Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01141

 

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувднарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00706 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1126 дугаар магадлалтай,

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Л.Т-д холбогдох,

378.351 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Өлзийгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Өлзий, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргалнар оролцов.

Нэхэмжлэгч “Т” СӨХшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Т- нь холбогдох хууль тогтоомж “Т” СӨХ-ны дүрмийг үндэслэн СӨХ-ны хураамжийг төлөхийг шаардсан боловч өнөөг хүртэл хураамж төлөхөөс татгалзаж ирсэн. Иймд СӨХ-ын 2016 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р сарын хураамж 273672 төгрөг хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 104.679 төгрөг, нийт 378.351 төгрөгийг хариуцагч Л.Т-ээс гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Т- шүүхэд гаргасан тайлбартаа:Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 53 байрны байнгын оршин суугч бөгөөд “Т” СӨХ болон Ц.Өлзийг СӨХ-ны даргаар сонгоогүймөн түүнтэй хийсэн гэрээ байхгүй. 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр төлөөгүй нь үнэн. Сарын төлбөрөөс жижүүр, гэрэлтүүлэг, лифтний мөнгийг төлнө. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Хуульд заасан эрхийнхээ дагуу Ц.Өлзийд мөнгө төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00706 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Л.Т-ээс 375.879 төгрөгийг гаргуулж “Т” СӨХ-д олгож, “Т” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.472 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.926 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1126 дугаармагадлалаар:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00706 дугааршийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар хариуцагч Л.Т-ээс 151.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 227.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “11.926 төгрөг” гэснийг “5.186 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Т-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Өлзийхяналтын журмаар гаргасан гомдолдоо: "Т" СӨХ байгуулагдахдаа дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг 1м.кв=312.5 төгрөгөөр тогтоож 32x312.5=10.000 төгрөгийн хураамжтай байхаар СӨХ-ны дүрмийн 8.1.1 заасан байдаг манай байр 31, 32, 33 м.кв байруудтай ба тухайн зардал нь СӨХ-ны дээд зөвлөлөөс гаргасан зөвлөмжтэй нийцсэн байдаг.СӨХ-ны мөнгийг цаг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0.2 хувийн алданги тооцох тухай СӨХ-ны дүрмийн 9.1.2-т тус тус заасны үндэслэн тус байрны 6 тоотод оршин суух Д.Түмэндэмбэрэлээс лифт, жижүүр, гэрэлтүүлэгтэй холбогдох 151.200 төгрөг, СӨХ-ны хураамж 12сар 10.000=120.000 төгрөг, алданги 104.769 төгрөг нийт 375.969 төгрөг тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж Д.Түмэндэмбэрэлээс лифт, жижүүр, гэрэлтүүлэгтэй холбогдох 151.200 төгрөг, СӨХ-ны хураамж 12сарх10.000=120.000 төгрөг, алданги 104.769 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Т” СӨХ нь хариуцагч Л.Т-ээс 378.351 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг нийтийн зориулалттай оронсууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардал 273.672 төгрөг, алданги 104.676 төгрөг гэжтодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...Ц.Өлзийг сонгоогүй, ямар засвар үйлчилгээ хийснийг мэдэхгүй...” гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууцөмчлөгчдийн холбоонд төлөх ба дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээболон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй талаар мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зохицуулжээ.

Сууц өмчлөгч нь сар бүр СӨХ-д 10000 төгрөг, лифт 5000 төгрөг, жижүүр 5600 төгрөг, гэрэлтүүлэг 2500 төгрөг төлөхөөр  “Т” СӨХ-ийн дүрэмд заасан байна /хэргийн 5-10 дугаар тал/.          

Нэхэмжлэлд дурдсан зардлууд нь орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах,дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах, ашиглах, засвар үйлчилгээ хийхтэй холбоотойбайх ба хариуцагч нь 2016 оны 1-12 дугаар сарын зардлыг төлөөгүй болохоо үгүйсгээгүй байна.          

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-т үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж заасан, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй тохиолдолд алданги төлөх талаар зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг гаргуулсаннь зөв боловч уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйд алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тооцохдоо СӨХ-ийн дүрмийг хуульд нийцээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Хэрэгт авагдсан “Т” СӨХ-ийн дүрэм Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан байх ба дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлын хэмжээг  дүрмээр зохицуулсныг буруутгах үндэслэлгүй байна.            

Иймд хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийнашиглалт, засвар үйлчилгээний зардалд 273.672 төгрөг төлөх үүрэгтэй болно.

Алдангийг шаардах эрх хуулиар эсхүл гэрээгээр үүсэх ба хариуцагч алданги төлөхүндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй          

Дээрх үндэслэлээр шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1126 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 3дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Т-ээс 273.672 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” СӨХ-д олгож, нэхэмжлэлээс 104.679 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...11.926...” гэснийг “...8.860...”гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