Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар байрны 303 тоотод оршин суух, МР80062303 дугаарын регистртэй, Жуу тайж овогт Хүмбээгийн Мөнхсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазарт холбогдох,

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн орон сууцны корпорацийн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн “мэдээлэл технологийн мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

     

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шинэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.                                                                                          

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Мөнхсайханаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шинэцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Х.Мөнхсайхан нь хариуцагч байгууллагын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/87 тоот тушаалаар Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтнээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ тушаал нь Х.Мөнхсайханы хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус тушаал болсон. Уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримталсан мөртлөө Х.Мөнхсайханы гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Тушаалдаа орон тоо хасагдсан гэсэн үндэслэлийг заагаагүй. Х.Мөнхсайхан өөрөө хүсэлт гаргасан зүйл огт байхгүй. ТОСК-ын салбар нэгж татан буугдсан, ажилтны орон тоо цөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Тус байгууллагын орон тоо 71 байсан, шинэ өөрчилсөн бүтцээр 89 болж нэмэгдсэн. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, Х.Мөнхсайханыг мэдээлэл технологийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор ТОСК ТӨҮГ-ыг ТӨХ-нд шилжүүлсэн гээд байгаа нь үндэслэлгүй, энэ тогтоолд нэг ч тийм заалт байхгүй. Зөвхөн ТОСК-ын дүрмийг баталсан 298 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. ТӨХ-ны 685 дугаар тогтоолоор ТОСК-ын дүрмийг баталсан нь хууль бус болсон. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д заасныг зөрчиж ТӨХ нь 685 тоот тогтоолыг гаргасан байдаг. Дүрэмдээ ТОСК-ын орон тоог ТӨХ батална гэсний дагуу ТОСК өөрөө орон тоогоо гаргаж захирлын тушаалаар ажил албан тушаалын жагсаалтыг баталсан гэдэг. 4 газар 4 хэлтэс байсныг 3 газар 5 хэлтэс болгосон, ажилтан нь 71 байсныг 89 болгосон. Үүнээс харахад орон тоо цөөрсөн, хасагдсан гэх байдал харагдахгүй байна. Илт хууль бус тогтоолыг үндэслээд байгаа нь буруу. Нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд ажиллах санал тавьсан гэх боловч бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг хөдөө орон нутагт ажиллах боломжгүйг мэдсээр байж ийм санал тавьж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.-ийг зөрчсөн. Тэгээд ч үндсэн ажилтны орон тоон дээр бус гэрээт ажилтны орон тоон дээр санал тавьсан нь буруу. Тухайн үед Х.Мөнхсайхан нь хуулийн мэдлэггүйгээс болж 6 сарын тэтгэмжийг олгож өгөөч гэсэн өргөдөл бичсэн нь үнэн. Засгийн газрын 58 дугаар хуралдааны тэмдэглэл нь орон тоог хасах үндэслэл болохгүй, эрх зүйн үр дагавар үүсгэх акт биш юм. Гадаад харилцаа мэдээлэл технологийн хэлтсийн 4 ажилтнаас яагаад зөвхөн 1 ажилтанг нь хасах болосн юм бэ. Ингэж өөрсдийн үзэмжээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. 2 мэдээлэл технологийн ажилтны гүйцэтгэж байгаа үүрэг нь өөр, ажлын байрны тодорхойлолтоор ч өөр байна. Х.Мөнхсайханы хийж байсан программ хангамжийн ажил нь одоо ч хэвээр хадгалагдаж байна. 2 ажилтны 1-ийг нь цомхотгож байгаа бол шинээр батлагдсан 1 мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах ёстой, гэтэл ингэж сонгон шалгаруулаагүй, яаж ажилтан авч ажиллуулсн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Төрийн орон сууц корпораци ТӨҮГ-аас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангайгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуульд заасны дагуу болон Засгийн газрын тогтоолын дагуу  шийдвэрлэсэн.  Х.Мөнхсайхан нь 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 21-нийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ямар нэг маргаангүй хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байсан. Засгийн газрын 2015 оны 419 дүгээр тогтоол гарч, 298 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 58 дугаар тэмдэглэлээр манай байгууллагыг ТӨХ-ны харъяанд шилжүүлэн, манай дүрмийг шинэчлэн батлахыг даалгасан. Үүний дагуу ТӨХ-ны 685 дугаар тогтоол гарч ТОСК ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн баталсан. Уг дүрмийн 6.3-д “Үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг ТӨХ тогтооно” гэсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 24-нд ТӨХ-ны 778 тоот тогтоол гарч түүний хавсралтаар манай байгууллагын орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоож зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Үүний дагуу өмнө байсан Захиргаа удирдлагын газрын харъяанд байсан Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг нь шинээр байгуулсан Тамгын газрын харъяанд оруулж нэгтгэсэн. Энэ бүтцийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 19-нд Б/16 тоот захирлын тушаал гарч ажил албан тушаалын жагсаалтыг баталсан. Тус жагсаалтаар 2 мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоог 1 ажилтан болгон бууруулж хасан цомхотгосон. Ингэхдээ дотоод сүлжээ, сервер, техник хариуцсан мэргэжилтний орон тоог үлдээж, программ хангамж хариуцсан мэргэжилтний албан тушаалыг тусдаа орон тоо болгон программ хангамжийн мэргэжилтэн байх шаардлагагүй гэж үзэн хасч, 1 мэдээлэл технологийн мэргэжилтэн ажиллахаар болж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж баталсан байдаг. Х.Мөнхсайханд 2016 оны 2 дугаар сарын 19-нд ажил нь цомхотголд орж байгаа тухай мэдэгдэж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээлгэж өгсөн. Гэсэн ч бид орон нутагт орон сууцны борлуулалт, ашиглалт, түрээс хариуцсан ажилтнаар ажиллах санал тавихад хүлээж аваагүй бөгөөд тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сараар тооцож олгооч гэсэн өргөдлийг гаргасан. Нэгэнт эрхэлж байсан ажил албан тушаал нь үгүй болсон учир 2016 оны 3 дугаар 21-нд захирлын Б/31 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар түүнийг ажлаас нь чөлөөлж, 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Уг тушаалд Х.Мөнхсайханы гаргасан хүсэлтийн дагуу гэж бичсэн нь Х.Мөнхсайхан өөрийн гараар бичсэн өргөдлөө өгсөн байсан учраас тэгж бичсэн. Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн зарим эрхийг харъяа байгууллагадаа шилжүүлэх эрхтэй. Үүний дагуу л ТӨХ-ноос манай дүрмийг баталсан, бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Байгууллага өөрийнхөө ажлыг онцлог, эдийн засгийн үр ашгийг тооцон батлагдсан орон тооны хүрээнд ямар ажилтан ажиллуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Мэдээлэл технологийн ажилтны орон тоон дээр заавал сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй, дотоод сүлжээ, техник хангамжийн мэргэжилтний ажил үүрэг үлдсэн учраас түүнд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй. Гадаад харилцаа мэдээлэл технологийн хэлтсийн 5 ажилтнаас 2 орон тоо хасагдаж, 3 хүн нь үлдсэн, 1 хүн нь архивт орсон. Иймд захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Мөнхсайхан нь хариуцагч Төрийн орон сууц корпораци ТӨҮГ-т холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 3 дугаар сарн 21-ний өдрийн Б/31 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн орон сууцны корпорацийн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн “мэдээлэл технологийн мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

