Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01196

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00956 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1302 дугаар магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүрэг, 10-р хороо 2-р хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоот хаягт байрлах 80 м.кв, 4 өрөө орон сууцыг 2014 оны 8 сараас хойш өмчилж байгаа.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Анхтуяа нь 2017 оны 2-р сарын 16-ны өдрийн3/6208 тоотоор  миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлагаар  худалдах тухай мэдэгдэл гаргасныг 2017 оны 2-р сарын 20-ны өдөр олж мэдлээ.Уг байр нь хуучны хэмжээгээр 40 метр гэж тооцдог боловч үүнд гал тогоо, угаалгын өрөө, 00 өрөө, коридор, харанхуй өрөө зэрэг ороогүй болно.Үнийн саналыг 1.600.000 төгрөгөөр өгсөн ч, бодит байдал дээр 80 м.кв юм. Иймд м.кв-ыг багаар тооцсон байх тул 2017.2.16-ны өдрийн 3/6208 тоот мэдэгдэлд дурдсан орон сууцыг анхны дуудлага худалдаанд метр кв-г 40 м.кв тооцон 64.000.000 төгрөгний 70 хувиар тооцон 44.800.000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй бүхэлд нь болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6030 дугаар шийдвэрээр Д.М-оос 15.000.000 төгрөг гаргуулж А.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Төлбөр төлөгч өөрийн орон сууцаа 64.000.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч үнэлгээг зөвшөөрч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудын тохирсон үнийн 70 хувиар үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэлээр явагдсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00956 дугаар шийдвэрээр:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-дзаасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 10 байрны 3 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050802 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1302 дугаармагадлалаар:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 181/ШШ2017/00956 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1302 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6036 тоот захирамжаар Д.М-оос 15.006.500 төгрөг гаргуулж А.Цэцэгмаад олгож, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох орон сууцны бодит хэмжээ 80 м.кв бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд хуучны хэмжээгээр 40 м.кв гэж бичигдсэн. Үүнд гал тогоо, угаалгын өрөө 00-н өрөө, коридор харанхуй өрөө зэрэг нь ороогүй байдаг.Д.М- 1 м.кв талбайн үнийг 1.600.000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн боловч уг м.кв-н үнийг гэрчилгээн дээрх 40 м.кв-аар тооцон 64.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх орон сууц нь бодит байдалд 80 м.кв бөгөөд үүнийг зах зээлийн ханш болох 1.600.000 төгрөгөөр тооцвол 128.000.000 төгрөг болох юм.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж орон сууцны үнэлгээг 64.000.000 төгрөгөөр тогтоон үүний 70 хувиар тооцон 44.800.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь  хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давжзаалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу  үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.М-нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагхуульд заасан журмын дагуу явуулсан гэжээ.

Нэхэмжлэгчнь шүүхийншийдвэрээрА.Цэцэгмаад15.006.500 төгрөг төлөх төлбөрөө төлөөгүй, шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэх, хураах үйл ажиллагаа явуулжээ.

Төлбөр төлөгч Д.М- нь албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 64.000.000 төгрөгөөр тогтоосныг төлбөр авагч хүлээн зөвшөөрч, талууд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөрөнгийн доод үнийг харилцан тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00956 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1302 дугаармагадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашдэмбэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн  70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