Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0930/З |
Дугаар | 221/МА2019/0425 |
Огноо | 2019-04-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2019/0425
Т.Х-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0336 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжингийн давж заалдах гомдлоор, Т.Х-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0336 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 140.445.000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж, 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М давж заалдах гомдолдоо: “...Т.Х нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан боловч 2018 оны 10 дугаар сар хүртэл эзэмшил газар дээрээ зориулалтын дагуу үйлчилгээ үзүүлээгүй буюу барилга байгууламж бариагүй байна. ...Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/43 дугаар албан бичигт “Т.Х нь манай байгууллагатай зөвшилцөлгүй барилгын эскиз зургийг батлуулсан. Тухайн хэсэгт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу зам төлөвлөгдсөн” гэж хариуг ирүүлсэн мөн маргаан бүхий газарт иргэн Т.Х-ийн газар эзэмших эрх хүчингүй болсны дараа авто замаас зам тавьсан байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлагуудыг хангаж, сонсох мэдэгдэх ажиллагааг явуулсны үндсэн дээр биечлэн уулзаж, тайлбар авч санал авсан байхад тайлбарыг судлалгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэмээн хэт нэг талыг баримтлан дүгнэлт гаргасан байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/956 дугаар захирамжийг гаргахдаа хуулийн дээрх шаардлагыг хангасан ба үндэслэх хэсэгт ч тус хуулийн 27.4.2 дугаар заалтыг баримталсан байгааг харгалзан үзсэнгүй.
Захиргааны байгууллага буюу Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан эрх хэмжээг үгүйсгэсэн нь хууль бус болжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Х-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцэхгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Т.Х газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан зориулалтын дагуу “Номон” төслийг хэрэгжүүлэхийн тулд маргаан бүхий газар дээр байсан агуулахыг нураалгахаар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Үт” ХХК-тай 48 095 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, агуулахыг нураалгасан, уг төслийг иргэдэд сурталчлан танилцуулах ажлын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр О.О-тай 3 000 000 төгрөгийн “Зөвлөхөөр ажиллах гэрээ” байгуулан иргэдээс зөвшөөрөл авсан, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хп” ХХК-тай 17 600 000 төгрөгийн “Зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулан төслийн барилгын эскиз зургаа хийлгэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөнд оруулсан, инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад зориулан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Тү” ХХК-тай 700 000 төгрөгийн “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан дүгнэлт гаргуулсан, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд тогтмол төлсөн, газар эзэмших гэрээний хугацаагаа сунгуулах болон тухайн газар дээр зам тавигдах болсонтой холбогдуулан холбогдох хүсэлтүүдээ захиргааны байгууллагуудад гаргаж байсан зэрэг тодорхой ажил зохион байгуулсан болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.
Гэтэл хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгч Т.Х газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байсан болохыг тогтоосон нь үндэслэлтэй.
Нэхэмжлэлийн “... хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 143 445 000 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд,
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, энэхүү хохирол нь баримтаар тогтоогдсон байх ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаар захирамжаар баталсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын жагсаалтын 2-т Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль орчмын газар багтсан, уг захирамжаар захиалагчийн хяналт тавьж ажиллах үүргийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт даалгасан, ийнхүү Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргаас “Сургууль орчмын аюулгүй байдлыг сайжруулах ажил гүйцэтгэх график”-ийг баталж, уг графикт төлөвлөгдсөнөөр 2018 оны 06 дугаар сарын 15-30-ны өдрийн хугацаанд 84 дүгээр сургууль орчмын газарт замын ажлыг хийхээр тусгагджээ.
Улмаар “Эээж” ХХК-ийн хийсэн 84 дүгээр сургууль орчмын газарт тавигдах замын байршлын тойм болон дэвсгэр зургийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга, Нийслэлийн Газрын албаны дарга нар баталгаажуулсан байх бөгөөд уг тойм зурагт нэхэмжлэгчийн эзэмшлийн маргаан бүхий газар багтсан байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд маргаан бүхий газарт авто зам баригдах талаар төлөвлөгдөөгүй, авто зам барих даалгавар болон эскиз зураг батлагдаагүй, харин нэхэмжлэгч Т.Х-ийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төсөл хүчин төгөлдөр байгаа болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр нотлогдож байна.
Гэтэл Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй замыг маргаан бүхий газарт тавихаар төлөвлөж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Х-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр хүчингүй болгожээ.
Дээр дүгнэсэнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байсан болох нь тогтоогдсон, уг захирамж гарсны дараа маргаан бүхий газарт зам тавигдаж, ашиглалтад орсон, нэхэмжлэгч Т.Х нь газраа зориулалтын дагуу цаашид эзэмших боломжгүй болсон тул уг газарт төслөө хэрэгжүүлэхэд зориулан нэхэмжлэгчээс гаргасан зардлыг буюу өөрт учирсан хохирлоо шаардах эрх үүссэн байна.
Анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг зөв дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хохирлын хэмжээг 140 445 000 төгрөг гэж үзэж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ч.Т-тай байгуулсан “Агуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний 63 000 000 төгрөг[1], “Үүрэг Трейд” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 48 095 000 төгрөг[2], 2014 оны 09 дүгээр арын 23-ны өдөр О.Отгонжаргалтай байгуулсан “Зөвлөхөөр ажиллах гэрээ”-ний 3 000 000 төгрөг[3], 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Харш Прожект” ХХК-тай байгуулсан “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний 24 640 000 төгрөг[4], 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Таван үндэс” ХХК-тай байгуулсан “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-ний 700 000 төгрөгийн[5] баримтууд хэрэгт авагдсан байна.
Харин нэхэмжлэгчийн “Шг” ХХК-иар байр зүйн зураглал, кадастрын зураг, эргэлтийн цэг тодорхойлох, шугам сүлжээний зураг, өндөржилтийн зураг хийлгэсэн төлбөрт 1 010 000 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан шийдвэрийг гаргасан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх заалтыг удирдлага болгоогүй, харин мөн хуулийн 106.3.1 дэх хэсгийг удирдлага болгож алдсан байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/956 тоот захирамж хууль бус байсан болохыг тогтоож, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 139 435 000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж, 4 010 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 91-95 хуудсанд авагдсан
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 96-100 дугаар хуудсанд авагдсан
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 102-105 дугаар хуудсанд авагдсан
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 129-131 дугаар хуудсанд авагдсан
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 132-134, 150 дугаар хуудсанд авагдсан