Нэхэмжлэгч нь, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад мөн ТОСК ТӨҮГ-ын салбар нэгж татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй байхад хөдөлмөрлөх эрхийг зөрчин үндэслэлгүйгээр мэдээлэл технологийн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн Б/31 тоот тушаал нь хууль бус болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг   хариуцагч ТОСК ТӨҮГ нь 2015 оны ТӨХ-ны 778 тоот тогтоол, түүний хавсралтаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу Захиргаа удирдлагын газрын харъяанд байсан Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийг татан буулгаж, ажилтнууд нь шинээр байгуулсан Тамгын газарт харъяалагдан, 2016 оны 2 дугаар сарын 19-нд Б/16 тоот захирлын тушаалаар 2 мэдээлэл технологийн мэргэжилтний орон тоог 1  болгож цомхотгосон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, Б/31 тоот тушаал хууль зөрчөөгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг үл зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 4 дүгээр сарын 18-нд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

Хэргийн баримтууд, талуудын мэтгэлцээнээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1/. Нэхэмжлэгч Х.Мөнхсайхан нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ноос хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захирлын Б/42 тоот тушаалаар Гадаад харилцаа мэдээлэл технологийн хэлтсийн мэдээллийн технологийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж дээрх ажлаас чөлөөлөгдсөн болох нь Х.Мөнхсайханы 0315895 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/4 тоот хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай хариуцагч байгууллагын захирлын “Мөнхсайханыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэргээр нотлогдсон.

 

2/. Ажил олгогч нь уг тушаалдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэн “...Х.Мөнхсайханы гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Х.Мөнхсайханд 2 сарын үндсэн цалин хөлстэй  тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож холбогдох тооцоог хийж дуусгахыг....зөвшөөрсүгэй...” гэжээ.

