Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0457

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэрээр: “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолыг биелүүлж манай компанийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол улсад хөдөлмөрлөх эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Засгийн газрын дээрх 2017 оны 362 дугаар тогтоолын дагуу манай компанийн 82 ажилтны /мэргэжилтэн/  Монгол улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Хөдөлмөр, хамгаалал нийгмийн хамгааллын сайдад даалгах, Гадаадын иргэн харьяатын газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2/1864 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тогтоолын биелэлтийг хангах үүргээ хэрэгжүүлээгүй нь компанийн үйл ажиллагаа зогсох, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд нийт 2 388 187 ам долларын техник тоног төхөөрөмжийг Монгол улсад үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулсан ба энэхүү хөрөнгө оруулалт маань ч цаашид хэрхэн нь тодорхойгүй, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн Засгийн газрын 362 дугаар тогтоолд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж дуусах өдрийг тодорхой зааж өгсөн байхад тухайн өдрөөс өмнө дуусаж болохоор ойлгоно гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь хэрэв дээрх тогтоолд зөвшөөрлийн үргэлжлэх хугацааг хоногийн тоогоор зааж өгсөн бол тухайн хоногоос хэтрүүлэхгүй сунгахаар ойлгож болох ч энэ тохиолдолд огноогоор хугацааг зааж өгсөн тул тухайн өдрөөр зөвшөөрлийн хугацаа дуусахаар ойлгогдоно. Иймд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зөвшөөрөл олгосон нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.

...Засгийн газрын 362 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй хүчин төгөлдөр хэвээр байгаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй боловч тийм шийдвэрийг гаргаагүй зэргийг анхан шатны шүүхээс анхааралгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлээ “...НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн S/RES2375(2017) тогтоолын хориг арга хэмжээ үргэлжилж байгаа тул БНАСАУ-ын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй” гэж тайлбарлажээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2375(2017) тогтоолын 17 дугаар зүйлд БНАСАУ-ын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгохыг гишүүн орнуудад хориглосон байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоолоор “К” ХХК болон бусад хуулийн этгээдүүдийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн, үүнийг үндэслэн нэхэмжлэгч “К” ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газрын дээрх тогтоолыг биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж маргажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5/14 дугаартай албан бичгээс үзэхэд “К” ХХК-ийн 87 ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацааг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан, БНАСАУ-ын эдгээр иргэдийн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацаа дуусгавар болсон үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг Засгийн газар тогтоож, батлах эрхтэй.

Харин мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газраас баталсан дээрх хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох бүрэн эрхтэй байна.  

Тодруулбал, “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад зөвшөөрсөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 362 дугаар тогтоол нь дээрх хуульд зааснаар гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоож, баталсан болохоос “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахыг үүрэг болгосон агуулгагүй, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, хугацааг сунгах эсэх нь Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын эрх хэмжээний асуудал учраас Засгийн газраас ийм шийдвэр гаргах боломжгүй тул хариуцагчийг Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нэхэмжлэгч “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгаагүй үндэслэлийн тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэж заасны дагуу Монгол Улс нь Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувьд Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг баримтлан ажиллах үүрэгтэй.

Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн 25 дугаар зүйлд “Байгууллагын гишүүд энэхүү дүрмийн дагуу Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байхаар тогтов”[1] гэж заажээ.

Ийнхүү НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2375(2017) тогтоолоор БНАСАУ-ын иргэдэд ажиллах зөвшөөрөл олгохыг гишүүн орнуудад хориглосон, үүнийг биелүүлэхгүй байх талаар эрх бүхий байгууллагаас ямар нэг шийдвэр гаргаагүй энэ тохиолдолд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь БНАСАУ-ын иргэдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй тул  нэхэмжлэгч “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгаагүй үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул “К” ХХК-ийн 82 ажилтны /мэргэжилтэн/  Монгол улсад хөдөлмөр эрхлэх хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Хөдөлмөр, хамгаалал нийгмийн хамгааллын сайдад даалгах боломжгүй.

Нэхэмжлэлийн Гадаадын иргэн, харьяатын газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2/1864 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 27.3-т заасан үндэслэлээр оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна”, 35.2-т “Энэ хуулийн 35.1-д заасан сануулга авсан гадаадын иргэн 10 хоногийн дотор Монгол Улсаас гарах үүрэгтэй” гэж заажээ.

Нэгэнт дээрх байдлаар “К” ХХК-ийн 87 ажилтны Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “К” ХХК-ийн гадаад ажилчдын Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргаагүй тул хариуцагч Гадаадын иргэн харьяатын газраас 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 2/1864 тоот мэдэгдлээр “К” ХХК-ийг гадаад ажилчдаа сайн дураараа гаргахыг сануулсан нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

 


[1] Төрийн мэдээллийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тусгай дугаар 2 дугаар ботид хэвлэгдсэн.