Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00894

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 210/МА2024/00894

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01332 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 7,654,043,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие ******* ХХК-ийн ерөнхий захирал *******тай тохиролцон 1,500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500,000 ам.доллар буюу 682,500,000 төгрөг, 2011 оны 12 дүгээр сарын 14-ний өдөр 200,000 ам.доллар буюу 276,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 100,000 ам.доллар буюу 138,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 300,000 ам.доллар буюу 425,100,000 төгрөгийг тус тус *******ын дансанд, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 50,000 ам.доллар буюу 69,650,000 төгрөгийг *******ын дансанд, 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300,000 ам.доллар буюу 272,400,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000 ам.доллар буюу 133,600,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 50,000 ам.доллар буюу 66,650,000 төгрөгийг *******ын дансанд тус тус шилжүүлсэн. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12,618,000 төгрөгийг ХХК-д түлшний төлбөрт, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг ******* бэлнээр, 2013 оны зун 20,000,000 төгрөгийг ******* бэлнээр, 2013 оны 05 дугаар сард 8,000,000 төгрөгийг ******* тус тус бэлнээр авсан. 2020 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөгийг ******* бэлнээр буцааж өгсөн.

Нийт 1,500,000 ам.доллар болон 63,618,000 төгрөгийн хөрөнгө оруулж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлж байсан боловч ******* нь 2012 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш санхүү эрхэлсэн захирал ******* 20,000,000 төгрөг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр өгөөгүй.

1.2 ******* ХХК-ийн ерөнхий захирал ******* болон санхүү эрхэлсэн захирал ******* нартай удаа дараа уулзаж, өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө болон ноогдох ашгаа авъя гэхээр элдэв янзын шалтгаан хэлдэг байсан. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 13/122 дугаартай албан бичгээр 1,500,000 ам.долларыг авснаа хүлээн зөвшөөрч, 2014 оны 7-11 саруудын хооронд төлөхөөр баталгаа бичиж өгсөн. Мөн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр санхүү эрхэлсэн захирал ******* нь 2,000,000 ам.долларын төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч, энэ талаар гараар бичиг үйлдэж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй.

1.3 Мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу учирсан хохиролд 2013 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Монгол банкнаас гаргадаг арилжааны банкны хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүгээр тооцвол 1,500,000 ам.долларын хүү 4,9 хувиар тооцвол 73,500 ам.доллар болох ба 2013 оны 06 дугаар сараас хойш 73,500 ам.доллар*9 жил=661,500 ам.доллар буюу 2,329,075,350 төгрөг болж байна.

Иймд хариуцагч ******* ХХК-аас 1,500,000 ам.доллар буюу 5,281,350,000 төгрөг, олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг, нийт 7,654,043,350 гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын гэрээний гэрээний үүрэг-тэй холбоотой шаардлага гаргасан. Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь ******* ХХК-д хөрөнгө оруулалт гэж хийсэн гэж бичсэн ч хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлгүй, хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримтгүй байна. Мөн ам.долларыг төгрөгийн өнөөдрийн ханшаар нэхэмжлэх нь үндэслэлгүй.

2.2 Нэхэмжлэгч болон түүний ах ******* нарын нэр холбогдсон эрүүгийн хэрэг шалгагдаж, нэр дурдсан хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх үед нэхэмжлэгч надтай уулзаж хэрэг төвөгт шалгагдаад төвөгтэй байна, танай нөхөрт шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт, зээлсэн мөнгө гэх агуулгатай бичиг хийж өгөөч гэх маягаар гуйхаар нь хариуцагч бичиг хийж өгснөөс биш нэхэмжлэгчээс мөнгө аваагүй.

2.3 Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжих нөхцөл байдал үүссэн. 2013 оны зун *******д бэлнээр өгсөн гэх 20,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, тухайн үед нэхэмжлэгч энэ мөнгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зуралгүй өнгөрсөн. *******т 20,000,000 төгрөгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан тохиолдолд 2012 оны 10 сард ХХК-д дизель түлшний төлбөрт шилжүүлсэн 12,618,000 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөл санал болгосон ч Нэхэмжлэгч энэ саналыг үл тоомсорлосон.

2.4 Компанийн гүйцэтгэх захирлын хувийн дансанд шилжүүлсэн мөнгийг компаниас нэхэмжлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр *******т өгсөн мөнгөө ******* ХХК-аас нэхэмжилж байгаа, ямар үндэслэлээр уг мөнгөөр олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-с 7,338,983,743.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315,059,606.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,115,779.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 28,428,166.75 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагчийн өмгөөлөгч *******г хөдөө орон нутагт ажлаар явсан талаар танилцуулж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох, мөн дахин шинээр өмгөөлөгч нэмж ажиллуулах хүсэлтэй байгаа талаараа дурдаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн, хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн.