 

3/. Хэрэгт авагдсан Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 298 дугаар тогтоол, түүүний хавсралтаар батлагдсан хариуцагч Төрийн орон сууц корпораци ТӨҮГ-ын бүтэц зохион байгуулалтын бүдүүвч, ажлын байрны тодорхойлолт зэргээс үзэхэд тус газар нь
Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 дугаар тогтоолоор орон тоо, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөх хүртэл хугацаанд 4 газартай, 4 хэлтэстэй, нийт 8 нэгж, 71 орон тоотой ажиллаж байсан ба Захиргаа удирдлагын газрын харъяанд Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтэс 5 ажилтантай, түүний дотор программ хангамжийн мэргэжилтэн, дотоод сүлжээ сервер, техник хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 мэдээлэл технологийн мэргэжилтний  орон тоог баталж, Х.Мөнхсайхан нь программ хангамжийн мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан нь дээрх баримтууд, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ерөнхий захирлын А/31 дугаартай “Ажиллагсдын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хавсралт болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

 

4/. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр тогтоолоор дээрх 298 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх ба Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын дүрмийг шинэчлэн найруулж, зохион байгуулалтын бүтцийг баталж, уг дүрмийн 6.3-т “Үйлдвэрийн газрын орон тооны дээд хязгаарыг Төрийн өмчийн хороо тогтооно” гэж заасны дагуу тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 дугаар тогтоол, түүний хавсралтаар хариуцагч байгуууллагын орон тооны дээд хязгаарыг 89 байхаар, зохион байгуулалтын бүтцийг Ерөнхий төлөвлөгөө, барилга захиалагч, техник хяналтын газар, Тамгын газар, Хөрөнгө орлуулалт, санхүү удирдлагын газар гэсэн 3 газартай, уг газруудын харъяанд 5 хэлтэстэй, барилга, дэд бүтэц хариуцсан тэргүүн дэд захирал, хөрөнгө оруулалт, санхүү хариуцсан дэд захирал, ерөнхий захиралтай байхаар тус тус тогтоож, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын дүрмийн  6.9.1-д “Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тушаал, шийдвэр гаргах, үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 6.9.4-т “Үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч, сангийн хэмжээнд багтаан цалингийн хэмжээг тогтоох” гэж захирлын эрх хэмжээг заасан байна.

 

5/. Үүний дагуу Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц дэх ажил албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын 12 дугаарт Тамгын газрын харъяанд “...мэдээлэл технологийн мэргэжилтэн, орон тоо- 1...” гэж  баталжээ.

 

6/. Дээрхээс үзэхэд хариуцагч байгууллагын нийт ажилчдын орон тоо 71 байсныг 89 болгож батлагдсан байх боловч хариуцагч нь өөрийн бүтэц зохион байгуулалтын  нэгж болох Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийг татан буулгаж, шинээр байгуулагдсан Тамгын газарт нэгтгэн, уг хэлтсийн мэдээлэл технологийн мэргэжилтэн 2 байсныг 1 болгон цөөрүүлж хассан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтын тоог  цөөрүүлсэн” гэсэн үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

7/. Нэхэмжлэгч Х.Мөнхсайхан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй байх ба ажил олгогчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай “Мөнхсайханыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Х.Мөнхсайханы гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар цуцалж ажлаас чөлөөлөхөөр заасан байх боловч тус байгууллагын шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр болох программ хангамжийн мэргэжилтний орон тоог хасч, мэдээлэл технологийн мэргэжилтний 1 орон тоог баталсан үйл баримт нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон ба энэ тохиолдолд ажил олгогч нь зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах үүрэгтэй байна.

 

8/. Хариуцагч нь орон тоог хассантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Мөнхсайханд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдэж 2016 оны 2 дугаар сарын 19-нд хүлээлгэн өгсөн нь мөн өдрөөр огноологдсон “Мэдэгдэл”, Х.Мөнхсайханы Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т гаргасан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөл зэргээр нотлогдсон.

 

9/. Түүнчлэн хариуцагчаас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2877 тоот төлбөрийн даалгавараар Б/31 дугаартай тушаалд заасны дагуу нэхэмжлэгч Х.Мөнхсайханд ажлаас халагдсаны тэтгэмжид  2 сарын  цалин хөлсөөр  тооцон 1 788 470 төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасан “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6., 40.1.1., 40.1.2., 40.1.3.-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

10/. Нэхэмжлэгчийн ажил олгогчид гаргасан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлөөс үзэхэд ажил олгогч нь Х.Мөнхсайханд хөдөө орон нутагт буюу Увс, Ховд, Архангай, Сэлэнгэ аймгуудад орон сууцны борлуулалт, ашиглалт, түрээс хариуцсан гэрээт ажилтнаар ажиллах тухай санал гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.-д заасан “...16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр нөхцөл байдлуудыг нэгтгэж дүгнэн, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/31 дугаартай нэхэмжлэгч Х.Мөнхсайханыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5., 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Мөнхсайханы, дээрх тушаалыг хүчингүй болгон, Төрийн орон сууцны корпорацийн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн “мэдээлэл технологийн мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115. дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Мөнхсайханы, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-т холбогдох, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн  Төрийн орон сууц корпораци ТӨҮГ-ын захирлын Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн “мэдээлэл технологийн мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.