Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2016/00330/и |
Дугаар | 321 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамж, 381 тоотод оршин суух, эмэгтэй, ХМ61071508 дугаарын регистртэй, Өөлд овогт Даваагийн Цогзолмаагийн нэхэмжлэлтэй,
улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогзолмаагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 2 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотын “Монгол гутлын үйлдвэр”-т оёдолчноор орж тасралтгүй ажилласан юм. Өөр байгууллагад шилжиж байгаагүй, дандаа энэ байгуллагадаа 1995 оныг хүртэл ажиллсан юм. Тухайн үед надад хөдөлмөрийн дэвтэр нээж бүртгэж байсан ба уг дэвтэр нь байгууллагын боловсон хүчин дээр хадгалагдаж байдаг байсан. 1995 оны үеэс манай гутлын үйлдвэр бага багаар ажилчид гарсаар байгаад сүүлдээ ажиллах хүнгүй болж татан буугдсан. Тухайн үед залуу байсан болохоор хөдөлмөрийн дэвтрээ буцааж авах талаар огт мэддэггүй байсан юм шиг байна лээ. Сүүлд нь хөдөлмөрийн дэвтрээ олж авахаар хөөцөлдөхөд олдохгүй үрэгдэж алга болсон байдаг. 1991-1992 оны үед байх, манай үйлдвэрийн баахан бичиг баримт шатсан, тэгэхэд миний дэвтэр үрэгдсэн байх гэж боддог юм. Би Үндэсний төв архив болон Нийслэлийн архивын газраас баримт шүүлгэхэд огт баримт гарч ирэхгүй байна. Өөрт байгаа баримтуудаа ухаж хайж үзэхэд миний Үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах, ажлын газрын үнэмлэх зэргээс өөр зүйл огт олдсонгүй. Уг нь олон л шагнал, урамшлын баримтууд байсан, үрэгдэж алга болсон байна. Иймээс би баримттай байгаа 1988 оноос 1995 оныг хүртэлх хугацаанд Монгол гутлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна. Энэ хугацаанд намайг ажиллаж байсныг хамт ажиллаж байсан миний багш Д.Лхагва, бригадын дарга байсан Д.Цэцэгмаа нар гэрчилж байгаа. Мөн миний үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах, ажлын газрын үнэмлэх зэрэг баримтууд нотолж байна. Дээрх баримтуудаар миний улсад ажилласан 1988 оноос 1995 оныг хүртэл хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогзолмаагийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Д.Цогзолмаа нь 1988 оны 1 дугаар сарын 01-нээс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Монгол гутлын үйлдвэр болон “Монгол гутал” ХК-д оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан болох нь 595778 тоот Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 142 тоот Монгол гутлын үйлдвэрээс Д.Цогзолмаад олгосон ажлын үнэмлэх, шүүхэд мэдүүлсэн гэрч Д.Цэцэгмаа, Д.Лхагва нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогджээ.
Иймд нэхэмжлэгчийг 1988 оноос 1995 оныг хүртэл нийт 07 жил улсад ажилласныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч Өөлд овогт Даваагийн Цогзолмааг 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа Монгол гутлын үйлдвэр болон “Монгол гутал” ХК-д оёдолчноор ажиллаж байсныг буюу нийт 07 жил улсад ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.