4.2 ******* ХХК нь *******т манай компанийг төлөөлж, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрх олгож байгаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх хүчээр буюу ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр *******ыг ******* ХХК-тай хамаатуулж, *******ыг ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мэтээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, *******ыг нэхэмжлэгчтэй байгуулсан гэх гэрээний үүргийг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

Шүүх улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдсан ХХК-ийг ******* үүсгэн байгуулсан, уг компанийг ХХК-д нэгтгэснээр тус компанийн удирдлагыг гэр бүлийн гишүүд хэрэгжүүлэн ******* нь тус компанийн удирдлагыг хэрэгжүүлдэг өрхийн тэргүүн гэж, *******ыг ******* ХХК-ийн бодлого удирдлагыг хэрэгжүүлэгч этгээд гэж үзэн энэхүү маргааны хариуцагч нь ******* ХХК гэж үзсэн нь үндэслэлгүй байна. ******* ХХК-тай ХХК нь нэгдэх үед өөр хувь эзэмшигчтэй байсан.

4.3 Шүүх шийдвэрийнхээ захирамжлах хэсэгт Иргэний хуулийн 476.1, 225.1, 205.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан байх бөгөөд үүнээс харвал хариуцагчаас хамтран ажиллах гэрээний үүрэг болон уг гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирлыг гаргуулжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээний үүрэг зөрчсөн учраас хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хураамжаа болон учирсан хохирол шаардсан нь гэрээний дагуу үүрэг шаардсан гэж үзэх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил байна.

4.4 Мөн шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч ******* ХХК хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө хохирлын хамт шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгч *******ээс ******* луу *******ээс ******* руу, *******ээс ******* руу шилжүүлсэн бүхий л төгрөгийг нэхэмжлэгчийн компанитай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний хураамж гэж үзсэн атлаа нэхэмжлэгч нь тухайн хамтран ажиллах гэрээнд ямар эрх үүрэгтэй оролцсон болох, хамтын үйл ажиллагаа хэдий хугацаанд үргэлжилсэн болох, хариуцагч нь тухайн хамтран ажиллах гэрээний ямар үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэл болсон болох, нэхэмжлэгч гэрээнээс хэзээ татгалзсанаараа талуудын хооронд үүссэн гэрээ хэзээ дуусгавар болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

4.5 Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч мөнгийг компанийн дансанд шилжүүлээгүй, талийгаач ******* нь хариуцагчийг төлөөлж бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдож байсан гэх байдал тогтоогдоогүй. Шүүх хэрэгт авагдсан хариуцагч компанийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13122 дугаартай тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Гэтэл уг тодорхойлолт зэрэг баримтууд үйлдэгдсэн үндэслэлд талууд маргаантай байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагааг хийхгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэйд тооцож, уг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

4.6 Шүүх нэхэмжлэгчийн дээрх шилжүүлсэн гэх төгрөгийг гадаад валютаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

4.7 Түүнчлэн, талуудын хооронд их хэмжээний хэлцэл хийгдсэн эсэх талаар хариуцагчийн маргаж байгаа үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй гэснийг талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг давж заалдах шатны шүүх нотолсон мэтээр гуйвуулж, нэхэмжлэгчид ашигтай байдлаар дүгнэж байгаа ерөөсөө ойлгохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч тал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулж бичсэн байгаа боловч ямар үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа талаар тодорхой тайлбар гаргасангүй. Энэхүү хэргийг өмнө нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах шатны шүүхээс буцаахдаа ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл ач холбогдолтой. Үүнийг байлгаж байж дараагийн дүгнэлтийг хийх ёстой гэх үндэслэлээр анхан шатны шүүх руу буцааж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн мэдээлэл буюу хувийн хэргийн хуулбарыг авсан. Тус хуулбаруудыг шинжлэн судлахад хариуцагч болон өмгөөлөгчийн ХХК-ийн нэр дээр хамтран ажиллах гэрээний үндэслэл болсон уул уурхайн лиценз бүртгэгдсэн байсан. Энэ компанийг ******* ХХК-тай нэгтгэж, нийлүүлсэн. Энэ бүх нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

5.2 Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж байгаа боловч тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч биечлэн оролцсон. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгч нэмэлтээр өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан болон шинээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгч нь шүүхэд хүсэлт гаргасан зүйл байгаагүй тул хариуцагчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан тул хариуцагч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хурлыг орхиж гарсан. Шүүх хуралдаан хуулийн хүрээнд үргэлжилсэн.

