш их байсан боловч хэргийг нь үндэслэлгүйгээр тусгаарлаж, хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйдцэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Л.Э- хохирогчоор болон гэрчээр мэдүүлэг өгсөн хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хэн нэгний эрх ашиг, эрх чөлөө хөндөгдсөн зүйл байхгүй учир түүний үйлдэлд гэмт хэргийн шинж, агуулга алдагдаж байна. Иймд хэргийн нотлогдвол зохих байдлуудыг дахин тогтоох шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

 Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Л.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хэрэгт нэмж хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байна. Шүүгдэгч Л.Э-эд холбогдох хэргээс Т.Нямсайханд холбогдох хэргийг тусгаарлан шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй буюу тусгаарласан нь шүүх шүүгдэгчийг гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. СБ1-5777 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж Л.Э-ээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тогтоолоор 2020 онд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 сарын дараа Л.Э-эд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 1 жил 4 сарын дараа шийтгэх тогтоол гарсан буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Л.Э-ид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Э-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр  байцаагдахдаа худал мэдүүлсэн нь хөдөлбөргүй нотлогдсон талаарх дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Цагдаагийн алба хаагч Л.Э- нь хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхдаа хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн этгээдийн халдлагад өртөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй болно.  

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцно. 

 

“Албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу этгээдэд зодуулж гэмтсэн” гэх гомдлыг шалгах явцад эргүүлийн цагдаа Л.Э- нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан атлаа өөрийнх нь сүүлд тайлбарласнаар “тасгийн ахлах байцаагч Т.Нямсайханы гуйлтаар” хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй худал мэдүүлсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул “гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Болоогүй үйл явдлыг болсон мэтээр худал мэдүүлсэн шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

Хууль тогтоогч худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бодитой хохирол, хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр тодорхойлон хуульчилсан тул “Э- үйлдлийн улмаас хэний ч эрх ашиг зөрчигдөөгүй, ямар ч хохирол, хор уршиг учраагүй” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

 

2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор бүхэлд нь хүчингүй болгосон тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.

 

Шүүгдэгч Л.Э-ийн хувьд 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр худал мэдүүлсэн үйлдэлд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүртэл түүний үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан “... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар прокурор, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан саналыг хангах боломжгүй гэж үзлээ. 

 

Мөн Л.Э-ийг худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн гэх яллагдагч Т.Нямсайханд холбогдох хэргийг энэхүү хэргээс тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болж шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Т.Нямсайханд холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгаж байгаа нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолоор нотлогдож байх бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож болохгүй тул “... Нямсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үнэлэхгүй боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1018 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                              Б.БАТЦЭРЭН

                                                               Ч.ХОСБАЯР

                                                               Б.ЦОГТ