5.3 Хариуцагч компани нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн компани болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтуудаар тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэг шаардаагүй. Гэрээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж, түүнээс учирсан хохирлыг шаардсан. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа ердийн буюу 10 жилийн хугацаанд хамаарах талаар нэхэмжлэгчийн тайлбарт анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Нотлох баримтын хүрээнд тайлбар гаргаагүй тул хүлээ авах боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 1,500,000 ам.доллар буюу 5,281,350,000 төгрөг, бэлнээр өгсөн мөнгөний үлдэгдэл 43,618,000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу хохирол 2,329,075,350 төгрөг, нийт 7,654,043,350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...*******т шилжүүлсэн мөнгийг компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хохирол учирсан гэж дүгнэн хариуцагчаас нийт 7,338,983,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 ХХК-ийг анх 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* үүсгэн байгуулсан. ******* нь 2007 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эхнэр *******г гүйцэтгэх захирлаар томилсон. 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* нь өөрийн хүү *******ыг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилсон. Улмаар ХХК-ийг татан буулгаж, 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, мөн оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр ХХК-ийг ХХК-д нэгтгэсэн. /2хх 89, 92/

4.2 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс , 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс *******, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс ******* гүйцэтгэх удирдлагаар тус тус бүртгэлтэй. /2хх 24/

4.3 ******* нь *******т 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 682,500,000 төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр 276,000,000 төгрөгийг, 23-ны өдөр 138,000,000 төгрөгийг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 425,100,000 төгрөгийг, мөн оны 02 дугаар сарын 03-ны өдөр 272,400,000 төгрөгийг, 15-ны өдөр 133,600,000 төгрөгийг, 16-ны өдөр 66,650,000 төгрөгийг, нийт 1,994,250,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт зэргээр тогтоогдсон. /1хх 10-12/

4.4 Мөн ******* нь 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12,618,000 төгрөгийг ******* ХХК-д түлшний өглөг гэх утгатайгаар ХХК-д шилжүүлсэн. /1хх 13/

5. ******* ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13/122 дугаар албан бичгээр *******ээс зээлсэн 1,500,000 ам.долларыг 2014 оны 7,8,9,10,11-р саруудад сар бүр 300,000 ам.доллар төлж дуусгах баталгаа өгч байна гэж, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн хуваариар нийт 2,000,000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд төлж барагдуулах, мөн ******* нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийг 2017 онд төлж дуусгах талаар баримт үйлдсэн. /1хх 14-16/

5.1 Дээрх 3 ширхэг нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай байна. Учир нь, нэхэмжлэгчээс нийт 1,994,250,000 төгрөгийг *******т, 12,618,000 төгрөгийг ******* ХХК-ийн өмнөөс ХХК-д тус тус төлсөн төлбөр тооцоог хариуцагч ******* ХХК дээрх баримтуудад зааснаар нэхэмжлэгчид буцаан төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн нэг талын хэлцэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд дээрх мөнгөн хөрөнгөтэй холбоотой гэрээний болон үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагч нь тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн нь түүнийг тэр хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болно. Харин талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох нийт 2,006,868,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Харин 69,650,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Учир нь, тухайн мөнгөн хөрөнгийг ******* хүлээн авсан байх тул хариуцагчийг хариуцвал зохих этгээд гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь дээрх 3 ширхэг баримтад заасан хэмжээ болон ам.доллароор шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцэхгүй. Түүнчлэн, мөн зүйлд зааснаар шаардах эрх үүссэн нөхцөлд хохирол буюу олох байсан орлого шаардах эрх үүсэхгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2,006,868,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6. Хариуцагч нь мөнгөн хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сард төлж дуусгах талаар баталгаа гаргасан тул уг хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан 10 жилийг тоолно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаарх гомдлыг хангахгүй.

7. Хариуцагчийн төлөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ...нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 101/ШЗ2024/07049 дугаар захирамжаар ...хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх, ...хариуцагч нь нэгэнт хууль зүйн туслалцаа авч байгаа бөгөөд нэмэлт өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хүсэлтэд дурдсан үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин өмгөөлөгч авах боломжтой байсан гэж үзнэ. Иймд хариуцагч талын хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 2,006,868,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,647,175,350 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 38,115,779.68 гэснийг 10,192,290 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,428,166 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН